• Өнөөдөр 2024-05-13

Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө

2022-10-23,   4550

              “Би улсад хоёр жил дараалан түрүүлээд байлаа. Ёстой цээжнээс бяр амтагдаж байсан үе. Нисэхийн П.Аюуш бид хоёр нэг айлын хүргэн. Бид наадмын өмнөх орой хадмындаа цай ууж суулаа. П.Аюуш “Батсууриа, энэ наадам чи бид хоёрынх болно. Чи надад бууж өг. Би улсад нэг түрүүлж үзье л дээ” гэдэг юм. Хариуд нь “Чи Ө.Чүлтэмсүрэн арсланг даваад ир” гэж хэллээ. Гэтэл П.Аюуш, Ө.Чүлтэмсүрэн арсланг давж, аргагүй л бид түрүү булаалдахаар шалгарч үлдлээ. Би өрөхдөө “За энэ золигийг чинь яадаг юм билээ” хэмээн эргэлзэж, “Бууж өгье дөө” гэж бодож зогстол яах ийхийн зуургүй намайг унагачихдаг юм байна. Туг тойрч яваад хартал Маршал Х.Чойбалсан босоод явчихсан, наадамчид ч тарж байна. Үзүүр түрүүнд үлдсэн бөхөд бай шагнал өгсөнгүй, наадмын хаалт ч болсонгүй. Түрүү, үзүүрийн бөх наадмын орой болдог нам, засгийн удирдагчдын хүндэтгэлийн цайллагад орсонгүй өнгөрөв. Маргааш нь Ж.Лхагвасүрэн жанжин өрөөндөө дуудаж их л ууртайгаар “Чи Маршал дээр оч” гэлээ. Маршал дээр орлоо. Царай нь хүрлийчихсэн зогсч байна. “Чамд ах, дүүсээрээ хуйвалдаж, төрийн наадмаар тоглох эрх хэн олгосон юм бэ” гээд загнаж гарлаа. Цэргийн хүн юугаа хэлэх вэ. Баахан загнаж байгаад “Ж.Лхагвасүрэн дээр оч” гэлээ. Генерал дэслэгч цолыг минь хурааж, ахлагч болгоод говьд гурван жил ажиллах тушаал уншсан. Тэгээд “Очиж Маршалд илтгэ” гэдэг юм байна. Маршал дээр ороод болсон явдлыг илтгэлээ. Маршал “Арми, Ж.Лхагвасүрэн хоёр чамд хайртай юм байна, яв” гэлээ.

           Таньдаг нөхөд тааралдаад “Чи ч ёстой аз нь хаясан эр юм аа. Улсын наадамд гурван жил дараалан түрүүлсэн бөх гараагүй. Манай армиас төрөх нь гээд маршал ихэд бэлгэшээж бугуйн цагаа тайлахад гадаадын зочид ч бас цагаа тайлсан. Тэгэхэд чи бууж өгч байдаг, ёстой бөх хүний аз хийморьт муу юм боллоо” гэж зэмлэцгээв. Ингэж би улсад түрүүлэх аз хийморио гундаасан хүн дээ” хэмээн дурсаж байсан гэх яриаг нь бөх сонирхогчид андахгүй биз. Гэхдээ энэ бүхэн худал цуурхал гэдгийг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат дархан аварга Ш.Батсуурийн охин Нарантуяа бидэнд хэлсэн юм. Мөн тэрбээр амайг тэр “Нисэхийн” Аюуш гэж айлынхаас өргөж авсан гэх хүртэл яриа гарч байсныг санах юм. 1949 оны наадмын тухай аавынхаа болон бөхчүүдийн амнаас сонсч байснаа хэлье. Наадмын сүүлийн өдөр бөхийн барил­даан дуусахгүй байсаар шөнө болж. Одоо шиг даваа бүр цаг минутаар хязгаарлагдаж байсангүй. Шөнө болсон тул гэрэл тус­гаад барилдах болжээ. Хоёр бөх төв асрын өмнө өрөөд зогстол Аюуш аавд “Чи улсын наадамд хоёр түрүүлсэн хүн. Энэ удаа надад буугаад өгчих. Би нэг түрүүлж үзмээр байна. Чи дахиад олон түрүүлнэ шүү дээ” гэх утгатай зүйл хэлсэн байна. Аав яалаа гэж бууж өгөх билээ. Дахиад түрүүлэхийг л бодно шүү дээ. Яриаг нь чагнаад зогсч байтал гэнэт дайраад хаячихсан байгаа юм. Унахын хувьд баараггүй унасан гэдэг. Аав тэгэхэд тушаалаар л хөдөлдөг цэр­гийн хүн байсан учир яриаг нь сонсоод анхаарал хандуулаад зогссон юм билээ. Нэг үгээр бол аав яриад нь анхаарал хандуулж байгаад өвдөг шороодсон гэсэн үг. Тэр үед наадам хааж үг хэлэх байсан Маршал уур­лаад босоод явчихсан гэсэн. Наадмаа ч хаагаагүй, үзүүр түрүүний хоёр бөхөд бай шагналыг нь гардуулаагүй гэдэг юм" хэмээн тэрбээр хэлж байлаа. 

           Ш.Батсуурь аваргын охин Нарантуяатай бид энэ удаагийнхаа “Үргэлжлэл” булангаар ярилцсан юм. Дээрх явдал тэртээх 1949 онд болсон бөгөөд түүнд 1957 оны улсын баяр наадмаар Д.Дамдин аваргад өвдөг шороодон үзүүрлэхэд даян аварга цол хүртээж, 1962 онд дархан аварга цол олгосон байдаг. Ийм л сайхан гүндүүгүй, адал явдалтай амьдралыг туулсан дархан аваргын том охин Нарантуяатай хийсэн хөөрөлдөөнийг уншигч таны өмнө дэлгэж байна.

Манайд Ц.Чимэд-Очир аварга ирлээ. Хоол, цай идэж, уугаад “Ш.Батсуурь минь энэ жилийн наадмаар хоёулаа нэг хүнийг начин болгох хэрэгтэй байна” гэсэн.

-Халх даяар нэрээ цуурайтуулсан Ш.Батсуурь аваргын тухай мэдэхгүй хүн ховор. Наадмын зүлэг ногоон дэвжээндээ дэвэн гарч ирэхэд үзэгч олон уухайлан дэмждэг байсан гэдэг. Нэг үгээр бол цуу алдар, ир бярынх тухай мэдэхгүй хүн үгүй. Харин Ш.Батсуурь аварга хувь хүний хувьд ямар зан араншинтай байв гэдгээс хоёулаа хөөрөлдөөнөө эхлэх үү?

           -Тухайн үед бүгд ажил төрөлтэй сайхан байжээ. Аав ажлынхаа хажуугаар барилдаж, гэр бүлдээ цаг гаргаад л явдаг байсан. Манай аав хувь хүнийхээ хувьд ямар хүн байсныг гэр бүлийнх нь төдийгүй найзууд нь ч хэлэх байх. Их өмөг түшигтэй, өр зөөлөн хүн байлаа, миний аав. Үр хүүхдүүдээ загнаж, зандрах нь бүү хэл муухай ч хардаггүй байсан. Тийм болохоор дүү бид хоёр эрх, дураараа өссөн. Нэг үгээр бол миний аав хүний хайлан байлаа.  

-Таны аав бол төр, түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн дархан аварга хүн. Тиймээс тэр хүний бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан нь сонирхолтой байна л даа. Бүтээн байгуулалтын ид үед барилдаж байсан шүү дээ. Тэгэхээр албаны ажлын хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг амаргүй байсан байх?

           -Манай аавын үед одоогийнх шиг бөхчүүд бэлтгэл хийдэггүй байлаа. Тийм ч зав, чөлөө гэж байхгүй. Аавын хувьд албан ажлаа хийж байгаад наадмын өмнөхөн бэлтгэлд гардаг байсан. Түүнээс биш өдөр болгон бэлтгэл хийнэ гэж байхгүй. Ажлаа хийж байгаад барилдаан болбол зодоглочихдог л байсан даа.

Би жаахан хүүхэд байсан болохоор аавыгаа дагаад их явдаг байв

-Ер нь наадам гэлтгүй барилдаан болсны дараа танайхаар бөхчүүд их ирдэг байсан байх. Тухайн үеийн аварга, арслангууд гэрт нь цуглахаар юуны тухай ярилцдаг байсан бол. Таныг энэ талаар сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

           -Тэгэлгүй яах вэ. Үеийнх нь бөхчүүд их ирнэ. Тухайлбал, Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир,  Д.Дамдин, Ч.Бээжин аваргууд аавтай ойр нөхөрлөж байсан. Байнга л нэгнийхээрээ орж гарна. Мөн Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргууд орж гардаг байсан. Энэ мэт яриад байвал олон хүн бий. Би тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор томчуудын ярианд оролцоод байдаггүй байлаа. Миний санаж буйгаар наадмын манайд Ц.Чимэд-Очир аварга ирлээ. Хоол, цай идэж, уугаад “Ш.Батсуурь минь, энэ жилийн наадмаар хоёулаа нэг хүнийг начин болгох хэрэгтэй байна” гэсэн.  Гэтэл аав “Юу яриад байгаа юм бэ. Хоёулаа хүн начин болгодог үе өнгөрсөн” гэв. Ц.Чимэд-Очир аварга “Яаж хийж байгаад туслахгүй бол болохгүй нэг хүүхэд байна. Манай төмөр замд ажилладаг юм. Хөөрхий минь асрамжийн газар өссөн, бүтэн өнчин хүү бий. Бөхөд их хайртай, дуртай, сонирхолтой тэр хүүг л дэмжмээр байна” гэсэн. Тухайн үед аав, Ц.Чимэд-Очир аварга хоёр нас дээр гарчихсан улсын наадамд хоёр давж, гурвын даваанд цолоо дуудуулаад л өвдөг шорооддог үе байсан. Тийм  болохоор аав эхэндээ жаахан цааргалсан юм шиг байна лээ. Гэхдээ тэр хоёр санасандаа хүрч, шинэ начин цолтон төрүүлсэн.

Ж.Цэвээнравдан аварга түрүүлж, аав үзүүрлэсэн гэдэг. Гэтэл наадамчид Налайхын бөх Өлзийсайханыг түрүүлгэсэнгүй гэж  дургүйцэж, чулуу нүүлгэжээ

-Тэр бөх нь хэн байсан юм бол?

           -Улсын начин Б.Батхуяг л даа. Үүнээс гадна тухайн үед улсын цирк, Туул голын ойр орчимд бөхийн барилдаан их зохион байгуулагддаг байлаа. Би жаахан хүүхэд байсан болохоор аавыгаа дагаад их явдаг байв. Аавыг барилдахаар нүд салгалгүй хараад л “Аав даваасай” гээд л дэмждэг байлаа. Аавынхаа даваа болгоныг уухайлан дэмждэг тэр үе мөн ч сайхан байж дээ.

-Та манай сайтын уншигчдад таны ээж, Дархан аварга Ш.Батсуурийн гэргийг танилцуулбал?

           -Манай ээж Дундговь аймгийн гаралтай хүн. Ээж маань Ж.Цэвээнравдан аваргын анхны гэргий Дашням гуайтай найзалж, нөхөрлөдөг байсан юм билээ. Тийм болохоор нэгнийхээрээ их орж, гардаг байсан гэдэг. Тэгж яваад л анх аавтай Ж.Цэвээнравдан аваргынд танилцсан юм билээ. Тухайн үед Налайх дүүрэгт том наадам зохион байгуулагдаж, ээж, Дашням, Ж.Цэвээнравдан аваргатай хамт явахаар болоод очтол аав сууж байсан гэдэг. Тэгж л аав, ээж хоёрын анхны болзоо эхэлж, үерхэж, нөхөрлөөд нэг гэр бүл болсон юм билээ. Тухайн наадамд Ж.Цэвээнравдан аварга түрүүлж, аав үзүүрлэсэн гэдэг. Гэтэл наадамчид Налайхын бөх Өлзийсайханыг түрүүлгэсэнгүй гэж дургүйцэж, чулуу нүүлгэжээ. Түрүү, үзүүрт шалгарсан хоёр маань шаралхсандаа бай шагналаа ч авалгүй “Буцна аа” гээд  ачааны машины ханхай тэвшин дээр суугаад ирж байсан гэдэг.

-Ачааны машины тэвшин дээр суугаад их ууртай буцсан байх даа?

           -Үгүй ээ, машины тэвшин дээр суугаад л тайвшраад нэг нэгнээ шоолж, инээлдэж байсан гэсэн. Үүнээс гадна аавыг барилдахад ээж дотроо "Сайн барилдаасай" гэж их сүсэглэдэг байсан. Тухайн үед сүсэг бишрэлээ хамаагүй ил гаргаж болдоггүй хатуу үе байсан. Наадам болох дөхөхөөр ээж минь аавын зодог шуудгийг арц, хүжээр утаж, ариусгадаг байв. Түүнээс биш, сүүн цацал өргөөд байдаггүй байсан даа.

-Энэ жил Ш.Батсуурь аваргын мэндэлсний 100 жилийн ой тохиолоо. Мөн төрсөн нутагт өргөн дэлгэр тэмдэглэж, наадам зохион байгуулсан. Энэ талаар яриа дэлгэвэл?

           -Аавыгаа бурхан болоход бид Далан давхарт оршуулсан. Гэтэл Далан давхар цэцэрлэгт хүрээлэн болж байгаа юм байна. Тиймээс аавынхаа шарилыг нутагт нь заллаа. Энэ талаар ч нутгийнх нь санал гаргаж, эрт дээр үеэс тахиж ирсэн Цахирын овооны нөгөө өндөрт оршоосон. Тэр газарт аавын аавыг нутаглуулсан юм билээ. Мөн Цахирын овооны тахилга наадамд аав 17 настай түрүүлж байсан түүхтэй. Нутгийнх нь зон олон аавын мэндэлсний 100 жилийн ойн наадмыг сайхан зохион байгуулсан. Наадамд газар газраас олон ч сайхан бөх ирж барилдсан. О.Хангай аварга аавтайгаа хүрэлцэн ирж, чимэг болсон доо.

-Ш.Батсуурь аваргыг Хангай аваргын аав Ж.Оргих гуайтай ойрын хамаатан гэх яриа олны дунд яваад байдаг шүү дээ. Энэ хэр үнэний ортой яриа вэ?

           -Ж.Оргих аавтай нэг нутаг усны хүн. Харин олны дунд тархаад буй яриа хэр үнэний ортой вэ гэдгийг би ч мэдэхгүй байна. Энэ жил улсын баяр наадмын өмнө аавынхаа нэрэмжит барилдааныг зохион байгуулсан. Тэр барилдааны үеэр би О.Хангайд “Аварга болоорой” гээд дээл бэлэглэсэн. О.Хангай ч Ардын хувьсгалын 100,101 жилийн түүхт ойн баяр наадмаар сайхан барилдаж, түрүүлээд аварга цол хүртсэн нь их сайхан бэлгэшээлтэй зүйл боллоо.

Төрийн наадамд хоёр дараалан түрүүлчихээд, ханиа дагуулаад очиход ижий, аав минь баярлахын дээдээр баярлан хүлээж авсан” хэмээн дурсаж байсан даа.

-Баруун Алтай нутаг, Байтагийн заставд алба хааж байхдаа “Хязгаарын цэргийн бөх” гэж зарлуулаад төрийн наадамд түрүүлээд аав, ээж, нутаг усандаа очиж байсан болов уу гэж таамаглаж байна. Энэ тухай Ш.Батсуурь аварга яриа дэлгэж байв уу?

           -Эхний жилээ түрүүлчихээд нутагтаа очиж чадаагүй юм билээ. Харин хоёр дахиа түрүүлж, улсын аварга цол хүртчихээд нутагтаа, аав ээждээ очсон гэнэ лээ. Тэр бүү хэл ээжийг дагуулаад очиж байсан гэсэн. “Хязгаарын цэрэгт мордож, улсын аварга цолтой бөх болоод тэр бүүхэл төрийн наадамд хоёр дараалан түрүүлчихээд, ханиа дагуулаад очиход ижий, аав минь баярлахын дээдээр баярлан хүлээж авсан” хэмээн дурсаж байсан даа.

-Ш.Батсуурь аваргыг хэд хэдэн удаа тулгаралтай нүүр тулж, дайснаа дарж байсан гэж сонссон.

           -Тийм ээ. Аав минь насаар л цэргийн албанд зүтгэсэн хүн шүү дээ. 1942 онд Байтаг Богдын Хөх толгойн отрядад хилчин байлдагч болж, хожим нь МАА-ын 065-р анги, 089-р ангид, “Алдар” нийгэмлэг, 016-р нэгтгэлд офицероор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хязгаарын цэргийн 031-р ангид алба хашиж байхдаа гоминдан, оспаний дээрэмчидтэй байлдаж авсан гэдэг.

-ААВ МИНЬ БҮХЭЛ МАХ, НОГООТОЙ ЧАНАДАГ БАЙЖ БИЛЭЭ-

            -Ш.Батсуурь ямар хоол идэх дуртай байв. Ажлынхаа хажуугаар гэртээ ирээд эхнэр хүүхдэдээ гарынхаа хоолыг хийж өгдөг байв уу?

           -Манайх 1980-аад оны дунд хүртэл Ар согоот зусланд гардаг байв. Аав тэндээс өглөө эрт ажилдаа явна. Тэр үед шугамын автобусанд багтаж сууна гэдэг хэцүү байсан л даа. Харин аавыг зам дээр очингуут л замын машин зогсоод авчихдаг байв. Тиймээс хажуу айлын хүмүүс “Аваргатай хамт машинд дайгдана” гээд бараг л уралддаг байлаа шүү дээ.

           Аав минь хоол хийх болбол бүхэл мах, ногоотой чанадаг байсан. Махаа гаргачихаад “За, хүүхдүүд идэх махаа аваарай” гэнэ. Дүү бид хоёр мах авсны дараа аав өөрөө иддэг байсан. Үүнийг нь ээж хараад “Энэ Батсуурь хүүхэд байхдаа чанасан мах хараад дуртайгаа авч идэх юм сан гэж их боддог байсан байх” гэж билээ. Хөөрхий аав минь дэлгүүр орж, хүнсний зүйл цуглуулахдаа нэг юмнаас нь олноор аваад ээжид загнуулна шүү дээ. Жишээлбэл, хэдэн шилээр нь компот, чихэр, амттан аваад ирнэ. Одоо энэ бүхнийг эргээд бодоход дүү бид хоёрын баярлаж, алга ташихыг л харах гэж л тэгдэг байж дээ.

-Та аавдаа хоол хэр их хийж өгдөг байв. Охиныхоо гарын хоолыг идээд аав нь юу гэдэг байсан бэ?

           -Би сургуулиа төгсөөд хийдэг болсон. Хоол хийхээр аав “Яасан жаахан хоол хийдэг юм” гэнэ. “Та цадахгүй байгаа юм уу” гэхээр “Хүн ороод ирвэл яах юм, хоолгүй байлтай биш” гэдэг байсан даа.

"Б.Ганбаатар дахиж түрүүлэхгүй болов уу, харин энэ Бат-Эрдэнэ гэдэг хүү хоёр Мөнхийг залгах аварга болох байх даа” гэж байсан

Ш.Батсуурь аваргыг бөхийн тухай яриа их дэлгэж ярьдаг байсан болов уу гэж таамаглаж байна?

           -Аав гэртээ бөхчүүдийн тухай, барилдааны тухай төдийлөн их ярьж байсныг санахгүй байна. Харин Их монгол Х.Шаравжамц, Н.Жамьян аварга нарыг хүндэтгэн дурсаж байсан шүү. Мөн бөхийн засуул “Гончиг, Лүгдэв нарт их сайн ханддаг, үгийг нь их сонсдог байсан” гэж сүүлд ээж дурсаж байв. Үүнээс гадна аав бөх болох хүнийг барилдаанаар нь их сайн таньдаг байсан. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б.Ганбаатар түрүүлж, Б.Бат-Эрдэнэ аваргын начин цол хүртсэн жил шиг санагдаж байна. Тухайн жилийн наадмаар би аавыгаа дагаж бөх үзэж, асар майхнаар явж байхад аав “Б.Ганбаатар дахиж түрүүлэхгүй болов уу, харин энэ Бат-Эрдэнэ гэдэг хүү хоёр Мөнхийг залгах аварга болох байх даа” гэж байсан.

-Та аавыгаа хэр баярлуулж байв. Ер нь Ш.Батсуурь аварга хэр амархан баярлаж, гомддог хүн байсан бол?

           -Тэтгэвэрт гарсан ч аав минь зүгээр сууж ерөөсөө чаддаггүй байлаа. Надад тус дэм болох гээд хими цэвэрлэгээнд өгөх хувцас, засуулах гутал байна уу гээд асууна. Мөн охиныг минь цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах их дуртай байсан. Намар болохоор манайд мах авчирч, тагтан дээр татаж, өлгөөд хэдэн давхар маарлиар ороогоод борц бэлтгэж өгнө. Би гэж тэнэг хүн ингэж байх ёстой юм шиг л санадаг байж дээ. Аавынхаа халуун дулаан өвөрт нь эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн. Тийм атлаа аавыгаа хариу баярлуулж чадсан болов уу гэж бодохоос сэтгэл өвдөх юм даа.

 


Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-29 14:38:32
    Сараа: Баярлалаа.Та нартаа аз жаргал хүсч урт нас удаан жаргалыг eрөөe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-28 16:39:46
    Баярлалаа: Сайхан яриа байна. Домог байсан даа, үнэхээр. Хүндэлдэг ч байж, ард түмэн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-28 07:48:12
    Насан: Ямар сайхан яриа вэ. Танай сайтыг унших дуртай шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188