• Өнөөдөр 2024-10-06

АНХНЫ ЭМЭГТЭЙ ПАРАЛИМПЫН АВАРГА У.СҮРЭНЖАВ: Багштайгаа төрийн далбаагаа мандуулаад, дэвжээ тойроод гүйсэн минь оргилдоо хүрсэн аз жаргалтай мөч байсан

2024-09-09,   205

      Одоо дахиад ганцхан эргэлттэй өшиглөөд л гүйцээ. Тиймээ. Болчихлоо. Ингээд л бүх зүйл дууслаа...

     “Нэг мэдэх нь ээ, багштайгаа төрийн далбаагаа мандуулаад дэвжээ тойроод гүйж байсан. Тэр мөч бол хамгийн гайхамшигтай, оргилдоо хүрсэн аз жаргал байсан” гэж анхны эмэгтэй паралимпын аварга У.Сүрэнжав даруухан атлаа нулимс цэлэлзүүлэн өгүүлж байв. Би ч мөн шинэхэн олимпын аваргатай ярилцаж байгаадаа итгэж ядан, сандарч байлаа. Ухаан орсон цагаасаа л төрөлхийн нэг гаргүй гэдгээ мэдэрсэн ч өвөө, эмээ, аав, ээж нь түүнийг “Чамд дутуу зүйл юу ч байхгүй” гэсэн дүүрэн сэтгэлээр өсгөж, охин ч гуньж, ганцаардахын чөлөөгүй сэргэлэн цовоо өсжээ. Тиймдээ ч хөлбөмбөг, волейбол, сагс гээд юм, юманд сонирхолтой, бүр морин хуураар хүртэл хичээллэж, сурсан мэдсэнийхээ эцсийг үзэх гэж мэрийдэг, өөртөө итгэлтэй, хүнд хэлье гэснээ шударга хэлчихдэг, зорьсон зорилгодоо тууштай адтай нэгэн байж. Тийн Тосонцэнгэлийнхээ гудамжаар найз нартайгаа хамт бүхнийг сурахаар тэмүүлэн явсан “дэггүй” бор охиныг ирээдүйд Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулна чинээ хэн ч санаагүй биз.

-АНХНЫ АМЖИЛТ, ШИНЭ ЗОРИЛГО-

             Тэрбээр “Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өсөөд, сумынхаа нэгдүгээр арван жилд суралцаж төгссөн. Анх арванхоёрдугаар ангид байхад сургуулийн  жижигхэн заалны голд хуйлдаг хивс дэвсчихсэн таеквондогийн сургалт орж байлаа. Хэдийнэ сургалтад яваад сар гаруй болчихсон хоёр найз минь намайг “Сонирхоод үзээч” гэснээр очсон юм. Хамгийн сонин нь намайг орсны долоон хоногийн дараа аймгийн аварга тэмцээнд орох байсан. Тэгээд багш “Тэмцээнд орох хүүхэд байна уу” гэхэд нь  “Багш аа, би” гээд гараа өргөж билээ. Тэгээд олон улсын таеквондогийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд долоохон хоног бэлдээд л оролцож байсан юм.  Тэр тэмцээнээс хоёр алтан медаль хүртээд аав, ээж дээрээ ирэх мөч хамгийн сайхан байсан.

    Дараа нь сар бэлдэж байгаад олон улсын таеквондогийн улсын аваргад ороод мөн алт хүртсэн. Миний амжилт ер нь алтаар эхэлсэн, алтаар үргэлжилж байгаа юм байна шүү. Мэдээж дунд нь ялагдаж байсан үе ч бий. Таеквондо надад анхны тэмцээнээс хойш л таалагдаж эхэлсэн. Хааяа хоёр найздаа дийлдэхээрээ шарандаа “Заавал ялна” гээд өшиглөлтүүдээ гэртээ давтдаг байлаа” гэж анх таеквондод хөл тавьсан үеийнхээ тухай өгүүлнэ.  

           Ингээд арванхоёрдугаар ангиа төгсөөд олон улсын таеквондогоор хичээллэхээ больж, хотод оюутан болж ирээд байтал Олимпын таеквондогийн үүсгэн байгуулагчдын нэг Л.Отгонбаатар багш нь түүнд олимпын пара таеквондогоор бэлтгэл хийх санал тавьсан байна. Ингэж тэр анх парачуудын Дарь-Эхэд байрлах бэлтгэлийн байранд очиж, тамирчин ах, эгч нартайгаа уулзаж, тэдний амжилтаас сонсож байжээ. Тэр тухай “Дэлхийн аварга болон Азийн аваргын медальтай мундаг тамирчид байсан. Тэгээд л “Энэ мундаг хүмүүсээс суралцаж, бэлтгэл хийвэл үнэхээр амжилт гаргах юм байна” гэсэн итгэл төрснөөр багшаараа бүгдийг заалгаад орж байлаа. Мэдээж шантраад өвдгөө тэврээд уйлж, яах учраа олохгүй үе зөндөө байсан. Тэр бүхэнд минь Отгоо багш минь намайг өргөн босгож, урам зориг өгч, “Хоёулаа дахиад нэг оролдоод үзье” гэж зоригжуулсаар нэг л мэдэхэд тулгарч байсан даваагаа амжилттай давчихсан байдаг байсан. Хэдий багш минь олимпын медаль хүртэхэд дэргэд байхгүй ч тэнгэрээс шавийгаа харж, байгаа гэдэгт итгэж байна. Ер нь надад зааж сургасан бүх л багш нартаа баярладаг. Анх надад таеквонда заасан Ө.Ядамсүрэн болон Таеквондогийн дэлхийн аварга, ОУХМ С.Будхүү гэж хоёр багш бий. Дараа нь пара таеквондог Л.Отгонбаатар багш анхлан зааж, одоо пара таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Батнасан нар маань зааж, зөвлөж, хөтөлж байна” гэсэн юм.

Түүний мөн нэгэн зоригжуулагч, хүч өгөгч бол мэдээж гэр бүлийнхэн нь. Аав, ээж нь нутагтаа малчин улс. У.Сүрэнжав “ Аав, ээж хоёр минь тэмцээнд орох бүрд хажууд байхгүй ч гэсэн утсаар ярьдаг. “Миний охин, өнөөдөр мундаг байгаарай. Өөрөөсөө гаргаж болох бүх хүч чармайлтаа дайчлан, дараа нь харамсахгүйгээр хичээж тулалдаарай” гэдэг. Өглөө ялангуяа, ээж, аавтайгаа ярихаар нэг их сайхан болж, урам авдаг. Мөн эмээ минь надад “Хүчтэй байгаарай, миний охин. Шантарч болохгүй. Аливаад тууштай байгаарай. Нэг юмаар явсан бол заавал оргилд нь гараарай” гэж хэлдэг байсан гэнэ.

-ТЭСРЭЛТ-

       Түүний өглөө 7:00 цагаас Спортын төв ордны эрдэм шинжилгээний төв дээрээс эхэлдэг гэнэ. Учир нь тус төв дээр эрдэм шинжилгээнээс гаргасан бэлтгэлийн системийн дагуу хүчний болон бие бялдрын бэлтгэлээ хийдэг байна. Харин өдрийн бэлтгэл нь таеквондогийн үндэсний шигшээ багийнхаа зааланд үргэлжилдэг гэнэ. “Өдөр бүр аль болох өөрийгөө дайчилж, хамаг хүч, хурд, уян байдлаараа тэсэрч бэлтгэлээ хийхийг хичээдэг. Гэхдээ бэлтгэл тааруухан болох өдөр бий. Өөртэйгээ ярьж мөн бэлтгэлээ хийнэ. “10 минутад тэсэрчихээд таван минутад амардаг юм байна. Энэ хугацаанд хамгийн дээд цэгтээ тэсэрье гэж зориод, “Хөөх, би ингэж тэсэрч болдог юм байна шүү. Үүнийг маргааш, нөгөөдрөөс улам сайжруулъя гэж зорьдог” гэсэн нь олимпод орох хүртлэх өдөр бүрийнх нь хичээл зүтгэл. Мэдээж цаашид ч тэр тэсэрч, өөрийгөө улам дайчилж, илүү мундаг байж, дараагийн дүү нартаа үлгэрлэх нь мэдээж.

-СОРИЛТ-

      Сорилтгүй амжилт гэж үгүй. Хэдийгээр бага насанд нь төрөлхийн гарны бэрхшээлтэйгээс нь үүдэн гадуурхан шоглох тохиолдол бага байсан ч гар нь өвдөх өдрүүд түүнийг багагүй давааны ард гаргажээ. Харин спортоор хичээллэснээс нь хойш “Шантраад “больё” гэж байсан өдрүүд байсан уу” гэхэд тэр “Байлгүй яах вэ. Ангилал хамгийн хэцүү. Хэчнээн би таеквондод дуртай байсан ч ангилалдаа тэнцэхгүй бол дуртай зүйлээрээ явж чадахгүй. Хоёр ч удаа ангилалдаа бүдэрч байлаа. Тэр бүрд Н.Эрдэнэбаатар багш минь миний хажууд байж, уйлахад аргадаж, сэтгэлээр унахад минь тайвшруулж байсан. Тэгээд л багшаасаа урам зориг, зөвлөгөө авдаг байсан. Багш бид хоёр хоёулаа хичээсэн. Ер нь тэгээд хүнд өдрүүд цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд олимпод орохын өмнөхөн бэлтгэлээ хийж байгаад нурууны бэртэл авч, хагалгааны заалттай гэх мэдээг дуулахад амаргүй байсан. Гэхдээ  Спортын анагаах ухааны чадварлаг эмч нарын буянаар сайн эмчилгээ хийлгэж, олимпын аварга болж чадсан. Ингээд харахаар олон хүнд өдөр, урд тулгарах саад давааны ард гарчээ. Хүнд мэт санагдаж байсан нэг давааг давахад дахиад л өөр нэг даваа угтана. Гэхдээ туулах тусам хүн хүчирхэгчиж, сэтгэл зүйн хувьд ч сайн болж, өсөн хөгждөг. Тэгээд ирэхээр бэрхшээл хөнгөн мэт санагддаг” гэнэ.

-ӨРСӨЛДӨГЧ БА НАЙЗ-

Харин өрсөлдөгчийн тухайд тэр “Таеквондогийн нэг гоё зүйл нь дэвжээн дээр өрсөлдөгч байж байгаад буугаад найзууд болдог. Тэр мэдрэмж хамгийн гоё. Парисын олимпод тамирчдын хувьд бүгд нягт сайхан өрсөлдсөн. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Египетийн тамирчин байсан” гэсэн. Үнэхээр ч өрсөлдөгчтэйгээ найз болж, бусдыг чин сэтгэлээсээ хүндлэх хичээлийг таеквондогийн спорт олгодог биз ээ. Үүнийг бид олимпын аварга болоод медаль хүртэн зогсох түүний байр байдлаас тод харсан билээ.

Ингээд бид түүний талаарх багш нарынх нь ярилцлагын хэсгээс хүргэж байна.

ТАЕКВОНДОГИЙН ДЭЛХИЙН АВАРГА, ОУХМ С.БУДХҮҮ: У.СҮРЭНЖАВ БОЛ ДАЙЧИН, ХҮЧТЭЙ ХҮҮХЭД

     ...Шавийнхаа  алтан медалийн төлөөх тулааны өмнөх харц, хүчирхэг төрхийг зурагтаар хараад итгэлтэй байсан. "Энэ хүүхэд  яг чадна. Паралимпын алтан медалийг зүгээр хүлээж байя даа” гэж бодсон. Тэр бодол минь биелсэнд баяртай байгаа.  Хүүхэд бүр адилгүй л дээ. Харин У.Сүрэнжав бол хэнээс ч дутахгүй хийх ёстой зүйлээ хийдэг, дайчин, хүчтэй хүүхэд байсан. Одоо ч тийм байгаа. Мэдээж хөдөлмөрлөж, хичээнгүйлэн зүтгэсэн хүн л амжилтад хүрнэ шүү дээ. Багш хүн яах вэ, шавь нараа зөв чиглүүлэхийг л хичээдэг юм... /Сайтад өгсөн ярилцлагын хэсгээс/

ПАРА ТАЕКОНДАГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Д.БАТНАСАН: ЮМЫГ ИХ ХУРДАН СУРДАГ

        У.Сүрэнжав тамирчин бол бэлтгэл сургуулилтыг яс хийдэг. Цагийн менежмент сайтай. Багш нарынхаа хий гэсэн зүйлийг цаг тухайд нь хийдэг. Юмыг их хурдан сурна. Цаашдаа манай тамирчин анхны эмэгтэй олимпын аварга гэдгээрээ бүх тамирчдаа манлайлж явна. Суурь хүмүүжил сайтай хүүхэд учир амжилттай удирдан, манлайлж явах байх аа.


АНХНЫ ЭМЭГТЭЙ ПАРАЛИМПЫН АВАРГА У.СҮРЭНЖАВ: Багштайгаа төрийн далбаагаа мандуулаад, дэвжээ тойроод гүйсэн минь оргилдоо хүрсэн аз жаргалтай мөч байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188