• Өнөөдөр 2024-04-17

Гавьяат дасгалжуулагч С.ТУЛГА: Ерөнхийлөгч надад “Урьдчилгаа болгож өгч байгаа шүү” гэж хэлсэн

2021-02-14,   1054

-Зөвхөн 3х3 төрөл гэлтгүй, цаашид 5х5 төрлөөрөө илүү амжилт гаргаж, дэлхийд гарах болно-

       МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч гэх эрхэм хүндтэй цолоор өнгөрсөн даваа гарагт шагнуулсан юм. Хамгийн залуудаа Гавьяат дасгалжуулагч болж, түүхэнд нэрээ үлдээж буй дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа.

-Юун түрүүнд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч болсонд баяр хүргэе. Хийсэн бүтээснийхээ хариуд шагнуулах мэдрэмж ямар байв?

-Баярлалаа. Маш гоё, сайхан зүйлс мэдэрдэг юм байна. Монгол Улсад идэвхтэй байдаг бүхий л спортын төрөл дотроос хамгийн залуу Гавьяат дасгалжуулагч боллоо. Тухайн үед төрийн ордонд маш олон чадварлаг, мундаг хүмүүс байхад сагсан бөмбөгийн 3х3 төрлийг онцолж ярьсан нь үнэхээр сайхан байсан. Энэ шагналыг 3х3-ын гэр бүл, Монголын сагсан бөмбөгийг төлөөлүүлж надад өгсөн гэж бодсон. Манай 3х3 баг тив, дэлхийн томоохон наадам, тэмцээнүүдээс нийт найман алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн. Шагнал авах тэр үед энэ тухайгаа бодоход дотор уужраад үнэхээр гайхалтай байсан шүү.

-Шагнал авч байгаа гэх баярт мэдээг дуулаад хамгийн түрүүнд баярт мэдээгээ хэнтэй хуваалцсан бэ. Ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас над руу яриад “Сүхбаатарын Тулга гэж хүн мөн үү. Таны Гавьяат дасгалжуулагч болж байгаа тушаал батлагдсан шүү” гэж хэлсэн. Хэдий гар утасны цаанаас ярьсан ч дэргэдээс хэлж байгаа юм шиг үнэхээр сайхан байсан. Тэгээд энэ баярт мэдээг хамгийн түрүүнд ээждээ л дуулгаж, “За та аль болох өөр хүнд хэлэлгүй, чимээгүй л байж байгаарай” гэсэн юм. Аав минь бурхан болсон.

-Та цаашдын төлөвлөгөөгөө гаргасан уу. Ямар ажил төлөвлөж байна вэ?

-Энэ зөвхөн миний ганц биеийн хэрэг бус. 3х3 холбоо, эмэгтэй төрлийн “Улаанбаатар Амазонс”, эрэгтэй төрлийн “MNC Энержи” баг маань сагсан бөмбөгийн 3х3 төрөлд ойрын 10-20 жилд насны ангиллаар шигшээ баг бүрдүүлж, ажиллах төлөвлөгөө гаргасан.

-Таны ажлын төлөвлөгөө 3х3 төрөлд төвлөрч байна уу. Ер нь 5х5 төрөлд хүч үзэх бодол бий юү?

-Манай баг тамирчид 5х5 төрлөөр Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль эх орондоо авчирсан. ОХУ-д болсон Юниверсал наадамд Япон, Филиппинийг хожсон. БНСУ-ын Гуанжу хотод зохион байгуулсан наадамд таван тивийн багийг хожсон амжилттай яваа шүү дээ. Манайхан 5х5 төрлөөр дэлхийд гарч ирэх үндэс, сууриа сайн тавьсан. Одоо зөвхөн 3х3 төрөл гэлтгүй, цаашид 5х5 төрлөөрөө илүү амжилт гаргаж, дэлхийд гарах болно.

-Энэ шагналыг хүсэж, хүлээж байсан уу. Аль эсвэл гэнэт л өөрөө хүрээд ирэв үү?

-Урдаа байгаа ажлаа хэн нэгэнд гай бололгүй, бусдын нүдэнд харагдах гэж хичээлгүй, хийх ёстойгоо л хийж ирсэн.  Манай 3х3 төрлийн баг болон дасгалжуулагчид нийлээд, энэ гэр бүл маань 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Одоо ингээд харахад манай 3х3 маань маш өнөр бүл болжээ. Амьдрал үргэлжилсээр л байна. Цаг хугацаа биднийг юунд, хаашаа аваачихыг харж, хүлээж л байя.

-3х3 гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юү. Сүүлийн жилүүдэд үнэхээр өнөр бүл болсон байна шүү?

-Манай 3х3 баг өсвөрийн, залуучуудын, насан хүрэгчдийн зэрэг төрлүүдэд Монгол Улсын Үндэсний шигшээ багийг бүрдүүлдэг. “Улаанбаатар MNC Энержи” буюу Ази тивийг тэргүүлж буй багт маань 1990-ээд оны гурван залуу байгаа. Харин “Сансар MNC Энержи” багт 1993, 1994, 1997 оны дараагийн үе бэлтгэгдэж байгаа. Мөн түүний дараагийн буюу “Циркчид” багт Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 2000-аад оны залуус бий. Эмэгтэй шигшээ багт “Улаанбаатар Амазонс”, сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн залуус байдаг. Энэ том гэр бүлийнхнийг 10 гаруй дасгалжуулагч, зөвлөхүүд цаг үргэлж тусалж, дэмжиж байдаг. Гэр бүлийнхэн маань бүхий л талаараа шилдэг нь байж чаддаг.

Би өөрийн чадах, мэдэх үнэн, зөв, сайн гэж бодсон зүйл рүүгээ л тэмүүлсэн

-3х3 таны амьдрал дээрх гэр бүлээс юугаараа ялгаатай вэ. Үнэ цэн нь юунд оршиж байна вэ?

-Эх орон гэдэг өөрөө гэр бүл. Бид чинь эх орон, Монгол Улс гэдэг нэг гэр бүлтэй. Монголын ирээдүй болсон олон мянган багачууд, залууст итгэл найдвар бэлэглэж, өөрт нь ч гэсэн боломж байгааг харуулж чадсан. Сагсан бөмбөгийн спорт хөл бөмбөгийн спортын хамтаар дэлхийг байлдан дагуулдаг маш том спортын төрөл. Харин энэ маш том спортын соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлж буй миний мэдэх хамгийн авьяаслаг залуусын гэр бүл гэж хэлж болно.

-Таны хувьд 3х3 төрлийн багаас аль тамирчин нь бусдаасаа илүү үүрэг, рольтой оролцож байгаа вэ?

-3х3 төрлийн нэг багт дөрвөн тоглогч байдаг. Бүтэн тоглолтын хугацаанд үүргийг тухайн дөрвөн тоглогч 25 хувиар хувааж авна гэсэн үг. Харин талбай дээр гарах үед гурван тоглогч 100 хувийн үүргийг 33 хувиар нь хувааж авдаг. Хэрэв бөмбөг авах юм бол тухайн тоглогчийн эзлэх үүрэг 50-60 хувь болж өөрчлөгдөнө гэж ойлгож болно. Харин тэрхүү 50-60 үүргийг талбай дээрх аль ч тоглогч эзлэх боломжтой учир бүхий л тоглогч өөр өөрийн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Түүнээс биш аль нэг нь онцгойрно гэж байхгүй шүү дээ. Хэдий хэн нэгэн нь сайн тоглосон ч нөгөө тоглогч нь муу тоглож, үүргээ биелүүлэхгүй бол сайн тоглогч гэж үгүй. Бүгд л өөр өөрсдийн хамгийн сайнаараа тоглож, байгаа бүх зүйлээ гаргаж чаддаг, маш авьяаслаг залуус манай багт бий.

       Гэхдээ аль нэгийг нь онцгойлох хэрэгтэй болбол тэмцээн дээр харагдчихдаг шүү дээ. 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн шилдэг нь буюу “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг Э.Дөлгөөн авсан. Түүний дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Дэлгэрням “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг авч байлаа.

-Монгол Улсын 3х3 төрлийн шигшээ баг олимпын наадмын эрхээ авсан шүү дээ. Олимпын наадамд хэрхэн бэлдэж байгаа вэ?

-Олимпын 3х3 төрлийн эмэгтэй төрөлд нийт найман улс орох эрх авсны нэг нь Монгол Улс. Эрэгтэй шигшээ баг маань эрхээ авсан боловч Япон Улсын шигшээ баг цагаан хуудас авч, манайх тавдугаар байранд орж, ирэх тавдугаар сарын 26-30-ны хооронд дэлхийн шилдэг 20 багийн дунд зохион байгуулагдах тэмцээнд оролцож, эрхийн төлөө хүч үзнэ. Хэрэв тэр тэмцээнээс олимпын наадмын эрхээ авч чадахгүй бол Унгар Улсын Будапешт хотод болох тэмцээнд оролцоно.

-Гаднын орон руу аялан тоглолтоор явах хөрөнгө санхүү, дэмжлэгээ хаанаас авч, ямар зохион байгуулалттайгаар ажилладаг вэ?

-Гаднын тэмцээн рүү явах чинь их том асуудал байлаа. Өмнө нь таньдаг, мэддэг бүх л хүн рүүгээ залган байж, болох бүхий л боломжийг ашиглахаар хөөцөлддөг байсан. Харин одоо тийм асуудал байхгүй болсон. “Улаанбаатар MNC Энержи” баг маань 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй клуб болсон. Мөн эмэгтэйчүүдийн “Улаанбаатар Амазонс” багийн клубийг ч байгуулаад амжсан. Маш олон хүний тус, дэмийн ачаар Монгол Улсын 3х3 баг тамирчид дэлхий тавцан руу ямар ч зовлонгүйгээр явж байгаа.

-Энгийн нэгэн сагсан бөмбөг сонирхогчоос Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч хүртэл олон саад, бэрхшээлийг туулсан байх. Энэ хүртэлх замаа эргэн харвал юу бодогдож байх юм.

-Дуртайдаа л тэр бүх хүнд хэцүү саад, бэрхшээлийг давж гарсан байх. Маш олон жил, олон ч хүн, хэвлэл мэдээлэл намайг муулж, иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байлаа. Гэхдээ би тэр болгонд юм бодоогүй. Энэ спортдоо хайртай, дуртайдаа л өдийг хүрсэн юм болов уу. Би зүгээр л бусдын нүднээс далдуур хийх юмаа л хийж байсан. Өөрийн чадах, мэдэх үнэн, зөв, сайн гэж бодсон зүйл рүүгээ л тэмүүлсэн. Бэрхшээл, саадыг давсны хариуд шагнал ирдэг. Гэхдээ надад ирсэн шагнал арай томдож байна. Монголд хамгийн залуудаа Гавьяат гэх хэргэмийг хүртсэн дасгалжуулагч боллоо. Залууд маань энэ шагналыг ийн өгч байгаа нь цаашид илүү олон том зүйлийг хийж, бүтээгээрэй гэж байгаа юм болов уу. Шагнал гардуулж байх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга надад “Урьдчилгаа болгож өгч байгаа шүү” гэсэн. Одоо байгаагаасаа илүү том зүйлийг бүтээхийн төлөө ажиллах болно.

-Хэнийг хүндэтгэж, үлгэр дуурайлал авдаг байсан бэ?

-Өөрийнхөө мэдэх хамгийн шилдэг гэсэн спорт, бизнес зэрэг бүхий л салбарын төлөөллүүдээс заавар, зөвлөгөө авч, тэднийхээ хүчээр л энэ зэрэгт хүрсэн юм болов уу.

-Хэнд хамгийн ихээр баярлалаа гэж хэлмээр байна вэ?

-Мэдээж төрүүлж, өсгөсөн ээж, тэнгэрт байгаа аавдаа маш их баярладаг. Мөн үргэлж миний ард талыг дааж, үлддэг гэргий болон гурван охиндоо үнэхээр их баярлалаа. Энэ амжилтад хүрэх замыг бүтээхэд хамтдаа хичээсэн хамтрагчид, ивээн тэтгэгчид, үе үеийн МҮСБХ-ны удирдлагууддаа ч мөн баярлаж байна. Биднийг ямар ч үед үнэнчээр дэмждэг, ялагдахад маань дагаж ялагдаж, хамтдаа байдаг Монголын сагсан бөмбөгт хайртай хүмүүсийн чин сэтгэлийг зүтгэлээр хариулсан юм болов уу даа. Та бүхэндээ маш их баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.


Гавьяат дасгалжуулагч С.ТУЛГА: Ерөнхийлөгч надад “Урьдчилгаа болгож өгч байгаа шүү” гэж хэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188