• Өнөөдөр 2024-05-13

"ХОНХ" ХАМТЛАГИЙН ДУУЧИН С.ЦОГТСАЙХАНЫ ХҮҮ Ц.ТҮШИГ: Аав минь амьдралынхаа сүүлийн он жилүүдийг хараагүй үдсэн. Тэр үед нь хамт байж, аавыгаа асарч байснаа бодохоор уужирдаг

2023-02-26,   16785

"Урьд шөнө хар дарж зүүдэллээ

Урт гар намайг зовооно

Хэлэх үгийг минь боогдуулж

Харах нүдийг халхална

Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ...." хэмээх дуугаараа ард түмнийг ардчилалд уриалан дуудаж, өнөөдрийн нийгэм бүтэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм бол яах аргагүй “Хонх” хамтлагийн дуучин, сэтгүүлч, улстөрч Сосорбарамын Цогтсайхан билээ. Бид түүний хүү Ц.Түшигтэй уулзаж, аавтайгаа өнгөрүүлсэн бага нас, жаргал зовлон, баяр гунигийнх нь талаар ярилцсан юм.

          Бид их дэлгүүрийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар болсон юм. Тэр товлосон цагаасаа өмнө ирчихсэн сууж байв. Намайг очиход “Сайн байна уу. Би С.Цогтсайханы хүү байна” гээд гараа сунган мэнд мэдэв. Нүүр тулан уулзаагүй ч эчнээ мэдэх С.Цогтсайхан гуай нүдний минь зогсох шиг, тэр аавтайгаа дэндүү адилхан ажээ.

- Аавтайгаа өнгөрүүлсэн бага насны дурсамжаас тань яриагаа эхлэх үү?

          -Миний аав хэтэрхий эрт биднийг орхиод явчихсан шүү дээ. Дөнгөж 42 насандаа хорвоог орхисон. Би аавыгаа нас барахад 10 гаруйхан настай жаахан хүү байлаа. Аавтайгаа хамт өнгөрүүлсэн цаг хугацаа ихэд мөчидхөн байсан. Тухайн үед манай гэрээр одоогийн хөгжмийн мундаг эрхмүүд их ирдэг. Аав минь гитараа бариад л их сайхан дуулаад суудаг байсан даа. Нэг удаа “Хонх” хамтлаг Соёлын төв өргөөд тоглолт хийсэн юм. Тэр өдөр аавынхаа тоглолтыг анх удаа үзэж байлаа. Танхим дүүрэн хүн цуглачихсан би гайхшираад зогсож байтал аав минь намайг тайз руу дуудаад “Миний хүү” гээд дээш өргөж байсан нь бодлоос минь одоо ч гардаггүй, хааяа зүүдлэгддэг.

-Аав тань таны нэрийг өгсөн үү?

          -Тийм ээ. Аав минь намайг Монголын ардчилсан ард түмэндээ болон  гэр бүлдээ түшиг тулгуур нь болж яваасай хэмээн бэлгэшээж Түшиг гэж нэрлэсэн юм.  Намайг төрөхөд эмнэлгийн гадаа улаан машинтай ирээд, чанга яриагчаар “Хонхны дуу”-г тавиад тосож байсан гэдэг.

-Таны аав ямар хүн байсан бэ?

          -Аав минь их зөөлөн сэтгэлтэй, юмыг гүн мэдэрдэг, шулуун шударга хүн байсан.  Бидэнд өв хөрөнгө үлдээгүй ч оюуны маш их зүйлийг үлдээсэн. Өөрөө ч эд хөрөнгийг чухалчилж үздэггүй хүн байлаа. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг байсан. Хатуу үгээр биш ч үйлдэл, бүтээсэн уран бүтээлээрээ намайг хүмүүжүүлсэн.

-Таны аав “Хайр минь билээ чи” гэх дуугаа эхнэртээ зориулан гаргасан гэдэг шүү дээ. Ээж нь аавын тань тухай ярьж өгдөг үү?

          -Манай аав, ээж хоёр анх ОХУ-д сургууль суралцаж байх үедээ танилцаж байсан гэдэг. Ээж минь аавын тухай тийм ч их ярьдаггүй, хааяа нүдэнд харагдтал дурсамжаа ярьж өгдөг. Манай ээж ер нь их дуу цөөтэй хүн л дээ. Хүмүүс аавыг нас барахад ээжийг маань дахиад хүнтэй сууна даа л гэдэг байсан. Гэхдээ ээж минь ааваас хойш нэг ч хүнтэй гэрлээгүй. Яг л аавын хүсдэг байсан шиг хүү, охин хоёроо мэдлэг боловсролтой, сайн хүн болгож өсгөсөн. Үүнээс харахад л ээж, аав хоёрын минь нэгнээ гэх хайр ямар агуу байсныг илтгэх байх.

-Ээжийнхээ тухай ярихгүй юу?

          -Манай ээжийг Намсрайн Наташа гэдэг. Насаараа эмнэлгийн байгууллагын удирдах түвшинд ажилласан. Гэр бүлийнхээ ханийнхаа нэр хүндийг хамгийн түрүүнд тавьж, хүндэтгэдэг. Шулуун шударга зантай, хөдөлмөрч эмэгтэй байдаг. Ааваас хойш бид гурав нэг хэсэгтээ л хүнд амьдралыг туулсан. Тэр үед бууж өгөөгүй, зүтгэсээр эгч бид хоёрыг өдий зэрэгт хүргэсэн дээ.

-Ямар үед аавыгаа их үгүйлдэг юм бэ?

          -Бага байхад аавыгаа санаж, хааяа зүүдэлдэг байлаа. Ер нь аавыгаа санаагүй үе гэж үгүй. Хүнд хэцүү үедээ бүр ч их санадаг. Сайн явахдаа аав минь намайг дээрээс хараад баярлаж байгаа даа гэж боддог. Тийм сайхан хүний үр удам муу явах учиргүй гэдгийг өөртөө үргэлж сануулдаг.

-Аавыгаа өөд болсныг мэдээд та их цочирдсон байх даа?

          -Би аавыгаа нас барахад яг дэргэд нь байсан. Ер нь хүүхдүүд ээж,  аавыгаа үүрд хажуудаа яг л тэр хэвээрээ байх юм шиг санадаг шүү дээ. Орой зүгээр унтсан аав минь өглөө сэрээгүй гэхэд үнэндээ итгэж чадахгүй байсан даа. Босоод ирэх байх даа, аав яасан юм бол доо гэж боддог юм билээ. Аавыг сүүлчийн замд нь үдэх цуваа асар урт, их олон хүн уйлж байсан. Ард түмэн бас нэгэн гайхалтай хүүгээ залуухнаар нь алдаад харамсаж байсан болов уу гэж боддог.

-Одоо нууц биш бол ард түмний хүү С.Цогтсайхан ямар өвчний улмаас өөд болсон юм бэ?

          -Аавын сэдэв их хүнд шүү дээ. Ярих гэхээр л хоолой зангираад нулим гарах гээд байна. Манай аавын бие гэнэт муудаад хагалгаанд орсон юм. Тухайн үед эмнэлгийн салбар тийм ч сайн байсангүй шүү дээ. Хагалгаанаас гарч ирэхдээ хараагүй болсон. Энэ талаар тухайн үеийн цөөн хэдэн хүн л мэддэг юм. Аав минь амьдралынхаа сүүлийн он жилүүдийг хараагүй үдсэн. Тэр үед нь хамт байж, аавыгаа асарч байснаа бодохоор уужирдаг.

-Өсвөр насандаа хүүхэд их эмзэг байдаг шүү дээ. Тэр үедээ аавынхаа тухай их боддог байв уу?

          -Яг тэр л үед аавын минь орон зай надад хамгийн их үгүйлэгдэж, хэрэв аав минь байсан бол гэж өдөрт их олон боддог байлаа. Аавтайгаа хамт байгаа хүүхдүүдийг хараад санаа алдах үе олон байсан даа.

-Ааваас тань үлдсэн, хадгалдаг зүйл бий юу?

          -Хэлмэгдүүлэлтийн музейд аавын маань дурсгалд зориулсан хэсэг бий. Тэнд тоглож байсан гитар, гаргасан ном бүтээлүүд нь байдаг. Харин манай гэрт аавын минь бүх уран бүтээл, ном, бичлэг байгаа. Удахгүй “Хонх” хамтлагийн 33 жилийн ойд зориулж тэдгээрээс нийтэд дэлгэх бодолтой байгаа. Миний үсний найрын бичлэгээс эхлээд гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн нандин мөчүүдээ хүртэл бичиж үлдээсэн дүрс бичлэгүүд бий. Хааяа тэр бичлэгүүдээ үзээд, аавтайгаа байсан дурсамжаа санаж уйлах үе байдаг. Сонсогчдод  аавыгаа уран бүтээлч байхаасаа гадна ийм сайн аав байсан шүү гэдгийг үзүүлмээр санагддаг.

-Таны аав “Хонхны дуу” -гаар нийгмийг сэрээж, бидэнд  эрх чөлөөт ардчилсан нийгмийн бүтээж, өгсөн хүмүүсийн нэг шүү дээ. Хэрвээ аав тань амьд байсан бол өнөөдрийн нийгэмд хэр сэтгэл хангалуун байх байсан бол?

          -Тухайн үеийн нийгэм бодож санаснаа шууд илэрхийлэхэд хүнд байсан шүү дээ. Харин аав минь далд, тойруу утгаар дуугаараа, нийтлэлээрээ дамжуулан хэлэх үгээ илэрхийлдэг байж гэж боддог. “Хонхны дуу” бол ардчиллын сүлд дуу шүү дээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед энэ дуу төрийн соёрхол хүртсэн. Төрийн ордонд ээжтэйгээ хамт ороод, тэр шагналыг аавынхаа өмнөөс хүртээд гарч ирэхдээ, ааваараа илэрхийлж барамгүй ихээр бахархаж байсан. Хэрвээ аав минь амьд байсан бол ардчилал туулах ёстой замаараа л явж байна гэх байсан байх.

-Танд урлагийн авьяас бий юү?

                 -Би хэдий өөр мэргэжилтэй ч ааваас минь үлдсэн авьяасын хэлтэрхий надад байдаг шиг санагддаг.  Бага байхдаа урлагаас хол хөндий байсан ч өсвөр наснаасаа гитар тоглож эхэлсэн. Магад аавыгаа их санасандаа хөгжмөөр өөрийгөө аргадсан байх. Ээж минь намайг аавтайгаа царай төрх, зан ааш, бүхий л талаараа адилхан гэдэг. Мэдээж тэр сайхан, агуу аавтайгаа адилхан гэж дуудуулах сайхан ч миний аав гурван саяд ганц төрсөн сод хүмүүсийн нэг шүү дээ. Одоо харин хийж байсан уран бүтээлүүдийг нь сэргээн С.Цогтсайхан гэж ийм хүн байсан шүү гэж шинэ үеийн залуустаа таниулахыг хүсэж байна. Нэг сонин зүйл хэлэхэд би саяхан аавынхаа төрсөн ахтай уулзаад, аавын уран бүтээл, залуу насных нь тухай хөөрөлдсөн юм. Гэтэл аав бид хоёр адилхан “Pink Floyd” хамтлагийг сонсдог байсныг олж мэдсэн.

-Таны аав дуучин байхаас гадна сэтгүүлч, нийтлэлч хүн байсан шүү дээ. Аавынхаа бичсэн зүйлсээс хэр уншдаг вэ?

          -Манай аав их товчхон энгийн үгээр гүн философи утга агуулгатай бичдэг байсан. Дуунуудынх нь үг хүртэл тийм байдаг шүү дээ. 2008 онд аавын дурсгалд зориулж пянз гаргаж байсан юм. Тэнд нийтлэлүүд нь орсон байдаг. Одоо хүртэл аавын маань бичсэн гар бичмэлүүд бий. Хааяа эргүүлээд суухад өнгөрсөнд очоод аавтайгаа уулзаж буй мэт санагддаг.

-Сүүлийн үеийн дуучид аав тань дууг их дуулах болжээ. Энэ талаар юу гэж боддог вэ?

          -Тэртээ 30 жилийн өмнө зохиогдсон дуу  одоог хүртэл эгшиглэнэ гэдэг аав минь хэр чадал өндөртэй уран бүтээлч болохыг харуулж байна. Гол нь уран бүтээлчид маань аавын минь бүтээлийг хүндэтгээсэй л гэж хүсдэг. 

-Таны аавын хөшөө Баянгол дүүрэгт байдаг шүү дээ. Тэр хөшөөг харахад танд ямар бодол төрдөг вэ?

                -Тэр хөшөөг харах бүрд ааваараа бахархаж, нэрийг нь сэвтээхгүй сайн явна даа гэж боддог. Би аавыгаа богинохон хэр нь үнэ цэнтэй амьдарсан гэж хэлнэ. Одоо ч бидний дунд амьд мэт уран бүтээлтэйгээ оршиж байна.

-Аавынх найзууд ямар хүмүүс байсан бэ. Одоо холбоотой байдаг уу?

          -Тухайн үед ардчилалд хамт зүтгэж байсан намын нөхөд байна. Урлаг соёлоос гэвэл “Чингисхаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, шог зураач С.Цогтбаяр зэрэг олон хүмүүс бий. Тэд аавыг минь "С.Цогтсайхан их товчхон бичдэг шигээ товчхон амьдарсан" гэдэг. Бас ааваар минь үргэлж бахархаж ярьдаг.

-Энэ жил “Хонх” хамтлагийн 33 жилийн тохиож байна. Ойтой холбоотой зүйлс хийж байна уу?

     -Бид "С.Цогтсайхан сан"-г үүсгэн байгуулж, “Хонх” хамтлагийг  дахин идэвхжүүлж, шинэ залуу үеийн дуучдад албан ёсны зохиогчийн эрхтэйгээр “Хонх”  хамтлагийн уран бүтээлүүдийг хэрэглүүлэхээр шийдэж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Мөн нийтэд цацагдаагүй дуунуудаас нь гаргаж, тоглолт хийх бодолтой байгаа. Би өөрөө “Хонх” хамтлагтай хамт гитар тоглоно. Би аавынхаа хэмжээд хэзээ ч хүрэхгүй. Гэхдээ энэ миний аавдаа, “Хонх” хамтлагийн сонсогчдод барьж буй хүндлэл юм.

 


"ХОНХ" ХАМТЛАГИЙН ДУУЧИН С.ЦОГТСАЙХАНЫ ХҮҮ Ц.ТҮШИГ: Аав минь амьдралынхаа сүүлийн он жилүүдийг хараагүй үдсэн. Тэр үед нь хамт байж, аавыгаа асарч байснаа бодохоор уужирдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 23
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-16 01:09:40
    Byambaa Aya: 90-ээд оны үед Хонх хамтлагийн дууг их сонсдог, бүгдийг нь шахуу мэддэг, дагаж дуулдаг байлаа. Ардчиллын дууч аргагүй мөн. Харин одоо манай Монгол улсын ардчилал гэдэг нь утгаа алдсан. Ямар ч мэдлэггүй, зөвхөн мөнгө, эрх мэдэлд улайрсан тийм нийгэмд амьдарч байна даа...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-14 01:55:10
    Зочин: Харамсалтай цэл залуугаараа. Зориг агсан бас цэл залуугаараа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-25 08:17:40
    Баяраа: Цогтсайхан ахыг ид мандаж байхад нь танилсан. Тэрээр хүн шиг хүнтэй Хүн, чоно шиг хүнтэй Чоно мэт харьцдаг. Хиймэл зангүй гэхдээ ухаалаг хошин , зөн билиг нь өндөр хөгжсөн хүн байсан. Түүнд талархаж явдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-24 19:12:38
    Барс: ХОНХНЫ ДУУ агуу дуу. Төрийн шагнал авахад гайхах юм алга.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-22 03:33:04
    Тод овогтой Оюунчимэг.: Шөнө, 3-30 бож байхад, олж уншсан тул, маргааш ажилтай байгааагааи уусгаад, сэтгэгдлээ бичнэ ээ. Хүүгийн ярилцлага , сайхан болжээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-21 19:57:11
    Үнэн: "Чингис"-н БУЮУ Соёл эрдэнэ-н Жаргалсайхан ёстой улаан МАХН, улаан МАН хүн шүү дээ, Ардчилалын ханыг ёстой үзэн яддаг, Цогтсайхан 2-р байр, Жаргалсайхан урд байрных байлаа хоёулагийг нь сайн мэднэ, Цогтсайханы найз хэзээ ч байгаагүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-21 18:27:17
    Зочин: Эгэл бөгөөд агуу залуу байж билээ, үр хүүхдүүд нь сайн сайхан яваад баяртай байна, энэ хонх гэдэг.дужг сонсох бүрт Монголын ард түмнийг сэрээж агуу их тэмцэлд дуудсан дуу юм, даанч ардчилалыг харлуулах гэж их бичдэг болж, гэхдээ Ардчилал гэгч Монголын ард түмэнд эрх чөлөө, хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй эн зэрэгцэн унах унаа, байр сав, хувийн мал хөрөнгө, хоол ундтай сайхан амьдрах их замыг тавьж өгсөн юм шүү,хэзээ ч мартаж болохгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-21 07:43:05
    Xerlen: Duu ni ybaxad goy shuu. Ardchillalaar bayjsan luuxruud ger buld ni tuslaasai..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-21 03:20:26
    Зочин: Мундаг хүү юмаа, ааваараа бахархаж хийсэн бүтээснийг нь мөнхжүүлж явах хамгийн эрхэм нандин үйл байлгүй яахав. Бусад хүмүүс бурж л байг бүтээгч хүмүүс харин хийж хөдөлмөрлөж байдаг юм. Амжилт хүсье ээ залуу минь, ээжид нь эгчид нь аз жаргал эрүүл энхийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-21 00:39:15
    Зочин: Хонхны дууг сонсохоор дотор муухайрдаг болсон. 33 жилд хүн төвтэй биш эд материалын төлөө явсаар ард түмэн үнэхээр доройтсон. Бид ч залуу байж, аминдаа л АН д олон жил саналаа өгч дэмжиж явлаа. Одоо бол бөөлжис цутгадаг. Ялангуяа Элбэгдорж хужаа л баяжсан байх. Хэдхэн хүн нь луйвардаж баяжаад ард түмний нийтлэг хэсэг нь усных боллоо доо. Яахав маниус бол дундаж сэхээтний амьдралаар хоёр идэхгүй ч нэг юм байж л байна. Ихэнх үйлдвэр дампуурч бүтээгч орон биш архичин хүмүүс л ихэссэн.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-21 00:26:28
    Очирбат сугарааа: Наад дуу чинь Чингис хаан хамтлагийн дуу юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-21 00:24:43
    Очирбат сугарааа: Наад дуу чинь Чингис хаан хамтлагийн дуу юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-21 00:21:36
    Иргэн: За агуу дуучин гэдгийг нь харин мэдэхгүй юм бна. Хонхны дуу цаг үеийн л дуу. Одоо харин ардчилалд хулхидуулсан бсан. Тархины хагалгаа л хараагүй болгодог юм. Алтан гартай эмч нар хараагүй ч гэсэн амьд явуулсан бна. Бусдад талархаж сур. Сонгуулийн жилд 33 жил ч гэх шиг Хонхны дуу явахаар бөөлжис хүрдэг болсон
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-20 10:56:38
    мгл: ан-н дарга нарын нэгииг цогтсайханы хуухэд гэж бодоод байсан нь буруу байж. сахал билэгт гээд дандаа хуч хэрэглэж явдаг эргуу мудак хун алчихаад яагаад шиитгуулдэггуй,тег цег дарга хиигээд явдаг билээ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-27 09:16:19
    зочин: АРДЧЛАЛЫН ДУУЧ ЦОГТСАЙХАНЫГ САХАЛ БИЛЭГТ ЗОДОЖ ,ТОЛГОЙ ДЭЭР НЬ ДЭВСЭЖ ХҮНД ГЭМТЭЭСЭН НЬ УЖГИРЧ ХАРААГҮЙ БОЛЖ ЦААШЛААД АМЬ НАСАА АЛДСАН
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-15 22:18:10
    Зочин : 30 жил өнгөрчихөөд байхад дуунууд нь яг шинэ мэт сайхан мэдрэмж төрүүлдэг дотно уянгалаг шүү . Хайр минь билээ чи дууг байнга сонсдог Залуу насаа гэж харвасан сум шиг өнгөрдөг юм байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-14 13:17:34
    Оchirbat Sugar: Хонх хамлагийн дуунуудыг сонсоход дууны үгнүүд нь их таалагддаг социалист хаалттай нийшэмд амьдарч байан хүмүүс бидний хувьд их сонинбайсан дандаа далд битүү утгатай хэрнээ хүнд амархан ойлгогдохоор бичсэн хонхны дуу цаасан малгай би ажилгүй хүн бидний араншин гэх мэт тэр үеийн нийгэмд амьдарч байсан хүмүүсий нүдийг нээсэн гоё дуунууд байлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-14 13:06:13
    Ochirbat Sugar: Хонх хамлагийн дуунуудыг шимтэн сонсдог 【1989 оны сүүлчээр 】байлаа дуучин Цогтсайхныг нас барахад их харамсаж байсан Чингис хааны тухай нэг дуубайсан одоо эрээд эрээд олддоггүй Чингис хаан эзэн чингис эцэг дээдэс минь ээ... Хойч үеээ мэдэхгүй хөх монголын үр сад хөөрхий биднийгээ өршөө гэх мэт үгтэй их гоё дуу байсан одоо хүүд нь энэ дуубайдаг бол олон түмэнд түгээгээрэй хэмээн хүсэх бна баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-13 19:42:37
    Жамц: Сайхан ярилцлага өгсөн дүүдээ баярлалаа... Сайхан арга хэмжээ зохион байгуулаарай Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-12 21:44:01
    Г. Баяраа: Эрхүү хотод УИС-д хамт сурч байлаа. Ихийн оюутны 2-р байранд бид олуулаа амьдарч байсан. Сайн оюутан БАЙСААН. Сэтгүүлч. Бид хааяа шатар тоглодог. Их хурц нүүдэлтэй, сайн тоглодог хүүхэд байж билээ. Гитар тоглоно. Дуу дуулна. Авьяастай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-12 16:31:42
    drakhan: Ulaanbaatar suvilald olgohiin kursed yavj bhad Honhiin tsogoo honhiiin tsogooo geed neg ah huuhdiin jonsonjonson tostoi ireed bariand ordog bsan ter ued buh hun l suulnii tos blaa .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-12 12:41:02
    Зочин: Ц.Түшигт: Нэг удаа Баабар юу гэлээ дээ сайн сэтгүүлчид бий ч гэлүү (яг үнэндээ өмнө хэлсэн зүйлсийг нь мартаж) хэлээд "Гэхдээ тэднээс хамгийн ланжгар нь С.Цогтсайхан" гэж бичсэн байсан шүү. Олж үзсэн үү? Хэдхээн мөр хэлсэний дотор ийм өгүүлбэр байсныг би бол маш сайн санаж байдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-12 11:37:28
    Пүрэвчулуун: Сайхан дурсамж аав нь баярлаж байгаа даа манай Наташа 2 хүүхдийнхээ төлөө бүхнээ зориуосан мундаг дайчин шулуун гударга ажилч хичээнгүй хүн дээ та бүхэндээ Аз жаргал эррүл энх үйлс бүхний дээдийг хүсье эээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188