-ААВЫНХАА УРЛАГИЙН, ЭЭЖИЙНХЭЭ БАГШИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ДАГАСАН УЧИР БИ ИХ АЗТАЙ-
-Гавьяат багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Шавь нар, гэр бүлийнхэн нь баярлахаас гадна хамгийн их баярлаж, таныг энэ сайхан гавьяа шагналыг авна гэж хүлээж байсан хүн ээж нь байх аа. Охиндоо ямар баярын сэтгэгдэл хуваалцсан бол?
-Баярлалаа. Миний хувьд Оросод төгөлдөр хуурчаар сургууль төгсөж ирээд, Дуурийн театрт ажиллаж байх хугацаандаа Багшийн дээдэд багшилж байлаа. Тэр үеэс хойш 40 орчим жил багшийн ажлыг хийсэн байна. Гэхдээ дунд нь 14 жил Өвөр Монголын Бугат хотод төгөлдөр хуурын багшаар ажилласан. Ажиллаж, хөдөлмөрлөснийхөө үрийг үзээд, ийм сайхан шагнал хүртсэндээ баяртай байна. Тэр дундаа намайг урлагийн хүн, багш болгосон аав, ээждээ хамгийн их баярлаж сууна. Тэд минь намайг зөв сайхан хүмүүжүүлж, улсынхаа төлөө чин үнэнчээр ажиллах ёстой гэдгийг мэдрүүлж өсгөсний л ач буян шүү дээ. Бид эхээсээ арвуулаа. Аав минь их сайхан дөлгөөн номхон ааштай, бас их алиа хүн байлаа. Ээж минь багш. Ардын хүүхдүүдэд эрдэм ном заахаас гадна хүүхдүүддээ ч чанга багш байлаа. Биднийг багаас л хувцас хунарыг нь оёулж, хөдөлмөрлөж, өөрсдөө бүх юм аа хийхэд сургасан. Ээлжилж хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ. Дүү нарыг маань дөрөвдүгээр ангиас нь хөл машин дээр суулгаж, юм оёулдаг байсан. Энэ бүхний хүчинд бид айл гэр болоод, өрх тусгаарлахдаа хэн нь ч амьдралд түүртээгүй. Одоо ээж минь 100 гаруй ач, зээтэй, тав дахь үеэ үзэж байна. Бидний дунд архины хамааралтай нэг ч хүн байхгүй. Энэ бол ээжийн минь биднийг хүмүүжүүлсэн гавьяа.
Багадаа бид хүүхдүүдтэй муудалцлаа гэхэд ээж хүний хүнийг л өмөөрөхөөс биднийг өмөөрч байгаагүй. Ганцхан жишээ л гэхэд, ээж миний багаасаа үерхсэн Л.Халиунсүрэн төгөлдөр хуурчид Гавьяат цол өгчихдөггүй юм байхдаа гэдэг байлаа. Тэгээд Гавьяат авахад нь баярлаж, “Болж дээ. Миний бүр ганц хүсэж байсан юм биелэлээ. Одоо харин миний охин авах болсон доо” гэж байсан. Магадгүй өөр хүн бол миний охин л авах ёстой гэж болно шүү дээ. Эндээс л миний ээжийн ямар хүн болох нь мэдрэгдэж байгаа юм шүү дээ. Сая би Гавьяат цол авах болсноо дуулаад, баярлаад, уйлахдаа ээжид дуулгасан чинь “Баяр хүргэе, миний охин. Гэхдээ чи яагаад уйлаад байгаа юм. Охиныгоо ирэхээр нь ээж нь үнсэнэ ээ” гэсэн. Шагналаа аваад гарч ирээд, хамгийн түрүүнд ээждээ үнсүүлж, баяраа хуваалцсан. Энэ бол аав, ээжийн минь л гавьяа.

-Та багшийн эрдмийг ээжээсээ суралцсан бол төгөлдөр хуур хөгжим сурахад хөтөлсөн хүн аав нь байх?
-Тийм ээ. Аав минь намайг урлагт , төгөлдөр хуур хөгжим сурахад хөтөлсөн. 1958 он гэдэг чинь сонгодог хөгжим гэж хэний ч мэддэггүй үе байлаа шүү дээ. Анх удаа л уран бүтээлч, сэхээтнүүдийн хүүхдүүд элсэж байсан үе. Би их азтай. Тэр жил нэгдүгээр ангид элсэж таараад, аав минь намайг төгөлдөр хуурын ангид оруулсан нь тэр юм. Нэг ёсондоо бурхан надад тийм сайхан аз заяасан байхгүй юу. Аавынхаа урлагийг, ээжийнхээ багшийн хөдөлмөрийг дагаж, хоёуланг нь эзэмшсэн болохоор үүгээрээ би үнэхээр бахархаж, ээж, аавдаа мөргөж залбирч явдаг юм.

-Төгөлдөр хуур хөгжмийн сайхныг мэдрээд ирэх үедээ та “Аав минь их гоё юманд оруулж дээ” гэж бодсон уу?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Намайг нэгдүгээр ангид элсэхэд орос мэргэжилтэнгүүд багшилдаг байсан. Эхэндээ орос хэл ч мэдэхгүй байсан болохоор их хэцүү байсан. Багш нар маань ч их хатуу. Заримдаа хичээлээ хийсэнгүй гэж нотны дэвтрээ шидүүлнэ. Ахлах ангид ороод хөгжмийнхөө сайхныг мэдэрч эхэлсэн. Манай ангиас 12 төгөлдөр хуурч төгссөн. Эстрадын дуучин Х.Төмөрбаатар, нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн Эрдэнэбаатар бид нэг анги. Олон ч сайхан төгөлдөр хуурчид төрсний дотор багш нарынхаа хүч хөдөлмөрөөр зургаан хүүхэд Орос руу сургуульд явж байлаа. Сурах тусам төгөлдөр хуурын агуу гоёыг мэдэрсэн. Тэгээд л амьдралаа төгөлдөр хуургүйгээр төсөөлшгүй болсон. Төгөлдөр хуур бол миний амьдрал.

-Нэг айлын хүүхдүүд бүгдээрээ авьяас билигтэй байх нь ховор байдаг. Тэр тусмаа хөгжимчин, балетчин, найруулагч, жүжигчин гээд урлагийн олон төрөлд шүү дээ. Энэ ааваас тань тусгалтай байх?
-Тийм ээ. Аавын минь нөлөө, тусгал. Аав минь биднээр түргэн хэллэг хэлүүлж, сонирхолтой яриа хөөрөө дэлгэж, өөрөөрөө үлгэрлэхээс гадна манайд урлагийн томчууд их цугладаг байлаа. Энэ ч үүднээс багаас минь урлагийн ухамсар суулгасан. Тэр ч утгаараа урлагийн олон төрөлд амжилттай яваа байх аа. Манайхан дотор бол хөгжим, бүжиг, зураг, драм гээд цөм байна. Юу байхгүй байсан бэ гэвэл цирк байхгүй байсан. Гэтэл өнгөрсөн жил манай эмэгтэй дүүгийн маань зээ охин циркчинээр сурахаар явсан. Миний зээ охин миний мэргэжлийг өвлөж, төгөлдөр хуурын сайн концертмейстр болсон. Ингээд харахаар урлаг гэдэг дамждаг. Больё гэхэд болих арга байхгүй, сургахгүй гэхэд цаанаас нь бүр цусанд нь, ухаан санаанд нь байж байдаг.
-Та Орост суралцаж ирээд Дуурийн театрт ажиллаж байгаад СУИС-руу орсон байдаг. Театрт та хэчнээн жил ажилласан бэ?
-1975 онд сургуулиа төгсөж ирээд, 1991 он хүртэл Дуурийн театрт ажилласан. Багаасаа найзалсан Л.Халиунсүрэнтэйгээ хамт театрт концейртмейстрээр ажиллаж байлаа. Тэгж байтал дүү минь өнгөрсөн. Дүүтэйгээ дандаа хамт байсан болохоор балетын хөгжим сонсоход үнэхээр хэцүү байсан. Тэгээд л театраас гарч, СУИС-д багшаар очсон. Тэгэхэд СУИС байгуулагдаад нэг жил болж байсан үе. Сургуульд арав гаруй жил багшлаад, Хятад руу багшлахаар явсан. Урд би 14 жил ажилласан. Одоо харин СУИС-даа Багш, урлагийн боловсрол тэнхимд дуу, хөгжмийн багш болох оюутнуудад төгөлдөр хуурын хичээл зааж байна.

-Төгөлдөр хуур, шавь нарынх нь тухай хоёулаа ярьна аа. Үүний урьд таны дүү нэрт балетчин О.Батсайханы тухай асуумаар байна. Та ч сая балетын хөгжим сонсоход дүүгээ үгүйлээд хэцүү байдаг учир театраасаа больсон тухай ярьлаа. Уран бүтээлчийнх нь хувьд та онцлон дурсах байх?
-Миний балетчин дүү үнэхээр онцгой хүн байсан. Богино настай болоод тийм онцгой байдаг юм уу, мэдэхгүй. Миний дүүд хийж чадахгүй юм байдаггүй байсан. Юм оёно, хоол хийнэ, тэр их ачаалалтай бүжиг сургуулилалтынхаа хажуугаар гэрийнхээ бүх юмыг хийж, амжуулна. Бүжигчний хувьд үнэхээр гайхалтай, ерөөсөө бүх сэтгэл, оюун ухаанаа бүжигтээ зориулдаг байлаа. Би дүүгээ анх Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид Жав багшид аваачиж өгсөн юм. Эхний удаагийн шалгалтаараа дүү минь тэнцээгүй юм биш үү, их сонин. Тэгэхэд нь найзаасаа гуйж байгаад оруулж өгсөн. Тэр чигээр нь тэнцээгүй юм чинь гээд гаргасан бол ёстой алдах байсан. Миний дүү ерөөсөө байгалиас, бурхнаас заяагдсан бүжигчин. Тэр үсрэлт, балетчин хүнд байх ёстой хөл, гарын өгөгдөл, хөгжим мэдэрч байгаа мэдрэмж нь үнэхээр өвөрмөц байсан. Хөгжим бүжгийн коллежоо төгсөөд, Дуурийн театрт ороход Гавьяат багш Н.Баатар гуай дүүг минь дагалдуулж байлаа. Театрт ороод хамгийн анх “Испани бүжгийн цомирлог” бүжигт нуруу, гар, хөл бүх зүйлээрээ шалгараад, гадны найруулагчид нүдлэгдсэнээр л дүүгийн минь амжилт эхэлсэн дээ.
Дуурийн театрын тайзнаа тоглож байгаа бүх л балетад гоцолж, дүүг минь гарч ирэхэд тайз дүүрдэг байлаа. Болоогүй ээ, тэгээд тэр хугацаанд дүү минь цээжээ түлж байгаа юм, нүдээ харвуулж байгаа юм. Өрөөсөн нүд нь харахгүй шахам, өрөөсөн нүдтэй тэр тайзан дээр насаараа бүжиглэсэн хүн шүү дээ.

-Хүү, охин хоёр нь хоёул театрын тайзнаа мандаж байгааг харах аав, ээжид нь хамгийн сайхан байсан байх. Тэр дундаа аав нь үзээд ямар үгийг хэлж байсан бол?
-Яг нарийндаа бол би 1975 онд сургуулиа төгсөж ирээд, театрт орсон. Миний дүү 1973 онд Дуурийн театрт оччихсон байсан юм. Аав, ээж минь баярлалгүй яах вэ. Аав харин дүүгийн сүүлд тоглосон оргил тоглолтуудыг нь үзэж амжаагүй. Гэхдээ аав хүүгээ их сайн дэмжиж, их мундаг бүжигчин байсныг нь мэддэг байсан. Аав айхтар магтахгүй ч урлагийн хүн болохоор хүнд урам их өгнө. Аав, ээж хоёр минь хүүхдүүддээ “Юм хийсэн бол хийсэн шиг хийж, үр дүнгийн заавал үзэх ёстой” гэж захидаг байсан.
-Эргээд хоёулаа төгөлдөр хуурын яриа руу орьё. Хүүхэд бүр өөр өөр сурах онцлогтой байдаг шүү дээ. Төгөлдөр хуур дээр та үүнийг илүүтэй тодорхой харж байгаа байх?
-Манай СУИС-ийн Багш, урлагийн боловсрол тэнхимд элсэлтээрээ ирээдүйд дуу хөгжмийн багш нар болох хүүхдүүд орж ирдэг. Нот гадарладаг хүүхэд байхад огт мэдэхгүй орж ирэх нь ч бий. Би хүүхдүүддээ сайн багш болохын тулд төгөлдөр хуур сайн тоглодог байх хэрэгтэй гэдэг юм. Хөгжим сурснаар хүүхдүүдийн ухаан, хүмүүжил төлөвшдөг. Хөгжим тоглодог хүүхэд хэрэг төвөгт орох магадлал бараг л үгүй дээ. Энэ ч утгаар төгөлдөр хуурыг сайн эзэмших хэрэгтэй. Мэдээж хүүхэд бүрийн сурах барил, хүлээж авах чадвар өөр. Юм хүлээж авахдаа хурдан, удаан хүүхдүүд байна. Заримдаа бүр бухимдал төрүүлэх нь ч бий. Энэ ч үүднээс шавь нартаа “Та нар гараад багш болох улс. Багш хүүхдүүддээ хэчнээн уур чинь хүрч байсан ч хүүхдийг харааж болохгүй, “Давтсангүй” гэж загнаж болно, “Чи хий” гэж шаардаж болно, харин хүүхдийг харин доромжилж болохгүй” гэж хэлдэг. Би ч өөрөө тийм зарчим барьдаг. Энэ олон жил ажиллахдаа нэг ч хүүхдэд таагүй хандаж байгаагүй, харин шаардлага тавьж, шахах тохиолдол бий. Миний шавь нар үнэхээр сайн хүүхдүүд. Тэдгээр дотроосоо би Дорноговь аймгийн нэг шавийгаа онцлон ярьмаар байна. СУИС-д оюутан болж ирээд л над дээр анх удаа төгөлдөр хуур сурсан. Анхлан а ч үгүй байсан хүүхэд дөрөвдүгээр курс төгсөхөд сонгодог хөгжмийн том зохиолуудыг тоглоод төгссөн. Хамгийн сайхан нь тэр шавь маань миний өгсөн зохиолыг тоглож сураад, Путины нэрэмжит тэтгэлэгт хамрагдахаар шалгалт өгч, Орос руу сургуульд явсан. Одоо ирээдүйн мундаг удирдаач Москвад сурч байна. Тэгэхээр хүүхдээс өөрөөс нь их шалтгаалдаг байхгүй юу. Төгөлдөр хуур сайн тоглосон хүн л удирдаач болж чаддаг.

Мөн нэг охин байдаг юм. Анх бас л юу ч мэдэхгүй ирсэн. Онцлог нь их шартай. Нэгдүгээр курсдээ шалгалтан дээрээ алдчихаад уйлж байсан чинь төгсөхдөө бас л том зохиол тоглож төгссөн. Би “Зохиол нь чамд арай хүнддэж магадгүй, хялбаршуулья” гэхэд, “Яг үүгээр нь тоглоно” гээд амжилттай тоглож байсан. Тэгэхдээ надад “Багш аа ангийнхаа хаалгыг дотроос нь түгжиж байгаад өдөрт дөрвөөс таван цаг төгөлдөр хуураа давтдаг байсан. Болохгүй бол чангаар уйлж байгаад сурсан” гэж ярьж байсан. Тийм л мундаг идэвхтэй хүүхдүүд аягүй сайн багш болдог байхгүй юу. Тийм учраас би хүүхдүүдээрээ бахархдаг. Төрсөн хүүхдүүдээс минь ялгаагүй шавь нар минь хайр татсан бурхны хишиг.
-Төгөлдөр хуурч сурдаг уу, тусгай өгөгдөлтэй төрдөг үү?
-Төгөлдөр хуур сурахад 80 хувь нь өөрийн хүч чармайлт, 20 хувь нь л авьяас. Төгөлдөр хуурч чинь гар нь тохирох тохирохгүй гэж байна. Өгөгдөл байдаг. Гэхдээ 80 хувь нь яг суудаг байхгүй юу. Би нэгдүгээр ангиасаа эхлээд төгсөн төгстөлөө гадаа хүүхдүүд тоглож байхад тоглох эрх байдаггүй байсан. Орос багш нар маань яс суулгана. Тэр олон зохиолыг тоглож, цээжилж сурах ёстой учраас аргагүй шүү дээ. Тийм учраас хэр тэвчээртэй сайн сууж сурна, тэр сайн төгөлдөр хуурч болдог юм.

-Танд зохиосон хөгжим бий юү?
-Төгөлдөр хуурч хүн бүхэн хөгжмийн зохиолч байж чаддаггүй. Би хөгжим бичье гэж бодож байгаагүй, зохиоё ч гэж оролдож байгаагүй. Харин зургадугаар ангид байхын нэг дурсамж санаанд орлоо. Тэгэхэд би төгөлдөр хуур дээр анх удаа хөгжим зохиов оо. Манай хажууд нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайнх байсан. Тэгээд би ичихээ ч мэдэхгүй өнөө зохиосноо Г.Бирваа гуайг оруулж ирж үзүүллээ. Тэр мундаг хүн хүүхэд гэж намайг гололгүй “Өө сайн байна. Мундаг байна” гээд л гарч байгаа шүү дээ. Тийм л нэг дурсамж бий. Харин би хөгжим тоглох дуртай. Тэр дундаа Шопены хөгжмийг шүтдэг. Хөгжмийн сайхан аялгуу хүнийг хөглөж, сэтгэл санаа бүх зүйлийг татдаг увдистай. Тиймдээ тэр гоё хөгжмийг сонсоод хүн өөрийн эрхгүй уйлдаг байхгүй юу. Тэгж хүний зүрх сэтгэл рүү орж чаддаг хөгжмийн зохиолчдыг би үнэхээр биширдэг.Хөгжим бол агуу.
-Одоо та хөгжмийнхөө чиглэлээр ном зохиол бичиж байна уу?
-Бичээгүй ээ. Харин энэ амралтаараа ээжийнхээ тухай л бичье гэж бодож байна. Манай ээж бол үнэхээр агуу хүн л дээ. Одоо 100 нас хүрэх гэж байж бүх зүйлээ ганцаараа хийгээд л. Ээждээ л нэг сайхан суварга босгох юм сан гэж бодож байна.
-Залуу нас хамгийн сайхан. Хөгжим тоглодог залуу бүсгүй залуусын харааг булааж байсан нь мэдээж. Танд хайрын захидал ирж байв уу?
-Хүн бүхний залуу нас хамгийн сайхан шүү дээ. Намайг залуу байхад хөгжим тоглодог бүсгүй айхтар содон биш байсан байх аа. Сурагч байхад хайрын захидал ирж байсан. Би нэг удаа бүр нэг хүнийг захианых нь утга учраас илүү “Ямар гоё бичигтэй хүн бэ” гээд бичгийг нь сонирхож байлаа.
-Таны ханийг уран бүтээлч хүн байсан гэж дуулсан. Ханьтайгаа хэрхэн танилцаж байв?
-Тийм ээ. Миний хань зураач хүн байсан. Өөд болчихсон л доо. Аав нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Равсал гээд зураач байсан. Ээж нь уран хатгамалч. Сайхан хоёр уран бүтээлчийн хүүтэй ханилсан даа, би. Бид хоёр Хөгжим бүжигт хамт сурч байлаа. 1975 онд гэр бүл болсон. Бид биенээ уран бүтээл дээр нь их дэмждэг байсан. Намайг хөгжмөө давтаад суухад, огт саад болохгүй, юм асуувал аяархан асууна. Би ч ханийгаа зургаа зураад суухад нь саад болохгүйг хичээж, заримдаа хажууд нь харж сууж байгаад л түрүүлээд унтчихна. Өглөө сэрээд л “Зураг нь ямар болсон бол” гэж хардаг байлаа. Надад зориулсан зураг бий. Бид нэг охинтой. Охин маань гурван охинтой.

-Төгөлдөр хуурч Л.Халиунсүрэн багшийн тухай, найзын тань тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Та ч яриандаа их дурдлаа?
-Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Лувсаншаравын Халиунсүрэн бид хоёр долоон настайгаасаа эхэлж найзалсан. Төгөлдөр хуурч Нарангэрэл, Наранчимэг бид дөрөв их найзалдаг байлаа. Тэр дундаа Л.Халиунсүрэн бид хоёр Хөгжим бүжгийн коллежийг хамт төгсөж, Орос руу сурахаар хамт явж байлаа. Дуурийн театрт ч хамт ажиллаж, СУИС-д ч цугтаа багшилсан. Намайг СУИС- руу явахад, хойноос найз маань хүрээд ирсэн. Тэгээд салаагүй хоёулаа зууралдаастай 70 жил болж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| ГАВЬЯАТ БАГШ О.САРАНТУЯА: ТӨГӨЛДӨР ХУУР БОЛ МИНИЙ АМЬДРАЛ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |