Бага сургуулийн сурагч Т.Баасансүрэн “Намар” нэртэй шүлгээ “Пионерийн үнэн” сонинд хэвлүүлээд, хөөр баяр болж явсан тэр үед ирээдүйн Ардын багш анхны шүлгээ хүмүүст тийнхүү дэлгэж байгааг хэн ч мэдээгүй биз ээ. Алив юм тийм даруу, энгийн, багаас л эхэлдэг шүү дээ. Тийм атлаа эхлэл дандаа гэгээн, догдлуун, эргээд дурсахад хамгийн сайхан цаг хугацаа байдаг.
Тийм ээ, одоо уншигч таны өмнө дэлгэх түүх Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч Тугалхүүгийн Баасансүрэнгийнх. Ховдын цэнхэр хязгаарт төрсөн шавилхан биетэй, дэлхий мэт өргөн эрдэмтэй, авьяас билиг, хайр энэрэл дүүрэн эрхмийн гэгээн намтарт тухлан саатаарай.

СУРАГЧ БОЛСОН МИНЬ
Сурагч болохын хүслэн болсон түүний хүсэл биелж, сургуульд орох намар ч хэдийнэ болоод ирлээ. Хязгаар нутгийн хөрслөг хүү Улаанбаатарт ирж, хот газрын мантгар цагаан охид, хөвгүүдтэй мөр зэрэгцэн сургуулийн босго алхана гэдэг адтай агаад одтой. Сургууль гэж хүсэн мөрөөдсөн энэ л газар чухам ямархан ид шидтэй бол гэхийг мэднэ гэхээс тэсэн ядна. Ямар ч л байсан хот гэх хөлийн их газар эгчтэйгээ хамт Төмөр замын 20 дугаар сургуулийн сурагч болохоор ирсэн нь энэ. Ингээд удалгүй дөрөвдүгээр сургуульд шилжлээ. Шинэ орчин, шинэ ертөнц.
Гал тэрэг гэгчийг ч энд л дэргэдээс нь харж, чимээг нь сонордож, аяа би хорвоо гэгчтэй ингээд л танилцаж эхэллээ…
Ингэж сурагч болохын урьд түүх сөхвөл аав, ээжийнх нь тухай мөн өгүүлэх нь зүйтэй байх. Түүний өвөө Маньбазар гүний хошууны туслах, тайж удмын хүн байсан бөгөөд Ард Аюушийн заргын бичгийг хийж, хөдөлгөөнийг удирдаж байсан түүхтэй байна. Харин Т.Баасансүрэн гуайн аав нь бичиг үсгийн өндөр боловсролтой, нэгдлийн дарга, сумын агентаар ажиллаж байсан хүн гэлцэхээс бусдаар мэдээлэл тун бага, түүний багад өөд болсон байна. Эхээс арван хоёулаа төрсөн ч зургаан нь л үлдэж, цөм мэргэжил боловсрол эзэмшиж, салбар бүрдээ амжилттай ажиллаж яваа нь энэ аж. Одоо цааш түүний бүтээл, туурвилын талаар дэлгэе.
-АНХНЫ НОМОО ХЭВЛҮҮЛЭВ-
Шүлэг бичиж эхэллээ. Анхны шүлэг алтан намрын тухай. Бага боловсролоо амжилттай давж, дунд ангид шилжихдээ нийслэлийн 24 дүгээр сургуульд орж, бүлгэмийн дарга ч боллоо. Энэ хугацаанд шүлгээ ахиулж, мөнхүү уран нийтлэлийн “Анхны пионерийн бүрээн дуу” анхны номоо хэвлүүлэв. Үеийнхнээсээ цолгорч, оройгүй эрдэмд шамдан суралцаж, өөрт заяасан авьяас билгээ ч хөглөж, ирээдүйд хэн болох, ямар мэргэжил эзэмшиж, юу хийж амьдрах нь тодорхой болж ирсэн нь энэ. Тэгээд бүр насны ханиа хүртэл сурагчийн ширээ, ангиасаа олж, хувь заяаны харгуйд дөрөө харшуулсан ховор атлаа сайхан хувь тавилан түүнийх байж.
МОСКВАД ОЮУТАН
Арван жилээ төгсөөд Эрхүү явж, хэлний бэлтгэлд сураад, Москвад гэр бүлийн хамт оюутан болж, анхны хүүхдээ өлгийдөн авсан нь залуу насны хамгийн гэгээн гэрэлт өдрүүд. Анх сургуулийн босго алхахдаа эрдэм гэх хязгаар нь үл мэдэгдэх далайд шумбаж эхэлсэн бол Эрхүүд сэтгүүлч гэх сайхан мөртлөө яггүй мэргэжлийн мөрөөр суралцаж, өдгөө сэтгүүл зүйн салбарт хийж бүтээсэн олон зүйлийнхээ эхлэлийг тэндээс тавьжээ. Москва хот ерөөс түүний эрдэм боловсролын гол уурхай болж, тэндэхийн сургуулиас өнөөдрийн амжилтын гараагаа эхлүүлж, өндөр мэдлэгтэй залуу боловсон хүчин эх орондоо ирж мэдсэн сурсныхаа дагуу олон зуун нийтлэл бичиж, сонин, хэвлэлийн тэргүүн сэхээтнүүдийн нэг боллоо. Оюутан насны энэ л өдрүүдэд “Оросын цагаан хус” тэргүүтэй өгүүллэг, зохиол нь мэндэлж, бичгийн ширээнээсээ өндийх завгүй хөглөгдөн, дурлан явсан биз ээ.
“ҮНЭН” СОНИНГООС ЭХЭЛСЭН
Сэтгүүлч, тэр дундаа сонины сэтгүүлч болно гэдэг тогтсон дэг журам, дэглэм, нягт нямбай хариуцлага шаарддаг гэдгийг сонинд ажиллаж байсан улс илүүтэй өгүүлдэг. Энэ ч утгаар гадаадад боловсрол эзэмшээд ирсэн залуу сэтгүүлчийн сонголт сонин байж. Тэрбээр “Үнэн” сониноос ажлын гараагаа эхэлж, түүнээс хойш даргын албанд дэвшиж, олон ч газар удирдах албан тушаалд ажилласан байдаг. Тухайлбал, 1976-1979 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргын туслах, Үзэл суртлын хэлтсийн Соёлын тасгийн эрхлэгч, Улсын гэрэл зургийн газрын дарга, Монголын сэтгүүлчдийн холбооны орлогч дарга, ХААИС-ийн МАХН-ын хорооны дарга, Монголын Хэвлэл мэдээллийн ажилтан ажилчдын ҮЭ-ийн холбооны дарга, Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдэллийн албаны дарга, "МОНЦАМЭ" агентлагийн орлогч захирал гэхчлэн түүний ажилласан он жилүүд хөвөрнө. Мэдээж энэ хугацаанд ийнхүү ажиллахынхаа зэрэгцээ эрдэм судлал, сургалт, шүүмж, зохиол туурвилынхаа ажлыг ч гээхгүй амжуулж, доктор, профессор цолоо ч хамгаалж, олон арван нийтлэл, сурвалжилга, зохиол бүтээлээ бичин хэвлүүлж байв. Тэр ингэж сэтгүүл зүй, утга зохиол гэх хос морьтой дэргүүлж, үнэнч зүтгэсээр өнөөдөрт давхин иржээ.
ЗОХИОЛ, БҮТЭЭЛ
Ахлах анги, оюутан ахуй үеэс тасралтгүй бичсэн хөдөлмөрийн ургац овоохон тоологдох болж. Дурдвал, “Монетон бөгж”, “Дэнгийн цагаан эрвээхэй”, “Тал” зэрэг 100 гаруй өгүүллэг, “Алтай”, “Нүдэн булаг”, “Өвгөн цохио” зэрэг уянгын 10 гаруй тууж, “Тэрбумтан”, “Уулс, үүлс, туульс” /I ба II дэвтэртэй/ хэмээх роман гээд утга зохиолын төрөл бүрд хүч үзэж, хүүрнэн бичжээ. Түүнчлэн түүний зохиол, бүтээлийг олон сайхан зохиолч, эрдэмтэд үнэлж онцолсон байдаг.
Үүний тэргүүн эгнээнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн хошой шагналт, Д.Намдаг гуай “Хар хорхой ба бөөн шоргоолж”, “Оросын цагаан хус”, “Шинэ хүн”, “Талх” зэрэг өгүүллэгийг өндрөөр үнэлж, “Хар хорхой ба бөөн шоргоолж” өгүүллэг чинь Хэвлэл утга зохиол хянах газрын давааг яаж давдаг бол" гэж санаа зовинон хэлж байсан гэдэг. Цаашлаад Монголын хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж Т.Баасансүрэнгийн “Монетон бөгж” өгүүллэгийнх нь талаар “Утга зохиол, урлаг” сонинд тусгайлан шүүмж бичиж бүхэл бүтэн туужийн уянгын санааг ганцхан өгүүллэгт нэн чадмагаар зангидан багтааж чадсан нь гайхалтай" гэсэн байдаг.
Утга зохиолын нэрт шүүмжлэгч Х.Сампилдэндэв харин түүний “Ятуу намнагч”, “Хүлээсэн нь”, “Бутач”, “Хатиг”, “Туулай буюу баавгай”, “Дэлхий минь, өлгий минь”, “Амьдрал, тэмцлийн шивнээ”, “Хос гариг”, “Алтан загасны үлгэр” зэрэг өгүүллэгт анализ хийж өндрөөр үнэлсэн бол Оросын эрдэмтэн, утга зохиолын судлаач Л.Герасимович өөрийн судалгааны номондоо "Т.Баасансүрэнгийн “Хүлээсэн нь”, “Өрхийн тэргүүлэгч”, “Нөхдийнхөө төлөө баярлаж явна”, “Төрсөн өдрийн бэлэг”өгүүллэг нь хүн, хүний амьдралын утга учир, учгийг нарийн чадмаг дүрсэлж үзүүлжээ" хэмээн онцлон тэмдэглэсэн байдгийг энд ч мөн дурдан багтаах нь зүйтэй байх.
.jpg)
Түүнчлэн тууж, өгүүллэг нь “Монголын уран зохиолын дээжис-108 боть”-ийн 71 ба 82 дугаар боть болж хэвлэснийг уншигчид андахгүй биз ээ. Харин нийтлэл дотроос нь дурдвал, “Элчин сэтгүүлчийн тэмдэглэл”, “Сутай”, “Уул усны нутгаар” зураглал, “Шүдэнз зураад хаяхын адил асаад унтардаг амьдралын тухай эргэцүүлэл” эссе, “Тэнэгхэн монголчууд минь битгий мартаарай”, “Бузартсан гал тогоогоо цэвэрлэх юмсан”, “Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон” гэхчлэн нэрлэх байна.
ШҮҮМЖЛЭГЧ МӨН ДЭМЖИГЧ
Тэрбээр өөрийн зохиол, бүтээлийг туурвиж, сэтгүүл зүйн салбарт ажиллахаас гадна мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олон, дүү нарынхаа бүтээл, туурвил, нийтлэл сурвалжилгын тухай онцлон ярьж, ончтой үгсээр тодотгож, урмын үгээр дэмжиж, өөрөө ч сурсан мэдсэнээсээ харамгүй хуваалцдаг эрдэмтэн. Мөнхүү зохиол, бүтээлийн тухай судалгаа ч олон бий. Тухайлбал, “Монголын нууц товчоо” хөлгөн их судрын 12 дэвтрийн бичлэгийн 282 зүйлд задлан шинжлэл хийж үзээд бичлэгийн арга хэлбэр нь уран зохиолын гэхээсээ илүүтэйгээр нийтлэлийн өнгө төрхтэйг тогтоож, нийтлэл зүйн үнэн бодит байдал, товч тодорхойн зарчмыг уг бүтээлд хөдөлшгүй мөрдсөн байхын зэрэгцээ сэтгүүлзүйн бичлэгт хамааруулж болох мэдээ, сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, ярилцлага, дуртгал тэмдэглэл, тэдгээрийн шинж тэмдгийг өөртөө агуулсан бичлэгийн элементүүд байгааг баримтжуулан баталсан байна.

Олон сайхан шавь нараараа хүрээлүүлж, эрдмээ хуваалцсан эрхэм үйлс, зогсолтгүй зохиол, туурвилаа бичин хэвлүүлж, сурвалжилга нийтлэл бичиж, бичиг цаас, билиг ном гэж тууштай явж ирсэн чөлөө зайгүй он жилүүдийн үнэт хөдөлмөрийг нь үнэлэн энэ сайхан алдрыг хүртээж байгаа нь энэ биз ээ. Тэртээд жаахан хөвгүүн шүлэг бичиж, үеийнхнээ манлайлж, дунд ангидаа бүр ном гаргаж, зохиол бичиж, сэтгүүлч мэргэжил эзэмшихээр их Москваг зорьсон амьдралынх нь шат бүр түүнийг утга зохиол, Монголын сэтгүүл зүйд чухал нэгэн эрхэм болгон өндийлгөсөөр энд хүргэжээ.
Хурааж хуримтлуулсан далай шиг эрдмээсээ олон ч хүүхэд, залууст харамгүй хуваалцаж, тэднийг эргээд сэтгүүл зүй, утга зохиолд түүчээлэн ажиллахад хөтөч зам болж байгаа түүнд урт удаан наслахыг ерөөе.
| ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН |
|