Ардын багш, дуурийн урлагийн нэрт мастер О.Ичинхорлоо гуайн дуучин болсон түүхийг уншигч танд хүргэж байна.
1954 он. Улаанбаатар хот, Амгалангийн наймдугаар бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч О.Ичинхорлоо.
Тухайн үед Цэргийн дуу бүжгийн чуулгад хойд Солонгосын цэргийн ансамблей ирсэн гээд биднийг хоёрдугаар анги хүртэл тоглолтыг нь үзүүллээ. Урьд радиогоос л дуу гэгчийг сонсож байснаас дуулж байгаа хүнийг дэргэдээс нь харж байгаагүй болохоор надад их сонин. Тэр дундаа нэг өвгөн жолоочийн дуулах дуу чихэнд тодхон. Гэхдээ үгийг нь тогтоогоогүй, ая нь л үлдчихсэн. Ганцаараа тоглох бүрдээ өнөөх сурсан аялгуугаа аялна. Тэгсэн нэг өдөр радиогоор тэр дуу маань дахин эгшиглээд, ингээд жолоочийн дуугаа бүтэн сурчихлаа.
Гуравдугаар ангид орлоо. Бага ангийн урлагийн үзлэг болно гэдэг юм байна шүү. Манай ангийнхныг жагсаагаад эхнээс нь дуулуулаад, би ч ганц сурсан жолоочийнхоо дууг дуулаад л тавьлаа. Тэгсэн харин бага ангийн дууны аварга болдог юм байна. Дуу хууртай холбогдсон бага үе минь энэ. Завханаас хотод ирээд би айлд зургаан жил боллоо. Тэр хугацаанд сургууль дээр маань өрнөж байгаа зүйлс л дээ, энэ бүхэн. Мөн нэгэн сонин тохиолдол бол миний амьдарч байсан айлын намхан шар байшинд хоёр ч Орос айл байлаа. Тэд нартай хамт надад ор тавиад өгчихсөн байхгүй юу. Тэгээд л тухайн үед Орос сургууль гэж байхгүй болохоор орой болохоор л хүүхэддээ хичээл заана. Надад ч хамт заана. Тэгсээр байгаад би орос хэл сурчихсан.

Долдугаар ангид орохдоо би Баянчандмань сумын дунд сургуульд элсэн орлоо. Гэтэл суманд Оросын их том баатар ирнэ гээд хүүхдүүдэд орос дуу зааж өгнө, оросоор дуулуулна гэлээ. Хөдөөний хүүхдүүд чинь тэр бүр орос хэл мэдэхгүй. Би мэддэг байж таараад, багш маань надад “Хар далай” гэж дуу зааж өглөө. Ингээд өнөөх баатар хүн нь ч ирлээ. Дуугаа дуулж, найрсаг сайхан угтаж авцгаасан. Түүнээс хойш л өөрт “Би дуулбал дуулах юм байна даа” гэх бодол төрж эхэлсэн.
Удаа ч үгүй долдугаар ангиа төгсөхөд тоондоо сайн гээд Санхүүгийн сургуульд эдийн засагчаар сургахаар болж, бэлтгэл ангид нь хоёр жил явуулах болдог юм байна. Тухайн үед аав, ээж ч мэддэггүй, улс бидний сонголтыг хийдэг байлаа шүү дээ. Гэхдээ би эдийн засагчаар сураагүй. Ингээд одоо юунд сурах вэ, яах вэ гээд байж байхдаа радиогоор “Улсын ардын дуу бүжгийн чуулгын их найрал хөгжимд хүн шалгаруулж авна” гэсэн зар сонслоо. Нэг л болох юм шиг санагдаад нагац ахаасаа гуйсаар байгаад очив оо. Ингээд тухайн үед Ардын жүжигчин Л.Мөрдөржийн байгуулж буй чуулгад тэнцэж, Монголын анхны их хуурч эмэгтэй болсон түүхтэй. Чуулгад хөгжимчнөөр зургаан сар ажиллаад, Ардын хувьсгалын 40 жилийн ойн концерт дээр симфони найрал хөгжимтэй Кармены хэсгийг тоглож, оролцлоо…

Тухайн үед тэр 40 жилийн ойн тоглолтод, бүх урлагийнхан оролцож, дуурийн дуучид гэх улсыг би анх удаа харлаа. Нэг гоё ах, эгч нар дуулж байна. Тэднийг хараад, “Би яаж ингэж дуулах вэ” гэж бодогдож, юун хөгжим сурах, дуулах л хүсэл дүүрэн байлаа. Уг нь намайг анх хөгжмөөр шалгуулаад ирэхэд Цогзолмаа багш “Эмэгтэй хүүхэд энэ том хөгжим хэрэггүй. Манайх дуундаа хүүхэд авч байгаа” гэсэн юм. Тэгэхэд нь дуулахгүй гээд хөгжмөө сонгосон хүн шүү дээ. Гэтэл дуулах сайхан юм байна гэдгийг тэр тоглолт дээрээс мэдэрч, дуулахын хүслэн болсон.
Тоглолт дээр дуулахыг нь харсан ах, эгч нарынхаа дууг сураадахлаа…
Би тэр үед нагац ахындаа суудаг байлаа. Гэтэл тэднийд том улаан пянз байна аа. Үзээдэхсэн чинь, нэг талд нь Хайдав “Захчин”, “Учиртай гурван толгой” дуурийн хоршил, нөгөө талд нь Загдсүрэн “Алтан намар”, Хайдав “Манай нутгийн хавар” дуулна гэж байна. Өнөөх ойн концертод дуулж байсан гоё дуучид шүү дээ. Тэгээд л “Ерөөсөө энэ хоёр хүний дууг дуурайж дуулья. Тэгвэл л дуучин болох юм байна” гэх бодол төрөөд, дууг нь дагаад л давтаад байлаа. Ганцаараа үлдэх болгондоо л өнөөх дуунуудыг сонсож, дагаж дуулсаар байгаад сурчихлаа.
Үс зүс нь шороо болсон намайг орос хэлтэй, өөрсдийнх нь дууг сурсан гэдгийг тэгэхэд л мэдсэн дээ, тэд
Наадмын концерт тараад манай чуулгынхан хөдөө бригад руу явах нь явчихлаа. Намайг том хөгжимтэй гээд үлдээж, үлдсэн улстай хамт цэвэрлэгээ хийх, шороо зөөх ажил дээр томиллоо. Тухайн үед Норовбанзад гуай том гэдэстэй, төрөх дөхсөн байв. Тэгээд л тэдгээр эгч нар “Өнөөдөр драматик театр дээр Хайдав, Лувсаншарав нар хэдэн орос хүмүүстэй хамт суугаад Болгар Улсад сургуульд сургах хүүхдүүд шалгаж авч байгаа гэнэ. Өнөөдөр сүүлийн өдөр нь гэнэ ээ” гэж ярьдаг юм байна. Тэрийг дуулаад л би өнөө сурсан дуунуудаа одоо л шалгуулья гэж бодоод байж байтал өнөө шороо зөөх ажил маань ашгүй нэг цаг завсарлах болдог юм байна. Тэгэхээр нь нэг эгчийг дагуулаад ягаан театр руу гүйлээ дээ. Шороо зөөж яваад очсон болохоор бүх юм маань шороо болчихсон. Намайг яваад очсон Ухнаа гуай зогсож байна. “Чи хөгжмийн хүүхэд яах гэж явна вэ. Хүмүүс амарчихсан байхад” гэж байна. Учир зорилгоо хэлтэл, “Яана аа, нүүр, хувцас чинь шороо болчихсон. Хүмүүс шалгах нь шалгаж байна. Алив энэ алчуураар шороогоо жаахан арччих” гээд хоёул бэлдэж аваад орлоо. Тэгсэн Г.Хайдав багш “Чи чинь юу вэ. Дуу байгаа юу” гэхэд нь айхдаа “Байхгүй” гэчихлээ. Тэгсэн чинь “Тэгвэл гар” гээд л ширүүхэн загналаа. Тэгэхээр нь “Үгүй ээ, би дуулна. Би таны дууг дуулна” гэсэн чинь “Миний ямар дууг дуулах гээд байна чи, энэ юун охин бэ Лувсаншарав аа” гээд инээснээ, “За дуул, дуул. Муу шороот чинь одоо яах нь вэ” гэлээ. Тэр зуурт “Би шороо үүрсэн” гэдгээ хэлээд амжлаа. Ингээд л би яг Г.Хайдав багш руугаа харж байгаад л дууллаа. Тэгсэн хамт сууж байсан орос хүн, Лувсаншарав гуай инээгээд л, өнөө улс нь “Их хөөрхөн хоолой байна. Боломжийн дууллаа” гэдэг юм байна. Орос хэлтэй юм чинь би баярлалаа гэлгүй яах вэ. Тэгсэн орос хэл хаана сурсан, хаанаас ийм охин гараад ирэв ээ гээд л гайхацгаалаа. Тэгсэн Лувсаншарав гуай “Эрэгтэй хүнийг дуурайгаад дуулчихлаа. Эмэгтэй хүнийг дуурайж дуулсан дуу байна уу” гэхээр нь “Байна, байна. Загдсүрэн гуайн “Алтан намар” гээд дууллаа. Тэгж би Болгарт дуучнаар сурах шалгалтад тэнцэж байлаа…
| ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ |
|