• Өнөөдөр 2024-04-19

АНХНЫ АТАРЧИН Д.НОРДОГЖАВ: ГАЗ-53 машин дээрээ улаан дарцаг хийсгэж, дасал болсон нөхдөө орхиод атар газрын зүг гарч байлаа

2021-05-10,   2969

1959 он монголчуудын хувьд хэзээ ч мартаж боломгүй түүхэн үе. Тэр үед атар газар эзэмших хөдөлгөөн улс даяар өрнөж, тариа тарина гэж мэдэхгүй, техник эзэмшиж үзээгүй залуус атрын анхны аянд мордож байлаа. Тэд бол атрын үүсэл хөгжлийн “алтан үе”, “анхны илгээлт”-ийн эзэд юм. Атрын анхны сангийн аж ахуй 1959 онд дөрөв, 1961 онд гурав байгуулагдсан түүхтэй. Төв аймгийн Баянцогтод анх атар газрын шанг татаж явсан цөөхөн тариаланчдын нэг болох Д.Нордогжав гуайтай ярилцлаа. Тэрбээр өдгөө 90 нас зооглож байгаа бөгөөд Баянцогтын сангийн аж ахуйд 30 гаруй жил ажиллаж, 1991 онд гавьяаны амралтаа авсан билээ.


-Атар газар тэр үеийн залууст амьдрал, хөдөлмөрийн сургууль болж байлаа-

-Та сайн байна уу. “Анхны атарчин” хэмээх алдар хүртэх замд анх хөл тавьж байснаа дурсахгүй юу?

        -Сайхан хаваржиж байна аа. Би 1931 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт айлын гурав дахь хүү болон мэндэлсэн. 1948 онд Цогтцэций сумын бага дунд сургуулийг төгсөж, Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуулийг 1951 онд дүүргэсэн. Улаанбаатар хотын тавдугаар сургууль болон Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр, Дундговь аймгийн сургуулиудад багшилж байгаад 1956 онд МАХН-ын уриалгаар ХАА-д гарч, Төв аймгийн “Замт” нэгдэлд бригадын дарга, МХЗЭ-ийн үүр, хорооны даргаар ажилласан даа.

1959 онд атар газар эзэмших хөдөлгөөн эх орон даяар өрнөж, төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж эхэлсэн. Тэр үед атарт саналаа өгсөн залуусын зургийг харж, дуу хоолойг нь сонсдог боллоо. Төв аймгийн МХЗЭ-ийн хорооны дарга А.Бадарчин атарт саналаа өгч, Дарханы сангийн аж ахуйн даргаар ажиллах болсон. Энэ бүхнээс надад атарт ажиллах хүсэл тэмүүлэл өөрийн эрхгүй төрсөн юм. Тэр үед би трактор жолоодох эрхгүй, мэргэжилгүй байсан учир 1959 оны намар Ар хустын сургууль комбинатад элссэн. Энэ сургуульд малчин, ажилчин, сэхээтэн зэрэг 400 орчим залуу суралцаж, трактор, комбайн, агротехник засвар, слесарийн болон токарь гагнуур гэх мэт хичээл заалгасан. Ингээд Хөдөө аж ахуйн яамны хуваарийн дагуу Баянчандманьд шинээр байгуулсан Мал аж ахуйн машинт станцад очиж, 1960 оны намрын тариа хураалтад цоо шинэ СК-3 маркийн комбайнаар “Замт” нэгдлийн Хонгорын хөндийн тариаг хурааж эхэлсэн. Ингэж л би атрын хөрсний ургацын дээжийг гараараа барьж, хөдөө аж ахуйн мэргэжлийн ажилтан, тариаланч болсон юм.

1961 оны хоёрдугаар сард Баянчандманийн Мал аж ахуйн машинт станцыг татан буулгаж, машин тракторын засварын газар болгох, Төв аймгийн Угтаалцайдам, Баянцогтын атрын сангийн аж ахуй байгуулах БНМАУ-ын тогтоол гарсан. Би найман залууг Баянцогтын сангийн аж ахуй руу авч явахаар болж, гурав хоног бэлтгэлээ базаагаад товлосон цагтаа  машинт станцын үүдэнд ГАЗ-53 машин дээрээ улаан дарцаг хийсгээд очлоо. Биднийг очиход найман залуугийн маань аав, ээж, эхнэр хүүхэд, найз нөхөд ирсэн байлаа. Станцын дарга н.Содном, мэргэжилтэн И.В.Алексей хоёр бидэнд атарт сайн ажиллаж, амьдрахыг ерөөгөөд үдэж билээ. Ингэж би зургаан жил ажилласан “Замт” нэгдэл, Баянчандмань сум, ижил дасал болсон нөхдөө орхиод атар газрын зүг хөдөлсөн юм.

Ингээд 1961 оны гуравдугаар сарын 29-нд Төв аймгийн Баянцогт, Угтаалцайдамын сангийн аж ахуйн цуваа одоогийн Драмын театрын үүднээс хөдөлж байлаа. Гуравдугаар сарын 29-ны орой Төв аймгийн Баянцогт сумын нутаг Дунд уртын голын сэрүүн дэнжид атрын шинэ сангийн аж ахуйн шаваа тавьж, гэр майхнаа барьсан. Дараа нь хятадын барилгачид Баянцогтын атрын сангийн аж ахуйн барилгыг барьж, байгуулсан. Ингээд арваннэгдүгээр сарын Октябрын баярын үе гэхэд 54 айлын орон сууц, хоёр айлын 10-аад орон сууц, хүүхдийн цэцэрлэг, 40 хүний суудалтай зоогийн газар зэрэг бүтээн байгуулалтууд ашиглалтад орсон байсан. Тэгж л бага зэрэг төвхнөж байлаа шүү дээ. 

-Тэр үед цаг үеийн нөхцөл байдал хэр байсан бэ?

     -Аливаа юмны анхдагч байна гэдэг хэцүү. 1960-аад оны эхэн үе бол цаг агаарын хувьд газар тариаланд тохиромжтой, сайхан үе байсан. 1961 оны тавдугаар сард атар газрын хагалгаа эхэлж, 15 мянган га талбай хагалах даалгавар авлаа. Атар хагалгааны бэлтгэл ажил өрнөж байх үед хүн хүч, ээлжийн тракторчин хүрэлцэхгүй болохоор нь Ар хустын сургууль комбинатад сурч байсан 42 хүүхдийг сургуулийг нь төгсгөлгүйгээр авч ирж, атарт ажиллуулсан. Атарчдын хоол унданд зориулж Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйгаас 600 хонь, Улаанбаатараас гурил, будаа, сахар, өөхөн тос, масло гэх мэт бүх хүнсээ татаж байлаа. Ингээд атар газрын хагалгаа эхэлсэн. 15 мянган га талбай гэдэг бага тайлбай биш. Нийт 40 гаруй тракторчин газар хагалж, хоёр сарын дараа буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө атар газрын хагалгаагаа дуусгасан. Энэ ажилд тэргүүн эгнээнд оролцсон залуусаас төрийн шагнал хүртсэн. Тэр үед миний шавь П.Алтансувд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнуулахад би өөрөө шагнуулсан юм шиг баярлаж билээ.

-Тэр үеийн атарчдын амьдрал, ахуй хэр байсан бэ?

        -Атрын бригадууд нэг тогооч, 10 гаруй тракторчтой байлаа. Эхний 1-2 хоёр жил атарчид маань гэр, майханд эсгий дэвсээд л хоноглодог байсан. Атарчдын амьдрал ер нь их хүнд байлаа шүү дээ. Засварын газарт дулаан байр байхгүй учир өвлийн цагт цасан шуургатай, жавар тачигнасан үед төмөртэй ноцолдоод, засвар хийнэ гэдэг хэцүү.

Намайг курст багшилж байхад ЗХУ-ын мэргэжилтэн, зөвлөх инженер Бубнов над дээр хүрч ирээд “Энэ залуучууд дулаацах гэрт орчихоод ажилдаа хойрго хандаад байна. Хоёулаа нэг оръё” гэж байна. Тэгээд залуустай яриа хийгээд сууж байтал Бубнов “Бидэнд ганцхан жил ийм бэрхшээл тохиолдож байгаа. Ирэх жил бид дулаан байранд засвар хийнэ. Бидэнд ухрах газар байхгүй. Урагшаа, нөхөд өө” гээд баруун гараа өргөөд, чанга дуугаар хэлж байлаа. Тэгэхэд манай залуус “Ура” гээд тэр хүйтэнд засвараа хийхээр гарч байлаа. Тэгж л залуустаа урам зориг, хатуужил өгч, ажилласаар хаврын тариалалтын бэлтгэл ажил бүрэн дуусч, атрын анхны үр тариагаа тарьж байсан түүхтэй. 

Аливаа юмны анхдагч байна гэдэг хэцүү

Ургац хураах болоход үр тариа буулгах талбайгаа бэлтгэнэ, хураалтын техникийг бэлэн болгоно гээд дараагийн ажил нь зай завсаргүй. Өглөө гараад орой гэхэд үр тариагаа тарьж дуусаад, хоол унд идчихээд амарна. Маргааш өглөө нь эрт гарахгүй л бол тариа тарина гэдэг хавар нэг хоног алдахад намрын 10 хоногийг алдсантай тэнцүү болно. Тэр үед ЗХУ-ын цэвэршил сайтай тариагаар үр тариа тарьж байсан. Тэр тариа долоо хоног болоод л соёолж байгаа юм. 1962 оны зун бороо хуртай, яасан ч сайхан зун байсан юм бэ дээ.

Ургац маань ногоон өнгөө засаад наймдугаар сар гэхэд алтан шаргал өнгөө олж байлаа. Наймдугаар сарын 20-доор ангилан хадалтанд орж байлаа. Тэр жилийн ургац их өндөр, сайн ч байсан. Талбайн зарим хэсгийн ургац салхинд толгойгоо даахгүй, газар налдаг байсан.

Зөвлөх инженер И.В.Писменин, ерөнхий инженер, механикч Д.Нордогжавын хамт... 

-Анх тариа тарьж байгаа хүмүүс болохоор мэдэхгүй, чадахгүйн зовлон их байсан уу?

        -Мэдэхгүй, чадахгүйн зовлон, дутах, гачигдах зүйл их байлаа. Хамт олныг бүрдүүлэхэд удирдлага анхаарах ёстой гэдэг зүйл их харагддаг юм билээ. Эхний үед залуус маань газар ухах, хашаа барих, ачаа бараа ирвэл түүнийг буулгах зэрэг хий гэсэн ажлыг л хийдэг байсан. Би чадахгүй, хийхгүй гэж хэлэх хүн бараг байхгүй. Хар, бор ажилд нухлагдаж байгаагүй, эрх танхил өссөн зарим хүн нь атраас зугтаах үе байдаг л байсан. Газар тариалангийн ажил гэдэг нарийн технологиор хийгддэг ажил шүү дээ. Үр тариаг авачаад газарт асгачихдаг, гараад ирэнгүүт нь зүгээр авчихдаг ажил ерөөсөө биш юм. Үрийн суулгалт, боловсруулалтыг нь харна, ургацаа яаж тордох билээ гэх зэрэг ажил ихтэй. Зуны цагт тариа, ногоогоо хяруунаас хамгаална. Тариа, ногоог хүүхэд асарч байгаа юм шиг л арчлах ёстой.

-Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг хэцүү гэж та хэллээ. Атрын анхдугаар аяны үед гэмтэл, осол хэр гарч байсан бэ?

        -Атрын анхны хаврын тариалалт эхэлж, дуусахад хоёр, гуравхан хоног үлдсэн байсан. Би сангийн аж ахуйн төв дээр ажилтай байж байтал Өөлдийн ухаа гэдэг газарт осол гарлаа гэсэн таагүй мэдээ дуулдлаа. ЗХУ-ын мэргэжилтэн Бубновтай хамт осол гарсан газарт очтол трактораар үрийн будаа тээж явсан залуу газар дөтлөх гээд баталгаатай бус замаар явжээ. Будаа гэдэг жигтэйхэн хүнд шүү дээ. Гэтэл тэр хүнд ачаатай чиргүүлд уруу газар түрэгдээд миний шавь н.Шагдарсүрэн маань нас барсан. Их харамсалтай, тэр үед надад ёстой хэцүү үе байлаа.

Трактор дээр ажиллах, техник аюулгүйн дүрэм гэдэг хичээлийг би заадаг байсан. Хичээл заасан гэх гарын үсгийг тэр үед хүүхдүүдээс авдаг байлаа. Гэтэл миний хичээл заасан шавь минь амь үрэгдсэн.

Талийгаачийн гэрт нь дэгж дэрвэсэн хүүхэдтэй эмэгтэй үлдэж байгаа юм. Тэр эмэгтэйд яаж хэлэх учраа олохгүй, очиж хэлэх хүн олдохгүй. Цагдаа нартай хамт очиж, осол гарсан талаар эхнэрт нь хэлж байлаа. Тийм хүнд явдал их ажлын үед гарах аюул байсан. Би боддог юм, аливаа ажлыг хийлгэж байгаа бол удирдлагын зүгээс хүмүүстэйгээ сайн ажиллаж, байнга анхаарал, санамж өгч байх хэрэгтэй.

-Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуй хэр том байсан бэ?

    -Эхлээд байгуулагдахад Улаанбаатараас дөрвөн чиргүүлтэй машин, түлш цэнэглэгч машин, техник засварын машинтай хүмүүс болон сангийн аж ахуйн дарга, нягтлан зэрэг нийт 30 гаруй хүн сангийн аж ахуйн шавыг тавьсан. Түүнээс хойш газар газраас хүмүүсээ татаж эхэлсэн. Атрын анхны өвөл болох үеэр бараг 200 орчим хүнтэй болсон байлаа.

Манай Баянцогтын сангийн аж ахуй томоохон сангийн аж ахуйн тоонд зүй ёсоор ордог. 38 мянган га эргэлтийн талбайтай. Жилд 15-20 мянган га газар үр тарьдаг. Хамгийн багадаа 12 мянга, ихдээ 28 мянган тонн үр тариа хурааж байсан. Ингээд бодохоор 29 намар үр тариа хураахад 500-гаад мянган тонн үр тариаг улсад тушаасан байгаа юм.

1960-аад оны сүүлчээр, газар тариалан ид хөгжиж байсан үед улсын хэмжээнд 500 мянган тонн хүрэхтэй үгүйтэй ургац тушааж байлаа. Тэгэхэд энэ хэмжээний ургацыг манай сангийн аж ахуй тушааж байсан. Угтаалын сангийн аж ахуй манайхыг бодвол илүү их ургац хураадаг байсан. Баянцогтын сангийн аж ахуй сүүний механикжсан гурван ферм (400 үнээний)-ийг 1970-аад оны үед байгуулж, Улаанбаатар хотод 40 гаруй сая литр сүү нийлүүлсэн байдаг.

Тариаланч хүн уйгагүй ажиллах хэрэгтэй

Зах зээлийн шилжилтийн үеэр сангийн аж ахуйнууд хувьчлагдахад Баянцогтынх хамгийн эхэнд хувьчлагдсан. 50 гаруй автомашин, 100 орчим трактортой байсан сангийн аж ахуй 42 хэсэг болж, тарсан. Нэг хэсэг газар тариалан уналтад орж, атрын гуравдугаар аянаас эхлэн дээшилж байна.

Газар зохион байгуулалтын хөрс судлалын экспедиц ажиллаж Эг-Үүр, Зэлтэр, Дархан, Хэрлэн гэх дөрвөн газарт атрын сангийн аж ахуйг 1959 онд байгуулахаар болсон юм. Харин 1960 онд Төв аймгийн Угтаалцайдам, Баянцогтын сангийн аж ахуйн атар хагалах газрын шинжилгээг хийж дууссан юм. 1961 онд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур зэрэг гурван сангийн аж ахуй байгуулагдсан. Долоон сангийн аж ахуй байгуулагдсан атал дөрөв гэж яриад байдаг. Хойч үеийнхэндээ ингэж ойлгуулж болохгүй. Би үүнд их харамсдаг юм.

-“Хөхөө гэрлэх дөхлөө”, “Сэтгэлийн дуудлагаар” зэрэг киног атрын нэгдүгээр аяны үед бүтээсэн байдаг. Энэ киног үзэх болгонд танд их сайхан санагддаг уу?

         -Атар хагалгааны ажил ид дуусаад намар болох үед Монгол кино үйлдвэрийн хүмүүс сангийн аж аухйд ирж “3-4 комбайн гаргаж өгөөч” гэхээр нь өглөө. Тэр үед “Хөхөө гэрлэх дөхлөө” киног хийсэн юм. Тэр кино атарчдын үзэх дуртай кино, дуулах дуртай дуу, бүжиглэх дуртай аялгуу болж байлаа. Мөн 1963 онд намайг ерөнхий инженерээр ажиллаж байх үед н.Доржпалам гээд найруулагч атар хагалгааны талаар кино хиймээр байна гээд “Өглөө 04:00 цагт, үүр гэгээрэх үед зураг авна. Тэр үед тракторууд бэлэн байх ёстой шүү” гэлээ.

Тэгээд “Сэтгэлийн дуудлагаар” хэмээх кино бүтсэн. Тэр кинонд би анжис тохируулж яваа харагддаг юм. Тэр киног одоо үзэхээр их сайхан санагддаг. “Ургацын далай” нэвтрүүлэг сонсогдоход л сэтгэл хөдөлж, баярладаг.

“Хэвлэл мэдээлэл, урлаг соёлынхон бидэнтэй адил атарчид юм” гэж би дандаа бодож явдаг. Энэ тухай “Хүмүүс” сонинд нийтлүүлсэн байдаг. Яагаад вэ гэхээр атарчдын гэр, майханд хөгжим, дуу хуураа эгшиглүүлж, биднийг зоригжуулж байлаа шүү дээ.

-Маршал Ю.Цэдэнбал тэр үед БНМАУ-ыг удирдаж байсан. Та дурсамж нийтлэлдээ түүний талаар дурдсан байсан. Тэр дурсамжаасаа хуваалцахгүй юу?

        -1962 оны намрын тариа хураалт ид явагдаж байлаа. Хотоос ирсэн сэлбэгийг буулгуулах гээд няравтай хамт байж байтал сангийн аж ахуйн дарга “Өөлдийн ухаагийн үтрэмийн цахилгаан станц ажиллахгүй боллоо, яаралтай ирж засварла” гээд бичиг ирүүллээ. Бэлэн мотор байсныг шуудайнд хийж, будааны машинд дайгдаад Өөлдийн ухаад очлоо. Гэтэл үтрэм дээр 20 орчим будаа ачих машин дугаарлаад зогсчихож. Машинаасаа буутал хэд хэдэн хүмүүс над руу даллаж байна. Яваад очтол Ю.Цэдэнбал дарга, Сангийн аж ахуйн удирдах газрын дарга н.Лоохууз нар ирчихсэн байв. Би мэндэлж байгаа ухаантай хүн болоод аман дотроо “Сайн байна уу” гэж дуугарах аядаад толгой дохилоо.

Тэгтэл Ю.Цэдэнбал дарга “За нөхөр минь, тариа хураалтын үед инженер, механикийн алба гэдэг түргэн тусламжийн эмч гэсэн үг. Энэ олон машиныг хүлээлгээд яасан удаан явдаг юм” гэж зэмлэнгүйгээр надад хэллээ. “Өө, би сая дөнгөж сонсоод мотор аваад будааны машинд сууж ирлээ” гэж хэлтэл Ю.Цэдэнбал дарга Сангийн аж ахуйн даргад “Инженер, механикийн албанд унаа гаргаж өгөөгүй юм уу. Тариа хураалтын бэлтгэлээ хангаагүй дарга байна шүү дээ. Эд нарт нэг дуудлагын машин гаргаж өгмөөр юм байна” гэлээ. Гэтэл н.Лоохууз дарга толгой дохиж байна. Тэгэхээр нь "Машин өгөх нь дээ" гэсэн шүү юм бодоод өнгөрлөө. Ю.Цэдэнбал дарга хүний хийх ёстой зүйлийг яг л хийдэг хүн байсан.

Цөөн хоногийн дараа өнөөх сангийн аж ахуйн даргыг өөрчлөөд н.Чойжилжав гээд Байдрагийн сангийн аж ахуйд ажиллаж байсан хүнийг томилсон байна лээ. Ю.Цэдэнбал дарга “Бид тэргүүн туршлага гэдэг зүйлийг гаднаас хайх бус дотроосоо харах ёстой” гэж хэлж байлаа.

-Өнөөгийн газар тариалангын салбарын хөгжил, бодлогыг та юу гэж хардаг вэ?

          -Газар тариалангийн салбар биеэ даагаад явах чадалтай болсон. Сүүлийн үеийн дэвшилтэд техник технологиуд нэвтэрч байна.

Ашигт малтмал барагддаг баялаг. Харин газар тариалан болон мал аж ахуйн салбарын баялаг хэзээ ч шавхагдахгүй. Хөрсөө сайн хамгаалж, үр тариагаа ургуулсаар байх юм бол биднийг тэжээгээд л байх болно. Мал бол байнга өсөж, үржиж байдаг. Үүнийгээ л бид сайн тордож, өндөр ашиг шим өгөх хэмжээнд хүртэл хөгжүүлэх хэрэгтэй.

-Залуу тариаланчдад хандаж юу гэж хэлэх вэ?

     -Мэргэжил, техниктээ эзэн болж, шинжлэх ухааны ололт амжилтыг мэдлэгтээ ашиглаж, үүгээрээ арвин ургац хураах хэрэгтэй. Биеэ дайчил. Тариаланч хүнд олон бэрхшээл таарна. Ургаж байгаа тариаг нь хяруу цохиж магадгүй. Тариагаа сайн хамгаалж, хөрсөө сайн торд. Тариаланч хүн уйгагүй ажиллах хэрэгтэй шүү гэж ахмад атарчин би хэлэх байна даа. 

-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье. 

-Баярлалаа. 


АНХНЫ АТАРЧИН Д.НОРДОГЖАВ: ГАЗ-53 машин дээрээ улаан дарцаг хийсгэж, дасал болсон нөхдөө орхиод атар газрын зүг гарч байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-12 09:31:06
    Д.Октябрь : Ноёо даргадаа эрүүл энхийг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-12 09:30:46
    Д.Октябрь : Ноёо даргадаа эрүүл энхийг хүсэе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-11 12:45:39
    Цэрэндагва Чинбат: Хайр ах даа урт удаан наслах болтугай санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай эрүүл энх аз жаргал хүсье Шоовдорын Батбуянгын хамт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-11 08:58:02
    Галбадрах Батбаяр: Таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-10 22:47:04
    Гомбо. Баатар: Сайн байна.уу Нордогжав гуай.Таны ярьцагыг уншаад аавтай уулзсан юм шиг боллоо.таньд эруул энх аз жаргал хамгиин сайн сайхан бухниигхусье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-10 21:34:45
    Мөнхжаргал: Танд эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-10 21:23:34
    ЭНХТӨР: Баярлалаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188