• Өнөөдөр 2024-05-18

ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй

2022-08-25,   4715

"БУРХАНЫ НУЛИМС"

    Өдөржин шивэрсэн бороо татрах үеэр түүнийг зорилоо. Тэр гэдэг нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн ач хүү, “Болор цом”-ын эзэн Л.Хасар найрагчийн хүү Х.Хасуй юм л даа.

                        Бидний уулзахаар цаг товлосон газар нь 64-ийн “Tom N Toms” кофены мухлаг. Намуухан шивэрсэн бороон дунд 30 минут  орчим алхаж очих үеэр Х.Хасуй над руу гурван ч удаа залгаад амжив. "Ярилцагчаа удаан хүлээлгэсэн байх вий" хэмээн гүйхээрээ “Tom N Toms”-ын хаалгаар орлоо. Уулзахыг, уулзаж ярилцахыг мөн ч хүссэн ярилцагчаа нийтийн танхимаас олж харсангүй. Харин мань эр намайг тамхины өрөөнд нь хүлээж байжээ. Бүхэл өдрийн турш шивэрсэн бороотой үдэш уулзсан бидний ярилцлага борооны тухай, борооноор юу боддог тухай эхэлсэн нь уншигч танд сонирхолтой байх болов уу.

-ӨВӨӨ, ААВ ХОЁРТОЙГОО JIMI HENDRIX-ИЙН ДУУНУУДЫГ СОНСООД ЯВЖ БАЙСАН ҮЕ ОДООГ ХҮРТЭЛ САНААНААС ГАРДАГГҮЙ-

-Хүмүүс бороо орохоор л гуньж, уйтгарлаж, их зүйл боддог гэдэг. Өдөржин шивэрсэн борооноор их зүйл бодож амжив уу?

                        -Францад байхад байнга л бороо орж байдаг байсан. Өөрөөр хэлбэл, би хэн хүнээс илүү бороонд дассан хүн.

-Монголд бороо орох, Францад бороо орох хоёр ялгаатай биш гэж үү. Өөр өөр мэдрэмж өгөхгүй юү?

                        -Монголд ирээд бороо орохыг харах, мэдрэх сайхан байдаг. Үнэрээс нь эхлүүлээд борооны дараах хотыг харах гээд л Францад авдаг мэдрэмжээс тэс өөр шүү дээ. Тэр агаар ямар сайхан байдгийг та нар энд байдаг болохоор мэдэхгүй байх. Хайрлах хэрэгтэй зүйл.

-Анх яагаад Францыг зорих болсон түүхээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу. Цөмийн физикчээр сурахаар харь орныг зорьж байв уу?

                        -Анх есөн настайдаа Францад очсон. Франц бол уран зохиолын их орон.

-Есөн настай, жаал хүү гаднын оронд очоод дасан зохицоход хэцүү байв уу?

                        -Дасан зохицох гэж их удаагүй ээ. Би багаасаа орос хэлдээ сайн байсан. Францад очоод л Орос, Гүрж, Дагестан, Чеченийхэн гээд орос хэлтэй хүмүүстэй учирч, олон зүйл мэдсэн. Удалгүй франц хэлийг ч сураад өөрийнхөө хэмжээнд орос, франц хэл дээр орчуулга хийж, хүмүүст тусалдаг байлаа. Гадаад хүмүүст орчуулга хийж өгч, туслахаар намайг их сайшааж, чихэр жимсгэнээр шагнадаг байв шүү (инээв).

***

Х.Хасуй Францын Страсбургийн их сургуульд цөмийн физикч мэргэжлээр суралцдаг. Эх орондоо ирээд сар гаруй хугацаа өнгөрчээ.

***

-Багаасаа л хэлний авьяастай хүү байсан хэрэг үү. Франц хэлийг их амархан сурсан бололтой?

                        -Тухайн үед аавын маань бие муудаад, Францыг зорьсон юм аа. Очсон хотод маань орчуулагч байхгүй учраас гэрийнхэндээ орчуулга хийж өгч туслахын тулд хэлийг нь хурдан сурах шаардлага гарсан. Харин франц хэл сурах эхлэлийг авга ах маань янзтай сайхан тавьж өгч байлаа. Тэнд очоод удаагүй хүүд франц хэл дээрх Виктор Гюгогийн “Инээмтгий хүн” зохиолыг өгсөн. Эхэндээ юу ч ойлгохгүй байсан ч, хэлийг нь сурахын тулд хүчээр уншсан.

-Страсбургийн их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр дүүргэнэ. Харин төгссөнийхөө дараа хэрхэх тухай төлөвлөж амжсан уу?

                        -Страсбургийн их сургуульд үргэлжлүүлэн магистр, докторын зэрэгт суралцах төлөвлөгөөтэй байгаа. Миний зорилго бол CERN буюу Европын цөмийн судалгааны байгууллага. CERN нь Швейцарын Женевт байдаг цөмийн хурдасгуур. Атом доторх протоныг хооронд нь мөргөлдүүлж, мөргөлдөөнөөс гарсан зүйлийн үүслийг нь тодорхойлох журмаар ажилладаг юм л даа. Харин одоо электроныг хооронд нь мөргөлдүүлэх шинэ түнель барьж байгаа юм.

-Цөмийн физикч болох зорилгоо хэрхэн олж байв. Өвөө тань монгол түмэнд хүндлэгдсэн зохиолч, аав тань том яруу найрагч байхад хүмүүс таныг зохиолч л болно гэж бодож байсан байх даа?

                        -Багаасаа л физикт дуртай математикч болох мөрөөдөлтэй хүү байлаа. Шинжлэх ухаанд дурлаж, түүнийгээ судлаад ертөнцийг зөвхөн уран зохиолоор, яруу найргаар бус, өөр өнцгөөс харах болсон.

-Тэр болгонд аав, өвөө хоёр тань нөлөөлж байв уу. Багадаа аав, өвөөтэйгөө цагийг хэрхэн өнгөрөөдөг байв?

                        -Аав, өвөө хоёроосоо салдаггүй байсан шүү. Тухайн үед аав минь Хүүхэлдэйн театрт зураач, ээж Хүүхэлдэйн театртын жүжигчин, өвөө маань Хүүхэлдэйн театрыг хариуцаж ажилладаг байлаа. Жаахан хүүхэд байхаасаа л Хүүхэлдэйн театраас салаагүй. Хичээлээсээ тараад очиход өвөө надад чихэртэй хар цай бэлдчихсэн л сууж байдаг сан.

 

Хичээлээсээ тараад очиход өвөө хэдийнэ надад зориулж чихэртэй хар цай хийгээд бэлдчихсэн л сууж байдаг сан...

 

-Хүн бүрд мартагдашгүй үнэ цэнтэй дурсамж байдаг. Та аав, өвөөтэйгөө хамт өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжаа хуваалцахгүй юу?

                        -Өвөө, аав хоёртойгоо Jimi Hendrix-ийн дуунуудыг сонсоод явж байсан үе одоог хүртэл санаанаас гардаггүй. Аав маань Jimi Hendrix-т дуртай байв.

-Аав, өвөө хоёр тань хөлөгт тоглоомд их сонирхолтой байсан гэж сонсож байлаа. Гурвуулаа нийлээд л шатар, даам тоглодог байв уу?

                  -Өвөөтэй шатар, аавтай даам их тоглодог байлаа. Тэр хоёрыг ялж, барна гэдэг их хэцүү. Хааяадаа ялчихна. Гэхдээ аавыгаа хожиж болохоос ялж болохгүй.

-Яагаад ялж болохгүй гэж. Шалтгаан нь юу юм бэ?

                        -Тэр хүн бол миний эцэг, миний үндэс. Харин навч нь болсон би хэзээ ч аавынхаа үндэс болж чадахгүй. Навч навчаараа л байдгаас үндэс байхгүй гэхдээ навч унаад дахин үндэс болж болох юм.

 

Аавыгаа ялж болохгүй...

 

-Аав тань танд юу захидаг байв?

                        -Аав маань "Миний хүү хүссэн юмаа хий" гэж захидаг байлаа. Гэхдээ аав маань хааяа жаахан уучихаараа “Миний хүү зохиолч болно” гэдэг байсан юм(инээв).

-ХҮМҮҮС НАМАЙГ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭНГИЙН ХАСАРЫН ХАСУЙ ГЭДЭГ-

-“Fat Cat” жазз клубт болсон яруу найргийн уншлагад шүлэг уншихад тань олон хүн дотночлон хүлээн авч байгаа харагдсан. Ардын уран зохиолч, соён гэгээрүүлэгч Б.Лхагвасүрэн агсны ач хүү, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Л.Хасар агсны хүү гээд л цоллуулахад ямар мэдрэмж төрдөг юм бэ?

                        -Хүмүүс намайг тэгж дуудахаар би дотроо гэмшиж бас ичдэг.

-Яагаад ичнэ гэж?

                        -Энэ зүйл яг л надад хийсэн хараал юм шиг байдаг. Хүмүүс намайг Бавуугийн Лхагвасүрэнгийн Хасарын Хасуй гэдэг. Гэвч одоо би ингэж дуудуулж, цоллуулахаа ял юм шиг хүлээж авахаа больсон. Өмнө нь хүмүүс хэлэхээр хүлээн зөвшөөрдөггүй байсан ч, сэтгэлийн гашуун шаналлын дараа л өөрийгөө  би яах аргагүй цаг тооны үргэлжлэл гэдэгт итгэж байна.

-Өвөө, аавынхаа нэртэй хамт дуудуулж, шүлэг бичиж байгаа нь ч хараал гэж үү?

                        -Би шинжлэх ухааныг сонгож явсан ч, утга, уран зохиол намайг хараасан юм шиг надаас холддоггүй. Миний шүлгээ бичдэг надад өвлөгдөж ирсэн хар үзэг бий. Тэр яг л хараалтай үзэг шиг байдаг. Намайг бичихгүй л бол зүгээр байлгадаггүй. Бичиж байгаадаа хааяа баярладаг ч, нөгөө талаараа гэмшиж, гуньдаг. Өөрөө хүсээгүй ч, өөрийн эрхгүй биччихсэн байдаг.

 

Шинжлэх ухааныг сонгож явсан ч, утга, уран зохиол намайг хараасан юм шиг надаас холддоггүй...

 

-Шүлэг бичиж байгаа ч, бичихдээ дургүй гэж ойлгож болох уу?

                        -Тийм. Гэхдээ одоо л дуртай болж эхэлж байна. Их ханьтай байдаг юм. Би айлын ганц өөрөө өөртэйгөө тоглоод л явдаг юм.

-Та өөрийнхөө амьдралын хэв маягийг юу гэж тодорхойлох вэ. Юуг хүсэж, хүссэн зүйлдээ хүрэх үедээ ямар мэдрэмж авдаг юм бэ?

                        -Миний амьдралын хэв маяг шинжлэх ухаан, логик дээр л тогтдог.

-Гэсэн ч амьдралынхаа хэв маяг болгосон шинжлэх ухаан амьдралаас, утга зохиолоос зөрвөл хэрхэх вэ?

                        -Надад яруу найргаас таалагддаг ганц зүйл нь өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө. Квентин Тарантино “Хэрэв би найруулагч болоогүй бол гаж донтон, алуурчин болох байсан” гэж хэлсэн байдаг. Түүнтэй л адил. Шинжлэх ухаанд дурлал хүртэл байдаггүй гэж явлаа. Гэхдээ квантын физикт хайр дурлал байдаг юм байна. Тэр нь хорондоо электронууд таталцах аль эсвэл түлхэлцэх гээд л.

***

Ийн хэлмэгцээ Х.Хасуй дэргэдэх цүнхнээсээ номын хэвлэмэл эх гаргаж ирэв. Энэ нь яруу найрагч Л.Хасар агсны “Бурханы нулимс” номын эх гэнэ. 150 гаруй хуудастай хэвлэмэл эхийг гарт минь атгуулаад “Зөв бичих дүрмийн дагуу БУРХАН гэх үгэнд тийн ялгалын нөхцөл залгахад А үсгийг гээнэ. “Бурхан гэж үг бүтэн “А” үсэг нь байж л “Бурхан” бүтэн байх юм хэмээн тайлбарлав.

***

-“Бурханы нулимс” ном хэзээ уншигчдын хүртээл болох вэ?

                        -Номын эмхэтгэл, засварын ажил дууссан. “Бурханы нулимс” номын нүүр зурагт Төвөдийн зураачийн уран зургийг ашиглаж байгаа. Энэ долоо хоногтоо багтаан хэвлэлтэд шилжүүлж, уншигчдын гарт хүргэх төлөвлөгөөтэй байна.

-Монгол яруу найрагч, зохиолчдын бүтээлийг хэр их уншдаг юм бэ. Дуртай яруу найрагч, зохиолч тань хэн бэ?

                        -Хардаг. Сая хэд хоногийн өмнө зохиолчдын хороо ороод П.Ням-Лхагва ахын хянаж буй яруу найрагч Л.Ганзул ахын номыг уншсан. Аавын минь найз байсан. Харин гаднаас Чарль Бодлерт дуртай. Чарль Бодлерын “Хиймэл диваажин” гэх ном бий. Бодлер “Хиймэл диваажин” номондоо өөр ертөнцийн тухай ойлголтыг нэгд нэгэнгүй тайлбарлан бичсэн байдаг. Түүний өөр ертөнцтэй холбогдож чадсан “Хиймэл диваажин” ном хүмүүст маш олон зүйлийг таниулж, ойлгуулах байх гэж боддог. Тиймээс ч “Хиймэл диваажин” номыг Монголын утга, уран зохиолд хайртай хүмүүс ганц ч удаа болов уншиж үзээсэй гэсэндээ орчуулж эхэлсэн. Энэ ондоо багтааж хэвлүүлэх санаатай байгаа.

***

Ярилцагч маань гэнэт дуугаа хурааж, хэдхэн хормын өмнө эргүүлэн хийсэн “Бурханы нулимс” номын хэвлэмэл эхийг дахин гаргаж ирэв. Тэгээд номын хамгийн эхний шүлэг болох “Бурхан уйлж байна” шүлгийг уншуулсан юм.

 

БУРХАН УЙЛЖ БАЙНА

Хэн нэгэн хаана хэзээ ч юм

Бурханыг гомдоосон байна

Хүн төрөлхтнийг үзэн ядаж

Бурхан уйлж байна

Цурхиран уйлж байна

 

Шунал тачаалд

Мансуурсан нүд нулимсгүй

 

Шунал тачаалд

Мансуурсан уруул хуурай

 

Хатаж гандсан

Тал шиг

Хүн төрөлхтөн дээрээс

Бурхан цурхиран уйлж байна

 

Бурханы нулимсаар хүмүүс

Бузар булай

Буртгаа угааж байна

Бурхан цурхиран уйлж байна

Бороо орж байна…

хэмээсэн шүлгээр эхэлж байгаа талийгаач аавынхаа сүүлчийн номын бахдал, басхүү гунигтай ярьж байлаа. Тэгэхдээ Х.Хасуй “Үхлийн тухай гүн гүнзгий ярих аюултай юм байна. Өөрийгөө үхэлд бэлдэж байгаатай л адил. Хүн ямар үг хэлж байна түүнийг нь тархи яг л компьютер шиг автуулж, өөртөө суулгадаг. Одоо хүн үхэл, үхэл гээд л байвал үхдэг юм байна гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгож байна” хэмээгээд дуугаа хураасан юм.

Хэсэг дуугаа хураан суусан бидний анир чимээгүй кофены мухлагийн үйлчлэгч эмэгтэй эвдэн дэргэд ирэв. Тэгээд мухлаг хаах цаг болж байгааг хэллээ. Х.Хасуй бид хоёр ч тэгж их төвөгшөөлгүй гадагш гарлаа. Өнөө өдөржин шивэрсэн бороо шивэрсээр л. Бид зугуухан гэгч нь алхангаа яриагаа үргэлжлүүлсэн юм.

***

-Уншигчид Монголын яруу найрагч дэлхийн яруу найргаас олон арван жилээр хоцрогдож, “сүүл мушгиж” яваа гэж ярьдаг юм билээ. Та энэ тал дээр юу гэж боддог юм бэ?

                        -Монголчууд нүүдэлчин соёлтой ард түмэн. Суурьшин нутагшиж эхлээд ч удаагүй. Харин энэ хугацаанд монголын уран зохиол цаг хугацаанд баригдаж, татагдаж яваа юм.

                        “Болор цом” шиг яруу найргийн наадам зохион байгуулдаг орон дэлхийн олон улс дотор маш ховор. Хүн бүр, үндэстэн бүр өөр өөрийн онцлогтой. Үүнтэй л адил цаг хугацаандаа баригдаж яваа Монголын уран зохиол байх ёстой газраа л байгаа гэж боддог. Цаг хугацаанаас хамаарах энэ зүйлд хоцрогдсон эсвэл түрүүлж яваа гэх нь өрөөсгөл ойлголт.

-ЦАГ ХУГАЦАА МИНИЙ ӨМНӨ НҮЦГЭН ЗОГСОЖ БАЙНА-

-Францад аж төрөөд удаж байгаа ч, эх орондоо байснаас илүү өөр мэдрэмж авдаг байх?

                        -Би Франц-Монголын гүүр болохыг хүсдэг. Эх орондоо байх, Францад байх хоёр өөр шүү дээ. Гадаа гудамжинд явж байхад л хүмүүсийн харцнаас л гадуурхаж, үзэн ядаж байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ мэддэг хүмүүс нь Монголын соёл, заншлыг үнэхээр биширч, хүндэлдэг.

-Францад байх үедээ чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ. Ер нь чөлөө, зав гардаг юм уу?

                        -Чөлөөт цаг бараг л гарахгүй дээ. Гэртээ л байдаг.

-Чөлөө завгүй амьдралын төлөө, сурахын төлөө өөрийн амьдралаа өгөх нь ял гэж хүмүүс ярих юм билээ?

                        -Хүн өөрөө хүссэн зүйлээ хийж байгаа бол цаг наргүй байсан ч ял биш байх аа. Харин хүссэн зүйлээ хийхгүй байгаа ч, завгүй байгаа бол тухайн хүн өөрөөсөө л асуулт асуусан нь дээр байх.

                Миний бодлоор хүн төрөлхтөн эхлэлээсээ л буруу хөгжиж, өөрсдийгөө буруу программчилсан байж магад. Тэгэхдээ аз жаргалтайгаар бус илүү гунигтайгаар.

-Таныхаар аз жаргал гэж юуг хэлэх вэ?

                        -Одоо бол бүтэн байх л аз жаргал юм байна гэдгийг ойлгож байна. Тэр тусмаа гэр бүлийн хүн дутагдах хэцүү.

-Хэн нэгэн өөр нэгийг орлож, үгүй болсон аз жаргалыг ч орлож чадах болов уу?

                        -Хэн ч хэнийг ч орлож чадахгүй. Хүн бүр өөр. Хүн бүр өөр өөрсдийнхөөрөө амьдарч байгаа шүү дээ.

***

Шиврээ бороо зогсолтгүй асгарсаар байгааг анзааралгүй явсан бид норж орхижээ. Тэгээд явуут дундаа Х.Хасуйгаас “Тэгэхээр цаг хугацаа хэрцгий зүйл юм аа” гэж асуухад алхаж явсан ярилцагч маань гэнэт зогтусаж, халаасаа нэгжиж гарлаа. Удалгүй цагаан янжуур гарган амандаа зууж, асаагаад “Цаг хугацаа гэж байхгүй ч байж магад. Энэ бол хүн төрөлхтний зохиосон хэмжигдэхүүн шүү дээ” гэсэн юм. Үүний дараа удаан хугацаанд дуугаа хурааж, алхаж явсан үе бидний хэн хэнд нь олон зүйл бодогдуулсан байх гэж найдна. Харин ярилцлагаа төгсгөж, Х.Хасуйг тосож байгаа унаанд нь суулгахын өмнө тэр надад хандан “Цаг хугацаа миний өмнө нүцгэн зогсож байна” гээд үл мэдэгхэн мөртлөө тун ёжтой инээмсэглэсэн.

 

 

 

 

 

 

 


ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-19 22:55:38
    Сэлэнгэ: Энийг одоо л уншиж байна. Уулзаж, ярилцаж үзмээр санагддаг цөөхөн хэдэн хүний нэг юмсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-30 11:21:55
    Нархан: Uran zohiol shinjleh uhaniig hosluulsan gaiham saihan hun aj. Uhaarliin murtuudiig terleh ih huwi tohioltoi hun aj.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-28 08:33:44
    Zochin: ... Saihan blaa...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-26 10:47:40
    Энхээ: Удамтын унага жороо гэж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 20:55:03
    Zochin: Mundag saikhan uhaantai huu bn.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 16:45:31
    Уншигч: 100 эрхэм дээр өвөөгөө санаад цурхиртал уйлж байсан хүү том оо болжээ... Хасуйгаа санаж бичсэн шүлэг гээд л өвөө уншиж байсан сан.. Хайртай өвөө нь, аав нь тэнгэр болчихсон... хүү нь ингээд тэнгэрийн ёроолд ганцаараа Өгүүлэмжтэй, сайхан ярилцлага болжээ..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 13:51:18
    зая: Сайхан залуу байна амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 13:21:50
    Би лээн: Уудлалцжээ кк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 12:20:14
    irgen: Бурханы гэдэг үгийн а үсэг угаасаа гээгдэхгүй шүү дээ. Яагаад гэвэл бурхан гэдэг нь нэг үг учраас. Хасуй хүүд амжилт хүсье. Өвөөгийнх нь номнууд бараг бүгд бий, хүндэлж хайрлаж явдаг уншигч нарынх нь нэг байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188