• Өнөөдөр 2024-04-29

“Хөвсгөл” найраглалыг бичсэн Д.Сүрэнжавын хүү С.БАДРАА: Багадаа хүмүүс аавын шүлгийг уншихаар их ичдэг байлаа

2022-03-16,   1102

-ААВЫНХАА АМЬД СЭРҮҮНД АЛДАА, ОНООГОО ЗАСАЖ, ЗАЛРУУЛАХ БОЛОМЖ НАДАД ОЛОН ОЛДСОН ДОО-

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Сүрэнжав агсны нэрэмжит Хөвсгөл аймгийн Төв номын сангийн үүдэнд түүний хүү С.Бадраатай уулзлаа. Өдгөө 63 настай С.Бадраа гуай намайг Мөрөн хотод буусан цагаас эхлэн утас цохиж, “Чи зураг авах уу, үгүй юү. Камертай яваа юу. Би үсээ засуулах уу, болих уу” гэсээр яг товлосон цагтаа ирсэн юм.

           С.Бадраа гуай бид хоёр Хөвсгөл аймгийн Төв номын сангаас Чингүнжавын талбай хүртэл алхлаа. Ийн алхаж байхдаа С.Бадраа гуай аавынхаа өмнө нь ажиллаж байсан Мөрөн сумын сургууль, 1958 онд баригдсан “Эрх чөлөө” сонины байрыг зааж, хуучны цагийг дурсан “Өвгөнд зориулж сүүлд барьсан байшин руу орохоор ер бодол санаанд ордоггүй хэрнээ энүүгээр явахаар л миний бага нас, аавын залуу нас санаанд орох юм” гэж байна. С.Бадраа гуайг ийн ярихыг сонссоор бид хагас цаг орчим алхаж, Чингүнжавын талбайн зүүн талд байрлах таван давхар шар байрны дэргэд ирэв. Тус байрыг Д.Сүрэнжав агсны хүүхдүүд аавыгаа амьд байхад түүнд зориулан барьсан аж. Д.Сүрэнжав агсан уг таван давхар барилгын хамгийн дээд давхарт нь байрлаж, ажиллаж байжээ. Бид хоёр Д.Сүрэнжав агсны ажлын өрөөнд ярилцлагаа эхлэхээр болов.

           С.Бадраа гуай бид хоёрыг Д.Сүрэнжав агсны ажлын өрөөнд ирэхээр гудамжинд алхаж байхад хэд хэдэн хүн таарч, “Та Д.Сүрэнжав гуайн хүү мөн үү” хэмээн асууж байлаа.  Бидний ярилцлага энэ тухай асуултаар эхэлсэн юм.

-Биднийг ирж байхад хэд хэдэн хүн таныг “Зохиолч Д.Сүрэнжавын хүү” гэдгээр тань мэдэж, мэндэлж байна. Нутгийнхаа олонд “Зохиолч Д.Сүрэнжавын хүү” гэж яригдах, таарсан, суусан хүн таныг ааваар тань таньж, аавыг тань дурсан ярих хэр бахдалтай санагддаг вэ?

           -Бахдалтай, бахархалтай байлгүй яах вэ. Аавыг минь Хөвсгөл аймагт “Хөвсгөл” найраглал, “Далай ээжийн нулимс” романаараар нь мэдэхгүй хүн ховор. Хуучинд аав маань бүр ч их алдартай, бараг Хөвсгөл аймгийн бүх хүн л аавын ном, бүтээлийг уншдаг, мэддэг байлаа. Аавынхаа нөмөр, нөөлөг, хийж, бүтээсэн зүйлийн нэр хүндийнх нь ачаар гэрэлт замаар гэгээ түүсээр ирлээ дээ.

-Д.Сүрэнжавын агсны хүүхдүүд эхээс хэдүүлээ вэ?

           -Ах, дүү бидэн эхээс наймуулаа. Би дээрээ нэг ахтай, дороо зургаан дүүтэй байсан юм. Харин хоёр дүү маань бурхан болсон. Өдгөө амьд сэрүүн яваа зургаан хүүхдээс нь би л ганцаараа аавынхаа буйрыг залгаж үлджээ.

-Аав, ээж хоёрынхоо танилцсан түүхээс манай уншигчдад хуваалцахгүй юу. Д.Сүрэнжав гуай гэргий Н.Нина гуайтай анх хэрхэн танилцаж, гэр бүл болж байсан талаараа ярьж байв уу?

           -Бага байхад бидэнд юу гэж тийм том юмыг ярих билээ. Аав 1959 онд УБДС-ийг түүхийн багш мэргэжлээр төгсөж ирээд тухайн үеийн Мөрөн сумын сургуульд багшилж эхэлсэн. Харин ээж маань сургуулийн цэвэрлэгч хийдэг байлаа л даа.

Д.Сүрэнжавын агсны түүхийн багшаар ажиллаж байсан Мөрөн хотын ерөнхий боловсролын сургууль

-Та багадаа хэр дүрсгүй хүү байв. Хаа нэг дүрсгүйтчихээд аав, ээжийнхээ чихнээс хонх уяах тохиолдол гардаг л байсан байх?

           -Ээж маань биднийг мөн ч сайн шавхуурддаг байж дээ (инээв). Харин аав үгүй. Өөр хүний нүдээр харвал аав минь маш “хачин” хүн байх. Гэртээ байхдаа хүүхдүүд нь шуугилдаж, ноцолдож, аяга хагалж ч байсан үг дуугарахгүй. Дандаа л чимээгүй сууж байдаг сан. Эргээд бодоход, аав маань бидэнд нэг ч хатуу үг хэлж, жанчиж байгаагүй юм байна. Нэг юм бодоод аль эсвэл уран бүтээлээ бичээд суухаараа тэгтлээ улайрдаг байсан юм болов уу гэж боддог юм.

-Д.Сүрэнжав гуай Хөвсгөл аймгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчид дундаа хамгийн олон ном, уран бүтээл туурвисан хүн. Харин та анх хэдэн насандаа аавынхаа бүтээлийг уншиж байв?

           -Сургуулийн урлагийн үзлэг, эцэг, эхчүүдэд зориулсан сурагчдын концертоор хүмүүс аавын маань шүлгүүдийг их уншдаг байлаа. Анх аавын шүлэг, найраглалыг сонссон гэвэл тэгж л бусад хүн уншиж байхыг нь сонссон. Харин бага байхад хүмүүс аавын шүлгийг уншихад их ичдэг байлаа. Одоо бол хаа нэг телевиз, радиогоор аавын минь шүлэг, бүтээлийг хүн уншихаар магнайгаа хагартал баярлах юм даа.

-Д.Сүрэнжав гуайн залуу насны талаар ярьж өгөхгүй юү?

           -Аав маань их цаг наргүй ажилладаг хүн байсныг мартдаггүй юм. Гэр орноороо тэр болгон үзэгдэхгүй. Намайг төрөх үеэс эхлүүлээд аав маань Хөвсгөлийн “Эрх чөлөө” сонинд ажилласан. Сэтгүүлчээр ажиллаж эхлээд маргаашийнхаа сонины дугаарыг гаргах гээд оройн 22:00-23:00 цаг хүртэл ирэхгүй. Гэртээ ирсэн ч, биднийг унтуулчихаад шөнө дунд болтол уран бүтээлээ бичээд унтдаггүй хүн байж дээ.

-Д.Сүрэнжав гуай их чимээгүй хүн байсан гэж та ярьсан. Харин бусад хүнээс, хамт ажилладаг хүмүүс нь Д.Сүрэнжав агсныг ямар хүн байсан гэж дурсдаг юм бэ?

           -Аав маань гэртээ чимээгүй байдаг ч, ажил дээрээ их ширүүн хүн байсан шиг санадаг. Нэг удаа ажил дээр нь очоод ажлынхантай нь яриад сууж байтал гаднаас аавын дуу гарч байна. Тэгсэн “Эрх чөлөө” сониныхон “Дарга ирлээ” гээд бүгдээрээ босоод зогсчихсон юм. Тэгж л би анх аавыг “Ажилдаа их ширүүн хүн байж” гэж бодсон юм. Тэр үед тэгэхээс ч өөр аргагүй. Аав “Эрх чөлөө” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, сонин дээр үг, үсэг, найруулгын алдаатай бичих, намыг муулсан үг бичиж болохгүй байлаа шүү дээ.

Д.Сүрэнжав агсны хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан "Эрх чөлөө" сонины байр.

-Хүмүүс Д.Сүрэнжав гуайн төрсөн газрыг Мөрөн, Тариалан гэж хоёр өөр сум хэлдэг. Д.Сүрэнжав гуай яг хаанахын уугуул юм бэ?

           -Хүмүүс өвгөнийг Мөрөн сумын уугуул гэдэг. Үнэн хэрэгтээ аав маань Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар Тархи гэх газарт төрсөн хүн юм шүү дээ. Нас нь өндөр болоод ирэхэд муу өвгөн жилдээ нэг удаа Ар Тархийг зүглэж, төрсөн буйран дээрээ очдог байсан юм.

-Биднийг ярилцаж байх зуур та хэд хэдэн удаа Д.Сүрэнжав гуайг “Өвгөн” гэж авгайлах юм. Ингэж авгайлахын учир юу вэ?

           -Би хуучин зөвлөлтийн үед ЗХУ-ын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн инженер мэргэжилтэй хүн. Залуу байхад ажил, мэргэжлийн онцлогоосоо хамаарч, Хөвсгөл аймгийн бүх сумаар ажил, албан томилолттой явдаг байв. Хөдөө яваад очихоор хүмүүс надаас “Өвгөн сайн уу” гэж асууна. Тэр болгонд нь л “Өвгөн сайн”, “Өвгөн Мөрөнд байгаа” гэж хариулсаар өвгөн гэх авгайл аманд дасал болжээ.

-Д.Сүрэнжав гуай үр хүүхдүүддээ юу гэж хэлж, юу захидаг байсан бэ?

           -Миний багад аав маань мэргэжил сонголт, хичээл, сургуульд нэг их оролцдоггүй байсан юм. Аав минь түүхийн багш мэргэжилтэй, хэл, уран зохиолын хүн. Харин хүүхдүүд бүгд л математикт суурилсан мэргэжил эзэмшсэн. Аав маань бидэнд ганц ч удаа “Шүлэг бич”, “Багш бол” гэж хэлж, шаардаж үзээгүй. Үр хүүхдүүддээ захидаг байсан ганц зүйл нь “Өөрийнхөөрөө сонго. Хамгийн гол нь зөв явах хэрэгтэй” гэдэг байлаа.

 -“Аавынхаа ажил, мэргэжил, уран бүтээлийнх нь замыг үргэлжлүүлэхгүй яав даа” гэж бодогдох үе бий юү?

           -Нэгэнт л ааваасаа өөр замаар явж, болж өнгөрсөн зүйлийн араас харамсах юу байх вэ. Харин үр хүүхдүүдээс минь аавын “шийрийг хатаах” хүн гараасай гэж боддог.

Д.Сүрэнжав агсны ажлын ширээ.

-Та шүлэг бичиж байв уу?

-Амьдралдаа ганц ч удаа үг эвлүүлж, шүлэг бичиж үзээгүй юм байна.

-Аавдаа баярлаж, гомдож байсан сэтгэлд тань хамгийн ойр байгаа дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?

-Өвгөн бусад шиг ан гөрөө, загасчлах сонирхолгүй. Уран бүтээлээ бичээд, ажлаа хийгээд сууж байдаг номын хүн. Нэг талаараа “уйтгартай хүн” байлаа. Харин нэг удаа аав намайг сониндоо “муулаад” биччихсэн байсныг нь ерөөсөө мартдаггүй юм.

           Тухайн үед би ЗХУ-д дээд сургууль төгсөж ирээд Цэцэрлэг сумын нэгдлийн ерөнхий инженерээр ажиллаж байлаа. Гэтэл аав маань хадлангийн бригадуудаар хадлангийн шалгалт хийж яваад миний хариуцсан бригадад ирж шалгалт хийсэн юм. Тэгсэн шалгалтаас төд удалгүй аймгийн “Эрх чөлөө” сонины эхний нүүрэн дээр аавын бичсэн “С.Бадраагийн хариуцсан механикжсан салаа муу ажиллаж байна” гэсэн нийтлэл гарсан юм. Би ч аймгийн сониноор шүүмжлүүлсэн хүн дарга нартаа загнуулаад. Бас нөгөөтээгүүр Д.Сүрэнжавын хүү гэж толгойгоо илүүлж ч байлаа.

           Харин аавынхаа тэр үйлдлээс би нэг дохио авсан юм. Түүнээс хойш ажлаа цалгардуулалгүй, хариуцлагатай ажиллахыг хичээж ирсэн. Аавынхаа амьд сэрүүнд алдаа, оноогоо засаж, залруулах боломж надад олон олдсон доо.

 

Ярилцлагын төгсгөлд С.Бадраа гуай “Аав маань залуудаа олон ч хүний түүхэн зургийг дарж, өгч бид ч гэр бүлээрээ олон зураг авахуулж байсан ч, яагаад ч юм бид хоёрын хамт авахуулсан зураг байдаггүй юм билээ” гээд нутгийнхаа зураачийн бэлэглэсэн аавынхаа хөрөгний дэргэд зогсоод надаас зураг дарахыг хүссэн юм.


“Хөвсгөл” найраглалыг бичсэн Д.Сүрэнжавын хүү С.БАДРАА: Багадаа хүмүүс аавын шүлгийг уншихаар их ичдэг байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-16 10:22:56
    Зочин : Сайхан хүний хүү бна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188