• Өнөөдөр 2024-04-24

Улсын аварга малчин Б.САНЖ: Хүн малаа дагуулдаггүй, дагадаг юм

2021-02-12,   1899

-Хүнд ирэх гавьяа хожимдоно гэж үгүй. Ирэх ёстой цагтаа л ирнэ-

Завхан аймгийн Завханмандал сумын Олонтүрүү багийн малчин, алдарт уяач Б.Санжийнх Улсын аварга малчин өрхөөр энэ сарын 10-нд шалгарсан юм. Тэрбээр 34 жилийн турш малаа өсгөж, үржүүлэхийн зэрэгцээ хурдны морь уяж ирсэн, удам дамжсан малчин юм. Б.Санж гуайтай малынх нь бэлчээрт утсаар холбогдож, хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

-Сайхан өвөлжиж байна уу. Юун түрүүнд Улсын аварга малчин өрхөөр шалгарсанд баяр хүргэе?

-Баярлалаа, сайхан өвөлжиж байна. Сайхан байна. Хулгана жилийн төгсгөлд төр засаг маань хийсэн жаахан гавьяаг минь өндрөөр үнэлж, том шагнал өгсөнд их баяртай байна.

-Баярт мэдээг анх хэзээ дуулсан бэ. Ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Малынхаа бэлчээрт явж байгаад л дууллаа. Өөрөө ч мэдэж амжаагүй шахам байтал нутгийн зон олон маань мэдчихэж. Тэгээд л надад хэл дуулгахаар нь анх мэдлээ.

-Өнгөрсөн жил хэдэн төл авч, хэдэн мал тоолуулсан бэ?

-Өнгөрсөн хавар 300 гаруй төл авч, оны эцэст бог, бод нийлсэн 1200 гаруй мал тоолуулсан. Манайх 400 гаруй ямаа, 700 орчим хонь, 40 гаруй адуу, 30 гаруй үхэртэй.

-Таван хошуу малаас тэмээ л байхгүй байгаа нь нутаг усны онцлогтой холбоотой юу?

-Тийм ээ, нутаг орон, бэлчээрийн онцлогоос шалтгаалан тэмээ өсгөх боломж муу байна. Тэмээний иддэг шаваг байхгүйн улмаас тэмээ өсгөж, маллахад хүндрэлтэй байдаг. Уг нь таван хошуу малаа бүгдийг нь өсгөж, үржүүлье гэж боддог юм. Мөн сүүлийн үед бэлчээрийн нөхцөл байдлаас шалтгаалж ямаа маллахад хэцүү болж байна. Тиймээс манайх хонь голцуу малтай.

-Мал маллах арга, ухааныг анх хэнээс хэрхэн сурч байсан бэ?

-Мал маллах арга, ухаан, энэ их эрдмийг аав, ээж, эмээгээсээ л сурч, тэднийхээ ачаар өдий зэрэгтэй явна  даа.

-Таныг нутгийн олон тань алдарт уяач гэдгээр нь анддаггүй юм билээ. Адуу дагаж, уяач болох замналаа хэрхэн эхлүүлж байв?

-Би найман настайгаасаа л адуу гээч амьтантай амьдралаа холбосон. Анх хурдан морины унаач хүүхэд байгаад хожим уяачийн зам мөрийг хөөсөн дөө.

-Хурдан морь унадаг байхдаа ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Чамгүй амжилт үзүүлсэн шүү. Олны нүдийг ихэд татдаг, олон жил сумын наадмынхаа айраг, түрүүг таслаагүй их сайхан хурдан морийг унаж байлаа.

-Алдарт уяач хүнд Улсын аварга малчин гэх хэргэм хожимдож очсон юм биш биз?

-Үгүй дээ. Хүнд ирэх гавьяа хожимдоно гэж үгүй. Ирэх ёстой цагтаа л ирнэ. Залуус "Малаа дагуулах" гэж их ярьж байна. Үгүй шүү дээ. Хүн малаа дагадаг юм. Морь уяж хурдлуулахын зэрэгцээ малынхаа хишгийг хүртэж, хэдэн малынхаа буянаар олон жил бусдаас дутахгүй, сайн сайхан амьдарч байна даа.

-Анх хэзээнээс мал дагаж, энэ их ажилд хөл тавьж байв?

-Аавын минь ээж их сайхан хөгшин байлаа. Бага байхад минь намайг дэргэдээ авч, малын хөл дагуулж, сургаж байсан юм. Хожим нь би наймдугаар ангиа төгсөж, 1987 оноос нэгдлийн мал маллаж эхэлсэн. Нэг л мэдэхэд 34 жил  өнгөрсөн байна шүү.

-Цаашдын төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцахгүй юу?

-Ирэх хаврынхаа төлийг хүлээж авахаар ханцуй шамдаж байна даа. Малчин хүн өдөр шөнөгүй бодож, дараа дараагийн ажилдаа бэлдэх хэрэгтэй. Гэхдээ төлөвлөгөө гэж хэлэх нь буруу юм болов уу. 34 жилийн турш хийж ирсэн дадлаараа төлөө авахдаа бэлдэж, хэдэн төлөө мал болгохын тулд л хамаг байдгаараа ажиллана шүү дээ. Малчин хүн сайн сайхан зүйлс бодож явахад цагийн сайхан ч ирж, малчин бидэнд өнтэй сайхан жил гарна гэж бодож байна.

-Уншигчдад маань гарч буй “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн мэндчилгээ дэвшүүлэхгүй юү?

-Ирж буй цагаагчин үхэр жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг бүхий л монголчууддаа өөд өөд нь өргөн дэвшүүлье. Монгол түмэн минь сайхан шинэлээрэй.


Улсын аварга малчин Б.САНЖ: Хүн малаа дагуулдаггүй, дагадаг юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-12 16:13:05
    Duu: Ahaaraa uneheer bahargaj bna
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-12 15:53:21
    Санж: Алдар гавьяагаа Монгол түмнээрээ үнэлүүлсэн ангийн анддаа баяр хүргэе
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188