• Өнөөдөр 2024-04-25

Хөдөлмөрийн баатар Х.РЭНЦЭНДОРЖ: Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа миний энгэрээс адис авахад "Төр нь хүнээ мартаагүй юм байна" гэж бодсон

2022-02-23,   1702

“Аав минь Хатанбаатар С.Магсаржавын цэрэг байлаа”-

Хүмүүний амьдралынхаа ихэнх цаг хугацааг хэдэн малынхаа захад өнгөрөөж, малчны “Их сургууль”-ийг онц дүнтэй дүүргэсэн түүнийг Хандын Рэнцэндорж гэдэг. Онц дүнтэй гэж тодотгосны учир Х.Рэнцэндорж гуай Монгол Улсын хошой аварга малчин, Гавьяат малчин цолоор энгэрээ мялааж байжээ. Түүгээр ч зогсохгүй Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, түүний 70 гаруй жил гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа хөдөлмөрийг нь өндрөөр үнэлэн, Хөдөлмөрийн баатар цол олголоо. Хэдийгээр тэрбээр 85 насыг зооглож байгаа ч ануухан гэж жигтэйхэн юм. Төрийн ордонд Ерөнхийлөгчийн өмнө цэх гэгч нь зогсож байгаад, шагналаа гардаж аваад, нутгийн зүг хүлгийн жолоо залсан билээ. Х.Рэнцэндорж гуайг гэргийн хамт төв талбайд таван хором саатуулж, уншигч таныг түүний амжилтын аялалд саатуулахаар зорьсон ч хоёрхон асуултад хариулт аваад хоцорсон юм. Төв аймгийн Баянжаргалан сумаас анх удаа Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн учраас нутгийнх нь түүнийг сумын төвийнхөө баруун энгэрт ёслол төгөлдөр хүлээж байгаа гэсэн учир бид ийн салав. Тэрбээр “Зуны дэлгэр цагт хүрээд ирээрэй” гэсэн ч уншигч таныг түүний малчны амьдралын замналаар аялуулахыг яаран зорьсон учир түүн рүү утас цохилоо.

Арав гаруйхан настай балчир хүү дунд сургуулийн сурагч байхаас татгалзаж, аав, ээжийгээ дагаад малчин болжээ. Хонины наагуур, цаагуур шогшуулж, аргал хомоолхон хормойлж, ижийдээ  тусалсаар тэр малчны амьдралд эргэж буцахгүйгээр хөл тавьсан гэнэ. Эрийн цээнд хүрч, эр цэргийн алба хаах болсон ч тэрбээр яах ч аргагүй хэдэн малаа сахиад, гэртээ үлдэж байсан тухайгаа хуучилсаар бидний яриа эхэлсэн юм. Тэрбээр “Би 1949 онд бага сургуулиа төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл хэдэн малынхаа захаас салаагүй. Цэргийн албанд ч яваагүй ээ. Хоёр ах маань сургууль, цэргийн алба гээд явчихсан болохоор би арга буюу голомтоо сахиж үлдсэн. Цаг үе нь л тэгж таарсан юм байлгүй дээ гэж хожим бодож сууна.

Аав маань Хатанбаатар С.Магсаржавын  цэрэг байсан тул гэрийн бараа тэр бүр харахгүй. Ийм учраас хамаг ажил миний нуруун дээр оногдсон гэж хэлж болно. Аавынхаа дүүд тусалж, улсад ноос, сүү сааль тушаах хүндхэн ажлыг бага залуу насандаа туулжээ.

Аав, ээжийнхээ бараанд л хэдэн малаа эргүүлж, тусалж байвал миний ажил юм шиг санаж, ах, дүү нарынхаа өмнөөс ажлыг нь хийдэг байлаа. Энэ нь ч буруутаагүй гэж боддог шүү. Миний аав намайг сайн малчин болно гэж итгэдэг байсан байх. Аав минь надад “Миний хүү л ахыгаа мэдэж яваарай” гэсэн үг хэлж байлаа. Тэр үг одоо хүртэл миний сэтгэлээс гардаггүй юм. Миний том ах чөдөр, тушаагаа сэлбэж чаддаггүй, маланд тааруухан, алба ажил хөөсөн хүн байлаа” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.

Тэрбээр үр хүүхдийнхээ тухай “Манайх 11 хүү, ганц охинтой айл. Таван хүү минь өөрсдийнхөө хүслээр малчин болсон. Харин нэг хүү минь хүний их эмч, нөгөөх нь Багануур дүүрэгт “Онц тээвэрчин” жолооч, ганц охин минь холбооны инженерээр Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Бусад нь өөр өөрсдийнхөө хэмжээнд хувийн бизнес эрхэлж байгаа” хэмээн ярив.

 Х.Рэнцэндорж гуайд Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаагаа Төрийн өндөр одон медаль олгосон нь энэ гэнэ. Тэрбээр өнгөрсөн 2007 онд Гавьяат малчин цол тэмдгээр энгэрээ мялааж байсан тухайгаа ярихдаа “Төрийн шагнал ч аваагүй удсан байсан даа. 1986, 1989 онд хоёр удаа Улсын сайн малчин, мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэнээс хойш төрийн одон медаль аваагүй. Тэгээд сүүлд 2007 онд Гавьяат малчин гэх эрхэм цолыг 70 насны босгон дээр хүртсэн нь тэр. Сайхан л байдаг юм билээ. Түүнээс хойш арван жилийн дараа мал аж ахуйн ухааны профессор цол хүртсэн дээ. Харин хэдэн малынхаа буянд энэ жил Хөдөлмөрийн баатар гэх эрхэм, хүндтэй цол хүртлээ. Хөдөлмөрийн баатар цол хүртэх болсон тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэг хүү залгаж, хэл дуулгасан юм. Сум, орон нутгийн удирдлагууд маань энэхүү шагналд тодорхойлоод явуулсан гэсэн болохоор бага зэрэг л найдаж байлаа. Гэхдээ тийм их бол биш шүү. Болох ёстой бол болж, үгүй бол үгүй л биз гэж бодож байсан юм. Эх орон, элгэн садан түмэндээ баярлаж, хүлээж авлаа, төрийн өндөр шагнал аа” гэлээ.

Тэрбээр хэдийгээр Хөдөлмөрийн баатар цол хүртсэндээ туйлын их баярласан тухайгаа хэлсэн ч Ерөнхийлөгчид бүр их талархсан гэнэ. Учир нь, Ерөнхийлөгч одон медаль гардуулахдаа түүний энгэрт гялалзах Гавьяат малчин, Улсын аварга малчны тэмдгүүд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоос нь баруун гараараа адис авсан нь сайхан санагдсан байна. Тэрбээр энэ талаар “Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа малчин миний энгэрээс адис авахад нь өөрийн эрхгүй баярлаж, нулимс унагааж зогслоо. “Төр нь хүнээ мартаагүй л юм байна” гэж эрхгүй бодогддог юм билээ. Улсын минь төрийн тэргүүн энгэрээс минь адис аваад, “Залуу сайхан насаа эх орныхоо хөгжил дэвшилд зориулж, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан танд талархлаа. Урт удаан насалж, үр хүүхдээ ерөөлөө хайрлаж яваарай. Таны хийсэн гавьяа их шүү” гэж хэлэхэд огшоод л явчихсан шүү. Олон хүнтэй, чих муу дуулдаг хэдий ч тэр бүгдийг тодоос тод сонсож, баярлаж зогслоо” гэсэн юм. Мөн тэрбээр мянган мэргэжлийн эзэн болсон малчдадаа мэргэжлийн үнэмлэх олгож эхэлсэн анхны өдөр гэргийн хамт хамгийн анх “Малчны үнэмлэх” гардаж авч байсан гэр бүл болжээ. Энэ мэт хулгана жилд бичиж үлдээсэн түүх түүний хувьд олон байлаа.

 

"Таны малчин болж байх үеийн амьдрал ямар байв. Ээ дээ, мөн ч хэцүү цаг үе байж шүү гэж бодогдож байх юмуу" гэхэд минь  “Сайхан байсан юм шиг санагддаг. 1950, 1960-аад оны цаг агаар ч сайхан байлаа даа. Хуртай бол хуртай, бэлчээр сайтай, гачигдах зүйлгүй л байж. Дээрээс нь тухайн үеийн настнуудын малч ухаан гэдэг үгээр хэлэхийн аргагүй мундаг байлаа шүү дээ” хэмээн цагийн аясаар хэцүүдэж байгаа малын бэлчээр, ган зуданд харуусаж байгаа тухайгаа хуучлав.

Түүний гэргийг Моломжамцын Цэсэндолгор гэдэг.Тэрбээр 1986-1990 оны хооронд Ардын их хурлын депутатаар улс, эх орныхоо төлөө зүтгэж явсан нэгэн. Ханийнхаа тухай ярихдаа тэрбээр “Сайн ханийн буянд түүртэх зүйлгүй л амьдарлаа. Бид 1960 онд гэр бүл болж, өрх тусгаарлаж байлаа. Хэдэн хүүхдийг минь эрүүл саруул төрүүлж, өсгөж, хүмүүжилсэн. Ажилтай гэж жигтэйхэн учраас манайх өдий зэрэгтэй сайн сайхан яваа байх. Ардын их хурлын депутатаар ажиллах дөрвөн жилийн хугацаанд нь ганцаараа малаа өсгөх, төл хүлээж авах, үнээ малаа саах зэргээс эхлээд хэцүү зүйл олон байлаа. Одоо ч түүнийг ярих нь илүүц биз дээ” хэмээлээ.

Тэд нас сүүдэр өндөр гарсан ч малынхаа захаас салж чадахгүй байгаа гэнэ. Сүүлийн хоёр жил хүүхдүүдийнхээ ятгалгаар сумын төвд амьдардаг болжээ. Түүний амжилтын буухиаг таван ч хүү нь үргэлжлүүлж байгаа гэнэ. Малчин хөвгүүдийнх нь гурав нь сум, аймгийн аварга, хоёр нь Улсын аварга малчин болжээ. Х.Рэнцэндорж гуай хүүхдүүдийнхээ талаар ярихдаа “Хөгширсөн хэдий ч хөдөөнөө л байж байвал сэтгэл тэнэгэр байх юм аа. Сумын төвд гүнзгий амьсгаа ч авч чадахгүй, ярвигтай л байна. Урин болохоор хөдөө рүүгээ өөрийн эрхгүй тэмүүлээд байдаг. Хүүхдүүддээ “Тэг, ингэ, тэр чинь болохгүй байна” гэж хэлээд байхгүй ч хажууд нь л байвал санаа амрах юм. Одоо хөгшин бид хоёрын тэдэнд нэмэр болох ч өнгөрсөн л дөө. Саад болохгүй л байвал болох нь тэр байх даа” гэв. "Та хүүхдүүддээ юуг аминчлан захидаг вэ" хэмээн асуухад минь “Эх орноо л гэсэн сэтгэлтэй бай. Өөртөө байгаа ухаанаа залж, зүтгэлтэй байгаарай. Малдаа үнэнч сэтгэлээр хандаж байгаарай л гэж захидаг даа. Миний аав, ижий ч надад мөн ингэж л захиж, зааж сургасан юм. Хүүхдүүдийн минь хүүхдүүд ч бас эхнээсээ малчин болж байна. Би гэхдээ заавал малчин бол гэж хэлдэггүй. Өөрсдийнхөө хүслээр л байх юм бол аяндаа болно шүү дээ. Тэдэнд “Малаа тийш нь бэлчээ. Ингэж өсгө" гэж бараг хэлдэггүй. Миний хажууд байсан болохоор өөрсдөө л сурчихсан юм уу даа” гэлээ.

Мөн тэрбээр залуучуудад хандан “Оторт их яваарай. Дэлгэр цагт малаа сайхан таргалуулж, ажил ч хичээнгүй байх хэрэгтэй. Залхуу биш байх юм бол малчин хүн болно доо. Олон ч малчин төрүүлэхдээ үүнийг ойлгож авсан” хэмээн аминчлан захиснаар бидний яриа өндөрлөв.

 


Хөдөлмөрийн баатар Х.РЭНЦЭНДОРЖ: Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа миний энгэрээс адис авахад "Төр нь хүнээ мартаагүй юм байна" гэж бодсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188