• Өнөөдөр 2024-04-25

Гавьяат ажилтан Б.ХАНДМАА: Ээжийгээ халуун амьсгалаа хурааж байхад би дэргэд нь байж чадалгүй, цар тахлын голомтод ажиллаж байлаа

2021-05-16,   5008

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдад өчигдөр буюу тавдугаар сарын 14-нд төрийн дээд одон, медаль гардуулсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн шинэ болон дахин сэргэж буй халдварын тасгийн арга зүйн сувилагч Б.Хандмаа Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Тэрбээр эрүүл энхийн манаанд 30 жил зүтгэж буй бөгөөд хоёр жил цар тахалтай нүүр тулан тэмцэж байгаа юм. Ингээд түүнтэй ажил амьдрал, ололт амжилтынх нь талаар ярилцсанаа хүргэе.


-Би өөрийгөө "Удам дамжсан сувилагч" гэж ярих дуртай-

-Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

         -Өнөөдөр (өчигдөр) билэгт сайн өдөр олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өндөр дээд шагнал гардсандаа их баяртай байна. Манай ажлын хамт олон миний тодорхойлолтыг Ерөнхийлөгчийн тамгын газар руу явуулсан юм билээ. Би өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сарын 9-нд буюу цар тахал анх дэгдэх үед шалтгаан тодорхойгүй халууралт гэх оноштой анхны өвчтөнг хүлээж авсан. Түүнээс хойш одоог хүртэл цар тахлын голомтонд ажиллаж байна. Тийм учраас манай хамт олон хөдөлмөр, зүтгэлийг минь үнэлж, миний тодорхойлолтыг Ерөнхийлөгчийн тамгын газар руу явуулсан юм билээ. Өчигдөр (2021.05.13) орой 20:00 цагийн орчимд энэ хүндтэй цолоор шагнуулах гэж байгаагаа мэдсэн.  

-Та улсад хэчнээн жил ажиллаж байгаа вэ?

          -Би сувилагч мэргэжлээрээ 30 жил ажиллаж байна. Үүнээс ХӨСҮТ-д 25 дахь жилдээ ажиллаж байгаа.

-Ажлын гараагаа анх хаанаас эхэлсэн бэ?

        -Би 1971 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрж, өссөн. 1991 онд Улаанбаатар хотод Сувилагчийн дунд сургуулийг дүүргэж, сумынхаа эмнэлгийн байгууллагаас анхны ажлын гараагаа эхэлж байлаа. Ингээд 1997 оноос эхлэн ХӨСҮТ-д сувилагчаар ажиллаж, өдгөө 25 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Миний ажиллаж байгаа тасаг бол шинэ болон дахин сэргэж буй халдвартын тасаг юм. Өөрөөр хэлбэл, онцгой байдлын тасаг гэж хэлэхэд буруудахгүй. Манай тасаг олон улсын дүрмээр зохицуулагддаг гоц халдварт өвчнийг хүлээж авдаг онцлогтой.

-Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтнаар тодорсон гэдгээ мэдээд хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

         -Гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнуулах гэж байгаагаа мэдээд хамгийн түрүүнд ах, эгч нартаа хэлсэн. Миний ээж ертөнцийн мөнх бусыг үзүүлээд 49 хоног ч болоогүй байна. Цар тахлын голомтод ажлаа хийж байхад ээж минь өөд болсон.

Ээжийгээ халуун амьсгалаа хурааж байхад би дэргэд нь байж чадаагүй. Цар тахлын голомтод ажлаа хийж байсан. Үүнтэй адил олон эмч, сувилагч хайртай хүмүүсээ орхиод цар тахлын эсрэг хоёргүй сэтгэлээр, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгааг ард түмэн минь ойлгоосой гэж хүсдэг.

Миний ээж Булган аймгийн Дашинчилэн сумын Хүн эмнэлэгт насаараа ажилласан сувилагч хүн байсан. Би удам дамжсан сувилагч эмэгтэй. Үүгээрээ би бахархаж явдаг. Энэ хүндтэй шагналаа ээждээ харуулж чадаагүйдээ харамссан. Гэхдээ ээж минь бурханы орноос охиныгоо үргэлж ивээж, тэтгэж явдаг гэдгийг шагнал авч байх үедээ хоолой зангируулан бодож байлаа, эгч нь.
Би хүүхэд насаа эмнэлгийн коридорт өнгөрүүлсэн

-Та яриандаа удам дамжсан сувилагч хэмээн дурдлаа. Таны гэр бүл, садан төрлөөс олонх нь эрүүл мэндийн салбарт ажилладаг уу?

           -Манай садан төрлийн олонх нь сувилагч мэргэжилтэй. Ээжийн маань төрсөн дүү нь хүртэл сувилагч байсан. Мөн л эрүүл мэндийн салбарт насаараа ажиллаж байгаад гавьяаны амралтаа авч, хожим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би өөрийгөө удам дамжсан сувилагч гэж ярих дуртай.

-Сувилагч мэргэжлийг эзэмшихэд хамгийн их нөлөөлсөн хүн таны ээж байх нь ээ?

          -Би хүүхэд насаа эмнэлгийн коридорт өнгөрүүлсэн. Ээж минь биднийг төрүүлээд удаа ч үгүй байхдаа ажилдаа ордог байлаа. Тийм болохоор нялх байхаасаа л эмнэлгийн үнэрт дасаж, тэр орчны сайхныг мэдэрч өссөн дөө. Тиймдээ ч ээж минь намайг сувилагч болоход хамгийн их  нөлөөлсөн.

-Сувилагч мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

         -Сувилагчид хүний сэтгэл, зүрхийг хамгийн ихээр мэдэрч ажилладаг онцлогтой. Яагаад гэвэл энэ мэргэжлийг ямар ч хурд сайтай технологиор орлуулж чадахгүй. Үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас сувилагч хэмээх мэргэжлийн эзэд өвчтөнтэйгөө хамгийн ойр байж, сэтгэл зүрхийг нь мэдэрч ажилладаг гэж боддог.

-Гоц халдварт өвчний тасагт 25 жил ажиллахдаа ямар бэрхшээлтэй нүүр тулж байв?

       -Манай тасгийн эмч, сувилагч, асрагч нар бэлэн байдалд удаан хугацаанд бэлтгэгддэг. Хаана гоц халдварт өвчин гарч байна тэнд хамгийн түрүүнд очиж, ажилладаг. Бид SARS,  H1N1, гахайн томуу, улаан бурхан зэрэг халдварт өвчний үед ачааны хүндийг үүрч, сэхээн амьдруулахын өмнөх болон дараах хүндрэлүүдийг авч, ажиллаж байсан онцлогтой. Харин одоо дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг тэмцэхэд манай тасаг хамгийн түрүүнд нүүр тулж ажиллаж байна.

Сувилагч хэмээх мэргэжлийн эзэд өвчтөнтэйгөө хамгийн ойр, сэтгэл зүрхийг нь мэдэрч ажилладаг

-Та цар тахлын эсрэг хоёр жил нүүр тулж ажиллалаа. Эргээд бодоход танд ямар санагдаж байна вэ?

        -Цар тахлын эхэн үед бид халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталдаг байсан. Гаднаас орж ирсэн халдварыг тогтоон барьж чадсан учир хүндрэл, бэрхшээл харьцангуй гайгүй байсан. Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдэхэд өвчлөл нэмэгдэж, ачаалал ихэссэн. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сараас илт мэдрэгдсэн. Энэ хугацаанд ихэвчлэн өндөр настай, архаг суурь өвчтэй иргэдийн өвчлөл хүндрээд ирж байгаа нь бэрхшээлтэй байсан.

Дан ганц манай улс биш дэлхий нийтээрээ олон гэр бүл үхэл хагацал, өнчрөл гэдгийг мэдэрч байна. Миний хувьд үүнд маш их харамсалтай байгаа. Хэдий ядарч байгаа ч гэлээ бид хийхгүй бол өөр хэн хийх билээ. Ялангуяа бид гоц халдварт өвчинтэй ажиллах мэргэжлийн хүмүүс. Халдварын голомтыг хумиж, эрсдэл багатай туулахын тулд бид зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа.

Хамгаалалтын хувцастайгаа олон цагаар ажиллах мэдээж хүндрэлтэй байдаг. Зарим үед бид уух, идэхээ цэгнэдэг. Гэхдээ өвчинтэйгөө тэмцэж, эдгэрээд “Баярлалаа” гээд эмнэлгээс гарч байгаа хүмүүсээ харахаар сэтгэл зөөлөрч, өөрсдийнхөө ядарсныг умартаад сайхан байдаг.

-Цар тахлын энэ үед олон хүн халдварын улмаас амиа алдаж байна. Хэдий хүний амь насыг хамгаалах үүрэгтэй эмнэлгийн ажилтан ч гэлээ яах ч аргагүйн улмаас өвчтөнөө алдах амаргүй байх?

       -Сувилагч хүний хувьд яах ч аргагүйн улмаас өвчтөнөө алдана гэдэг маш хэцүү. Яагаад гэвэл тэр хүнийг амьдралын эцсийн зогсоолоос аврахын тулд бүтэн шөнийн нойроо хугаслаж хоноход, маргааш өглөө нь өвчтөн маань эндэхэд хамгийн харамсалтай санагддаг. Ялангуяа цэл залуухан хүмүүс эндэхэд зүрх эмтрэх шиг л болдог доо. “Хайран сайхан залуу нас, аварчихсан бол...” гээд харамсах үе цөөнгүй бий. Гэхдээ тэр бүхэнд сэтгэл санаагаар унаад, хямраад байвал хамгаалах ёстой хүмүүсээ аварч чадахгүй болно.

-Та ярианыхаа эхэнд улаан бурхан, H1N1 зэрэг халдварт өвчний үед ачааны хүндийг үүрсэн гэж хэлсэн. Эдгээр өвчний үед цар тахлын энэ үеийнхээс ямар ялгаатай байсан бэ?

         -H1N1 вирус дэгдэхэд тахлын үеийн хувцас өмсөөд л ажилладаг байсан. Гэхдээ ковид-19 цар тахлыг бодвол нөхцөл байдал харьцангуй гайгүй байсан. Мөн Улаан бурханы үед бид “Халдвар авчих болов уу” гэх айдас маш бага байсан. Харин коронавирус бол шинэ төрлийн өвчин шүү дээ. Тийм ч учраас энэ өвчин яаж хүнд халдварладаг, хэрхэн эмчлэгддэг зэргийг мэдддэггүй байсан. Хоёр жилийн хугацаанд судалгаа хийгдэж, эмчилгээний арга нэвтэрснээр гайгүй болж байна.

“Хайран сайхан залуу нас, аварчихсан бол...” гэж харамсах үе цөөнгүй бий

-Та 30 жил ажиллахдаа хэчнээн хүнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бэ?

      -Би 2018 онд ХӨСҮТ-ийн оны аварга болж байсан юм. Тэгэхэд давтагдсан тоогоор 10 мянга гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна лээ. Энэ бол зөвхөн ХӨСҮТ-д ажилласан жилүүдэд тусламж үзүүлсэн талаарх тоо. Дашинчилэн сумын Хүн эмнэлэгт ажиллаж байх үеийн тусламж үйлчилгээг оруулаад буюу нийт 30 жилд хэдэн хүн сувилсныг тоолж үзээгүй.

-Та гэр бүлийнхнийхээ талаар танилцуулахгүй юу?

       -Цар тахлын хүнд үед ажиллахад ар гэр минь амгалан тайван байвал бидэнд ч гэсэн сайхан шүү дээ. Миний ханийг Найдангийн Гансүх гэдэг. Бид Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул иргэд. Нөхөртэйгөө арван жилд байхаасаа эхлэн үерхэж, гэр бүл болсон. Миний хань намайг сайн ойлгож, энэ мэргэжилдээ хэчнээн дуртай, яаж сэтгэл зүрхээ зориулдгыг минь мэдэрдэг учраас ар гэрийн бүхий л зүйлийг нуруун дээрээ үүрдэг. Цар тахлын энэ үед намайг ойлгож, дэмжиж байгаад баярлаж явдаг. Энэ завшааныг ашиглаад “Ханьдаа маш их баярлалаа” гэж хэлмээр байна.

Миний хань төрийн тусгай хамгаалалтын албанд ажилладаг, цэргийн хүн. Цэрэг хүн тушаалын дагуу ажилладаг учир энэ хатуу цагийг ойлгодог. 

-Таны мэргэжлийг хүүхдүүдээс нь өвлөж байгаа юу?

        -Одоохондоо хүүхдүүдээс минь миний мэргэжлийг өвлөж байгаа хүн байхгүй. Тэдний маань нэг Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа. Удаах охин минь санхүүгийн мэргэжил эзэмшиж, Ард кредит компанид ажиллаж байна. Харин бага охин маань 13 настай, ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Энэ маань л харин эмч болно гэж ярьдаг юм.


Гавьяат ажилтан Б.ХАНДМАА: Ээжийгээ халуун амьсгалаа хурааж байхад би дэргэд нь байж чадалгүй, цар тахлын голомтод ажиллаж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-17 21:16:36
    Найз Д.Ганчимэг : Баяр хүргэе. Бахархаж байна найзаараа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-15 22:33:49
    Төмөрхуяг багшийн гэр Алтанцэцэг багш нь: Шавьдаа баяр хүргэе, сайн сайхныг хүсэн ерөөе, Хишиг-Өндөр С. Алтанцэцэг багш.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-15 21:24:52
    наран: мундаг нутгийн эгч дээ амжилт хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-15 17:53:23
    С,Цэндсүрэн: Баяр хүргэе, Ажилд нь амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-15 16:22:15
    П. Хайтан: Mundag shuu ta mine minii huwid tus dem bolson erhem egch mine shu tanidaa ajiliin iluu ih amjilt buteel saihan buhniig husen yuruuy hundetgesen Budnaa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188