• Өнөөдөр 2024-05-16

ТӨРИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ ПҮРЭВСҮРЭНГИЙН ХҮҮ ПҮРЭВЖАРГАЛ: ААВЫНХАА ЗОХИОСОН "МИНИЙ ЭЭЖ ТЭМЭЭЧИН" ДУУГ СОНСОХООР БАГА НАС НЬ ТИЙМ Л БАЙСАН БОЛОВ УУ ГЭЖ БОДДОГ

2022-06-24,   9249

                 Түүний аав Монголын утга зохиолын том уулсын нэг. Авьяастнуудаа архинд “живүүлж” байсан жар, дал, наян оныхны дундаас амьдрал, уран бүтээлээ бүтнээр нь авч үлдсэн цөөн эрхмийн нэг. Түүнчлэн алган дээрээ бөмбөрүүлж, захгүй говийн тэмээчин ээжийнхээ тухай дууны шүлгийг үлдээж, урлаг гэх их айлд чимээгүйхэн өөрийгөө бүтээж чадсан эрхэм. Тэр бол Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Пүрэвсүрэн. “Бурхан богд аав хоёр”, “Их тээлийн даваа”, “Эцэг”, “Өшөө” зэрэг өгүүллэг, туужаараа утга зохиолын тэргүүн эгнээнд алхаж, хүн чанар, хүнлэг сэтгэл “үнэртсэн” олон бүтээлийг уран зохиолд “тамгалж” үлдээсэн. Тэгвэл тэр хэн байв, ямархан хүмүүн байсан тухай түүний отгон хүү П.Пүрэвжаргалтай ярилцлаа. Тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөж, өдгөө “TV9” телевизэд “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлчээр ажилладаг юм.

-Сайн байна уу. Аавын тань ижий, аавын тухай дурсамжаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу. Айлд өргөгдсөн тухайгаа аав тань хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Дөнгөж төрөөд гурав хонож байсан улаан нялзрай амьтныг хормойлж хариад хүн болгосон ачлалт ижий минь” гэж ярьсан байна лээ?

           -Тийм ээ, аав минь айлын өргөмөл хүү. Өргөж авсан аав, ээж хоёр нь залуудаа тэмээнээс унаж, түүнээс хойш ээж нь үр хүүхэд төрүүлэх боломжгүй болсон гэдэг. Тэгээд нутгийн хүүхэд олонтой өнөр өтгөн айлаас хүүхэд өргөж авахаар болж, аавыг минь төрөх үед нь өргөж авсан түүх бий. Аав минь мөн Цэвэлмаа, Пүрэвдорж гэж өргөмөл эгч, дүүстэй. Дүү Пүрэвдорж нь ШУТИС-ийн том эрдэмтэн, профессор хүн байж байгаад бурхан болсон. Аав, дүү, эгч нартайгаа өргөмөл гээд муудалцаж, эвдрэлцэж байгаагүй. Яг л мах, цусны тасархай шиг нэгэндээ ачлалтай, өргөж авсан аав, ээж хоёрыгоо бурхан мэт шүтдэг хүмүүс байв. Аав залуудаа эрдэм номын мөр хөөж хотод ирээд, дараа нь дүүтэйгээ хамт аав, ээж хоёроо хот руу нүүлгэсэн юм билээ. Аавын минь бага нас Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нуурын хөвөөнд өнгөрсөн. Багадаа аавтайгаа нутагт нь хоёр удаа очиж байв. Хожим харин аавыгаа бурхан болсон жил Баацагаан сумын ой тохиож байх үед нь нэг очсон. Нутагт нь очихоор аавын минь зохиол бүтээлдээ дүрслэн бичдэг байсан бүхэн эрхгүй сэтгэлд бууж, аавтайгаа уулзсан юм шиг дотно санагддаг.

-Аавтайгаа өнгөрүүлсэн дурсамж, явсан газар олон болов уу. Тэр үед аавыгаа ямархнаар харж, боддог байсан бол?

             -Аавыгаа 44 настай байхад нь гарсан хэнз хүүхэд нь л дээ, би. Ингээд бодохоор аавтайгаа 30 гаруй жил хамт амьдарсан байна. Ухаан орсон, ухаангүй явсан залуу насны үе гээд хасвал бусад ах, эгч нараасаа харьцангуй бага хугацааг аавтайгаа өнгөрүүлсэн байдаг. Гэхдээ хангалттай хэмжээний дурсамж үлдээх хугацаа болов уу. Аав минь намайг бага байхад Горькийн сургуульд сурч байсан болохоор Москвад очиж байснаа санадаг юм. Мөн аавынхаа нутгаар хамт их явна. Аав минь намдуухан дуутай, дотроо хөхөрч инээсэн, тамхи их татдаг хүн байсан. Манай гэр МУИС-ийн баруун талд байдаг байв. Тухайн үед Ш.Гаадамба, Б.Ренчин гуай гэх эрхмүүдийн гэр ч тэнд байдаг байлаа. Хуучин пионерийн ордон, одоогоор Урлан бүтээх төвийн хажууд Зохиолчдын эвлэл байдаг. Тэгээд л зохиолч, уран бүтээлчид манайхаар их ирдэг, хүний хөл тасардаггүй, хөх утаа суунагласан л айл байдаг байв. Аавыг гэртээ байсан ч, байгаагүй ч хүмүүс манайд орж ирээд, хоол унд идэж, цай уугаад, амраад явдаг байсан. Аавыгаа дагаад Зохиолчдын эвлэлийн байранд их очно. Тухайн үед Зохиолчдын эвлэл гэж олон данагар модон хаалгатай, хуучны тавилга үнэртсэн, энд тэндгүй бичгийн машины таг, таг гэсэн дуу сонсогдож, зарим өрөөгөөр орохоор бөөнөөрөө шатар тоглоод сууж байдаг газар байсан. Тэнд алтан үеийнхэн гэж хэлэгддэг Монголын урлаг, соёлын томчууд сууж, уран бүтээлээ туурвина. Аав минь тэдний заримтай нь найз, ах, дүүс болж, сайхан нөхөрлөдөг байв. Тэр томчуудын дэргэд би хурдан морины тоосонд дарагдахад хийморь сэргэнэ гэдэг шиг л аавдаа хөтлүүлээд явж байлаа шүү дээ.                                                            

-Аав тань тэр олон дундаас хэнтэй нь илүү ойр дотно байдаг байсан бэ?

              -Өөрөөс нь дүү ч гэлээ яруу найрагч О.Дашбалбартай их дотно нөхөрлөж явсан. Тухайн үед О.Дашбалбар гуай Сүхбаатар аймагт хорин хэдтэй залуу сэтгүүлч аавыг томилолтоор явж байхад нь зочид буудлынх нь өрөөнд орж ирээд, “Та манайхаар нэг ороод, ээж, аавтай минь золгоод гараач” гэж урьснаар, тэд анхлан танилцаж, найзууд болсон гэдэг. Ер нь Ш.Сүрэнжав, П.Бадарч, С.Дашдооров гээд зохиолч найз олон бий. Нэгдүгээр хорооллын ард С.Дашдооров гуайнх суудаг байсныг тод санадаг. Аавыгаа дагаж гэрт нь очдог байв. Ш.Сүрэнжав, П.Бадарч, П.Пүрэвсүрэн гурав бол тэр үед шадар гурван цэрэг шиг нөхөрлөж явсан эрхмүүд. Аав минь аарцаг, ясаа хугалаад сүүлийн он жилүүдээ хэвтэрт үдсэн юм. Тэр үед залуугийнх нь тэр сайхан найзууд өвлийн өвгөний хувцас өмсөөд ирж байсан нь сайхан санагдсан. Аавыг минь нэг сайхан уйлуулж аваад, дараа нь зөндөө инээлдэж, халж аваад л явсан даа. Аав минь ер нь хүн бүхэнд л сайн найз байсан юм билээ. Аав минь зорьж ирсэн хэнд ч завгүй, чадахгүй гэж хэлдэггүй, өөрийнхөө хэмжээнд тусалж, санаа сэтгэлийг нь өргөж, хуваалцдаг нэгэн байсан. Мөн амбицгүй хүн байж гэж боддог. Биеэ тоож, би тэр байна гэж явдаггүй, эсвэл ашиг хонжоо хайж явсныг нь би лав мэдэхгүй. Үүнийг нөхөрлөж явсан, аавтай минь уулзсан хэн бүхэн хэлэх болов уу. Хүүгийнх нь хувьд аавыгаа их том сурган хүмүүжүүлэгч байж гэж боддог. Биднийг хүмүүжилтэй, зөв хүн болоход их нөлөөлсөн. Аавынхаа ачаар өнөөдөр би задарсангүй, мөн доошоо орж ч зүдэрсэнгүй. Яг л сайхан амьдрал, аз жаргалыг гэр бүлээсээ мэдэрч байна. Гэр бүлтэйгээ байхад хүнд олон юм хэрэггүй мэт санагддаг. Энэ зүйлийг аав минь л ойлгуулсан болов уу. Ер нь одоо ингээд харахад аавыг муугаар ярьдаг ч юм уу, гомдож явдаг хүнтэй таарч байгаагүй юм байна. Хүмүүс дандаа л сайн хүн байсан гэж сайнаар дурсан ярьдаг.  Гэхдээ аавыгаа би ямар хүн байсныг мэддэг болохоор хэнд ч гай тариагүй нэгэн гэдэгт итгэл дүүрэн байдаг.

-Аав тань уран бүтээлчийнхээ хувьд ямар дэглэмтэй хүн байв. Аль цагт илүү бичиж, туурвидаг нь сонин байна?

-Тухайн үед интернэт гэж байхгүй. Зурагт оройн 18:00 цагаас эхэлдэг. Бид шугамын радио сонсож өглөөг эхлүүлээд, орой үлгэрийн цаг сонсоод унтдаг байв. Өглөө цэцэрлэг, сургуульдаа явах гээд босоод ирэхэд, аав минь хэзээ боссон нь мэдэгдэхгүй ширээний чийдэнгээ асаагаад, гараараа духаа тулчихсан юм бичээд, сууж байдаг байсан. Одоо бодоход өдрийн цагаар юм бичиж байсан нь ховор санагдаж байна. Үргэлж л шөнө дөлөөр бичиж сууна. Тухайн үед ч “Гоё уран бүтээл хийгээд ир” гээд Зохиолчдын эвлэлээс томилолт өгөөд явуулдаг байж. Багануур хотыг дөнгөж байгуулагдаж байх үед аавд жилийн томилолт өгсөн юм билээ. Тэгээд Багануур хотод нэг жил амьдраад, тэндээсээ зохиолоо босгож, дүрүүдээ олж аваад, зохиолоо бичиж дуусгаад, авчирч, хэвлүүлэх журмаар ажиллана. Багануур хотын бүтээн байгуулалтын тухай “Цагаан хөшөө” гээд ном нь байдаг. Сүүлд мөн Баянхонгор аймагтаа жилийн томилолтоор очиж, “Танил хорвоо” өгүүллэгийн номынх нь түүвэр гарч байв. Тухайн үеийн уран бүтээлчид олон хүнтэй уулзаж, ярилцдаг, ахмадуудын үлгэр домог шиг зүйлсийг сонсож, үйл явдлыг нь судалдаг байсан. Газар орны тухай бичих гэж байгаа бол хаана нь ямар хайрхан байдаг, ямар гол урсдагийг нь хүртэл судалдаг байсан юм билээ. Аав минь 1962 онд МУБИС-ийг газарзүй, түүхийн багшаар төгссөн. Гэхдээ нэг ч удаа хичээл зааж байгаагүй. 1958 оноос шүлэг, зохиол оролдоод явсан юм билээ. Тэгээд Монголын залуучуудын үнэн сонинд сурвалжлагчаар ажилласан байдаг. Дараа нь Зохиолчдын эвлэлд, ажиллаж байгаад 1972 онд харин Москва хот руу сурахаар явж байсан. Тухайн үед Монгол Улсад МҮОНРТ-ийг анх байгуулж байсан үе. Тус телевизийн анхны 17 сэтгүүлчийн нэг байсан. Мөн Засгийн газрын мэдээ сонинд ажиллаж байсан гээд тэтгэвэрт гартлаа сонин, хэвлэлээс холдоогүй хүн дээ. Тухайн үед болж өрнөсөн дурсамжийн нэгээс ярьвал, Баянхонгор аймаг руу тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай гуай томилолтоор явах болж л дээ. Тэгээд сайд “Засгийн газрын мэдээ сониноос хэн явах гэж байна вэ” гэхэд нь аавыг хэлэхэд, “Өө, ашгүй П.Пүрэвсүрэн гуайг миний машинд суу гэж хэлээрэй” гээд хотоос Баянхонгор аймаг ортол хууч хөөрч явсан юм билээ. Тухайн үед хүмүүс сайд, дарга нар гэлтгүй нэгнийгээ их сайн мэддэг, өөрөөсөө дүү байсан ч хүндэтгэдэг байж дээ.


    -Аавын тань тухай ярилцлага болон хөрөг нийтлэлд нутаг усаа санаад уйлдаг, уян зөөлөн зан чанарынх нь тухай өгүүлснийг уншаад, их уяхан хүн байж дээ гэж таамагласан. Таны аав ямар зан чанартай хүн байв?

            -Тийм ээ, их уян зөөлөн хүн байсан. Хүн нас ахих тусмаа уян зөөлөн болдог шиг байгаа юм. Мөн нутаг, усандаа очихгүй удахаар нутгаас нь хүн ирэх, нутгийнхан нь захидал явуулахад, зурагтаар нутгийнх нь тухай дүрс бичлэг гарахад аав минь нулимстай л суудаг байсан. Гэхдээ мэдээж хэнгэнэтэл уйлахгүй, дотроо л их уярч суудаг байсан даа. Тэгээд ганц нутаг ч биш, аав, ээжийг бурханчлан шүтдэг, ээж, аавын тухай дуу явах, их сайхан үзэгдэлтэй кино гарахад дотор нь орчихсон, уярч, үймэрч суугаа нь олонтаа харагддаг байв. “Хурд” хамтлагийн “Аавдаа” дууг их аялна.  Одоо аавыгаа санах бүрд тэр дуу бодогдож, сонсох дуртай түүчээ   дуунуудын минь нэг болсон. Аав минь дуунд хөг муутай хүн. Хаа нэг халамцаж суухдаа “Эрдэнэ засгийн унага” дууг дуулахгүй ч шүлэглэж суудаг байв. Амьтны тухай нэвтрүүлэг үзээд мөн уярчихсан сууж байдаг байсан.

-Нэгэнт хоёул дуу хуурын яриа руу орсных аавын тань шүлгийг нь бичсэн “Алган дээрээ бөмбөрүүлсэн...”, “Миний ээж тэмээчин” зэрэг дуунуудыг ярихгүй өнгөрч болохгүй болов уу. Эдгээр дуу хэрхэн бүтэж байсан бол, танд мэдэх түүх, дурсамж бий болов уу?

              -“Эхийн ач” дууны аяыг Ч.Нянгар гэж хүн хийсэн. Хүмүүс л “Алган дээрээ бөмбөрүүлсэн...” гэж эхний мөрөөр нь нэрлээд байдаг болохоос нэр нь “Эхийн ач” юм шүү дээ. Ч.Нянгар хөгжмийн зохиолч, аав хоёр залуу уран бүтээлчид байсан үе л дээ. Аавыг хөгжмийн зохиолч ах дуудаад, “Сайхан дуу хиймээр байна” гээд хоёул аяыг нь сонсож байгаад, ээжийн тухай дуу хийе гэж зөвлөлдсөн юм билээ. Тухайн үед аавд эхийн тухай үг, мөрт л орж ирсэн байгаа юм. Тэгээд л

“Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна” гээд л бичсэн байгаа юм.

Одоо бол аавын минь энэ дуу ардын дуу шиг хүмүүст хүрчээ. Олон ч хувилбараар уран бүтээлчид дуулсан байдаг. Миний хувьд Б.Сарантуяа гавьяат, Д.Өлзий-Орших гитарчинтай дуулсан хувилбарт нь их дуртай. Хамгийн гол нь зарим уран бүтээлч ямар хүний зохиосон дууг дуулж байгаагаа төдийлөн мэдэхгүй байгаад нь харамсдаг. Гэхдээ мэддэг болтлоо ардынх болох хэмжээнд хүмүүст хүрсэнд нь бахархан суудаг. Мөн дараа нь аавын минь шүлгээр бүтсэн “Миний ээж тэмээчин” гэж дуу бий. Мөн л Монголын нэртэй хөгжмийн зохиолч Ч.Сангидорж аялгууг нь хийсэн. Энэ дууг сонсоод би аавынхаа тэмээ хариулж өссөн бага насны орчин ахуйг төсөөлж, боддог. Захгүй говьд, загийн шугуйд, ажилсаг ээж минь суугаа даа гэдэг шүү дээ. Тэгээд бодохоор аавын минь бага нас тийм л байсан болов уу. Дараа нь аавын минь түмэнд хүрсэн нэг сайхан дуу бол МУГЖ Б.Сарантуяагийн дуулснаар “Цастай гудамж гантиг шиг цайрч...” гээд шинэ жилийн сүлд дуу шиг болсон дуу бий. Энэ дууг ээжид зориулж бичиж, байсан юм билээ. Гэртээ шинэ жилээ тэмдэглэж байгаа халуун ам бүлийн тухай өгүүлэмжтэй дуу. Энэ мэтээр аавын минь шүлгээр бүтсэн олон сайхан дуу бий. Аавын тухай “Намрын хонгор салхинд” гээд шүлэг нь байгаа. Тэр шүлгийг нь О.Дашбалбар гуай тухайн үед уншаад, “Энэ бол энэ зууны аавын тухай бичсэн хамгийн шилдэг бүтээл” гэж байсан юм билээ. Аав минь яруу найргаас илүү үргэлжилсэн үгийн зохиолд зодоглосон байдаг. “Их тээлийн даваа” зохиол бол намайг аравдугаар ангиа төгсөх жил буюу 2000 оны үед арван жилийн сурах бичигт байдаг байсан. Мөн “Бурхан богд аав хоёр”, “Эгч” зохиол нь байна. “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын түрүүг гурвантаа хүртсэн байдаг юм. Хамгийн сүүлд бичсэн “Өвгөн, эмгэн хоёр” гээд зохиол байдаг. Тэр зохиолыг уншихаар хөнгөн маягаар аав, ээж хоёр өөрсдийгөө харуулсан юм шиг санагддаг. Аав минь мөн улстөрч хүн байсан. Монголын ногоон намыг анх байгуулсан юм шүү дээ. Эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах, ногоон үзэл баримтлалтай нам байв. Тухайн үед Монголын ногоон намыг анх үүсгэн байгуулалцаж байсан хүмүүс нь улс төрийн арай өөр чиг баримжааг сонирхсон юм билээ. Аав минь тэдний үзэл бодолтой санаа нийлэхгүй болохоор орхисон. Сүүлд Ногоон намын дарга Бум-Ялагч ах “Пүрэвжавын Пүрэвсүрэн” гэсэн сан байгуулж өгсөн. Одоогоор сангийн чиглэлээ олж, үйл ажиллагаа нь эхэлж амжаагүй байна.

-Таны аав архийг хэрхэн хэрэглэдэг хүн байв?

                           -Тэр үед ч зохиолч, яруу найрагчид архийг их “гөвдөг” байсан юм билээ. Одоо ч тийм байгаа. Залуу насныхаа ааг, омгийг хурцалж байсан уу, мохоож байсан юм уу гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ л манайхаар орж, гарсан найз нөхөд, ах, дүү нар нь шил архи өвөртлөөд л ирнэ. Ингээд бодохоор, одоо шиг даварч, тасарч, агсамнатлаа ууна гэж байхгүй. Их сайхан, амьд халуун яриа л их өрнөдөг байж. Нэг удаа ээжийг гаднаас ороод ирэхэд С.Дашдооров гуай аав хоёр гурилан дотор архиа нуусан тухай аав минь хэвлэлд өгсөн яриандаа дурссан байна лээ. Ээж бол тухайн үед эрлэгийн элч мэт ихэд эвгүй л байсан байгаа юм. Тэдний үед архи, эд зүйлс хомстож картын бараанд ороход, яадаг байсан юм бол гэж хааяа бодогдоно. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн архины мухлагт гурав, дөрвөөрөө ээлжилж оочерлоод зогсдог байсныг санадаг юм. Аавын минь үеийнхэн архинаас татгалзаж явсангүй, хүсэж ууж байсан үе нь их ч “живж” ороогүй гэж боддог. Гэртээ байхад нь нэг найз нь архи өвөртлөөд ороод ирэхэд хамт уугаад л сууна. Түүнээс татгалзаж, буцаадаггүй байж. Ингэснээрээ их уудаг гэхээс илүү аавын минь хувьд архитай анд л байж. Архинд живж, амьдралаа алдаагүй. Архийг анд төдий л хэрэглэж явсан гэх юм уу даа.

-Ээж тань ямар зан чанартай хүн байсан бэ. Аав, ээж хоёр нь хэрхэн айл гэр болж байсан юм бол?

                       -Аав, ээж хоёр минь өмнө нь хоёулаа амьдрал зохиож байсан. Тэгээд хоёр талаасаа нийлээд эгч, бид хоёр төрсөн. Аав талаасаа гэвэл хоёр эгч, нэг ах бий. Ээж талаасаа мөн хоёр ахтай. Аав минь залуудаа их барзгар хар, бараандуу царайтай хүн хөдөөнөөс орж ирсэн байж, ээж минь харин сэхээтэн айлын цагаан царайтай эмэгтэй байсан юм билээ. Яруу найргийн сайхан ээж, аав хоёрыг минь учруулсан болов уу гэж боддог. Тэд минь 1960 оноос хойш 50 шахам жил хамт амьдарсан байна. Ээжид зориулсан олон сайхан шүлэг, гар бичмэл, захидал бий. Ээж минь аавыг үрчгэр цамцтай явуулж үзсэнгүй. Аав минь айлд хонодоггүй хүн байсан. Яаж ч байсан гэртээ ирж унтдаг, гэр амьтай хүн байлаа.

-Аав нь танд захиж хэлсэн зүйл бий болов уу. Ээжийнх нь тухай ярьсан зүйл байдаг уу?

                    -Аав минь “Эгчийгээ ачилж яваарай, ээжийгээ гомдоож болохгүй шүү” гэж захисан. Нэг ёсондоо бусдынхаа сэтгэлийг тайван байлгаарай гэж бидэнд бүгдэд нь хэлдэг байсан. Эгчид харин “Надаас хойш чамайг авч явах хүн наад П.Пүрэвжаргал чинь шүү” гэж хэлсэн байдаг юм билээ.  Хүүхдүүд дотроосоо намайг онцолж, эгч, ээждээ түшиг тулгуур нь болно гэсэн нь аав минь намайг ямар хүн болохыг мэдэрч, мэдэж байсан болов уу гэж боддог юм. Мөн үр хүүхдүүдээ сайн хүмүүжсэн гэдэгт итгэлтэй байсан байх гэж боддог. Энэ ч үүднээс аавынхаа нэрийг сэвтээхгүй, сургаж, заасан бүхнийг нь баримталж явахыг хичээдэг. Аав минь юм бүхэнд санаа зовдог зантай. Тэр зан чанар нь надад байх шиг санагддаг.

-Хүүхдүүдээс нь аавынхаа зан аашийг хэн нь илүү дуурайж, утга уран зохиолд сонирхолтой, дуртай вэ?

            -Хамгийн том эгчийг П.Энхзаяа гэдэг. Эгч маань үйлэнд уран, их сайхан оёно. Ах маань харин барилгын чимэглэлийн компани байгуулаад ажиллаж байна. Бичиг цаасны хүн гэвэл би аравдугаар ангиасаа эхлэн оюутан байх хүртлээ шүлэг, зохиол бичдэг байв. Тэгээд аавынхаа мэргэжлийг өвлөж, сэтгүүлчээр ажиллаж байна. Аав минь зохиол бүтээлээсээ гадна их сайн сэтгүүлч байсан. Ээж минь мөн сэтгүүлч мэргэжилтэй. Миний хувьд сургуулиа төгссөнөөс хойш “TV8” телевизэд эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийдэг байлаа. Сүүлийн жилүүдэд “TV9” телевиздээ ажиллаж байна.

-Ажлаа хийгээд сууж байхад ч юм уу “Аавын тэр зан чанар надад байна шүү гэх зүйл мэдэгддэг үү, танд?

                -Зарим нэг зүйлээс татгалзах үед “Аав минь байсан бол ингэхгүй л байх байсан” гэдэг ч юм уу, өөртөө зөв гэж бодсон зүйлсээ “Аав минь ч мөн ингэх л байсан даа” гэх зэргээр адил зан чанартай байгаагаа мэдэрдэг. Мөн аав их нэрэлхүү хүн байсан. Тухайн үед зах зээлийн нийгэмд шилжээд, юм ховор тарчиг байх үед аавд минь Баянхонгор аймгийн нутгийн зон олон нь 500 суурь хонь бэлэглэсэн байдаг юм. Тэгэхэд аавын минь оронд өөр хэн нэгэн байсан бол тэдгээр хонийг зарах, эсвэл амьдаар нь айлуудад хямд зараад мөнгийг нь олж авах байсан байх. Аав гэтэл “Миний нутгийн хонь нутагтаа байж байг л дээ, хожмоо хэрэг болвол шөлний юм битгий харамлаарай” гэж хэлээд аваагүй байдаг.

-О.Дашбалбар найрагч аавын тань бүтээлээс “Хүн чанар” үнэртдэг гэсэн байна билээ. Тэгэхээр аавын тань амьдрал, уран бүтээлдээ баримталдаг гол зүйл нь хүн чанар л байсан юм болов уу?

                 -Үнэхээр аав минь хүн чанарын туйл байсан. Хэнийг ч дээр, доор гэж ялгадаггүй, зориод ирсэн хүн бүртэй эн тэнцүү харилцаж, ханддаг хүн байсан.  Энэ байдлаа ч мөн бидэнд хэлж, сургадаг байсан. Гэхдээ уран бүтээлээрээ дамжуулан хэлж байсан. Аав минь надад зориулж бичсэн нэг шүлэг бий.

“Амьдралын үдэд хайр болж

Аавын зүрхэнд мандсан нар минь

 Хатуужсан сэтгэлийг уярааж,

Хайраар нялхруулсан үр минь

Үр чамаасаа харамлах юм

Үнэндээ надад байхгүй дээ

Аавын чинь сургаалаас үнэн юм

Ахиад чамд олдох нь бэрх дээ

Улам бадрааж яваарай гэж

Урам зоригоо чамдаа өгнө гэж

Алс замдаа бодож тунгаа гэж

Алдаа эндлээ ярьж өгнө өө би

Нээрээ шүү, үр минь чамдаа би

Нэрнээсээ хүртэл тасалж өглөө

 Өөрийнхөө нэрийг минийхтэй өргөж явах

 Өндөр их итгэлийг хамт өглөө

 Аав минь энхрий хүү чамдаа

Алдар хүнд гэгчийг л авч өгч чадахгүй

Амьдралын чинь үнэн мөнийг хэмжиж

Ард түмэн л түүнийг өгдөг юм

Алдар хүндийг хэзээ ч хүү минь

 Алгаа тосоод гуйж олдоггүй юм

Алтанд шунасан тонуулч шиг

Андыгаа түлхэж авдаггүй юм” гэж бичсэн шүлгийг нь надад хэлж байгаа сургаал гэж бодон, амьдралынхаа зарчим болгож явдаг. Мөн аав минь намайг уншиж сурах үед ном их уншуулдаг байсан. Намайг ном уншиж байхад “Одоо боль” гэж хэлдэггүй, харин ч их дуртай уншуулна. Одоо үнэндээ ном уншиж амжихгүй юм. Гэхдээ аавынхаа зүг чигийг нь зааж, хэлж өгсөн номуудаас би олон зүйлийг олж авч, хүмүүжсэн гэж боддог.

-Аавын тань хамгийн их баярлаж байсан үе нь хэзээ бол?

          -Би ажилд ороод, анхныхаа цалингаар аавдаа архи авч өгсөн юм. Тэгэхэд л их баярлаж байсан. Өөд болсных нь дараа юмыг нь янзлахад архины шилийг нь бүр хадгалчихсан, шилэн дээр нь "Хүү минь анхны цалингаараа авч өгсөн" гээд бичсэн байсан. Бас нэг удаа Шаргалжуутын рашаан руу томилолтоор явахдаа аавдаа рашаанаас авчирч өгөхөд, мөн баярлаж байв. Тэгж л жаахан зүйлд баярладаг хүн байж. Аав шиг минь гэнэн итгэмтгий, нэрэлхүү хүмүүс зах зээлийн нийгмийн шуурганд хамгийн их өртсөн. Одоогоор бол их том залиланд хохирогч болоод үлдсэн байдаг юм. Хотын төвийн нэг давхрынхаа байрыг хүмүүст залилуулж, Шүүхийн шийдвэрийнхэн ирж, хамаг тавилга, ор, хөнжилтэй нь гудамжинд гаргаад, халаасны өрөө, айлын хажуу өрөөгөөр амьдарч байсан үе ч аавд минь бий. Дараа нь харин нутгийнхан нь нийлж байгаад Орбитод байр авч өгсөн. Тэгэхэд аав минь мөн ч их баярлаж байсан даа. Тэгэхдээ "Би өөрийнхөө нэр дээр ийм өмчтэй байж үзээгүй юм. Өнөөдөр байртай болсондоо их баярлаж байна" гээд уйлж байсныг нь мартдаггүй юм. Хаа нэг ажлаар ч юм уу эсвэл тэрүүгээр өнгөрч явахдаа тэр байрыг нь харахад эрхгүй тэнд өнгөрүүлсэн он жилүүд бодогдож, дотно дулаан санагддаг. Ихэвчлэн тэрүүгээр явахаараа зориуд зам хазайж, гаднаас нь хардаг юм.

   -Аавынх нь шавь нар гэж ямар хүмүүс байна вэ?

          -Олон шавьтай байсан. Бүгд л "Пүүжээ ах, багш аа" гэж хүндэтгэнэ. Их сургуулийн олон ч багш аавын минь шавь нар гэж ирдэг байсан даа.  Зохиолчдоос гэвэл А.Аюурзана, В.Батбаяр гээд нутгийнх нь их сайхан дүү байсан, өөд болсон доо. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа гуай аавыг минь их тулж, түшиж, ойр явж байсан хүн. Дамбын Төрбат зохиолч байна. Аавыг минь бурхан болсон өдөр зохиолчид манайхаар цугласан. Тэгэхэд Д.Төрбат ах "За хүү минь, одоо ингээд амьдралын ачаа чам дээр ирж байгаа шүү" гэж хэлж байсан. Үнэхээр бодоход, аав минь гэртээ хэвтэж байхдаа хүртэл амьдралын минь талыг үүрч байсан юм билээ. Ааваараа би "Цаасан дээр нэртэй, цасан дээр мөртэй хүний хүүхэд юм даа" гэж бахархах дуртай. Аав минь их л олонтойгоо хүн байсан даа.

 -Аавынхаа өөд болсон үеийн тухай яриа дэлгэж болох уу. Сүүлийн он жилүүдээ гэртээ өнгөрүүлсэн юм байна лээ?

            -Гэртээ хэвтрийн байдалтай байж байгаад 2014 онд бурхан болсон. Эгч, бид хоёр ажилдаа явсан хойгуур л даа. Ажил дээрээ ирээд өглөөний хурлаа хийгээд байж байтал, ээж залгаад, сааралтсан хоолойгоор “Та хоёр ирэхгүй бол болохгүй нь” гэж ярьсан. Тэгээд эгчийгээ ажлаас нь аваад, байрны гадаа буугаад, шатаар гарч байх зуурт л хэдийнэ өнгөрсөн байж билээ. Сүхээ ах маань түшээд явуулсан байдаг юм. Аавынхаа сүүлийн мөчид хамт байсанд нь ахдаа атаархдаг.

-Аавынхаа бүтээл туурвилыг хойч үеийн хүүхэд, багачуудад мэдүүлэх, илүү таниулах тал дээр ямар зүйлийг хийхээр төлөвлөж байгаа бол?

            -Эгч бид хоёр зарим ном бүтээлээс нь сэргээхээр ярьж байгаа.

-Та ямар үед аавыгаа хамгийн их санадаг вэ?

     -Ухаан хүрэхгүй, арга мухардсан үедээ аавыгаа их санана. Аав байсан бол ямар арга зам зааж өгөх байсан бол, ямар шийдэл хэлэх байсан бол гэж их боддог. Хэцүү үедээ л аавыгаа их санадаг даа.

-Аавын тань зургийг харахаар та аавтайгаа их адилхан харагдаж байна. Хүмүүс адилхан гэж байна уу?

             -Мэдээж адил зүйл байгаа байх. Гэхдээ би өөртэйгөө дүр төрхөөс нь илүү дотоод сэтгэл, зан чанарыг нь дуурайсан болов уу гэж боддог. Харин Энхтуяа эгч царай төрхөөрөө аавтай их адилхан. Хүмүүс хараад шууд л "Пүрэвсүрэн гуайн охин" гээд таних тохиолдол бий. Ах маань мөн надаас илүү төстэй.

 

 


ТӨРИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ ПҮРЭВСҮРЭНГИЙН ХҮҮ ПҮРЭВЖАРГАЛ: ААВЫНХАА ЗОХИОСОН "МИНИЙ ЭЭЖ ТЭМЭЭЧИН" ДУУГ СОНСОХООР БАГА НАС НЬ ТИЙМ Л БАЙСАН БОЛОВ УУ ГЭЖ БОДДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-29 08:24:02
    Ч. Батдэлгэр: Пүүжээ ах минь хүнийхээ хувьд ёстой нөгөө "Хүний хайлан" байсандаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-29 14:08:10
    Зочин: Пүүжээ ер нь хүмүүжил , мэдлэг сайтай хүлээцтэй сайн хүү шиг санагддаг. Аргагүй л сайхан аав ээжийн хүү бн ажилд нь улам их амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-27 10:52:19
    Зочин: Батбилэгээсээ мэдлэгээр илүү, хоосон дагалгүй, дажгүй, Ш.Гантулгаас нилээд суралцсан байх
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-26 10:09:50
    Д. Билэгт: Сайн аавын хүүгээр бахархая. Дуун сүүг нь сонсож уярч, уйлж, уншиж үзлээ. Бидний сэтгэл, зүрхэнд уягдсан сайхан дуунуудын “ СҮҮН ЦАЦАЛ” аав нь байжээ. Хүү минь цаг алдалгүй аавынхаа найз нөхөдтэй уулзан учирч баримтат кино хийгээрэй. Чиний том түшиг тулгуур найз БАТБИЛЭГ чинь байна. . Амжилт бүтээлээр эргэн уулзах ерөөлийг талбия.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-26 03:09:04
    Ж.Чойнхор: Пурэвсүрэн гуайтай бүр 70-аад оны эхээр танилцсан. Анх яруу найрагч Дулмаа эгчийнд таарч бие биенээ мэдэх болсон. “ хөөх энэ чинь томчуулыг таньдаг эр байх нь. Чи Дооровыг яаж мэддэг болсон юм? “ гэж байсан. Бидний хэдэн оюутан Дашдооров гуайг Москввад сурч байхад нь урьж сургууль дээрээ уулзалт зохиож байсан гээд тайлбарласан байх. Тэгэхэд МГИМО-гийн оюутан Удвал, Төмөрхүлэг, Агваандамдин, Даваадаш, Чимиддорж, Цэвээн-Очмр, Чанцал, Чулуундорж бид нар хамтраад урьж уулзалтыг зохион байгуулж байсан санагдана. Пүрэвсүрэн зохиолч бол яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолыг тэнцүү сайхан бичдэг, бичсэн зохиол нь санаа сэтгэлд хоногшин үлддэг гарамгай авьяастай нэгэн байлаа. Сэтгүүлч Пүрэвжаргалын төрх байдал, даруухан зан чанар нь эцгийн шийрийг хатаах хүн гэж харагддаг юмаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-25 20:22:26
    Ж.Хандаа : Пүүжээ дүү минь нутгийн сайхан зохиолчийн хүүхэд байж аав нь МОНЦАМЭ д хамт ажиллаж байлаа ах нь Сандаг гуай намайг 10 жилийн хүүхэд байхад Прукрорын газарт ажиллаж байсан мундаг нутгийн хүн байлаа баяр хүргэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-25 19:05:31
    С.Лочинлхам: Пүүжээ дүү маань нутгийн нэрт зохиолчийн хүү байжээ.Баяр хүргэж ажлын амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-25 14:05:03
    содномжамц дээдээ: Пүүжээ маань мундаг зохиолчийн хүү юм бна шүү.сая л мэдлэн.Ажилд нь амжилт амьдрмлд нь аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-25 12:35:18
    Ч. Чимэгбаатар: мөн ч сайхан утга уншлаа, аавынхаа зохиолыг хэвлүүлэх болсон нь сайхаан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-25 12:00:32
    Naraa: Chi sain setguulch boloh ystoi um baina humuusiig gegeeruulj uuruu bas gegeerch unshij medlegee deeshluulj baigaarai het neg talig barij uuriin bodloo yg zuv meteer tulgadag zan heg yg gesen zan haragdaad baidag um. Unuu ued humuusiig muuhai medeelel ugeer het seveh hereggui
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-25 11:29:56
    Эрдэв Гомбосүрэн: Пүүжээ дүү минь их сайхан хүний хүү юм байна Аавынх нь зургийг хараад нэг ийм сайхан, бас мундаг зохиолч байсан шүү дээ гэж л бодсон Энэ сайхан ярилцлагыг амтархан уншлаа тэр үеийн ухаалаг даруухан эрдэмтэй хүмүүсийн дүр, төрх яахын аргагүй тийм л байсан даа гэж бодож сууна эгч нь. Сайхан хань минь зохиолч биш ч гэсэн тэднийг сайн мэддэг зохиол бүтээлүүдэд нь дэндүү хайртай шимтэн цээжилчихсэн л байдаг байлаа Пүүжээ чамайг одоо хүмүүс улам өөрөөр харж амжилт бүтээл хүлээсээр, ерөөсөөр байх болноо амжилт!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-25 08:23:46
    Зочин: Охин Заяа нь манай 1-р сургуульд дүүгийн маань ангид сурч төгссөн, их сэргэлэн цовоо охин байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-25 00:53:29
    Г.Баатарнум ах нь байна аа. Ерээд оны үед ээжтэй чинь сонины үйлдвэрт тус тусын сонин хийдэг байлаа.. Аавыг чинь тун тааруу байсан 21-р хороололд очиж байсан нь тэр мундаг хүний барааг нь харсан : хамгийн сүүлчийн агшин байсан даа. Ах нь түүгээрээ бахархаж явдаг юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-24 14:47:59
    Ээжийн танил: Навчаа эгчтэй МХЗЭ д хамт ажиллаж байлаа.Залуучуудын үнэн сонинд ажилладаг сайхан инээмсгэлсэн намхан цагаан эгч байх.Бага хүүгээ гаргаад гэртээ байхад нь ойр дотно хамт ажилладаг эгч дүү бүсгүйчүүд бид нар эргэж очиж байлаа тэр хүү нь П.Пүрэвжаргал юм байна.Сайхан аав ээжийн үргэлжлэл нь болсон чамд сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-24 10:58:41
    Иргэн: П.Пүрэвсүрэн гуай аавын минь оюутан цагийн найз. Зохиол бүтээлийнх нь талаар, найзыгаа дурсаж бидэнд ярьдаг байсан. Үр хүүхдүүдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-24 10:48:22
    irgen: Deer baigaa zurag yamar goy zurag ve. Galsan guai, Lhamsuren guai, Purevsuren guai 3 bna. Purevjargal tsarai ni eejteigee adil bololtoi, ooriinh ni helseneer dotood setgel, zan chanariig ni duuraisan bol estoi goy bna, Puujeed amjilt husye.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-24 10:23:11
    irgen: Mongol comment-iin Puujee Purevsuren guain huu yum bna aa, say l medlee. Purevjaviin Purevsuren gej saihan hun /sain medehgui ch gesen/, sain zohiolch baisan gej bodoj hundetgej hairlaj yavdag. Jinhene mongol hun, mongol setgelgee baisan.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188