• Өнөөдөр 2024-04-18

Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Болдог бол олимпод оролцох бүх тамирчинтай тоглож үзмээр байна

2021-04-26,   1181

Япон Улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах “Токио-2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд 90 хүрэхгүй хоногийн хугацаа үлджээ. Тус тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг дуурьсгах Үндэсний шигшээ багийн тамирчид дундаас хамгийн отгон нь болох ширээний теннисийн тамирчин Б.Болор-Эрдэнийг уншигч та бүхэнтэй “Энэ цагийн эзэд” булангаараа уулзуулж байна. Тэрбээр 65 жилийн түүхтэй Монголын ширээний теннисийн спортын түүхэн дэх анхны олимпын наадамд оролцох эрхийг авч, түүх бүтээгээд буй нэгэн. Өдгөө 18 настай Б.Болор-Эрдэнэ 2018 онд УАШТ-д түрүүлсэн билээ.

-ӨӨРИЙН ЧАДАХААСАА ДАВУУЛЖ БЭЛТГЭЛЭЭ ХИЙХГҮЙ Л БОЛ БОЛОХГҮЙ-

-65 жилийн түүхтэй Монголын ширээний теннисийн спортын түүхэнд анх удаа олимпын наадамд оролцох эрхийг авч чадсанд баяр хүргэе. Өөрөөрөө бахархахын сацуу маш их хариуцлага мэдэрч байгаа байх?

       -Баярлалаа. Үнэхээр их баяртай байгаа. Монголд ширээний теннисийн спорт хөгжөөд 65 жил болж байхад анхных нь олимпын эрхийг авсан болоод ч тэр юм уу үнэхээр сайхан байна. Тусалж дэмждэг бүхий л хүмүүстээ “Баярлалаа” гэж хэлмээр байна. Дэлхийн хамгийн том, маш хариуцлагатай тэмцээнд оролцох учир “Өөрийн чадахаасаа давуулж бэлтгэлээ хийхгүй л бол болохгүй” гэж бодож байгаа.

-Анх энэ баярт мэдээг хэнд дуулгасан бэ. Хэрхэн, ямар байдлаар хүлээн авсан бэ?

       -Олимпын наадамд оролцох эрх авсан мэдээгээ хамгийн түрүүнд аав, ээж хоёртоо дуулгасан. Тэр хоёр маань үнэхээр их, магадгүй надаас илүү их баярлаж хүлээн авсан байх аа.

-“Токио-2020” зуны олимпын наадмын ширээний теннисийн төрөлд оролцох эрхийн төлөө Монгол Улсын тамирчид хоорондоо тоглосон. Тэр үед “Би жоохон нь юм чинь ах, эгч нартаа өгье” гэж бодсон уу?

       -Тэмцээнээс өмнө Биеийн тамир спортын хорооноос тамирчдыг “Найрамдал” зусланд аваачиж бэлдэж байсан. Тухайн үед бэлтгэлдээ хамгийн их анхаарч чадаж байсан болохоор сайн бэлдсэн. Харин тоглолтын үеэр бүх хариуцлагыг өөртөө үүрч байгаа гэж бодоод “Би хожно доо” л гэж тоглосон.

-СЭЗИС-д Бизнесийн удирдлага чиглэлээр суралцаж байгаа. Нэг талаараа суугаа гэж хэлэгддэг бизнесийн төрлийн мэргэжил, нөгөөтээгүүр илүү их хөдөлгөөн шаарддаг ширээний теннисийн спортын хооронд асар их ялгаа гарна. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Бизнесийн мэргэжлээ өөрийн хүслээр сонгосон. Ширээний теннисийн спорт Монгол Улсад бусад улсаас арай бага хөгжсөн. Ирээдүйд өөрийн мэргэжлээрээ дамжуулан спортын чиглэлийн бизнес, санхүүг хөгжүүлэхийг хүсдэг. Өөрөө л хүсэж, сонгож, явж байгаа болохоор нэг их хэцүү зүйл байхгүй ээ. Ирээдүйд ч тоглосоор байх болно. 10 жил энэ спортоороо хичээллэсэн болохоор цаашид тоглохгүй байж чадахгүй байх (инээв).

-Анх ширээний теннисийн спорттой ямар түүхээр учирч байсан юм бэ. Ер нь яагаад энэ спортыг сонгож, үүгээр хичээллэх болов?

       -Анх маш санамсаргүй байдлаар ширээний теннистэй холбогдож, нэг л мэдэхэд 10 гаруй жил энэ спортоор хичээллэсэн байна (инээв). Бага ангийн сурагч байхдаа ямарваа нэгэн спортын секц, дугуйланд явах хүсэлтэй, хичээлээс өөр чаддаг юмтай болъё гэж бодсон юм. Тэгж бодсоор нэг л мэдэхэд ширээний теннистэй холбогдож, энэ спортод хайртай болсон байсан даа.

-“Хичээлээс өөр чаддаг юмтай болъё” гэж анх бодож байсан гэлээ. Харин тэр цагаас хойш 10 жилийн дараа өнөөдөр юу юу чаддаг болов оо. Ширээний теннисээс өөр сонирхол бий юу?

       -Ер нь бол ширээний теннистээ л дуртай. Чөлөөт цагаараа ч ширээний теннисээр тоглож, бэлтгэл сургуулилтаа хийж байдаг. Магадгүй өөр хийх юм байдаггүй ч байж мэдэх юм (инээв).

-ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХОЖИХ, ХОЖИГДОХ ТУХАЙ БОДДОГГҮЙ. БӨМБӨГӨНДӨӨ Л АНХААРЧ, ӨӨРИЙНХӨӨ ЧАДАХАА Л ХИЙДЭГ-

-18 настайдаа Үндэсний шигшээ багийн гишүүн болж, Монгол ширээний теннисийн түүхийг бичиж байна шүү дээ. Үеийн найз, нөхдөөсөө түрүүлж алхаж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан уу?

       -Намайг олимпод оролцох болсныг дуулаад үеийнхэн, найзууд маань үнэхээр их баярлаж байсан. Яагаад гэвэл анхны олимпын эрхийг нь авсан болохоор юм болов уу. Анхны бүхэн сайхан шүү дээ. Нэг талаараа би үеийнхнээсээ илүү их хичээж, бэлтгэлээ хийж чадсан болохоор л энэ их амжилтад хүрч чадсан байх аа.

-Энэ хүртэл явахад ширээний теннисийн спорт чамаас юу шаардаж, юуг авч байсан бэ. Энэ спортод авьяас илүү юу, хөдөлмөр илүү юу?

       -Хөдөлмөр юм болов уу. Ширээний теннисийн спорт маш их мэдрэмж шаарддаг болохоор тэр хэрээр нь л өөрийгөө бэлдэж байх хэрэгтэй. Бөмбөгөө мэдрэхийн тулд бэлтгэл, сургуулилтаа тасалж болохгүй.

-2018 онд 16 настай байхдаа л насанд хүрэгчидтэй хамт тоглоод УАШТ-ий аварга болсон шүү дээ. Тухайн тэмцээний үеэр ямар санагдаж байсан бэ. Их түүхтэй дурсамж болж үлдсэн байх?

       -2018 оны УАШТ-ий хагас шигшээ шатанд өөрийн хүндэлж, биширч явдаг УАШТ-ий 10 удаагийн аварга Б.Батхишиг эгчийгээ хожиж, аваргын төлөө гарч байсан. Миний хувьд тэр тоглолт л хамгийн их дурсамж үлдээсэн тоглолт. Надад Б.Батхишиг эгчийг ялна гэсэн итгэл байгаагүй. Тоглолтын үеэр хожих, хожигдох тухай боддоггүй. Бөмбөгөндөө л анхаарч, өөрийнхөө чадахаа л хийдэг. Өрсөлдөгчдөө, бөмбөгөндөө, ракетдаа анхаарч, бүрэн тоглолтдоо ороход өөр юуны ч талаар бодож, анхаардаггүй. Нэг л мэдэхэд тоглолт дууссан байдаг.

-16 насандаа УАШТ-д түрүүлсэн тухайн үеийн Б.Болор-Эрдэнэ өнөөгийн олимпод оролцох эрхээ авсан Б.Болор-Эрдэнэ хоёрын хамгийн том ялгаа юу вэ?

-Хамгийн том ялгаа нь гэвэл өнөөгийн би илүү их бэлтгэл хийж, тоглолтын ур чадвар, туршлага нь арай их нэмэгдсэн байх. Бас арай илүү өөртөө итгэлтэй байж чаддаг болсон юм болов уу гэж бодож байна. 16 настай байхдаа би олимпын наадамд оролцох эрх аваагүй нэгэн байлаа. Харин одоо бол олимпын наадамд Монгол Улсынхаа нэрийг дуудуулах хариуцлагатай нэгэн болоод байна. Тиймээс өөрийн бүхий л чадлаараа хичээх болно.

-Олимпын наадамд оролцох бэлтгэлээ хийхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл бий юу. Өөрийгөө хурцалж, бэлдэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

      -Өмнө их байдаг байсан одоо бол гайгүй ээ. Өмнө нь гадна, дотнын тэмцээн, уралдаанд оролцох зардлын мөнгөнөөс эхлүүлээд л бэлтгэлийн орчин, нөхцөл бүрдэхгүй зэрэг маш их асуудал тулгардаг байсан. Харин одоо бол ширээний теннисийн шигшээ багтай болж асуудлууд арай багассан.

-Ирэх “Токио-2020” зуны олимпын зохион байгуулах гэж байгаа Япон Улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор зуны олимпын наадмыг цуцалж болзошгүй гэх мэдээлэл тархах боллоо. Хэрэв цуцалбал хичээж бэлдсэн, Монгол Улсынхаа нэрийг дуудуулах боломжоо алдаж ч болохоор байна шүү дээ?

       -Зуны олимпын наадам ямар нэгэн саад, бэрхшээлгүй зохион байгуулагдаасай гэж хүсэж байгаа. Болдог бол олимпод оролцох бүх тамирчинтай тоглож үзмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлс, спортын их наадамд нь өндөр амжилт хүсье.

-Маш их баярлалаа. Хичээх болно.


Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Болдог бол олимпод оролцох бүх тамирчинтай тоглож үзмээр байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188