• Өнөөдөр 2024-04-19

Үйлчилгээний гавьяат П.ХАТАНБААТАР: Сонгосон мэргэжилдээ үнэнч, тууштай ажилласныг минь төр үнэллээ

2021-02-13,   1066

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төрийн дээд цол гардуулдаг уламжлалтай. Энэ жил  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цагдаагийн хэсгийн байцаагч, сургагч, ахлагч Палангийн Хатанбаатар Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Шагнал гардуулах үеэр  Ерөнхийлөгч Х.Баттулга “Ард иргэдийнхээ амар амгалан амьдрал, аюулгүй, тайван орчны төлөө бүхий л зүтгэлээ зориулан ажиллаж, насаараа цагдаагийн албанд эгэл даруухан, чимээгүй хөдөлмөрлөж байгаа Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Цагдаагийн хэсгийн байцаагч, сургагч ахлагч П.Хатанбаатарт  Үйлчилгээний гавьяат ажилтан цол олголоо” хэмээн шагналтнууд дундаас онцгойлон дурдсан юм. Түүний баярт мөчийг  хуваалцахаар утас цохиход “Хөдөөгийн жирийн малчин айлын хүү би Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль гардаж байгаа нь нэр төрийн хэрэг боллоо. Сонгосон мэргэжилдээ үнэнч байж, тууштай ажилласан хөдөлмөрийг минь үнэлж, энэ эрхэм цол тэмдгийг олголоо хэмээн бэлгэшээж сууна” хэмээснээр бидний яриа эхэлсэн юм.

-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Ерөнхийлөгчөөс шагнал авах гэж буйгаа чухам хэзээ дуулав?
 
-Баярлалаа. Энэ нэр хүндтэй шагналыг хүртэхэд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын үе үеийн удирдлага, дэд хурандаа Д.Дашням ахлагчтай цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, хошууч н.Пүрэвсүрэн даргатай хэв журмын нөхөд минь үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн бодож байна. Шагнал авах тухайгаа энэ сарын 6-нд буюу хоёрхон хоногийн өмнө мэдсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж, шагнал авах гэж байгааг дуулгасан юм. Энэ мэдээг дуулаад маш их баярлаж, догдолсон. Хүн ер нь өөртөө итгэдэггүй юм байна лээ. Би шагналаа гардаж авах хүртлээ итгэхгүй л явлаа. Ийм нэр хүндтэй шагнал хүртсэндээ туйлын баяртай байна.
 
-Шагналаа гардах мөчид чухам юу бодогддог юм байна?
 
-Цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр ажилласан хөдөлмөрийг минь үнэллээ. Ер нь аливаа ажлыг голохгүй, тууштай, сайн хийхэд үр дүн нь харагддаг юм байна гэж бодсон.
 
-Цагдаагийн байгууллагад та хэчнээн жил ажиллаж байна вэ. Шинэ-Идэр сумын уугуул иргэн үү?
 
-Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хүн. Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Ажлын гараагаа Алаг-Эрдэнэ сум буюу өөрийнхөө төрөлх нутгаас эхлүүлж байлаа. Үүнээс хойш хөдөөгийн долоон суманд ажилласан байна.
 
-Эх орондоо тангараг өргөн, иргэдийг хамгаалдаг цагдаа мэргэжил сонгоход тань юу нөлөөлсөн бэ?
 
-Би жирийн малчин айлын хүүхэд. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх хүү нь. Би хүүхэд байхаасаа цагдаа болно гэж боддог байлаа. Хүүхэд насанд цагдаагийн дүрэмт хувцастай хүн гоё харагддаг. Хүмүүст шаардлага тавьж, түүнийг нь бүгд биелүүлж байгаа нь сайхан санагддаг байв. Ингээд цэрэгт явж, цагдаагийн сургуульд суралцсанаар иргэдийнхээ эрүүл мэнд, амийг авран хамгаалдаг цагдаа болсон доо.
 
-Хүүхэд байхаас дурлаж, эзэмшсэн энэ мэргэжлийн сайхан нь юу вэ?
 
-Цагдаа болсон даруйд л үнэхээр багын хүсэл, мөрөөдөл минь биелчихсэн юм шиг санагдаж байсан. Нээрээ л бүх хүн миний хэлснийг биелүүлж, дарга болчихсон юм шиг санагдаж байлаа. Хэдий хүнд, хэцүү олон зүйлийг давж туулдаг, эр хүний тэсвэр тэвчээрийг шаардсан мэргэжил хэдий ч хүнийг авран хамгаалж байгаа нь юу юунаас илүү үнэ цэнтэй санагддаг.
 
-Таныг цагдаа болоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ. Одоо хүүхдүүдээс нь аавынхаа мэргэжлийг өвлөж авахаар зорьж, тэмүүлж байгаа хүн байна уу?  
 
-Тухайн үед гэрийнхэн маань ихэд баяртай хүлээж авсан. Төрөлх нутагтай ажиллахаар болсонд нутгийн зон олон, удирдлагууд ч сайшаалтай байлаа. Би хоёр охин, нэг хүүтэй, ам бүл тавуулаа. Том охин минь АШУҮИС-ийн VI дамжааны оюутан, удаах охин минь ерөнхий боловсролын сургуулийн XII анги, бага хүү минь II ангид сурдаг. Миний мэргэжлийг дунд охин минь өвлөнө гэж ярьдаг юм.
 
-Цагдаагаар ажиллах энэ хугацаанд олон хүний амь авран хамгаалсан нь дамжиггүй. Тэдгээрээс хамгийн хэцүү даалгаврыг онцолж дурдахгүй юу?
 
-Цагдаа хүн иргэдийг хамгаалах үүрэгтэй, эрсдэлтэй даалгавар гүйцэтгэдэг. Ажил мэргэжлийн онцлог нь өөрөө ийм учраас яг одоо онцолж  хэлж чадахгүй л байна. Ер нь анх цагдаа болж байсан цаг хугацаа л сэтгэлд дотно санагддаг. Алаг-Эрдэнэ сум Хөвсгөл далайтай ойрхон учраас гадна, дотнын олон жуулчин, төрийн өндөр дээд албан тушаалтнууд ирдэг байлаа. Ерөнхийлөгч зэрэг өндөр дээд албан тушаалтнууд зочлох үеэр хамгаалалтад гарахад ихэд догдолдог байж билээ.
 
-Ерөнхийлөгч танд шагнал гардуулахдаа олноос онцгойлон нэр дурдсан шүү дээ. Хөдөө орон нутгийн цагдаагийн байгууллагаас анхны гавьяат болсон байх аа?
 
-Тийм ээ. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Цөөн баг, бүрэлдэхүүнтэй хөдөө орон нутагт бусдыгаа манлайлан ажиллаж байгаа анхны гавьяат боллоо” хэмээн онцолж, “Үе үеийн залуустаа үлгэр дуурайл болж ажиллаарай” гэж захисан. 
-Ярилцсанд баярлалаа.
 

Үйлчилгээний гавьяат П.ХАТАНБААТАР: Сонгосон мэргэжилдээ үнэнч, тууштай ажилласныг минь төр үнэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188