• Өнөөдөр 2024-05-09

НАЦАГДОРЖУУДАД НАЙДАЖ БОЛНО

2021-06-01,   1670

Болор болор бороо

Бодлын уяхан бороо

Үес үес бороо

Үлгэрийн цэнхэр бороо... хэмээх дууг мэдэхгүй хүн үгүй. 80, 90-ээд оны хүүхдүүд МҮОНТ-ээр “Үлгэрийн цаг” гарахыг тэсэн ядан хүлээж, монгол ардын үлгэрээ сонсчихоод тайван гэг чинь нойрсдог байлаа. Тэр үеийн хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн, одоо ч багачуудын сонсох дуртай "Үлгэрийн бороо" дууны шүлгийг зохиогч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, хүүхдийн зохиолч Базаржавын Нацагдоржтой эх үрсийн баярыг тохиолдуулан ярилцлаа. Түүнийг “Үлгэрийн бороо”, “Яана даа би”, “Буруу буруу”, “Ишигхэн”, “Харц, “Ижийгээ санаад л байна” зэрэг хүүхдүүдийн шимтэн унших дуртай олон шүлэг, зохиолоор нь андахгүй. Тэрбээр хүмүүний амьдралынхаа 40 орчим жилийг хүүхдийн уран зохиол, бяцхан үрсийн гайхамшигт ертөнцөд зориулсан бөгөөд өдгөө гавьяаны амралтад гараад байна. Гэсэн ч “Ахад нь үхэх зав алга” хэмээн шинэхэн уран бүтээлийн гараанд ханцуй шамлан орсоор буй. Хүүхдийн зохиол бол түүний амьдралын салшгүй нэг хэсэг. Үзэг дэвтрээ барин суухдаа тэр жаргал дүүрэн басхүү хөнгөхөн гунигтай байдаг гэхэд хол зөрөхгүй болов уу. Түүний тухай МУСГЗ, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай “Б.Нацагдоржийн уран бүтээлийн шувууд өндрөө аван нисэлдэж буйг өнөөдөр бид харж байна. Монголын утга зохиолын манлайд их зохиолч Д.Нацагдорж заларч байдаг бол хүүхдийн уран зохиолын тэргүүнд бага Нацагдорж заларч байна. Нацагдоржуудад ер нь найдаж болно байх шүү...” хэмээн хэлсэн байдаг. Түүний хэлснээр ёстой л Нацагдоржуудад найдаж болно байх шүү.


-Таны төрж, өссөн нутаг хаанах вэ. Бага нас тань хэрхэн өнгөрөв?

-Би эх орны баруун хязгаарт төрж өссөн. Уул ус жигдэрсэн, байгаль хангайн үзэсгэлэнт нутаг, Хархираа уулын бэлд хүүхэд нас минь өнгөрсөн юм. Аав маань цагдаагийн байгууллагад бүх насаараа ажилласан. Харин ээж минь жирийн ажилтан. Би айлын ууган хүү. Том хүүхдийн үүрэг их шүү дээ. Аав, ээжийг ажилдаа явсан хойгуур гэр орноо цэгцэлнэ. Дүү нартаа анхаарал тавьж, халамжилна. Би ер нь л багаасаа хүнд тус болох их дуртай, найз нөхдөдөө чадах чинээгээрээ дэм болох юмсан гэж хичээдэг хүү байлаа. “Ээждээ туслах юмсан” гэсэн сэтгэлээс тэр юм болов уу даа. Сургуульд байхад муу хувцастай хүүхдийг шоолдог байсан. Харин би өмөөрч, тэдэнд тусалдаг байлаа. Тэгэхээр өнөөх шооч хүүхдүүд “Чи тэрэнтэй адил...” гэж шоолдог юм. Хүүхэд байхад их сайхан байж. Хиргүй цагаахан сэтгэлтэй. Уйлахдаа уйлаад, гомдохдоо гомдоод, элдэв юм бодож, санадаггүй. Биднийг бага ахуйд хүүхдийн ном их ховор байлаа. Бид чихэр гэхээс илүүтэй номонд хайртай, дуртай байсан. Хаяа нэг ном олдохоор их шимтэж уншина. Аав ээж хоёр эрдэмтэн, доктор биш ч гэлээ ном гэдэг зүйлийг их дээдэлдэг байсан. Хүүхэд гэдэг өдрөөс өдөрт өсөөд л байдаг. Өсөн торнисоор мэдэхгүйгээ мэдэж, чадахгүйгээ чадаж, сураагүйгээ сурдаг. Ингэсээр байгаад хорвоо ертөнцтэй танилцдаг шүү дээ. Энэ л жамаар би жирийн хүүхдүүдийн адил өссөн.

Сурагч байх үед бид нарын хайрлаж, хүндэлдэг хүн багш нар байлаа. Тэр үеийн багш нар ямар агуу ухаантай хүмүүс байсан юм бэ. Энгийн зүйлс ярьдаг хэрнээ цаад утгыг нь хүүхдүүдэд их сайн ойлгуулдаг. Тиймдээ ч бид нарт багш шигээ сайн хүн болох юмсан гэх бодол төрдөг байлаа. Амьдрал, харилцааны мэдлэг гээд багш хүнээс авах зүйл их. Багш шигээ хүн болох бодол тээж явсаар нэг мэдэхэд 10 дугаар ангиа төгсөөд Багшийн их сургуулийн оюутан болсон. Тэгж би багш болсон юм. Ерөөсөө  миний амьдрал  хүүхэдтэй салшгүй холбоотой явсаар өдийг хүрлээ.

-Бага ахуйдаа МҮОНТ-ээр "Үлгэрийн цаг" эхлэхийг мөн ч их хүлээдэг байлаа.

"Болор болор бороо

Бодлын уяхан бороо..." хэмээн эгшиглэх  “Үлгэрийн бороо” дууг мэдэхгүй хүн байхгүй. Энэ дуу хэрхэн төрсөн юм бэ?

-Би амьдралынхаа 36 жилийг хүүхдийн уран бүтээлд зориуллаа. Шүлэг, өгүүллэг, үлгэр туужийн 10 гаруй ном, телевизийн богино хэмжээний болон хүүхэлдэйн 10 гаруй кино, бүрэн хэмжээний дуурийн цомнол зохиол бичсэн. Би МОҮНТ-ийн хүүхдийн редакцийн ерөнхий редактор байсан. Ажилчдаа “За, та нар бага насны хүүхдийн хөгжөөнт тоглоом, дуу хуурыг хариуцна” гэх мэтээр хуваарилдаг байсан. Хүүхдийн нэвтрүүлэг гэдэг дуу цалгиж байдаг. Хүний сэтгэлээс ивлэж гардаг тэр ариун тунгалаг сүү бол дуу. Тэр тусмаа хүүхдийн орчин дуу хуургүйгээр байх аргагүй. Хамгийн гэгээн сүү бляхаж байдаг орчин бол хүүхдийн дуу юм. Миний шүлгийг нь зохиосон “Үлгэрийн бороо”, “Буруу буруу”, “Яана даа би”, “Харц”, “Ижийгээ санаад л байна” зэрэг 40 гаруй дуу бий.

Болор болор бороо

Бодлын уяхан бороо

Үес үес бороо

Үлгэрийн цэнхэр бороо... шүлгийн хувьд мөн л хөгжмийн зохиолч Л.Галмандах аялгуу хийж, олны хүртээл болгосон. "Үг сонсож ухааждаг, үлгэр сонссон хүүхэд цэцэн болдог" гэдэг үг бий. Биднийг бага байхад аав ээж минь шүлэг их уншиж өгдөг байлаа. Тэр үед сонссон үлгэрээ санаандаа дүрсэлж, сайныг нь сайн, мууг нь муугаар бодно. Тиймдээ ч тэр үеийн хүүхдүүдийн дүрсэлж бодох сэтгэлгээ арай өөр байсан.

-Та гавьяат багш, хөгжмийн зохиолч Л.Галмандахтай хамтран олон арван бүтээл туурвисан. Түүнтэй уран бүтээлээр дамжуулан танилцсан юм билээ. Анд, нөхрийнхөө талаар дурсахгүй юу?

-Л.Галмандах, Б.Шарав, С.Батболд, С.Ганчимэг, Б.Эрдэнэбаатар, Г.Пүрэвдорж гээд олон хөгжмийн зохиолч миний шүлгэнд аялгуу хийж олны хүртээл болгосон. Тэр дундаас Л.Галмандахтай илүү ойр ажилласан юм. Залуу байх үед бичсэн ихэнх шүлгэнд Л.Галмандах ая хийсэн гэх үү дээ. Бид хоёр багын сайн танил, найз нөхөд биш.  Анх уран бүтээлээр холбогдон танилцаж байсан юм. Тэр үед “Яана даа”, “Буруу буруу”, ”Би хөөрхөн”, “Шүлэгт дуртай хүү” зэрэг хэд хэдэн шүлгээ бичээд “Пионерийн үнэн” сонинд илгээхэд хэвлэсэн байлаа. Тэгэхэд радио их сонсдог, телевиз ховор байсан юм. Гэтэл нэг өглөө радиогоор хүүхдийн нэвтрүүлэг сонсож байтал миний шүлэг дуу болчихсон, хүүхдүүд дуулаад байна. Би гайхах, баярлах зэрэгцээд ая хийлгэнэ гэж хүнд өгөөгүйдээ гэж бодоод өнгөрсөн. Харин хотод ирээд хөгжмийн зохиолч, 52 дугаар сургуулийн багш  Л.Галмандах ая хийснийг мэдэж танилцаж, уран бүтээлийн салшгүй, сайн андууд болсон.

Залуучуудад хэлэх нэг үг бол анд нөхөрлөл гэдэг зүйлийг дээдлэх тухай юм. Биднийг бага залуу үед найзалсан бол насан туршийн анд нөхөр болдог байсан. Би найзуудаа санаад “Андууд” хэмээх шүлгээ бичсэн юм. Шүлгээ дуу болгомоор санагдаад болдоггүй. Гэтэл С.Жавхлан шүлгийг маань хараад “Ахаа, би энэ шүлгийг тань амилуулъя” гээд дуулахаар болсон.

Амьдралын эрхээр холдовч сэтгэлийн гүнд ойрхон байдаг андууд

Дурсан санаж бодохуй дор дуу чинь чихэнд биш зүрхэнд сонсогдох юм даа

Өөр айлын аавууд, өөр айлын ээжүүд мөртлөө өрх нэгтэй юм шиг сэтгэл нэгтэй андууд минь

Өглөө орох хаалга нэг, орой гарах хаалга нэг

Өчнөөн жил нэг хаалга элээсэн андууд минь ээ

Алдар нэр, ашиг завшаа эрээгүй андын үерхэл ариун юм

Цагийн аясд царай зүс хараагүй сайхан үерхэл гэгээн юм... гэж “Андууд” шүлгээ бичсэн.

-"Ишигхэн" шүлэг тань “Өнчин ишигний дууль” хэмээх теле зохиомж болж, олон улсын шагнал хүртэж байсан. Энэ шүлгийг та бага охиноо хоёр настай байх үед бичсэн юм билээ. Түүхээс нь хуваалцахгүй юу?

-Хань минь намайг 46 настай байхад бурхан болж, би долоон хүүхэдтэйгээ үлдэж байлаа. Том нь 19, бага нь хоёр ой гарантай мээмнээс гараагүй байж билээ. Томчууд хүүхдийг “Нялх юм юу мэдэхэв” гэх мэтээр боддог юм. Гэхдээ хүүхэд гэдэг бага гэлтгүй их зүйлийг мэддэг. Бага охин маань хоёр ой гарантай байхдаа “Ээж минь ирэхгүй нь дээ” гэдгийг мэдэж байгаа хэрнээ хэлж чадахгүй, хаалга онгойх болгонд үүд рүү ширтээстэй. Нэг зүүдийг огтхон ч мартдаггүй юм. Би бага охиноо өвөртөлж унтдаг байсан. Нэг шөнө унтаж байтал охин маань цээжин дээр гарчихаад “Тас тас” хөхрөөд л их баясгалантай байна. Бодвол ээжийнхээ мээмийг хөхөж байна гээд баярлаад байх шиг байгаа юм. Би хөдлөх нь бүүхэл бүр амьсгаа ч авч чаддаггүй. “Одоо яана вэ. Сэрээх юм бол чуас хийтэд уйлна даа. Яаж тайвшруулах билээ” гэж бодоод зөөлхөн амьсгалаад байлаа. Тэгтэл охин маань инээж инээж байснаас сэрээд, над руу нэг том харснаа буруу хараад нулимсаа арчсан. Тийм жаахан хэрнээ ааваасаа нулимсаа нууж арчаад байгаа юм. Хоёр настай хүүхдэд тийм их сэтгэлийн хат байгаад байгаа юм. Тэгэхээр хүүхдийг “Юу ч ойлгохгүй” гэж хэлж болохгүй.

Хүүхдүүдийн үсийг хоёр хуваагаад дээш нь боочихдог шүү дээ. Харахаар яг л ишиг шиг. Тэгээд л бага охин минь эхийгээ хайж буй ишиг шиг санагдсан юм.

Үүрээр явсан ижий минь

Үдшээр эргэж ирсэнгүй

Үнэрлээд үзэхсэн ижийгээ

Үгүйлэн суух хэцүү юм даа

Бэлчээрт явсан ижий минь

Бидэндээ эргэж ирсэнгүй

Бүлээхэн сүүндээ цадаагүй би

Бүрэнхий болохоор яана даа

Тосоод тосоод ирэхгүй юм

Толгодоор эрээд олдохгүй юм

Томоогүй бяцхан би чинь

Тоглож байгаад л алдчихлаа даа

Уйлаад уйлаад ирэхгүй юм

Уулаар эрээд олдохгүй юм

Ухаангүй бяцхан би чинь

Унтаж байгаад л алдчихлаа даа

Хөөрхөн олон ишиг минь

Хөхөө хөхөөд тарвалзана

Хөхгүй болсон би чинь

Хөдөөгөө ширтээд зогсоно

Харганы толгой хөдлөхөд

Хавтас хийтлээ цочно

Халуухан сүүтэй ижийгээ

Хайгаад хайгаад олохгүй л байна... гэж “Ишигхэн” хэмээх шүлгээ бичсэн юм.

Энэ шүлгийг хөгжмийн зохиолч Л.Галмандах нулимстай сонсоод ая хийж байлаа. Манай уран бүтээлчид энэ шүлгээс сэдэвлэж теле кино хийе гэсэн санал гаргасан юм. Гэхдээ чоно, хонь, ямаа, ишигний дүрс бүхий хувцас өмсөөд бэлтгэсэн тайзан дээр жүжиглэх, бүжиглэх байдаг л асуудал. Яагаад амьд чоно, ишиг, ямааг тоглуулж болохгүй гэж. Болно, болохгүй гэж нэлээд маргалдлаа. Тэгээд зориглоод хийгээд үзье гэлээ. Ингээд л циркээс сургуулилалттай хоёр чоно аваад Архангай аймгийн Тамирт очиж малчин айлаас хэдэн хонь, ямаа, ишиг, хурга ялгаж тууж ирээд хэдэн өдөр зураг авалт хийсэн дээ. Чоно хэдийгээр циркийн сургуулилалттай ч хөдөө гараад, хонь, ямаа харахаараа байгалийн араншин нь илэрч дайрдаг юм билээ. Хэдийгээр амаргүй, хэцүү зүйл олон байсан ч бид шантраагүй, өдөр, шөнөгүй зүтгэсээр зураг авалтаа дуусгаж, теле киногоо хийсэн дээ.

-Та 10 гаруй жил багшилсан. Увсийн Улаангомд багшилж байхад таны анги даасан 4г бүлгийн нэгэн сурагч шалгалтандаа муу аваад ундууцан байхыг нь та хараад "Буруу буруу" шүлгээ бичсэн гэдэг юм билээ. Хүүхдийн хөгжөөнт амьдралаас сэдэвлэсэн хэчнээн шүлэг байдаг вэ. Та түүхээс нь ярьж өгөхгүй юү?

-Хүүхдүүд их хөөрхөн. Зарим шүлгийг би инээж байгаад бичдэг. Харин заримыг нь би уйлж байгаад бичдэг юм. Хүүхдийн амьдрал хайрлам сайхан.

Би 10 гаруй жил багшилсан. Зарим хүүхдүүд хичээлдээ тааруу. Юм олйгодоггүй, сахилгагүй хүүхдүүд бйадаг даа. Би яагаад ч тийм тэр сахилгагүй нөхдүүдтэй найзалдаг байсан. Тэдэнтэй ний нуугүй ярилцвал их хөөрхөн зантай. Хэдийгээр хичээлээ ойлгохгүй, дүрсгүйтдэг боловч чин сэтгэл их өөр, эгдүүтэй. Тэр үед хүүхдүүдээр цээж бичиг бичүүлж, өдөр заасан хичээлээ маргааш нь асуудаг байсан. Хичээлээ уншаагүй хүүхдүүд андашгүй. Миний зохиосон  

Шинэхэн хичээл асуухаар багш

Ширтээд над руу хараад байна

Ширээн доогуур шургадаг юм билүү

Шилээ маажаад босдог юм билүү

Аа яа яа яана даа би

Асуувал юу гэж хэлнэ дээ

Аа яа яа яана даа би

Анхаарч сурах минь ч яав даа би ... гээд “Яана даа би” шүлгийг хүүхдүүд их дуулдаг байлаа. Чи сахилгагүй, муу гэж хэлэхгүйгээр шүлгээр дамжуулж хэлэхээр хүүхдүүд “Нээрээ л тийм юм байна” гээд ойлгодог. Мөн

Хичээл асуухаар таг болчихдог хэлний буруу

Хийх болохоор хөдөлж өгдөггүй гарны буруу

Даалгавар хийхээр данда мартдаг толгойны буруу

Буруу бүхнийг бусдад оноодог

Булай зан хамгийн буруу ... гээд хамгийн сүүлд хэлчихэж байгаа юм.

-Хүүхдийн сэтгэлд хүрэх шүлэг тэрлэнэ гэдэг амаргүй байх. Хүүхдэд таалагдах, тэдний сэтгэл зүйд нийцсэн шүлэг бичихийн тулд хүүхдийн зохиолч хүн тэр сэтгэл зүйд өөрийгөө яаж аваачдаг юм бэ?

-Би улсад 36 жил ажиллаж, гавьяаны амралтдаа гарсан. Үүнээс 10 жилийг багш, хичээлийн эрхлэгч, захирлын албанд зориулж, үлдсэн 26 жилд МҮОНТ-ийн хүүхдийн редакцид ажилласан байна.

Хүүхдүүд их сонин шүү дээ. Сахилгагүйтэж нэгнийгээ зодоод, гомдоож л байдаг. Гэхдээ тэр нь хар муу санааных биш. Тэглээ гээд загнах юм бол хүүхэд улам гөжүүдлэдэг. Харин аядуу зөөлнөөр, энгийн үгээр хэлж, зөвлөхөөр буруугаа сайн ойлгодог юм. Энэ бол хүүхдийн байдаг л зан. Бид нарын хувьд сэтгэл маань аяандаа хүүхдийн ертөнц руу орчихдог. Буруу зан сурчих вий, залхуу болох вий дээ гэж харамсаад байдаг юм. Тэгээд залхуу хүүхдийн тухай шүлэг бичээд өгөхөөр “Залхуу зан хэцүү юм байна шүү дээ” гээд ойлгодог.Бид нарын үүрэг бол хүүхдүүдийг ингэж ойлгох, мэдрэх ёстой.  

-Хэчнээн ном өлгийдөв?

-Саяхан “Энэ жаал, тэр жаал” гээд дууны ном CD-тэй хамт гаргалаа. Хүүхдийн төв номын санд бий. Сүүлд гаргасан шүлгүүдэд маань хөгжмийн зохиолч  С.Батболд ая хийсэн. Мөн хэд хэдэн хүүхэлдэйн кино, жүжгүүд бий. маань Москвад болсон олон улсын кино наадмаас гран при хүртсэн. Тус  кино наадамд теле киногоо илгээсэн юм. Өөрсдөө явах гэтэл зардал олдоогүй. Хүүхдийн уран бүтээлийг шүүхдээ тэдний сэтгэлд хүрч байна уу, ямархуу хандлагатай байна гэдгийг тандах зорилгоор танхимд хүүхдүүдийг авчирч үзүүлсэн юм билээ. Гэтэл тэр танхимд цугларсан хүүхдүүд “Өнчин ишигний дууль” теле киног маань үзээд уйлцгааж, дуусахад нь нижигнэтэл алга ташиж, таалагдаж байгаагаа илэрхийлсэн нь Гран при хүртэхэд нөлөөлсөн болов уу гэж боддог. 40 гаруй дуу, 40 гаруй хүүхдийн зохиол бий.

-Санааг нь олон жил сэтгэлдээ тээсэн ч цаасан дээр буулгаж чадаагүй зохиол танд бий юу?

 -Байлгүй яах вэ. Хүнийн нандин сэтгэл гэж бий. Одоо үеийн залуус “Хайраа хайраа” л гээд байдаг. Тэгж сүрхий байчихаад хоёр, гурван жил болоод л салж, сарнилаа гэх юм. Бид нарыг залуу байх үед “Хайр” гэдэг үгийг их хэлдэггүй байлаа. Үйл хөдлөлөөрөө мэдрүүлнэ үү гэхээс биш тэгж их хэлээд явдаггүй байлаа. Үг гэдэг их нандин.

Надад бодож буй их юм их байна. Нас 70 шүргэлээ. Үхэх зав алга. Бодсон санаснаа бичиж, хүүхдүүдэд хүргэж байж л үхмээр байдаг. Хэвлүүлж чадаагүй 10 гаруй ном бий. Тэр бүх номонд хайр шингэсэн. Гэхдээ хайр гэдэг үг ороогүй.  Хүний ертөнцийн гэгээн хайр бол хүүхдийг хайрлах хайранд л бий. Хүүхэд бол бидний үргэлжлэл шүү дээ.

-Нутаг гэдэг очих бүрийд эрч хүч өгч байдаг эрхэмсэг оршихуй байдаг шүү дээ. Тэ хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?

-Хархираа уул гэж би ярьсан. Хүрхэрээтэй, их гоё уул байдаг. Тэр уулаа би их санана. “Хархираа уул” гээд дуулалт жүжиг бичсэн юм. Үүнд олон гоё дуу багтсан.  Тэр дууны нэг нь

Эрдэнээр гялбасан мөнгөлөг Хархираа

Энэрлээр цалгисан ивээлэг Хархираа

Өвөг дээдсийн сэтгэл шингээн, өгөөмөр нүнжигээр сүндэрлэсэн Хархираа

Ай хө, уянгын дуулалт Хархираа

Ай хө, хайрын дуулалт Хархираа ... гэж бичсэн юм.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.


НАЦАГДОРЖУУДАД НАЙДАЖ БОЛНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188