• Өнөөдөр 2024-05-12

ДУУЧИН Ж.ХИШИГДЭЛГЭР: ЭГЧ МИНЬ ХҮҮХЭД ШИГ ЦАЙЛГАН СЭТГЭЛТЭЙ, НАЙРСАГ ХҮН БАЙСАН ДАА

2023-04-12,   3014

                Эгч дүү хоёр Хишигээ хэмээн ижилдэн дуулдаг байлаа, тэд. Ижий эх оронг цангинуулж, “Ээжийнхээ ачийг яалаа даа” гэж уяран ухаарч, “Уянга яруу дууны хорвоод удаан амьдармаар санагдаад байх юм аа” гэж жам ёс, жаргал зовлонгийн тухай мэргэжлийн өндөр түвшинд бахданхан дуулдгийг мэдэхгүй хүн үгүй билээ. Тэд бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр. Хэдийгээр Ж.Хишигсүрэн дуучин өдгөө санаж, үгүйлэхийн зайд холын хол одсон ч уран бүтээлийг нь үргэлжлүүлж, дуу хуурыг нь тасралтгүй эгшиглүүлэх дүү нь бий. Бид түүний дүү дуучин Ж.Хишигдэлгэртэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жил эгчтэйгээ уран бүтээлийн тоглолтоо хийхээр товлож байсан ч амжаагүй юм. Ингээд эгчийнхээ хүслийг гүйцээж энэ сарын 15-нд тоглолтоо хийхээр зэхэж байна.

-Өмнө нь олон сайхан тоглолтыг эгчтэйгээ хамт хүргэж байсан. Энэ хэд дэх тоглолт нь болж байна вэ?

           -Тийм ээ, өмнө нь эгчтэйгээ хамтарсан дөрвөн тоглолтыг хүргэсэн. 2009 онд “Учиртай гурван толгой” дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглож байсан. 2010 онд “Бодол шиг өдрүүд” цомгоо гаргаад, цомгийн баяр хийж, Аса циркид тоглосон. Дараа нь 2013 онд эмэгтэйчүүдийн баяраар “Ижий эх орон” нэртэй хамтарсан тоглолтоо Соёлын төв өргөөнд тавьж байв. 2016 онд “Үзэмж төгс” нэртэй тоглолтоо Бөхийн өргөөнд хийж, ард түмэндээ хүргэж байлаа. Одоо ингээд тав дахь уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна.

-Таныг урлагт эгч нь хөтөлж оруулсан гэдэг. Хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн юм бэ?

          -Багаасаа эгчтэйгээ хамт дуулсан. Эгч таван настай, би гурван настай тайзан дээр гарч байлаа. Миний хувьд том болоод хэсэг дуулахаа больсон байсан. Тэгээд өөр сургуульд хуулийн мэргэжлээр сурч явж байгаад эгчийнхээ орсон Соёл Урлагийн Их Сургуульд шалгалт өгөөд, тэнцэж орж байлаа. Тухайн үед шалгалт өгөхөөр очихдоо эгчийнхээ дуулж байгааг сонсоод л дуучин болох хүсэл мөрөөдөлтэй болсон. Тэгээд ер эгчийгээ дагаж явсаар байгаад урлагийн замналд эгч минь намайг хөтөлж, зааж, зөвлөсөн.

-Та бүхний хувьд дуучин удамтай юу. Дуулах авьяас тань хаанаас өвлөгдсөн юм бэ?

         -Аав минь урлагийн хүн биш л дээ. Гэхдээ дуу сайхан дуулдаг, багш мэргэжилтэй бөх хүн байсан. Ээжийн ээж нь харин морины дуу их гоё дуулдаг хүн байсан л даа. Ээж, аав хоёулаа хөгжим их гоё тоглодог. Тэгээд биднийг концерт руу их дагуулж явдаг байсан болохоор багаасаа л дуу хуурт өссөн. Тэгэхээр урлагийн гэр бүл гэж хэлж болно.

-Эгч нь ямар зан чанартай хүн байсан бэ?

            -Эгч минь хүүхэд шиг зан чанартай, цайлган, найрсаг хүн байсан. Хамтдаа уран бүтээлээ хийгээд явж байхад эгч илүү их хүмүүстэй ойрхон, авах зан чанар ихтэй их сайхан хүн байсан даа. Хүн хамт байхдаа мэддэггүй юм байна. Одоо харин уран бүтээл, тоглолтоо хийгээд явж байхад найрсаг, олонтой зан чанар, хамт өнгөрүүлсэн дурсамж нь ихэд үгүйлэгдэж байна.

-Эгчтэйгээ хамт тоглолт хийхээр төлөвлөж байгаад амжаагүй юм билээ?

          -Тиймээ, эгчтэйгээ өнгөрсөн аравдугаар сарын 21-нд Улаанбаатар паласт тоглолт хийхээр цаг авсан байсан ч наймдугаар сард эгч минь өнгөрсөн. Тэгээд эгчийнхээ хүслийг гүйцээгээд энэхүү тоглолтоо хийхээр зэхэж байна. Дүү минь мөн дуучин. Эгч минь намайг урлагт хөтөлж оруулсан шиг би мөн дүүгээ урлагт хөтөлж оруулъя гээд дүүгээ хамтран дуулж байгаа. Эгчийгээ санаж байгаа сэтгэлээ илэрхийлж тоглолтоо “Санасан сэтгэл” гэж нэрлэсэн.

-Эгчтэйгээ хамт олон жил дуулахад их нөмөртэй, түшигтэй сайхан байсан байх?

      -Хамтдаа 2009 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ хийсэн. Тэгэхээр ерөөсөө л нэг хүн болдог юм билээ. Эгчийн минь ярьж, хэлж байсан үгс, хийж байсан үйлдэл сэтгэлд минь одоо ч тод байна. Байнга л бодогдож үнэхээр их үгүйлж байна. Одоо тэгээд хорвоогийн жам юм даа л гэж бодон, эвлэрч сууна даа. Хэрэв эгч минь байсан бол тоглолтын дуулалтад их анхаарна. Хоёулаа хамт тоглолтоо хийдэг байхад би ихэнхдээ гадуур менежер талдаа анхаараад явдаг. Эгч минь тоглолтынхоо гол найруулга, дуу хуурт илүү анхааран ажилладаг байсан. Дуулна гэдэг чадалтай хоолойтой байхаас гадна ухаан л даа. Тэгэхээр дээд хэцүү өнгийг яаж авах вэ гэдгийг эгч минь илүү зааж, зөвлөдөг байсан.

 

-Эгчдээ зориулж “Эгчтэй амьдрал дүүрэн” гээд их сайхан үг, аялгуутай дуу гаргасан байна лээ. Хувь сонсогчийнхоо хувьд хэдийгээр өөр хүний үг ч таны санаа орсон байна уу гэж таамагласан?

           -Эгчдээ зориулж дуун суварга босгосон. Олон ч хүн эгчдээ зориулж дуун суварга босгоорой гэж захисан. Тэгээд их сайхан дууг нутгийнхаа хоёр уран бүтээлчтэй хамтран хийсэндээ сэтгэл сайхан байна. У.Пүрэвсүрэн ахад би эгчтэйгээ хамт байсан дурсамж, бүхий л зүйлийг ярьсан. Тэр яриан дээрээс л шууд шүлгийг нь бичсэн. Тэгэхээр миний ярианаас ургасан зүйл байсан болов уу.

Хаврын бороо наашлаад байна, эгч минь

Хайлган сэтгэлийн минь уясал асгарах нь дээ

 Хайрын дуу эгшиглээд л байна

 Хамтдаа дуулсан бидний дуу шиг ээ.

Сайхнаас сайхан миний л эгч минь дээ

Сарны гэгээхэн бүүвэй минь дээ

Эвийлэн эвийлэн дуулсандаа орчлон

Эгчдээ л амьдрал дүүрэн билээ, хорвоо...

-Хоёулаа дуурийн дуулаачаар төгссөн юм билээ. Тэгээд мэргэжлийнхээ онцлогийг гаргасан уран бүтээлүүдийг сонгож дуулсан нь онцлог санагдсан?

          -Эгчийн хувьд мэргэжлээрээ дуулах талыг их баримталдаг байсан. Тэгээд Монголын сонгодог дуунаас олон сайхан дууг албан ёсны зөвшөөрлийг нь авч ард түмэндээ дуулж хүргэсэн. 

-Та эгчийнхээ дуулахыг  сонсож дуу хуурт хөглөгдөж урлагт орсон юм байна. Тэгэхээр эгч нь “Миний дүү чинь овоо сайхан дуулж байна шүү” гэж магтаж сайшааж байсан үе бий болов уу. Магад танд эгчийн тань урмын үг хамгийн том шагнал байсан болов уу?

         -Бид 2008 онд “Учиртай гурван толгой” дуурьт хамт орсон юм. Эгч минь Нансалмаа, би Хоролмоогийн дүрд нь орсон. Тухайн үед багш намайг уралдаанд орох санал тавьсан. Тэгэхэд эгч минь “Хөөх, чи бүр уралдаанд орох хэмжээнд очсон байна шүү дээ” гээд гайхаж байсан. Тэгээд эгч минь Нансалмаагаар тэргүүн байр, би Хоролмоогийн дүрээр дэд байрт орсон. Эгч тэгэхэд “Миний дүүгийн доод өнгө бол үнэхээр гоё дуугарч байна. Гоё байна” гэж дуулахыг минь хүлээн зөвшөөрч, сайшааж байсан. Тэр үг, эгчийн минь намайг урамшуулж хэлдэг бүх л үг миний хувьд хамгийн том шагнал.

-Таны хувьд ч мөн бусад уран бүтээлчээс илүүтэй эгчийгээ дуучных нь хувьд хайрлаж, хүндэлдэг байсан болов уу?

         -2006 онд эгчийгээ СУИС-д шалгалт өгч байхад очиж үзсэн.Тэгэхэд эгчийг минь дуулахад оюутан театр пиг дүүрээд, олон хүн баяр хүргэж байсан.  Тэгэхэд эгчээрээ их бахархаж, тэр цагаас хойш дуучин болох хүсэлд автаж байсан. Эгч минь СУИС-ыг онц дүнтэй төгссөн, тэргүүн оюутны нэг. Багш нь болох Ардын жүжигчин Д.Жамъянжав гуай эгчийг минь "Дэлхийн дуучин болох хүн" гэж ярьдаг байсан.

   -Та хоёрын дуулалт хоёр өөр байна уу гэж сонсогчийн хувьд ажиглагдсан. Бусад уран бүтээлч, соёл урлагийн мэргэжилтэн хүмүүс энэ талаар хэлж байсан болов уу?

    -Хоёр өөр л дөө. Эгч минь намайг бодвол хүчтэй хоолойтой. Том ч хоолойтой дуучин гэж ярьдаг байсан. Минийх бол нарийхан хоолой. "Дүү нь бол яах аргагүй дүү юм аа" гэж хүмүүс ярьдаг байсан.

-Эгч тань олон зүйл төлөвлөсөн байсан болов уу. Эсвэл харин ч бүхнээ хийгээд буцсан гэж боддог уу?

       -Их зүйл хийхээр төлөвлөсөн байсан. Тэгээд энэ удаагийн тоглолтоороо бага ч болов гүйцээхийг бодож байгаа. Тоглолтод минь сонгодог чиглэлийн дуу дуулагдана. Эгчтэйгээ хийж байсан уран бүтээлүүдээ төрсөн дүүтэйгээ хамт дуулна. Эгчийн минь охин мөн оролцож байгаа. Их сайхан тоглолт болно гэж итгэж байгаа.

-Таны хувьд энэхүү тоглолтоосоо гадна цаашид ямар зорилго, төлөвлөгөөтэй байна вэ?

       -Сонгосон мэргэжилдээ үнэнч байж, улам уран бүтээлээ чанаржуулж, мэргэжлийн уран бүтээлээ ч сайн бэлдэж, сонгодог урлагийн чиглэлийн бүтээлдээ их сайн ажиллана гэж бодож байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


ДУУЧИН Ж.ХИШИГДЭЛГЭР: ЭГЧ МИНЬ ХҮҮХЭД ШИГ ЦАЙЛГАН СЭТГЭЛТЭЙ, НАЙРСАГ ХҮН БАЙСАН ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188