• Өнөөдөр 2024-04-18

“Чимэгэ системc"-ийн үүсгэн байгуулагч С.БАДРАЛ: Хиймэл оюун ухааныг бидний үнэнч туслах гэж л хүлээн авах хэрэгтэй

2021-01-25,   1699

"Чимэгэ системс" нь 2019 онд үүсгэн байгуулагдсан агаад хүний хэл яриаг хиймэл оюун ухаанаар боловсруулах технологийг хөгжүүлж буй компани юм. Тухайлбал, тус компани Чимэгэ бичээч буюу яриаг бичвэрт буулгах систем, Чимэгэ бичвэр уншигч буюу бичвэрийг ярианд хувиргах систем, Хүний хэлийг ойлгох систем буюу хүний хэлийг ойлгож, харилцан ярилцах түвшинд хүртэл хиймэл оюун ухааныг хөгжүүлж байгаа. Мөн хүнтэй ярилцах чадвартай Марал хэмээх хиймэл оюун ухаант сэтгүүлчийг хүртэл бүтээгээд буй.

"Чимэгэ системс" нь Монголын анхны хиймэл оюун ухаант системийг дэлхийн СтартАп компанитай энэ зэрэгцэн өргөжүүлж, гурван сая гаруй хүн ашиглаж буй монгол хэлний хэрэглээг нэмэгдүүлж, дэлгэрүүлэхийн тулд хичээн ажиллаж иржээ.  Тус компанийн үүсгэн байгуулагч С.Бадралтай хэрхэн санаагаа олсон хийгээд хиймэл оюун ухааны салбар Монголд хэрхэн хөгжиж буй талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Баярлалаа. Би Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрж, өссөн. КТМС хэмээх Монголын шилдэг их сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Аахен хотын их сургуульд программ хангамжийн архитектор мэргэжлээр мастераа хамгаалсан.

-Анх "Чимэгэ системс"-ийн санааг хэрхэн олж байв. Санаагаа олоод, хэрэгжүүлэх явцад хэр боломжтой санагдаж байсан бэ?

-Их дээр үед буюу 1999 онд бакалаврын зэргээ хамгаалахдаа "Яриаг бичвэр болгох систем" гэсэн сэдвийг дэвшүүлж, авмаар “тэнэг” санаа орж ирж байсан юм. Тэгсэн нэг туршлагатай ах маань “Хэтэрхий хүнд сэдэв шүү” хэмээн зөвлөснийг дагаж, өөр сэдвээр бакалавраа хамгаалж байлаа. 2000 оноос монгол кирилл үсгийг Юникодод оруулах, “Соёмбо” Монгол үйлдлийн систем, хэрэглээний програм хангамжийн монгол орчуулгын “OпенМН” баг, “Болор дуран” монгол үгийн алдаа шалгах программыг хөгжүүлэх ажилд гар бие оролцсон. Сүүлд 2017 онд Э.Төгөлдөр (Чимэгэ системийн үүсгэн байгуулагчийн нэг) Берлинд, би Аахенд ажиллаж байхдаа "За ер нь одоо л зөв эхэлж чадвал боломж байна.Монгол хүний хувьд сайн зүтгэж,зориглох цаг нь ч болсон” гэж ярилцаад шууд дайрсан даа.  

/хиймэл оюун ухаант хөтлөгч Марал/

-Алдсан ч ахиад эхлэх тохиолдол олон байсан байх. Хэр удаан хугацаанд биеллээ олсон бэ?

-Алдсан тохиолдол байгаагүй ээ. Урьд нь янз бүрийн зүйл дээр алдаж, онож байсан. Жишээ нь, цаг нь болоогүй байхад хөгжүүлж эхлэх зэргээр алдаж байсан тул анх эхлэхдээ л бид удаан ярилцаж “Оролдож үзэх биш, шууд бүх хүч, боломжоо шавхаад дайръя” гэж шийдсэн. Хийж чадах мэдрэмж, тооцоо байсан гэсэн үг л дээ.

-Энд багийн ажиллагаа болон судалгаанаас эхлээд олон зүйл хэрэгтэй байх. Судалгаагаа хэрхэн хийсэн, систем зохион бүтээсэн үйл явцаасаа сонирхуулаач?

-Тэгэлгүй яах вэ. 2008 оноос “Болорсофт” компанийн хэл шинжлэлийн судалгаа болон хөгжүүлэлтийг бид хийгээд л явж байна. С.Төгөлдөр маань Берлиний их сургуульд хиймэл оюуны чиглэлээр компьютерийн ухааны магистрийн зэрэг хамгаалж, арав гаруй жил ажиллан, туршлага хуримтлуулчихсан байлаа шүү дээ. Хэрвээ манай бүтээлүүдийг шинжлэх ухааны цаас болговол магистр, докторын ажлаар тогтохгүй нэлээд олон судалгааны ажил гарах л байх. Гэхдээ бид амьдралд, практикт шууд хэрэглэгдэх бүтээгдэхүүнд анхаардаг тул судалгааны ажил хэвлүүлээд байдаггүй. Харин энэ жил “Чимэгэ”-гийн нээлтийн үеэр хиймэл оюуны судалгааны лаборатори байгуулахаа зарласан.
Харин аппликэйшн зохиосны хувьд бол бид 2020 оноос сар бүр нэг аппликэйшн хөгжүүлээд явж байна. Суурь судалгаа, платформоо хийчихсэн хүмүүст аппликэйшн бол сүйдтэй асуудал биш. Цаашдаа илүү олон аппликэйшн богино хугацаанд гарахын сацуу өмнө гаргасан аппликэйшнүүдээ улам сайжруулаад, шинэчлээд явна даа.

-Монголд хиймэл оюун ухааны туршилт, дэвшил үүсэж буй нь сайн хэрэг. Гэхдээ бидний хувьд шинэхэн ойлголт шүү дээ. Бид хиймэл оюун ухааныг хэрхэн хүлээж авах ёстой вэ?

-Хиймэл оюун ухаанд айхавтар сүрдээд байх зүйл байхгүй.

Хиймэл оюун өөрөө өөрийгөө хөгжүүлээд явах болоогүй байна шүү дээ. Одоогоор хүн л хийж, сургаж байгаа системүүд тул бидний үнэнч туслах гэж л хүлээн авах хэрэгтэй болов уу.

-Хүмүүс хиймэл оюун ухаан гэдгийг сайн, муу хоёр талтай хүлээж авдаг шүү дээ. Үнэхээр кино бүтээлд гардаг шиг аюул бий болов уу?

-Хиймэл оюун тийм хүн айх, эмзэглэх асуудал огт биш. Тэр хүн төрөлхтнийг мөхөөх хэмжээнд очих яагаа ч үгүй. Одоо бид хиймэл оюуныг хөгжүүлбэл хүн төрөлхтнийг сөнөөчихнө гээд хойш суувал харин өөрсдөө сөнөнө л гээд хэлчихэд хилсдэхгүй дээ. Улам бүр хоцрогдож, сүйрнэ.

-Цаашдаа хиймэл оюун ухаанаар олон зүйл хийх боломжтой болох байх?

-Одоогоор биеийн хүчний ажил буюу механик ажлуудыг хүн төрөлхтөн ер нь автоматжуулчихаад, оюуны ажлуудыг ч хиймэл ухааны тусламжтай автоматжуулаад эхэллээ. Тэгэхээр одоо хэрэглэгдэхгүй үлдэх салбар юу байх билээ. Бүх зүйлд ашиглаж, шинэ зууны цахилгаан эрчим хүч гэж тодорхойлчихоод байна шүү дээ.

-Чимэгэ системийн тусламжтайгаар цаашид ямар хэрэглээг хялбарчлах боломжтой вэ?

-“Чимэгэ бичээч” аппликэйшнийг хэрэглээд хурлын протокол, яриаг автоматаар бичвэрт буулгаж болно. “Чимэгэ уншигч” аппликэйшний тусламжтай дурын бичвэр, номыг аудио хэлбэрт хөрвүүлээд сонсоод явах боломжтой боллоо. “Чимэгэ гар” аппликэйшнийг одоо бараг хүн бүр утсандаа суулгаад, яриагаа бичвэрт буулгаж байна. Үүнийг гарснаас хойш кирилл бичгийн хэрэглээ нүдэн дээр өслөө. Хүмүүс утасны хаягийг монголоор хадгалдаг болж байна. Энэ мэтчилэн хувь хүний хэрэглээнд нэвтэрч байгаа бол байгууллага компаниудад автоматжуулалт хийхэд түлхэц үзүүлж эхэллээ. Зарим газар манай Chimege API-г ашиглаад видео бичлэгийн тайлбар бичиг харуулах, нөгөө талаас “Э-Монголиа” төслөөс эхлээд бичвэрийг уншиж өгөхөд ашиглаж байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар тустай билээ дээ. Цаашид ч Монголын нийт иргэдэд тэгш боломж үүсгэхэд бодитой нөлөө үзүүлэх байх аа.

-Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байна гэж хэлж болохоор санагдлаа. Тийм хэдий ч  тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Бүтээхийн хувьд тэгж хэлж болно. Манай залуус энэ салбарт дэлхийн хөгжлөөс хоцорчихсон зүйл байхгүй. Харин тулгамдаж буй асуудал их л байна даа.
Нэгдүгээрт, бодлогын хувьд төрөөс дэмжиж, хөрс суурийг тавих бодитой ажил огт хийхгүй байна. Ярихын хувьд бол дээд зэргээр сайн ярьж байгаа.

Хоёрдугаарт, санхүүжилт, бизнес хийх хөрс суурь тун тааруу байна. Өөрөөр хэлбэл, монгол хүний үнэлэмж, үнэлгээ маш доор байна. Бид зардлыг бууруулахын тулд барууны орнуудын мэргэжилтэн, хөгжүүлэгчдээс илүү ачаалалтай ажиллаж, хийж бүтээж чадаж байгаа ч олон нийтийг ойлгуулж, чиглүүлэхээс эхлээд хөрс сууриа бэлдэхэд илүүтэй зовж байна.
Гуравдугаарт, боловсон хүчний хувьд хямралд орж, чадвартай боловсон хүчин маш ховордож буй зэрэг олон асуудал байна.

-Та энэхүү салбарт хэрхэн дурлаж, хөл тавьж байв?
-Дэлгэрэнгүй яривал урт юм болно. Анх 1998 онд КТМС-д сурч байхад “Хиймэл оюун” гэсэн хичээл ордог байв. Гэхдээ тухайн үед тун залхуутай хичээл шиг санагдаад л өнгөрч байлаа. Одоо санахад эксперт системийн талаар их ярьж байсан санагддаг. Харин яг сонирхож эхлэхийн хувьд хэлний боловсруулалтаар дамжиж л орж ирсэн гэх үү дээ. NLP буюу хүмүүний хэлний боловсруулалтын ажлууд хийхэд жишээлбэл, “Болор дуран” гэдэг ч юм уу ажлыг хийх явцад хүссэн хүсээгүй машин сургалт, гүн сургалт гээд л орж ирээд холбогдоод явчихдаг. 2013 онд шиг санаж байна. Бид Стэнфордын их сургуулийн машин сургалтын хичээлд байгууллагаараа онлайн байдлаар сууцгаасан. Ийнхүү 2015 онд Монголын анхны машин сургалт ашигласан хоёр бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байсан. Харин 2017 оноос гүн сургалт руу ороод явж  байна даа.

-Шинжлэх ухааны салбар хөгжихийн тулд дэлхийн шинжлэх ухааны мэдээнээс хоцрохгүй байх шаардлагатай. Та хэрхэн өөрийгөө хөгжүүлдэг вэ?
-Шинжлэх ухааны судалгааны ажлуудыг нэг хэсэг нэлээд уншдаг байв. Одоо ч манай салбартай холбоотой мэдээ харахаас хэтрэхгүй болжээ. Үүнийг гэхдээ шар мэдээ гэж ойлгож болохгүй. Баримт нотолгоотой шинжлэх ухааны мэдээ. Харин манай хиймэл оюуны багийн залуус маань шинэ зүйлс хэрэгжүүлээд туршиж үзээд явж байна. Ер нь тэгээд  хүн ном, шинжлэх ухааны нийтлэл уншихаас илүүтэйгээр өөрийгөө яаж хөгжүүлэх билээ. Программ хангамжийн салбарынхны нэг онцлог нь хийж бүтээж байх явцдаа байнга суралцаж байдаг даа. Тэгэхээр ажлаа хийх явцдаа бас хөгжөөд л явдаг.

-Танд СтартАп байгуулах гэж буй залуухан интерпениоруудад ямар зөвлөгөө өгөх вэ?

-“Томоор сэтгэж, багаар эхэл. Бүү бууж өг” гэх мэтчилэн амны уншлага шахуу болчихсон дэлхийд алдартай нөхдийн айхтар зөвлөгөө байхад өчүүхэн би юу хэлэх билээ. Сургаар биш, судалгаагаар яваарай. Өөрөөр хэлбэл, хов жив, үл бүтэх хүмүүсийн ярианд бус, баттай эх сурвалжид итгээрэй. Ямар нэг зүйлийг хийж эхэлж байгаа бол чанарыг үргэлж дээдэлж байгаарай гэж зөвлөе дөө.

-Та цаашдын зорилгынхоо тухай бидэнтэй хуваалцаач?

-Эх орноо ядаж өөрийн мэргэжлийн салбарт дэлхийн хөгжлөөс хоцроохгүйн төлөө хичээж байна. Ялангуяа бидний амьдарч буй энэ зуун хиймэл оюуны үсрэнгүй хөгжлийн, роботын зуун болж байхад анхаарахгүй өнгөрөх ямар ч боломжгүй.

Мөн бага нөөцтэй, дэлхий даяараа олигтой шийдэж чадахгүй байгаа хэлнүүдийн хувьд өөрсдийн туршлага дээрээ суурилан уг асуудлыг нь шийдэж өгөхийг зорьж байна. Цаашлаад монгол хүн зөвхөн монгол хэлтэй байсныхаа төлөө дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс хоцордоггүй болгохын төлөө мэрийж байна даа.

 


“Чимэгэ системc"-ийн үүсгэн байгуулагч С.БАДРАЛ: Хиймэл оюун ухааныг бидний үнэнч туслах гэж л хүлээн авах хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-25 17:22:31
    Саруултөгс: Танд маш их баярлалаа. Хэл шинжлэлийн салбарт хийсэн маш том ололт болсон шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-25 13:20:45
    Н.ЛХАГВАДОРЖ: МОНГОЛЫН ШИНЭ ҮEИЙН ЗАЛУУЧУУДАД ЗОРИСОН ХЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭХИЙГ ЭРДЭМТЭН СУДЛААЧИЙН ЗҮГЭЭС ХҮСЬE.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188