• Өнөөдөр 2024-05-07

ЛУУЯАГИЙН ГЭР БҮЛ: Хамтдаа байгаа өдөр бүхэн валентин байдаг

2022-02-14,   1673

Гэгээн хайрын өдөр дэлхий дахинаа энэ өдөр тохиож буй. Тиймээс бид залуу уран бүтээлч Лууяа буюу Э.Лувсанцэрэн түүний гэргий Ч.Баярцэцэг нартай та бүхнийг танилцуулж байна. Тэд гэгээн хайрын өдрөө хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг болон хамтдаа хийхийг хүсдэг, юунд хүрэхийг  мөрөөддөг талаар халуун яриа өрнүүллээ. Мөн манай сайтыг уншигч та бүхэн дэлгэрэнгүйг видео ярилцлагаас үзээрэй.

Та хоёрт гэгээн хайрын өдөр буюу Валентины өдрийн мэнд хүргэе. Анх хэрхэн танилцсан бэ?

    ЛУУЯА: Би анх эхнэртэйгээ СУИС-д жүжигчин мэргэжлээр сурч байхдаа танилцаж байлаа. Намайг төгсөх ангийн оюутан байхад Баярцэцэг маань нэгдүгээр курст элсэн орж байв. Анх харахад доод курсын хөөрхөн бор охин л байсан. Бид хоёрыг танилцахад Г.Содбаяр найз минь их тус болсон доо. 

             БАЯРЦЭЦЭГ: Лууяа ахын найз манай найзтай үерхдэг байсан. Тиймээс ч тэр үү биднийг анх танилцуулсан.

Лууяа ах гэв үү дээ?

             ЛУУЯА: СУИС-д сурч боловсорч байгаа хүүхдүүд нэгнээ хүндэтгэж сурдаг. Харилцан нэг нэгнээсээ суралцаж байдаг учраас ах, эгч гэж дууддаг. Манай хүн доод курсын оюутан байсан болохоор ч тэр юм уу, одоо ч намайг ах гэж дууддаг.

 

-Та хоёр хувьд хамгийн сайхан дурсамжтай өнгөрүүлсэн гэгээн хайрын өдөр хэзээ тохиолдож байсан бэ?

             ЛУУЯА: Бид хоёр “Валентин” гэхээсээ илүү аяллаар их явдаг. Тэр дундаа зуны дэлгэр цагт монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар явна. Саяхан бас Турк улсад аялсан. Гэгээн хайрын өдрөө урьдчилаад сайхан болзоод ирлээ. Би анх ханьдаа гэгээн хайрын өдрөөр бөгж өгч байлаа.

             БАЯРЦЭЦЭГ: Хамтдаа байгаа өдөр бүхэн валентин байдаг. Бидэнд өдөр тутамдаа хийж байгаагүй зүйлүүд маань хамгийн гоё, шинэ нээлт, шинэ үзэгдэл болдог. Лууяа ахын анх өгсөн бөгж нь ганцхан эрхий хуруунд л таарна. Харин бусад хуруунд томддог. Өөрийнхөө хуруунд тааруулаад авчихсан юм билээ.

ханийхаа дуртай зүйлийг хийлгэх ёстой, хориглож болохгүй шүү дээ. Дотоод сэтгэлдээ хэдийгээр хамтдаа байхыг хүссэн  ч хориглож чаддаггүй. Энэ хүнийг дуртай зүйлээ хийгээд амжилт гаргаасай гэж хүсдэг

-Таны хувьд ахаасаа хамгийн анхны авсан болон өгсөн үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөсөн бэлэг юу байв?

             БАЯРЦЭЦЭГ: Манай хүн төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй юм билээ. Тиймээс өнгөрсөн жил 26 нас хүрэхэд нь анх тэмдэглэсэн. Би тэр үед “Хоёр дээр нэмдэг нь зургаа” гээд найман ширхэг өөр бэлэг бэлдэж өгсөн. Харин авсан бэлэг маань бас их сайхан дурсамжтай. Тухайн үед манай сургуульд “Монита” зарлагдсан юм. Би тэр үед гар утсаа гээчихээд нэлээд бухимдалтай байсан. Гэтэл “Монита”-ийн чинь бэлэг гээд зүрхэн хэлбэртэй хайрцаг хүүхэд авчирч өглөө. Монита байж юун зүрхэн хэлбэртэй юм гээд нээгээд үзтэл гар утас байсан. Тухайн үеийн шинэ загварын утас байлаа. Би бөөн баяр бараг л ниссэн. Тухайн үед би хоёр сартай хөл хүнд ангийнхандаа энэ тэр үед хэлээгүй байсан юм. Гэтэл мэндчилгээн дээрээ “Хүү та хоёрынхоо төлөө хичээнэ ээ” гээд биччихсэн. Тэгээд биднийг хүүхэдтэй болохыг бүгд мэдсэн дээ.

             ЛУУЯА: “Сайн уу амьдрал минь”  кинон дээр гардаг төгсөх курсын оюутнууд шиг л СУИС-аас гарч ирээд “хамаг юмаа дээш нь шидээд л баярлалаа хайраа” гээд л зөвхөн хоёулаа байгаа мэт гүйж ирсэн.

-Та хоёр бие биенээ олсноороо энэ амьдралд юуг олсон гэж баярладаг вэ. Хүмүүс энэ талаар янз бүрээр л ярьдаг шүү дээ. Та хоёрын хувьд?

             ЛУУЯА: Бид хоёрын хувьд /Бланс/ тэнцвэр гэж боддог. Насны зөрүүтэй болохоор ч тэрүү нэг нэгнийхээ дутууг нөхдөг. Манай хүн надаас дөрөв дүү. Урлагийн хүн болохоор аягүй ажиглагч байдаг. Миний хараагүй зүйл, өнцгийг манай хүн хэлж өгдөг. Ер нь харилцаан дээр ч тэр нэг нэгнээсээ суралцаад тэнцвэртэй байдаг гэж боддог.

             БАЯРЦЭЦЭГ: Нэг зүйл хийлээ гэж бодоход манай хүн туршлага дээрээс нь гүн гүнзгий агуулгад анхаардаг. Би харин шинэ санаа, гоё харагдах өнцгөөс нь хардаг.

             ЛУУЯА: Намайг бодвол манай хүн илүү романтик. Бид хоёр төгөлдөр хуурын товч шиг бие биенээ нөхдөг хосууд.

-Амьдралд дэмжих, дэмжихгүй асуудал олон гардаг шүү дээ. Тэгэхээр нэгнийхээ ард чулуу мэт зогсож, ямар зүйл дээр нь илүү гялалзаж яваасай гэж хоёр биенийгээ боддог вэ?

             БАЯРЦЭЦЭГ: Би ханийгаа урлагтаа илүү их чин үнэнч сэтгэлээр хичээж, хөдөлмөрлөж байгааг хажуугаас нь харж байдаг. Тиймээс ингэж хөдөлмөрлөж байгаа учраас их аз жаргалтай байгаасай гэж боддог. Өөрийн хүссэн амжилтдаа хүрээсэй гэж хүсдэг. Хэрвээ би өөрийгөө л бодох юм бол гэр бүлээрээ байхыг хүснэ. Гэхдээ ханийгаа дуртай зүйлийг хийлгэх ёстой, хориглож болохгүй шүү дээ. Дотоод сэтгэлдээ хэдийгээр хамтдаа байхыг хүссэн  ч хориглож чаддаггүй. Энэ хүнийг дуртай зүйлээ хийгээд амжилт гаргаасай гэж хүсдэг. Өөр эмэгтэй хүнтэй үнсэлцээд дүрс бичлэгт тоглосон байхад нь гоё байна л гэдэг. Дотроо жаахан харамладаг ч гэх юм уу.

             ЛУУЯА: Намайг ойлгож байгаа нь үнэхээр гоё. Хэрвээ ойлгохгүй бол энэ амьдралд чинь үүсэх асуудал мундахгүй шүү дээ. Манай хүн бизнес хийдэг. Бизнестээ үнэхээр өөрөө дуртай, хийхийг хүссэн өшөө их санаа байвал түүнийг ямагт дэмжих болно.

-Аав, ээж болсон тэр өдрийнхөө мэдрэмжээс хуваалцана уу?

             ЛУУЯА: Аав болсон тэр өдөр бусад өдрүүдээс өөр өнгөтэй байсан. Үгээр илэрхийлж чадамгүй гайхалтай мэдрэмж. Анх хүүхдийнхээ зургийг харахад үнэхээр гоё байсан.

             БАТЦЭЦЭГ: Би дөнгөж төрөөд “Эмчээ утас аваад өгөөч” гэсэн. Хүүхдийн зургийг аавд нь үзүүлмээр санагдаад. Хүүхдээ анх хараад цаанаасаа л хайр ундарсан гайхалтай мэдрэмжийг авдаг юм билээ.

Хүний амьдралын утга учир хэдэн хүнд нөлөөлснөөрөө хэмжигддэг гэдэг. Тиймээс би бизнесээрээ дамжуулаад таван мянган гэр бүлийн амьдралд нөлөөлнө

-Та хоёр 15 жилийн дараа ямар болсон байна гэж бодож төлөвлөдөг вэ. Амьдралын хувьд, уран бүтээлийн амжилтын хувьд ч тэр?

             ЛУУЯА: Гэр бүлийн хувьд өнөр өтгөн болсон байна байх. Уран бүтээлийн хувьд залуу хүн юм чинь хөдөлмөрлөж, олон сайхан бүтээлд дүр бүтээсэн он жилүүдийг угтана гэж боддог. Сүүлийн үед дуу гэхээс илүү дэлгэцийн уран бүтээлд буюу кинонд дүр бүтээе гэж бодож байна. Манай хүн аялахыг хүсдэг. Тиймээс тэр бүх хүсэл, мөрөөдлүүдийг нь тодорхой хэмжээнд биелүүлсэн байх болно  оо.

      БАЯРЦЭЦЭГ: Би жилд хоёр удаа гадаад улсад аялна. Мөн бид хоёр таван жилд нэг хүүхэдтэй болно гэж төлөвлөдөг. Тэгэхээр гурван хүүхэдтэй болсон байна. Хүний амьдралын утга учир хэдэн хүнд нөлөөлснөөрөө хэмжигддэг гэдэг. Тиймээс би бизнесээрээ дамжуулаад таван мянган гэр бүлийн амьдралд нөлөөлнө.

-Турк Улсад аялсан хамгийн гоё дурсамжаа хуваалцана уу?

             ЛУУЯА: Турк Улсад очоод хамгийн анх үнэт эдлэлийн дэлгүүрт орсон. Мэдээж залуу хүмүүс болохоор тийм ч мөнгөний боломжтой яваагүй. Нэг хэсэг нь цагаан алт, нөгөө хэсэг нь шар алтан бөгжнүүд байсан. Бид хоёр үнийг нь буруу хараад монгол мөнгөөр 600 мянган төгрөг болох юм байна гэж бодоод “Энийг нь авна, үгүй ээ тэрийг авна” гэж маргалдаад, худалдагч бүүр  гайхсан аятай бөгжнүүдээ бариад зогсчихсон байсан. Тэгснээ бид хоёрыг тусгай өрөөнд оруулж цайгаар дайлаад үнийг нь илүү хямдруулсан. Яг явахаар болсон чинь үнэ нь 600 мянга биш, 30 сая төгрөг байсан.

             БАЯРЦЭЦЭГ: Тэгээд бид хоёр яаж зүгээр гарах уу  арай хямдхан бөгж авсан.

-Энэ амьдралд хэлсэн үгэндээ багтаж амьдарна гэдэг сайхан үг байдаг шүү дээ. Нэг талаараа амлалт гэх юм уу, сэтгэлдээ бодож явдаг үг бий юү?

             БАЯРЦЭЦЭГ: Хүн чинь энэ амьдралд дөрвөн дугуйг тэнцүүлж авч явдаг. Сайн хань, сайн аав, ээж, сайн нөхөр гэх мэт. Тиймээс энэ бүгдийг тэнцүү авч явах болно оо. Мөн ханийхаа уран бүтээлийг цаашид хоёргүй сэтгэлээр дэмжинэ. Мөн ард талд нь үргэлж бат зогсож байдаг хүн нь байх болно оо, амлаж байна.

             ЛУУЯА: Баярлалаа ханьдаа. Миний хувьд бас ханыгаа сайхан амьдрахад бүх зүйлийг тэнцүү авч явна. Ер нь эр хүн чинь хүчтэй байх ёстой биз дээ. Тиймээс ханыгаа хүчтэй гоё амьдруулахын төлөө хичээх болно гэдгээ амлаж байна.

 


ЛУУЯАГИЙН ГЭР БҮЛ: Хамтдаа байгаа өдөр бүхэн валентин байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-14 13:45:44
    Багш Оюунцэцэг : Их нийтэч, авьяаслаг хөөрхөн охин. Сайхан гэр бүлтэй болж санаснаараа сэтгэл хангалуун, баяр жаргалтай амьдарч яваад үнэхээр баяртай байна. Та нартаа жаргал дүүрэн явахыг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-14 11:38:15
    boloroo: yamar huurhun ymbee ta hoer min az jargal husiee
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188