• Өнөөдөр 2024-05-10

Гавьяат сувилагч Р.ТУЯА: Хайлааст, Долоон буудалд болсон үер, Ми-8 онгоцны осол л хамгийн хэцүү байлаа даа

2021-05-24,   8317

-Гэмтлийн эмнэлэгт 40 жил ажиллаж, эмнэлгийнхээ анхны гавьяат сувилагч болсондоо баярлаж сууна-

            Монгол Улсад хоёрхон байдаг гавьяат сувилагч таван “дүүтэй” болов. Энэ бол түүхэн он цаг хугацаа байлаа. Бусдыг сувилах, асрахын төлөө цаг үргэлж ачааны хүндийг үүрч, амьсгал дээгүүр явдаг сувилагчид олноороо гавьяат болно чинээ зүүдэлж ч үзээгүй биз ээ. Тэгвэл тэд таваараа гавьяагаа төрдөө үнэлүүллээ. 

          Цэл залуухан 18 настай охин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хаалгаар өдийгөөс 40 жилийн өмнө алхаж орж байжээ. Тэр өнөөдрийг хүртэл 40 жилийн өмнө нээсэн хаалгаа “хаагаагүй”. “Сувилагч аа, хагалгаандаа бэлдээрэй. Сувилагч аа, хурдан ирнэ үү. Сувилагч аа, тариа тарих цаг боллоо. Сувилагч аа, миний хүүхдийн, аавын, ээжийн, ахын, эгчийн, найзын бие ямар байна вэ” гэх үгэнд "булагдаж", сувилагч гэх үгийг аав, ээжээс заяасан нэр шигээ хайрласаар тэр Монгол Улсад ердөө долоохон байдаг гавьяат сувилагчийн нэг боллоо. Энэ бол ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгийн ахлах сувилагч Рэнцэндоржийн Туяа. Бид түүнтэй уулзахаар цаг товлож, ГССҮТ-д хонгилд түүний оролцож буй төлөвлөгөөт хагалгаа дуусахыг хүлээсний эцэст цаг орчим ярилцав. Түүний яриаг сонсож, гэмтлийн эмнэлэгт өнгөрүүлсэн амьдралынх нь 40 жилийг “уудлах” гэсэн миний хувьд энэ дэндүү богинохон хугацаа байсан ч түүнийг олон арван өвчтөн хүлээж байгаа учраас арга буюу яриагаа өндөрлүүлсэн билээ. 

Эмчийн ангиас “таслуулж” сувилагч болсон нь

       Тэр шагнал авсан тухайгаа ярихдаа хоолойгоо хэдэнтээ зангируулав. Түүний ганцхан хүсэл нь энэ гоё өдрүүдийг, энэ цаг хугацааг, гавьяат гэх эрхэм алдраа аавдаа, ээждээ, ханьдаа харуулах, сонсгох байсан ч байж мэднэ. Гэвч түүний энэ бүх оргилсон, “ассан” яарсан сэтгэлийг тэд нь тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэхээс өөр арга байхгүй. Р.Туяа сувилагчийг аав, ээж нь Анагаахын их сургуулийн сувилагчийн ангид "шахсаар" байгаад оруулжээ. “Миний охинд сувилагч яг тохирно. Охин минь уярамтгай, зөөлөн шүү дээ” гэж ятгасаар тэд эцэст нь хүсэлдээ хүрч. Тэр багадаа амархан уйлдаг, бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг, уярамтгай, зөөлхөн хүүхэд байсан учраас аав, ээж нь ингэж хүссэн хэрэг. Охиныгоо сувилагчийн мэргэжил эзэмшихээр болоход ээж нь “Баяр хүргэе, охиндоо” гэж хэлээд сургуулийнх нь гадаа зогсож байсан гэнэ. Харин Туяа сувилагч ээж рүүгээ хачин томоор харж, гэрийнхээ зүг ганц ч үг хэлэхгүй алхсан байна. Гэртээ очоод “Би эмч болмоор байхад сувилагч болголоо. Сувилагч болох гэж байхад олон хүний дэргэд баяр хүргэлээ” гэж хэлээд аавынхаа орон дээр хэвтчихээд чанга гэгч нь уйлж байсан гэдэг. Тэр аавынхаа эрх танхил охин. Ямар сайндаа л эмчийн ангиас 0.5 оноо дутаад “хамраараа” улаан шугамаар таслуулаад зогсож байхдаа аав руугаа залгаад “Би гадаадад ойн инженерээр сурахаар явлаа” гэж хэлсэн гэнэ. Харин аав нь аргадан байж, сувилагч болгож үлдээжээ. Түүнийг сургуулийнхаа сувилагчийн ангид орсон өдөр багш нар нь “Чи яах аргагүй сувилагч, эмнэлгийн хүн байна шүү” гэж хэлээд алга ташиж байжээ. Тэр энэ өдрөөс хойш л сувилагч гэх нэрийг нэрнийхээ өмнө “хадаж” орхижээ. Р.Туяа сувилагч тэртээх 1980 оны энэ үйл явдлыг дурсахдаа “Миний аав, ээж охиноо  сувилагч бол гэж зүгээр ч нэг хэлээгүй юм байна шүү” гэж тодотгосон юм.

Эмнэлгийн хонгилд дуслуулсан анхны нулимс

        Тэрбээр сургуулиа онц дүнтэй төгсөж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд томилогдож иржээ. “Өлгийдөж” авсан эмч нь бүдүүн хоолойгоор “Туяа чи онц охин байна шүү. Чи сэхээний тасагт ажиллана. Өнөөдөр өдрөөр яваад, маргаашаас оройн ээлжинд гараарай” гэж хэлсэн байна. Тухайн үед дүнгээр нь жагсааж, аль тасагт хуваарилах вэ гэдгээ сонгодог байсан үе. Залуухан охин цус нөж, уйлаан, хашхираан, аврал эрсэн бүхний дундуур “тийчиж”, ажлаа хийнэ гэдэг амаргүй байсан аж. Түүнийг ажиллаад удаагүй байхад нь Хайлааст, Долоон буудал орчимд томоохон үер буусан байна. Үерт 100 гаруй хүн урсаж, эмнэлгийн байгууллагад ирсэн ч тав хүрэхгүй хүн нь амьд гарсан байна. Р.Туяа сувилагч ирсэн хүн бүрийг хүлээж авч, тариа хийж, тасагт зөөвөрлөж байсан аж. Тэрбээр энэ ослын талаар ярихдаа “Сэтгэлээс минь гардаггүй осол бол тэр үер байсан. Тасаг руу зөөвөрлөх хооронд л хүмүүс амьсгал хурааж, харахаас нүд хальтрам байлаа. Өвчтөн, эмч хоёрынхоо нүдийг хариулж, далд уйлах гэж би хэрэндээ л хичээсэн. Нүдэн дээр олноороо амьсгал хурааж байгааг хараад би зарим үед тэсээгүй. Хүмүүсийн уушги бүхэлдээ усаар дүүрч, эмнэлэгт ирэхдээ л бараг өнгөрчихсөн байдаг байсан. Байгалийн тийм аймар давагдашгүй хүчин зүйлтэй залуухан сувилагч байхдаа нүүр тулсан. Хэцүү байдаг юм билээ. Ингэж анх эмнэлгийн хонгилд хэдэн өдөр уйлж билээ” хэмээв. Тэр энэ аймшигт хар өдрийг одоо ч тод санадаг аж.

           Сэхээний тасгийн сувилагч учраас очихгүй осол гэж үгүй. Тэрбээр 2007 онд Ми-8 нисдэг тэрэгний осолд сувилахуйн багаа ахалж явж байжээ. Онгоц олдохгүй хоёр, гурав хоног болоход тэр Зүүнхараагийн эмнэлэгт шаардлагатай бүхнийг бэлдэж байсан гэдэг. “Онгоц олдлоо” гэсэн мэдээ аваад сувилагч нартайгаа хэргийн газарт очжээ. Харамсалтай нь, Ми-8 нисдэг тэргэнд байсан алба хаагчдыг ангийнхан нь хөвгүүн ахалж явж байсантай таарлаа. Хүн аврах гэж очсон тэр ангийнхаа хөвгүүнийг хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хүн харах эцэсгүй болчихсон хэвтэж байхыг харна чинээ хэрхэн бодох билээ. Огшиж, уйлсаар тэр амьд байсан найман хүнийг тээвэрлэж, Зүүнхараагийн эмнэлэгт багийнхантайгаа иржээ. Шаардлагатай эмчилгээ, асаргааг тэд цаг алдалгүй хийсэн ч нэг хүн шархаа даалгүй нас барсан байна. Ингээд Ми-8 онгоцны ослоос амьд гарсан долоон хүн Р.Туяа сувилагчийн багийнхны гараар дамжиж, амьдарчээ. Энэ хоёр үйл явдал түүний сэтгэлээс гардаггүй хамгийн хэцүү осол гэнэ.

 Р.Туяа сувилагч тэртээх 1980 оны энэ үйл явдлыг дурсахдаа “Миний аав, ээж охиноо зүгээр ч нэг сувилагч бол гэж хэлээгүй юм байна шүү” гэж тодотгосон юм

Гал, усан дундуур...

        Түүний сэтгэлд тод үлдсэн нь л дээрх хоёр осол болохоос түүнд хэцүү, шантарч байсан үе олон. Халширмаар, зүрх үхмээр, хэн нэгний нүд рүү эгцэлж харж чадахгүй үе олон байсан гэнэ. Гал, усан дундуур хэн нэгний амийг аврахын төлөө өөрийгөө золиосолж, алхсан. Түүнийг залуухан сувилагч байхад Налайх дүүргийн уурхайд осол их болдог байжээ. Шороо, нурангид дарагдсан хүмүүсийн амийг аврахаар эмчтэйгээ цуг халуун цэгт олон удаа ажиллаж. Нэг удаа эмч нь “Та нар сэхээний тасагт ажилласаар байгаад дасаж дээ” гэж хэлжээ. Харин тэр “Үгүй. Бид чинь ийм зүйлтэй олон таарах тусам уярч, зөөлөрч байдаг юм” гэж хэлсэн гэнэ лээ. Олон хүн аврахын зэрэгцээ үүнтэй адил тооны хүмүүсийг ч бурхны орон руу гар дээрээ, нуруундаа үүрээд явуулж байжээ. Тэрбээр “Гэр бүлийн хүмүүс зам тээврийн осолд ороод ирэх хэцүү. Бүгдээрээ ч амьсгал хурааж мэдэх, эсвэл тахир дутуу болох, нэгийгээ танихгүй” байхыг нь харах зүрх зүсэм. Нялхас өнчирч, эхнэр нь тахир дутуу болоод нөхрөөсөө хагацаж байгааг олон ч удаа харсан даа. Тэр бүрд гол гогодоод, сэтгэл үймрээд, нулимс өөрийн эрхгүй гоожоод байдаг юм. Гэхдээ өвчтнийхөө хажууд бид ямар ч үед уйлах ёсгүй. Би нэг удаа гэр бүлээрээ осолд орсон хүмүүсийг хараад өөрийн эрхгүй уйлсан. Эмч минь миний хажуунаас татаад “Миний хүү, битгий уйл. Өвчтнөөсөө хол очоод уйлж байгаарай” гэж захисан юм. Би үүнээс хойш сувилагч нартаа “Миний дүүгийн аав, ээж,  ах, эгч гээд хэн ч энэ эмнэлэгт ирж болно. Битгий л хажууд нь уйлаарай” гэж захидаг болсон доо” гэлээ.

       Мөн тэрбээр ажиллах арга барилаа анх өвчтнөөсөө олж байсан хэмээсэн юм. Циркийн жүжигчин Цогцэцэг гэх бүсгүй агаарын гимнастик хийж байгаад өндрөөс унаж, бэртжээ. Тэрбээр ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад тасагт шилжжээ. Тэгээд "Эмчилгээгээ Туяа сувилагчаар л хийлгэмээр байна” гэж уйлж байж. Р.Туяа сувилагч тэр өдрөөс хойш өвчтнүүддээ тариагаа яг тэр хүнд хийдэг шигээ хийдэг болсон гэж байлаа.  Тэрбээр эмнэлгийнхээ Эрчим эмчилгээний тасаг, Хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасаг, Мэдээгүйжүүлэлтийн тасагт ажиллаж байжээ. Гэмтлийн эмнэлгийн сувилагчдын 60 хувь нь түүний гараар дамжиж, хичээл заалгаж өнөөдрийн зэрэгт хүрсэн түүхтэй. 

Ард түмний гавьяат Р.Туяа “жинхэнэ” гавьяат болсон нь

    Тэр гэмтлийн эмнэлгийн анхны гэх тодотголын эзэн. Гэмтлийн эмнэлгээс “төрсөн” анхны Монгол Улсын зөвлөх сувилагч. Гэмтлийн эмнэлгээс “төрсөн” анхны гавьяат сувилагч. Тэр эмнэлгийнхээ 60 жилийн ойгоор Ард түмний гавьяат болж байж. Харин энэ жил “жинхэнэ” гавьяат боллоо. Түүнийг шагнал авахад нь сургуулийнх нь гавьяат багш хүрэлцэн ирж, баяр хүргэсэнд туйлаас их баярласан гэнэ. Энэ нь түүний хувьд шагналаас нь ч илүү үнэтэй бэлэг байсан аж.

     Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж, баярт мэдээг дуулгахад нь итгээгүй гэнэ. Итгээд байгаа юм шиг баярлаж, уйлсан хэрнээ “Худлаа байх вий” гэсэндээ ах дүү нартаа тэр өдөртөө хэлж чадаагүй. Харин өөрийгөө хэдэн удаа чимхэж үзсэнээ, охинтойгоо тэврэлдээд уйлснаа, ханийнхаа зургийг чангаар үнссэн тухайгаа бидэнд хэлсэн юм. Тэр ийм их баярласан гэсэн үг. Амьдралынхаа 40 жилийг гэмтлийн эмнэлэгт өнгөрүүлсэн хэрнээ тэр өөрийгөө гавьяат болно гэж нэг ч өдөр зүүдлээгүй. Тийм шагнал байдаг гэдгийг мэддэг ч, сувилагчид онодоггүй гэж боддог байжээ.

Аав, ээж, ханийгаа алдчихаад хоёр нялх үрээд тэврээд “Яаж амьдрах юм бэ” гээд уйлж байлаа

        Тэрбээр их сургуулийн оюутан байхдаа ханьтайгаа танилцаж байжээ. Учраа мэдэхгүй хоёр жаахан хүүхэд хүүхдээрээ шахуу хоёр хүүхдийн аав, ээж болж. Р.Туяа сувилагч сургуулиа онц дүнтэй төгссөн учир их эмчийн ангид сурах урилга ирсэн байна. Харин тэр хоёр нялх хүүхэдтэй учраас ажил хийхээр бушуухан томилогдсон байна. Түүний хань цэргийн хүн байсан учраас хоёр хүүхдийг нь аав, ээж нь өсгөж, хүмүүжүүлжээ. Тэр өөрийгөө хэлэхдээ “Би гэртээ идэх, унтах гэж л очдог байж дээ” гэсэн юм. Гэрийн бараа харахгүй шахам өнгөрүүлсэн түүний залуу насанд хамгийн уйтай мэдээ нь хань нь зуурдаар нас барсан өдөр байлаа. Цэрэг шиг байлгаж, бүх зүйлд хамтдаа хөтлөлцөөд алхаж байсан тэр нэг л өдөр биеийнхээ талыг явуулав. Үүнээс хойш аав, ээжийгээ алдсан гээд хар дарсан зүүд шиг өдрүүдийг тэр хоёр хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлсэн байна.

Энэ талаараа тэрбээр “Хүн эрхэлж, туньж явахдаа юу ч мэддэггүй юм билээ. Хүн зовлон туулаад ирэхээрээ дотогшоо мэгшиж, гаднаа хатуу чанга болдог юм байна. Ханийгаа гэнэт яваад өгсөнд гомддог байлаа. Хоёр нялх үрээ тэврээд яаж хорвоог туулна даа гэж бодож, уйлдаг байлаа. Хүн зовлон туулах бүртээ хатууждаг юм билээ. Одоо миний хоёр хүүхэд том болж, мэргэжлээрээ ажиллаж, сайхан амьдарч байна. Хүү минь эмч болох сонирхолтой байсан ч би “Миний хүү чинь ээж шигээ уян зөөлөн учраас эмч болоод яах юм. Хэрэв эмч болбол миний хүү ээжээсээ илүү зовно” гэж бодоод би хүүгээ эмч болгоогүй. Гэхдээ л энэ өдрүүдэд миний бүх мөрөөдөл биелсэн юм шиг сайхан байнa" гэлээ. 

Амьдралынхаа 40 жилийг гэмтлийн эмнэлэгт өнгөрүүлсэн хэрнээ тэр өөрийгөө гавьяат болно гэж нэг ч өдөр бодож, зүүдлээгүй. Тийм шагнал байдаг гэдгийг мэддэг ч, сувилагчид онодоггүй гэж боддог байжээ

     Түүнийг хамгийн түрүүнд томьёолсон үг минь “асрангуй”. “Хүн яаж ийм зөөлхөн, яруухан, уяхан, тансаг байж болдог юм бол” гэж бодож суусны эцэст өмнө нь хэнээс ч билээ сонсож байсан асрангуй гэдэг үг санаанд буув. Нэг үгээр тайлбарлавал, би түүнийг “Асрах сэтгэл төгс хүн” гэж бодсон юм л даа. Ярьж байгаа яриа нь, бодож байгаа бодол бүхэн нь энэ үгийг мянгантаа давтаж хэлмээр эрхгүй санагдуулж байлаа. Гавьяат сувилагч Р.Туяаг уншигч тантай уулзуулахын тулд бид 60 минутын турш түүнээс юу эсийг асуух вэ. Ажил, амьдрал, мөрөөдөл, цаг хугацаа, алдаа, оноо, амжилт бүтээлийг ярилцсаар л цаг харвасан сум шиг өнгөрлөө. Эцэст нь хийсэн, бүтээсэн зүйлтэй хүний гэрч нь цаг хугацаа юм байна гэж бодсоор бидний Гэмтлийн эмнэлгээс хөдлөх цаг боллоо. 


Гавьяат сувилагч Р.ТУЯА: Хайлааст, Долоон буудалд болсон үер, Ми-8 онгоцны осол л хамгийн хэцүү байлаа даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-29 11:32:16
    Зочин: Эмчийн найдвартай гүйцэтгэгч, туслагч байна гэдэг МАШ ТОМ ДЭМЖЛЭГ юм.. Энэ мэт сувилагч, асрагч, тогооч, сангийнхан гээд арын гол албанд хэзээд бэлэн байдаг хүмүүсээ бид олонд сайн таниулж, хайрладаг, урамшуулдаг л баймаар санагддаг. СУВИЛАГЧ тандаа баяр хүргэе. Эрүүл, урт удаан наслах болтугай. Сэтгүүлч бас сайхан уншууртай буулгажээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-27 10:55:20
    Зочин: Таньд баяр хүргэе шагнал хүртэх ёстой сайхан хүмүүс авсанд талархаж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-27 00:13:14
    Зочин : Өө хөөрхий хамгийн хэцүүг хийдэг сувилагч 7-хон арай л чамлалтай.хөөрхий асрагч,тогооч нар бүүр ч сураггүй бх нь ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-26 21:08:59
    Zochin: Subilagch mart ugdugvi bsan shagnal shvv .zub hvmvvst ugsund bayrlaj bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-24 23:01:12
    Зочин: Өмнөөс баярлаад бас хайр хүрээд бна. Таны9 хүсэл биелэж 9үеэрэ жаргаж явах болтугай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-24 20:43:34
    zochin: shagnal eznee oljee. gemtliin emneleg hamgiin hund salbar shuu. dotor ni ajillah baitugai heden tsag bolohod l tsusnii uner. humuusiin oriloon ovdoltond dotor muuhairch bsn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-24 09:00:51
    Иргэн: Таньд Баярлалаа. (Бас Тэнэг кино үзсэнээс дээр сэтгэгдэл төрөв.)
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-24 08:06:38
    Сэмка: Хамгийн зөв хүндээ гавъяа шагналыг нь өгсөнд төр засагт талархаж байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188