• Өнөөдөр 2024-04-24

Гавьяат эмч С.ТАТАР: “Гэмтлийн Татар” гэж мэргэжлээрээ овоглосондоо баяртай байдаг

2021-02-12,   939

-Улсад 43 жил ажиллахдаа 10 мянган хүнд хагалгаа хийсэн-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сар шинийн босгон дээр салбартаа олон жил манлайлан, үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардуулсан. Энэ үеэр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ахмад эмч Сламын Татар Гавьяат эмч цолоор энгэрээ мялаасан юм. Тэрбээр улсад 43 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд 10 мянга гаруй томоохон мэс засал хийжээ.

-Гавьяат эмч цолоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их сайхан байсан. Одоо ч гэсэн баярласан сэтгэл маань хуучраагүй байна. Саяхан болсон үйл явдал шүү дээ. Их л баяртай, сайхан байна. Гавьяат эмч цолоор энгэрээ мялаалгачихаад Төрийн ордноос гарч ирэхдээ тэр олон хүнийг харах сайхан байсан. Олон хүн цугласан байсан. Олон ч хүн шагнал авсан. Зарим нь байгууллагынхаа тугийг, зарим нь бүр хөгжимтэйгөө төв талбайд ирсэн байлаа. Хэлэхийн арга байхгүй, нэг л нэг сайхан, баяр баясгалантай мэдрэмж авсан даа. Шагналаа аваад гарч ирэхэд гэр бүлийнхэн, хамт олон, хамаатан, садангийн хүмүүс маань угтаж авсан. Бүгд л цэцэг бариад баяр хүргэсэн. Хүнд ер нь зөндөө л сайхан зүйл тохиолддог. Өмнө нь Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтан гадас одон, Эрүүлийг хамгаалахын тэргүүн зэрэг шагнал авч байх үеүд минь бүгд л сайхан байлаа.

-Гавьяат эмч хэмээх энэ хүндтэй цолоор энгэрээ мялаалгах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ?

-Шагнал гардуулахаас хоёр өдрийн өмнө Ерөнхийлөгчийн тамгын газраас надтай холбогдож, гавьяатаар тодорсныг минь хэлээд "Хоёрдугаар сарын 8-ны өглөө 09:50 цагт иргэний үнэмлэхтэйгээ ирээрэй" гэсэн. Төрийн ордон руу орохдоо шинжилгээ өгч байж орох юм байна. Тэгээд шинжилгээгээ өгөөд, хариу нь сөрөг гарсан. Ордонд ороод хүлээлгийн өрөөнд сууж байгаад шагналаа авахаар танхим руу орсон. Дотор Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Сүхбаатарын одон зэрэг төрийн дээд цол, медалиар шагнуулах гэж буй 30 гаруй хүн байсан.

-Та улсад хэчнээн жил ажиллаж байгаа вэ?

-Би 43 жил ажиллаж байна. Анагаахын дээд сургуулийг төгсөөд, 19 настай байхаасаа сумын бригадын бага эмчээр ажиллаж эхэлсэн. Дараагаар нь их эмчээр төгсөөд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ажилд орсон юм. Мөн Украйнд хоёр жил суралцаж төгссөн. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд байхдаа тасгийн эрхлэгч, зөвлөх эмч зэрэг бүх л тасаг, нэгжид ажилласан. Одоо тэтгэвэрт гарчихсан, хувийн эмнэлэгт зөвлөх эмч хийж байна. Би 1980 оноос хойш сургуулиа төгсөөд л шууд ажиллаж эхэлсэн. Эмчийн ажил амархан зүйл биш. Дээрээс нь дан ганцаараа биш хамт олон, багаараа хийдэг ажил. Ялангуяа бидэн шиг мэс заслын хүмүүс энэ ажлыг дангаараа хийх боломжгүй.

Хүмүүст нэр усаа хэлээд, хэн билээ гэж асуухаар нь “Гэмтлийн Татар байна аа” гэдэг юм. Энэ мэт эмнэлгээрээ овоглогдчихсон

-Та мэргэжлээрээ ажиллахдаа хэчнээн хүнд хагалгаа хийсэн бэ?

-Гэмтлийнх гэхэд л олон янз байдаг. Бүр том хагалгаа гэвэл 10 мянга орчим хүнд хийсэн байх. Жижиг эмчилгээ, хагалгаа гэвэл өдөрт их олон хүнд үзлэг хийдэг учир түүнээс хамаарч өөр өөр байдаг. Аваар осол, хүчирхийллийн хохирогч болон өөрийн болгоомжгүйгээс болсон зэрэг төрөл бүрийн гэмтэл авсан иргэд ирдэг. Ер нь хүмүүст хэлэхэд, аюул, осол хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг хэдий ч болгоомж, сэрэмжтэй байвал хүмүүс өөрийгөө хамгаалж болно. Хүүхдүүдээ гэртээ цоожилчихоод түлэгдэлтэй болгож ирнэ. Эсвэл нэгнийгээ чарганд суулгаад машинаар чирээд гэмтээчихдэг. Эдгээр тохиолдол  бол хөгжилдөж байхдаа өөрсдийн болгоомжгүйгээсээ болж нэгнээ гэмтээж байгаа зүйл. Харин өвчин зовлон гэнэт туссан байж болох ч өөрсдийгөө л ямар нэг эрсдэл, аливаа өвчнөөс хамгаалах юм бол өвчин тусахгүй байж болно шүү дээ. Тун болгоомжтой, сайхан байх хэрэгтэй гэж л боддог.

Хагалгаа хийнэ гэдэг тухайн үедээ хэцүү. Ер нь хагалгаа гэх мэт янз бүрийн зүйлээс болж харамсах, алдаа гаргах тохиолдол байхгүй. Гэвч эмнэлэгт ирээд л шууд сэхээнд орж, зарим тохиолдолд амийг нь аварч чадахгүй байх үе бий. Яаж ч болохгүй зүйл гэж байдаг. Тийм тохиолдолд их харамсалтай байдаг. Нөгөөтэйгүүр хагалгаа хийгээд, амжилттай болоод гараад ирэхэд баярласан, талархсанаа илэрхийлж байгаа хүмүүсийг харахад сайхан байдаг.

-Одоо энэ өндөрлөг дээрээс эргээд харахад танд юу бодогдож байна вэ?

-Үе үеийн ахмад эмч, багш нарыгаа дурсан санахгүй байна гэж үгүй. Зөндөө юм зааж, сургаж өгсөн. Одоо бол залуучуудыгаа ярихгүй бол болохгүй. Гадаад харилцаа зэрэг хамтран ажиллах нь сайжрахын зэрэгцээ эмнэлгийн төрөл бүрийн тоног төхөөрөмжүүд гаднаас хүрээд ирдэг болсон байна. Энэ мэт аливаа зүйлд хойч үеэ хараад баярладаг. Эмчийн ажил үргэлж сурч, мэдэж байх ёстой ажил.

-Танд одоо ч бас сурч мэдэх зүйл байгаа байх?

-Сурч мэдэх зүйл одоо ч байлгүй яах билээ. Шинжлэх ухаан өдөр өнгөрөх тусам өөрчлөгдөөд л байна шүү дээ.  Өнгөрсөн жилийн юм энэ жил огт өөр болдог ч юм уу. Суръя гэвэл их зүйл бий. Би энэ мэргэжилдээ их дуртай. Эхэндээ хэцүү байсан ч одоо бол өөр зүйл. Хүмүүст нэр усаа хэлээд, хэн билээ гэж асуухаар нь “Гэмтлийн Татар байна аа” гэдэг юм. Энэ мэт эмнэлгээрээ овоглогдчихсон. Хамт олон дундаа нэг нэгнийгээ ингэж дуудна. Өөрөө ч гэсэн утасаар ярихдаа “Гэмтлийн Татар байна аа” гэж хэлэхээр “Аан, заза” гээд таних нь байна, танихгүй нь ч бий. Харин “Гэмтлийн Татар” гэж мэргэжлээрээ овоглогдсондоо баяртай байдаг.

-Таны арыг бат даадаг хүн гэргийн тань болов уу.Та эхнэрийнхээ тухай ярьж болох уу?

-Миний гэргий Цэргийн дуу бүжгийн чуулгын жүжигчин байж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Бид хоёр залуудаа ажил гээд их оройтдог хүмүүс байсан. Дээхэн үед бид нарыг жижүүр гэх мэт ажилд нэлээн зүтгүүлдэг байлаа. Хүүхдүүд маань мөн эмнэлгийн байгууллагад ажилладаг. Нэг нь Австрали, нэг нь Германд байгаа.

-Та нутаг ус хаанах вэ. Нутгийн хүмүүс нь таныг гавьяат болсонд тань баярлаж байгаа байх?

-Би Ховд аймагт төрсөн. Говь-Алтай аймагт дунд сургуулиа төгсөж, хөдөө суманд ажиллаж байгаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж эхэлсэн юм. Надтай хамт нэг дунд сургууль төгссөн хүн саяхан гавьяат болсон. Мөн хотод байдаг хамт төгссөн нэг эмч маань гавьяат болсон. Нутгийнхан маань над руу утасдаад баяр хүргэж байна лээ.


Гавьяат эмч С.ТАТАР: “Гэмтлийн Татар” гэж мэргэжлээрээ овоглосондоо баяртай байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188