Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 77 жилийн ой өчигдөр болж өнгөрлөө. “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг буулгажээ. Энэ өдөр Монгол Улсад 10 бригадын генерал цолтон төрсний нэг нь Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар байлаа. Бригадын генерал Д.Ганбаатартай ярилцлаа.
-Ерөнхийлөгч зарлиг буулгаж, танд бригадын генерал цол олгохоор болжээ. Танд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
Цэргийн цолыг хүмүүс шагнал гэж ойлгоод байдаг тал байдаг шүү. Энэ бол шагнал биш. Хариуцлага гэж ойлгож болно.
-Баярлалаа. Сайхан мэдээтэй “Монгол генералуудын өдөр”-ийг үдэж байна. Байлдагчаасаа эхлээд өнөөдрийг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, бригадын генерал цол хүртэж байна. Хил хамгаалах байгууллагад 33 жил ажиллажээ. Харвасан сум шиг өнгөрсөн байна шүү. Энэ цаг хугацаанд олон ч газар алба хашиж, бусад аавын хүүгийн адил Монгол Улсынхаа төлөө зүтгэж явна. Үе үеийн алба хаагчдадаа, эрхэм генералууддаа баярын мэндийг танай сайтаар дамжуулан хүргэхэд таатай байна. Хувь хүнийхээ зүгээс энэ эрхэм цолыг хүртэж байгаадаа баяртай байгаа. Цэргийн цолыг хүмүүс шагнал гэж ойлгоод байдаг тал байдаг шүү. Энэ бол шагнал биш. Хариуцлага гэж ойлгож болно.
-Цолоо удахгүй гардаж авах байх. Ямар мэдрэмж төрж байна вэ?
-Бид хувцасны захиалгаа өгч, үйл ажиллагаанд бэлдэж байгаа. Хоёр, гурав хоногоос гардуулах юм шиг байна лээ. Хэдийгээр цолоо зүүгээгүй байгаа ч энэ тухай сонсох агшин гоё мэдрэмж төрүүлдэг юм байна. Ганц л амьдрах хорвоод цэргийн хүний амьдралыг сонгосондоо баярлаж, бас бахархах өдрийн нэг байлаа. Цэргийн хүний амьдралыг сонгосон мөрдэстэй болгон л энэ эрхэм цолонд хүрэхийг хичээж, зүтгэдэг шүү дээ. Миний хувьд энэ амьдралыг сонгосон үүрэг, чиглэл минь биеллээ олж байна бодож сууна. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд надтай хамт мөр зэрэгцэн зүтгэсэн, зүтгэж байгаа алба хаагчдадаа, хамт олондоо надад үнэтэй, алт шиг сургуулиа хайрлаж, зөвлөж байсан багш нартаа, өдий зэрэгтэй явах бүхий л хүч, тулгуур минь болсон аав, ээж, хань, үр хүүхдэдээ баярлаж байна. Энэ сайхан мэдрэмжээ тэдэнтэйгээ хуваалцмаар санагдаж байна шүү. Хил хамгаалах байгууллагынхаа хөгжил дэвшлийн төлөө өнгөрсөн он жилүүдэд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа дайчлан ажиллах болно.
Цэргийн хүний амьдралыг сонгосон мөрдэстэй болгон л энэ эрхэм цолонд хүрэхийг хичээж, зүтгэдэг шүү дээ.
-Хил хамгаалах байгууллагад та 33 жил зүтгэжээ. Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?
-Юм гэдэг ер нь сонин шүү. Цэргийн нэгдсэн дээд сургуульд дөрвөн жил сураад, дэслэгч цолтой төгссөн. Тэгээд 1992 онд Замын-Үүд дахь хилийн 0108 дугаар ангид шалгагчаар томилогдож байлаа. Удалгүй тэр ондоо шилжиж, Буянт-Ухаа дахь хилийн 0218 дугаар ангид Офицер шалгагч, Дүн шинжилгээ мэдээллийн офицер, Шалган нэвтрүүлэх заставын даргын алба тушаалыг хурандаа цол хүртлээ гүйцэтгэсэн.
Яагаад сонин гэж хэлж байгаа вэ гэхээр би ажлын гараагаа эхэлж байсан хоёр ангидаа дараа нь захирагчаар нь томилогдож очсон. Шинэхэн дэслэгч байхдаа томилогдож, ажиллаж, ажлын гараа гэдгийг мэдэрсэн анги талбартаа захирагчаар нь томилогдох ховор хувь заяа надад оногдсон юм. Миний хувьд энэ давхацсан үйл явдал ховорхон хувь заяа юм шиг санагддаг.
-Ажлын гараагаа эхэлж байсан ангидаа захирагчаар очих тушаал сонсох ямар байсан бэ. Шинэхэн дэслэгч “Эргээд энэ ангид захирагч болоод ирнэ” гэж бодож байсан болов уу?
-Тийм зүйл бодох сөхөөгүй залуу байж дээ. Омголон ч байж. Дөнгөж төгссөн дэслэгч яахин тийм зүйл бодож амжих, төсөөлж бодох билээ. Мэдэхгүй шүү дээ.
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчаар хоёр жил гаруйн хугацаанд ажилласан. Энэ хугацаанд хамт олныхоо хичээл зүтгэл, гар нийлэмжийн хүчинд манай анги Хил хамгаалах байгууллагын тэргүүний анги болж байсан сайхан түүх бидэнд бий. Энэ цаг үедээ би Хилийн цэргийн тэргүүний отръяадын даргаар ажиллаж байсан. Ийм л гараа, бариа хоёр нь тэнцсэн он жилүүд байсан даа. Энэ үедээ би хамгийн их хайртай, нандигнаж явдаг юм.
-Улсын хил хамгаална гэдэг маш хариуцлагатай ажил. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
- Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийг сайжруулах, шалган нэвтрүүлэх арга замыг боловсронгуй болгох үйл хэрэгт гар нийлэн хамтарч ажиллах, хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Хилчид минь өдөр, шөнө, цаг агаарын ямар ч нөхцөлд, аль ч үед үүргээ гүйцэтгэж байдаг. Манайх чинь улсын хилийг хамгаалахаас гадна хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх алба, боомтын аюулгүй байдлыг хангах Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй.
-Генерал цолонд хүрнэ гэж бодож байсан удаа бий юү. Цэргийн хүн бүрийн л мөрөөддөг цол гэж хэлсэн шүү дээ?
-Цэргийн сургуульд сурч байхдаа үеийнхээ найзууд, он жавуудаараа сууж байгаад “Бид чинь одоо ингээд дэслэгч цолтой боллоо. Цаашдаа ахлах дэслэгч, ахмад, хошууч гээд цолнуудаа цаг хугацаа нь болохоор авна. Тэгэхээр хэдүүлээ 50 насныхаа алдад генерал цол зүүчих юм байна шүү дээ” гээд мөрөөдөл болгож ярьж суусан. Цол хоорондын хугацааны жилийг үржүүлж бодоод 50 нас гэж гаргасан гэсэн үг. Дэслэгч цолтой болж байхдаа л ингэж ярьж байсан. Энэ мөрөөдөл биелэх өдөр бас ирдэг л юм байна.
-Та одоо хэдэн настай вэ. Он жавуудаас тань генерал цолоо авсан хүн бий юү?
-Одоо 51 нас хүрч байна даа. Яг л бидний ярьж байсан нас байгаа биз дээ. Он жавуудаасаа би хамгийн анхны генерал нь болж байгаа.
-Та аль нутгийн хүн бэ?
-Манай аав, ээж Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул. Харин би Улаанбаатар хотод төрж өссөн.
-Яагаад цэргийн болох болсон. Тэр дундаа хилийн цэргийн хүн болохоор болсон юм бэ. Удам дамжсан хилчин үү?
18 настай хүү аавынхаа зурсан зургаар л өдийг хүртэл амьдарч байна. Удам дамжсан хилчин хүү аавдаа хөтлүүлээд, цэргийн сургуульд орж байсан түүх ийм.
- Би уг нь гадаадын сургуульд явах боломжтой хэмжээнд өөрийгөө хөгжүүлж, бэлддэг байсан юм. Ерөнхий боловсролын сургууль төгсдөг жил аав цэргийн сургуульд хөтөлж аваачаад оруулчихсан. Өөр мэргэжил бодох ч боломж олгохгүйгээр цэргийн хүн болгосон доо. Аав минь насаараа хилийн цэргийн байгууллагад ажилласан. Гурван ах минь аавын мэргэжлийг эзэмшсэн гээд манайх удам дамжсан хилчин айл байлаа. Ингээд л би цэргийн амьдралаар 30 гаруй жил амьдарч байна. 18 настай хүү аавынхаа зурсан зургаар л өдийг хүртэл амьдарч байна. Удам дамжсан хилчин хүү аавдаа хөтлүүлээд, цэргийн сургуульд орж байсан түүх ийм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа. Монголын минь хил үеийн үед амгалан байх болтугай.
Бригадын генерал Д.ГАНБААТАР: Удам дамжсан хилчин хүү аавдаа хөтлүүлээд, цэргийн сургуульд орж байлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |