"Ардын элч" киног хэзээ анх үзэж байснаа төдийлөн санадаггүй юм. Гэхдээ анх үзэхдээ хүүхдээ дагуулаад Сүхбаатарт бичиг хүргэхээр явдаг Ариунааг "Хурдан л яваасай. Баригдчихвал энэ ганц эмэгтэй хүн яана аа" гэж бодон айж, Ойд Дүлзэнд баригддаг хэсэгт нь бараг л нүдээ дарж үзэж байсан. Гэсэн ч сайхан сэтгэлтэй орос хүний ачаар аюулгүй мэнд зорьсон хэргээ бүтээдгийг мэдсэнээс хойш үзэх бүрдээ "За яасан ч бичгээ хүргэчихдэг юм чинь дээ" гээд нэг санаа амарсан даа. Ажаад байхад, Ариунаа ёстой нөгөө нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэдэг шиг сайхан инээмсэглэлтэй дулаахан харцтай жинхэнэ монгол эмэгтэйн дүр. Ингээд түүний тухай бэсрэг яриаг хүргэж байна.
-“Ардын элч” киноны Ариунаагийн дүрд тоглосон Гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн гуай таны нагац эгч юм байна. Багаасаа дуулж хуурддаг хүн байсан уу?
-Манай ээж эхээс есүүлээ. Хамгийн бага дүү нь П.Цэвэлсүрэн гавьяат. Долоон эмэгтэй, хоёр хүүхэдтэй айл байсан юм билээ, манай өвөөгийнх. Багадаа нэг хүү нь эндсэн байдаг. Цэвэлээ эгч багаасаа л дуулж хуурддаг хүн байсан юм билээ. Улсын Хөгжимт драмын театрт дуучнаар ажиллаж байгаад Санхүүгийн техникумд суралцаж, улмаар Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг дүүргэсэн байдаг. Дараа нь Москва руу сургуульд явсан. Тэгээд эх орондоо ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан. 1982 оноос Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамир, урлагийн факультетийн найрал дууны тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад дараа нь 1990 оноос Соёл, урлагийн дээд сургуулийн дуулаачийн тэнхимд багшаар ажилласан. Цэвэлээ эгчийн тухай ээж их сайн ярьдаг. Намайг оюутан байхад сумандаа их ирдэг байв. 2001 оны үед юм уу даа. Нутагтаа ирэхдээ цагаан онгоцоор ирнэ. Сайд дарга нар суманд ирэхэд л манай эгч ирдэг байлаа. Одоо бодоход, урлаг талаас нь хүмүүсийг дагуулж, урлаг, уран сайхны ажлыг нь хариуцдаг байсан байх. 1988 онд манай сумын нэгдэлчдийн 30 жилийн ойгоор манай бүх гавьяатууд ирж байлаа. Тэгэхэд эгч минь мөн хамт ирж байсан.
Цэвэлээ эгчийнхээ буянаар би Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн багшийг ангийг төгссөн дөө. Тэгээд сургуулиа төгссөн жилээ цэрэгт яваад, халагдаж ирээд сумынхаа сургуульд хөгжмийн багшаар ажилласнаас хойш 37 жил болсон байна.
-П.Цэвэлсүрэн гуай Дэлгэрхангай сумынхаа яг хаана нь төрсөн юм бэ. Унасан ус, угаасан газартаа их элэгтэй байсан байх даа?
-Хүн хүнээс илүү элэгтэй. Эгч минь Дэлгэрхангай сумын Номгон уулын энгэрт төрсөн. Тэгээд л нутагтаа ирэх бүрдээ Номгон ууландаа очиж мөргөнө, уулан дээрээ гарч сүү цайны дээжээ өргөж, адис авна. Ёстой уул, ус, ижий, аав амьтай хүн байлаа. Миний санахад, их уул, усаа гэдэг хүн байсан.
-Тайзан дээр жүжиглэж байхыг нь та харж байв уу. Аль жүжгийг нь үзэж байсан бэ?
-Хамгийн анх би эгчийгээ “Учиртай гурван толгой” жүжгийн Нансалмаагийн дүрээр үзэж байлаа. Хачин сайхан Нансалмаа байсан. Биднийг чинь хотод очихоор “Гоё юм үзүүлнэ” гээд театр руу их авч явна. Ямар сайндаа манай ээж эгчийн тоглосон жүжгийг үзэж байгаад Балган ноёныг хутгалах гэж байхад нь “Боль чи, хүүхэд алчихна уу” гэж байсан гэх хошин яриа ч гарч байсан. Эгч минь өөрөө нуруу туруу сайтай, их сайхан шүдтэй, сайхан инээмсэглэдэг хүн байлаа.
-П.Цэвэлсүрэн гавьяат хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Цэвэлээ эгч гурван хүүхэдтэй. Хамгийн том охин нь Цолмон гэж одоо 70 гаруй настай хүн бий. Том охин нь гадаад, дотоодод олон жил сургууль соёлд явсан. Гэрэлээ гээд охин нь мөн гадаадад олон жил болж, орос суурьтай болчихсон. Сүүлд, эгч минь зохиолч Ч.Чимэд гуайтай ханилан суугаад төрсөн Минжмаа гээд хамгийн бага охин нь бий. Миний хувьд одоо тэгээд эгчийнхээ тэр сайхан авьяас билгийг шүтэж, сумынхаа соёлын төвийг хариуцаж байгаа хүний хувьд Дэлгэрхангай сумын Соёлын төвийг П.Цэвэлсүрэн эгчийнхээ нэрэмжит болгохоор зэхэж байна.
-Тайзны аль дүр нь хамгийн алдартай байсан юм бэ?
-Учиртай гурван толгой” жүжгийн Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн Халиун, “П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ий Татьяна, А.Бородины “Игорь ван”-ы Ярославна, Ш.Гуногийн “Фауст”-ын Маргарита гээд дотоод, гадаадын дүрүүд нь их содон байсан. Дээрээс нь эгч минь монгол дуугаа хачин сайхан дуулна. Хүмүүсийн хамгийн сайн мэдэхээр
Дэлбэн дэлбэн ганхана аа хө
Дэнжийн ногооны навч юм аа хө
Дэргэд юм шиг санагдана даа хө
Дэндүү хайртай нь тэр юм аа хө гээд хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайн хөгжмөөр бүтсэн “Дэнжийн ногоо” гэх дууг их сайхан дуулдаг байлаа. Мөн
“Талын бэлчээрт” гэх дуу бий. Гэхдээ эгчийг минь эдгээр дуу, айзны дүрээс нь илүү “Ардын элч” киноны Ариунаагийн дүрээр нь илүү танина. Энэ дүрээрээ л ард түмний сэтгэлд мөнхрөн үлдсэн дээ.
-Анх “Ардын элч” кинонд хэрхэн тоглох болсон тухай нь та мэдэх үү?
-Анх кинонд хэрхэн сонгогдож байсныг нь би мэдэхгүй. Гэхдээ “Ардын элч” киноны Ариунаагийн дүрээрээ Москвад анх удаа болсон олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн нь манай кино урлагийн түүхэн дэх анхны том шагнал байсан гэж тэмдэглэсэн байдаг. Би анх хоёрдугаар ангидаа “Ардын элч” киног үзэж байлаа. Тэгэхэд “Цэвэлээ эгч тоглосон” гээд, манайхан ч гэхгүй сум даяараа л бөөн бужигнаан болоод үзэж байлаа. Тэгэхэд бүр Дүлзэнгийн тухай
“Ардын элч”-д тоглодог Дүлзэн
Ариунаа эгчид дурладаг Дүлзэн
Адаг сүүлдээ алуулдаг Дүлзэн гээд шүлэг хүртэл гарсан л байсан. Эгч минь Ариунаагийн дүрд тоглохдоо 19 настай л байсан юм билээ. Мөн хүмүүс төдийлөн сайн мэддэгүй юм. “Тунгалаг тамир” киноны Эрдэнийн эхнэр Долгорын дүрд мөн тоглосон шүү дээ.
-Хаа нэг нутагтаа ирж байхад нь та бүхэн уулздаг байсан юм байна. Ямар зан чанартай хүн байсан бэ?
-Тиймээ, бид төдийлөн нэг их ойр биш. Хөдөө, хотын улс чинь жилдээ л нэг уулзана. Хаа нэг нутагтаа ирсэн байхад харж байхад их сайхан зантай хүн байсан. Би лав уурлаж байхыг нь нэг ч удаа харж байгаагүй. Байнга л инээсэн, хүмүүстэй их найрсаг харилцдаг, олонтой хүн байсан.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
П.Цэвэлсүрэнгийн бүтээсэн дүрүүд нь монгол эмэгтэй хүний яс чанар, дотоод гоо сайхныг маш нягт гаргасан байдаг. Ялангуяа “Тунгалаг Тамир” киноны Долгорын дүрийг онцлоход, нөхөр Эрдэнэ нь гаднаас орж ирээд “Энэ үнэн үү” гэж асуухад “Үнээн” гэж ганцхан үгээр хариулдаг энэ хэсэг нь одоо ч маргаан дагуулж, сэтгэл зүйн талаас нь харвал чин үнэнч хүний зан байдлыг харуулсан гэж тайлбарлах нь ч бий. П.Цэвэлсүрэнгийн дэлгэцэнд бүтээсэн дүр, тайзан дээр амьдруулсан дуурийн дүр бүхэн нь амьтай, баганатай байдаг. Бүтээсэн дүрүүд шигээ үнэн байж чаддаг байсныг хамт олон нь, нэг тайзнаа гарч байсан уран бүтээлчид нь ч дурсан ярьжээ. Тэрээр Төрийн шагналт зохиолч Чойжилын Чимидтэй ханилж байсан, тухайн цагийн Монголын сайхан хосууд байсан гэдэг.
МУГЖ П.ЦЭВЭЛСҮРЭНГИЙН НАГАЦ ДҮҮ Д.ЭРДЭНЭЧУЛУУН: ЭГЧ МИНЬ “АРДЫН ЭЛЧ”-ИЙН АРИУНААГИЙН ДҮРЭЭРЭЭ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД МӨНХРӨН ҮЛДСЭН ДЭЭ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |