Учир нь, Эргэлт сэтгүүл энэ удаагийн “Монголчуудын амьдрал” буландаа ахмад дайчин Я.Өсөх гуайг онцолж байна. Тэрбээр 1923 онд Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Баян-Эрхэт гэх газар малчин ард Яримпилийн хүү болон мэндэлсэн байна. Цаг хэцүү ч гэр бүлээрээ элэг бүтэн амар жимэр амьдарч байсан Я.Өсөхөд 1942 онд гэтэлж барамгүй уй гуниг тохиож аав, ээжийгээ зэрэг шахуу алдсан байна. Энэ уй гашуутай нь зэрэгцээд түүнд цэргийн зарлан ирж, эх орныхоо дархан хилийг манах хүндэт хийгээд хүндхэн үүрэг ноогдсон байна. Я.Өсөхөө цэрэгт мордохынхоо өмнө сэтгэлт бүсгүй н.Уртнасандаа “Би амьд ирэхгүй ч байж магад. Намайг хүлээж, сэтгэлээ чилээгээд дэмий биз. Сэтгэл нийлэх хүнтэй учирваас тогоо нийлүүлэхийн буруу үгүй. Зам нийлэх хүнтэй амьдралыг туулж, өрх гэрээ дулаацуулж, галаа өрдөхөд юу нь болохгүй билээ. Энх цагт чамтайгаа учирсан бол мөнх юм шиг л жаргах байлаа. Эх орны энхийн төлөө, цэрэгт явж байгаа болохоор чамдаа хэлэхийг хүсэвч хэлж чадахгүй байна. Дайнд явж байгаа болохоор “Хүлээгээрэй” гэдэг үгийг яаж хэлэх билээ дээ” хэмээн хоолой зангируулан хэлж, духан дээр нь үнэрлэжээ. Нүднийх нь аяганд дүүрэн нулимс мэлтэлзсэн Уртнасан өврөө ухан сампин товч гаргаж ирээд “Чамдаа би шинэхэн дээл урлаж байсан юм. Даанч дуусгаж амжсангүй. Энэ товчийг аваад яв. Үүнийг харж, намайг дурсаж яваарай. Хол ойрын хүнээр захиа заавал илгээгээрэй. Би чамайгаа хүлээх болно. Дайнаас ирэхэд чинь шинэхэн дээл урлаад хүлээж байя. Эсэн мэнд байж, энэ товчийг надад заавал авчраарай” гээд атгуулжээ. Ийнхүү сэтгэлт хоёр хагацаж, алсад цайрах тэнгэрийн хязгаар руу идэр залуухан Я.Өсөх үеийн нөхөдтэйгөө мөр зэрэгцэн морджээ. Ингээд уншигч та бүхэнд ахмад дайчны туулсан үнэн хийгээд гашуун түүхийг хүргэе.
***
Тэрбээр халааснаасаа тамхи, чүдэнз гаргаж, аягатай цайнаас хэд балгаад “Хэд хоног тасралтгүй усан бороо орлоо. Цэргүүдийн зутарсан, ядарсан гэж жигтэйхэн. Гэвч цэргийн хүн тушаал авсан л бол гүйцэтгэх ёстой.
Ядарлаа гээд хойш суух ямар ч эрх үгүй. Тиймээс би цэргийн нөхдийн хамт Жанчхүүгийн даваанаас нааш байх Чуулалт хаалга руу дөхсөөр байлаа. Гутал, хувцас авах юмгүй нэвт норж, зарим нь ханиад хүрээд мөн ч хэцүү байсан. Би хурандаа Дорж даргатай долдугаар дивизийн хоёрдугаар сумангийн дарга Сэрээтэрийн удирдлагатай 19-р морьт хороонд гурван жил цэргийн алба хаагаад байсан цаг. 1945 оны наймдугаар сарын 24-нд түргэн жагсаал авч, Өвөрмонгол болон Хятадыг чөлөөлөх дайнд оролцохоор зүтгүүлж яваа нь энэ. Олон хоног тасралтгүй зүсэрсэн бороо зогсож, бид Чуулалт хаалганы наахна нэгэн голын хөвөөнд түр буудаллаж, гутлын түрийгээр дүүрэн усаа асгаж, хувцсаа мушгиж өмсөөд, хөлийн жийргээ хатааж, мориныхоо эмээлийг авч дэрлээд хэсэг унтацгаалаа. Нойтон аргалыг аргадан аргадан арайхийн асааж, цай чанан уугаад даргын тушаалаар л мориндоо мордсон доо. Бид гол дагаж явсаар орой наран жаргаж, тэнгэрийн хаяа улааран байх үед сүмд дөхөж буудалласан. Тэр шөнө асар сонор сэрэмжтэй хоноглосон. Учир нь, хойдхон энгэрт харагдах сүмд “Япон цэргүүд байгаа” гэдэг мэдээ аваад байлаа. Тиймээс элдэв хөдөлгөөн хийх нь бүү хэл найтаах ч эрхгүй. Тэнгэрийн гүн харанхуйгаас од гялалзаж, голын ус хоржигнон урсана. Өвс сэрчигнэж, царцаа, голио царгих нь цаанаа л нэг түгшүүртэй. Хүн гэдэг сонор сэрэмжтэй үедээ нарийхан өвс хугарахыг ч сонсож чаддаг гэдгийг тэр үед мэдэрч, ойлгосон доо. Хаа нэг шувуу жиргэн, нисэхэд хүртэл сэртхийнэ. Үүрээр бас нэг цэргийн анги ирж, манай ангитай нэгдлээ. Дарга нар сүм рүү дайрах төлөвлөгөө боловсруулахаар хуралдаж, цэргүүд бэлэн байдалд шилжсэн. Цэлмэг тэнгэр юу юугүй үүлшиж, бороо асгарч, байгаль, дэлхий ямар нэг зүйл хүлээж байгаа мэт “дуугаа” хурааж, нам жимхэн болсон, гэнэт л. Бороон чимээнээс өөр ямар ч аниргүй хэсэг хугацаа өнгөрлөө. Анирыг үргээж дарга “Мориндоо” гэх тушаал өгснөөр хойд энгэрт байх сүм рүү довтлохоор бид мордов. Бид сүмд бараг л тулах шахам ойртож, ойролцоох жалганд морьдоо нууж, явганаар сүмийг бүсэлсэн. Бороон дусал өвсөн дээр унаж, өвснөөсөө газарт унах, цэргүүдийн аяархан гэтэх чимээ сонсогдоно. Цэргүүд дайралтад бэлэн боллоо. Эвэр бүрээ хангинаж, буу сум агссан эрс сүм рүү довтлов. Дарьт бууны сум исгэрч, ёолох дуун, хэн нь ч юм үхэдхийн унах дүр зургаас өөрийг үл хайрхан тулалдсан. Азаар тулаан удаан үргэлжлээгүй. Сүмд Японы 100 гаруй цэрэг байсныг дарж, олзолсон цэргүүдээ тусгай хороонд хүлээлгэж өгсөн. Тэгээд ойролцоох Хятад тосгонд очлоо. Биднийг баяртайгаар угтаж аваад л шар будаагаар дайлсан. Гурав, дөрөв хоног хэлэн дээрээ юм тавиагүй байсныг ч хэлэх үү бид нэг сайн идэж авлаа. Хар цайнаас өөр юм олддоггүй байсан цаг л даа. Тухайн үед хятадууд бидэнд ямар их хайртай, сайн хандаж байсан гэж санана. Маргааш нь бид Жанчхүүгийн давааны ойролцоох Япон цэргийн анги руу довтлохоор мордсон доо” гээд тамхиа асаав. Хэд гүн сорж, чимээгүй сууснаа яриагаа үргэлжлүүлэн “Цэнхэр утаа хөшиглөж, дарийн утаа үнэртсэн дайны голомт руу манай анги тун ойртлоо. Дайрахад бэлэн болоод тушаал хүлээж байтал “Дайралтаа зогсоо, дайснууд бууж өгсөн” гэх мэдээ ирэв. Жанчхүүгийн давааны тулаан удаан үргэлжлээгүй юм билээ. Гурваас дөрвөн цаг тулалдаад дайснууд бууж өгсөн. Хэрэв дайснууд бууж өгөөгүй бол манай анги нэмэлт хүчээр дайрах гэж байсан юм. Тухайн үед “Өвөрмонгол ахан дүүс их баяртай байна” гэж дарга нар ярьж байсан. Мөн “Зарим айлд хүн байхгүй мал нь хашаандаа байна” гэж байсан шүү. Удалгүй есдүгээр сарын 2-ны өдөр япончууд “Бууж өгөх гэрээнд гарын үзэг зурлаа” гэсэн. Жанчхүүгийн даваанаас хөдөлж, Хянганы нуруугаар давтал Японы 100 гаруй морьтой цэрэгтэй таарсан ч тулаан болоогүй. Тухайн цэргүүд буу, сэлмээ хаяж ямар ч эсэргүүцэлгүй бууж өгсөн. Оройхон машинтай цэргүүд ирээд олзолсон япончуудыг ачаад явсан даа.
Үдшийн бүрий нөмөрч, цэргүүд тайван амгалан гал тойрон сууцгааж “Энх цаг ирлээ” хэмээн баярлаж байлаа. Би тухайн үед гурван жил энгэрийн халаасанд явсан дээлийнхээ товчийг гаргаж “Уртнасан минь хүнтэй суусан болов уу. Намайг Халх голд байхад хөөрхий минь эргэж ирсэн. Түүнээс хойш хоёр жил болжээ. Одоо ч намайг мартаа биз дээ. Хэрэв намайг цэргээс халагдаад очиход хүнтэй суугаагүй байвал гэрээ барьж, голомтоо бадраана даа” хэмээн бодлогошрон суутал н.Сэрээтэр дарга дөрвөн нөхрийн хамт намайг дуудсан. Очтол “Та хэд хураасан зэвсгүүдээ манаад эндээ байж бай. Маргааш орой шинэ цэргүүд ирнэ. Тэдэнд зэвсгээ өгөөд араас гүйцээд ирээрэй” гэж тушаалаа. Маргааш нь харанхуй болсон хойно ашгүй шинэ цэргүүд ирж, бид буу, сэлмээ хуваарилж өгөөд ангийнхаа араас хоёр хоног тасралтгүй явсны эцэст Хятадын Жихэ хотын ойролцоо гүйцсэн. Тэнд цэргийн олон анги нэгдсэнээс гадна Орос цэргийн анги ч байв” гээд татаж дууссан тамхиныхаа цогийг унтраагаад өөдөөс цоргитол ширтэн суув.
Ширээн дээрх аяга, тамхи, чүдэнз тэргүүтнийг нааш, цааш болгонгоо Я.Өсөх гуай “Биднийг Жихэ хотод байрлаж байхад хэд хэдэн машин дагуулсаар Маршал Х.Чойбалсан сүр бараатай ирлээ. Цэргүүд жагсаад л дуу хууртай угтсан. Ачааны машины тэвшийг одоогийнхоор тайз болгон засаад түүн дээр Х.Чойбалсан гарч, цагаан хоолойгоор дайчдад баяр хүргэж, талархлын үг хэлсэн. Үгнийхээ төгсгөлд “Дайны дараах зохион байгуулалтыг Оросын ангитай ярьж тохирлоо. Маргаашнаас зарим цэргийн хороо, тэр дундаа морьт хороо зэвсэг, агт морьдоо аваад нутаг буцна” гэж хэлсэн. Цэргүүд ч бөөн баяр болж, баярын буудлага хийсний дараа Х.Чойбалсан явсан. Маргааш нь бид гэр гэрээдээ буцахаар догдлон байж байтал сумангийн дарга 20 цэргийн нэр цохон дуудаж, “Бусад нь эх орон руугаа одоо буцна. Та нар эндээ тусгай үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол Маршал Х.Чойбалсангийн тушаал” гэсэн. Яах ч аргагүй тул тушаал биелүүлэхээс аргагүй, урамгүйхэн зогсож байхад буцах цэргүүд агт морьдоо барьж, буу зэвсгээ ачаад хөдөлсөн. Дагаад гүйчихмээр ямар хэцүү, ямар гашуун байсан гэж санана. Гэхдээ би нутгийн цэргээр Уртнасанд “Би удахгүй очно” хэмээн үг дайлгаж, сампин товчоо өгч явуулсан. Нутаг буцаж яваа цэргүүдийн тоос алсын алсад цайрч, бага багаар бүдэргэсээр байлаа. Бид харин нулимсаа арчаад, торойтол үлдсэн. Биднийг оройхон сумангийн дарга дагуулан хотын зүүн захад хуучин цэргийн анги байсан болов уу гэмээр хэдэн байшинд аваачсан. Маргааш нь цэргийн хангамжийн хүнс, бараа материал машинд ачаад Харбин хот руу хөдөллөө. Замд хятад хүмүүс жагсан зогсоод баяр хүргэж, алга ташиж байв. Уулсын сүүдэр зүүн тал руугаа унаж, нарны илч буурсан үед Харбинд хүрсэн. Маргааш оройхон нь явган цэргүүд маань олзны 450 гаруй цэргийг тууж ирсэн. Хөөрхий минь, монгол цэргүүдийн ядарсан сульдсан гэж жигтэйхэн. Япон цэргүүдийг бол бүр дурсаад ч хэрэггүй биз, тун зүдрүү байв. Маргааш нь япон цэргүүдийг 10 арваар нь нэг вагонд суулгаж, нэг монгол цэргээр мануулаад Орос руу явах их аян эхэлсэн. Бидэнд япон цэргийн агуулахаас хурааж авсан загасны махнаас өөр идэх юм байгаагүй. Хаа нэг өртөөн дээр зогсож гурилан боорцог авч иднэ. Өөр хэлэн дээр тавих юм байхгүй, байлаа гэхэд бидэнд олдоггүй байсан цаг. Энэ үүргээ гүйцэтгэчихээд эх орондоо нар мандаж, жаргахыг харж, уудам талд мориндоо ташуур өгч салхи зүсэн давхихын мөрөөсөл болж явсан даа” гээд цонхны цаана цэнхэртэх алсын алсыг чимээ аниргүй ширтэж, санаа алдан суулаа.
Я.Өсөх гуай тэнгэрийн хязгаарт салхи зүсэн нисэх шувуудыг харж, хэсэг чимээгүй сууснаа “Ийм л намар байсан даа” хэмээн санаа алдаж, ширээн дээрээс тамхи авч асаан хэд сороод “Намрын урьхан хонгор салхи үлээж, шаргал наран аргамжин байх үд дундын үед Амар мөрний өртөөн дээр зогслоо. Энэ газрыг Хятадын төмөр замын эцсийн буудал гэдэг. Өглөө, оройдоо сэрүүн салхи үлээсэн их чийглэг газар байсан. Бид тухайн газар хоёр хонолоо. Нутгийн иргэд Амар мөрөнөөс загас барьж, хүнсэндээ хэрэглэхээс гадна, төмөр замын өртөөн дээр зарна. Хоёр дахь хоногийн орой том хөлөг онгоц уур савсуулж, ус давалгаалуулсаар ирсэн. Тэрхүү хөлөг онгоцонд ачаа бараагаа ачиж, олзны цэргүүдээ суулгаад ахиад л хөдөллөө. Ус хоржигнон урсаад л, эрэг дагуух модод сэрчигнэж, үхэр мөөрч байв. Бид мөрний урсгал уруудан явсаар шөнө дундын үед Оросын нэгэн хотод ирж хоноглосон. Ургах нарнаар олзны цэргүүдээрээ ачаа бараагаа галт тэргэнд ачуулаад дахиад л цааш хөдөлсөн. Олзны цэргүүдээ оргож босох вий гэж сэрэмжлэхээс гадна, өлсөөд, турж эцээд, ханиад тусаад, өвчнөөр үхэх вий гэж санаа зовон хүн ёсоор ханддаг байлаа” гээд тэр үеийн дүр зургаа харах шиг газар ширтэн гөлрөн суув. Тэгснээ “Төмөр замын өртөө, тосгоноос өөр суурин газраар дайрахгүй тав, зургаа хоног явж, Сибирийн хоолойгоор дайрч өнгөрсөн.
Япон цэргүүд, тэднийг харгалзан яваа монгол цэрэг бүгд л ялгаагүй хүний нутагт эх орноо санагалзан яваа эрс. Тиймээс өөр өөрсдийн нутгийн дууг дуулж, сэтгэлээ дэвтээнэ. Эх орныхоо дууг гунигтай дуулах хэчнээн хэцүү гэж санана. Наран мандахад олзны цэргүүд унтаж байдаг. Харин жаргах үед нулимс бөмбөрүүлэн дуулна. Хүн гэдэг ер нь хэл ойлголцохгүй ч сэтгэл ойлголцдог юм билээ. Тэнгэрт шувуу нисэх, алсын уулнаас утаа суунаглан харагдахад сэтгэлд цаанаа л нэг хөндүүр төрдөг. Олзны япон цэргүүд нэгэндээ амь гэж жигтэйхэн. Тамхиа хувааж татаад хаа нэг инээлдэнэ. Гэвч инээд бүхний цаана асар их гуниг нуугдаж байгаа нь нүднээ ил байлаа. Эх орныхоо торгон хилийг амьд давах үгүйгээ мэдэхгүй яваа япон эрс. Аав, ээж, эхнэр хүүхдээ санагалзан эмтэрсэн сэтгэлээ хэд хувааж байгаа бол гэж бодохоор эмзэглэл аргагүй төрнө. Болдог бол тэднийг суллачихмаар санагдана. Гэвч дээрээ удирдлагатай, тангараг өргөсөн цэргүүдэд үүргээ биелүүлэхээс өөр арга үгүй. Хүний нутагт, хүний нутгийн эрс харгалзан хөндлөн гулд туулсаар, хэзээ хаана хүрэхээ үл мэдэн явсаар, галт тэрэг хангинасаар л... Ийн явсаар Наушка гэх өртөөн дээр зогслоо. Тэндээс япон цэргүүдийг улаан өнгийн ачааны машинд ачаад, орос цэргүүд харгалзан явсан. Цааш тэдний хувь тавилан хэрхэхийг бид үл мэдэн хоцорсон. Япончууд ургах нарнаар баясаж, жаргах нарнаар гунигладаг юм билээ. Хоёр хоногийн дараа орос жолоочтой ачааны машин ирсэн. 20 монгол эр уралдах шахам тэвшин дээр нь үсрэн суугаад эх орныхоо зүг хөдөллөө. Өндөр уулс, өргөн голыг гаталж, дуутай, хууртай Цагаан эргийн дамжлага баазаар хил даван ирсэн. Энэ нь одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг. Биднийг тус дамжлага баазын зоогийн газрын хажуу өрөөнд буулгасан. Бидний олонх нь замын унаанд дайгдаж нутгаадаа явсаар гурвуулаа үлдсэн. Хэд хоногийн дараа зоогийн газарт хоол идэж байтал гаднаас хүн орж ирээд “Та нарыг хот авч явах унаа гадаа хүлээгээд байна” гэсэн. Бид ч ум хумгүй гарч, машины тэвшин дээр суугаад сүрлэг өндөр уулсынхаа оройг ширтэж, тал дүүрэн бэлчих мал сүргээ бахдаж, номин ногоон хөрсөн дээгүүр тоос татуулан давхисан. Ингэж явсаар би гэдэг хүн улсын нийслэл Улаанбаатар хотдоо анх ирж байлаа” гэхдээ дуу хоолой нь түрүүчийнхээс хавьгүй цоглог болж ирлээ.
Дахин нэг янжуур авч асаангаа “Элэг нэгт монголчуудаа харах хэчнээн сайхан байсан гэж санана. Машины тэвшин дээрээс монголчуудаа хараад тэр үед хөөрсөн сэтгэлээ би юутай ч зүйрлэж, чаддаггүй юм. Маргааш халагдах тушаалаа аваад нутгийн зүг, Уртнасан дээрээ очно гэж дотроо бодохоос догдолж, яарч байв. Гэвч хүний амьдрал санаснаас гажих нь олонтой шүү дээ.
Маргааш нь дарга нартайгаа уулзтал “Хамгаалах хороо байгуулагдсан. Тус хамгаалах хорооны харгалзагч, харуулыг хариуцсан тусгай есдүгээр хэлтэст чи ажиллана” гэсэн. Ингээд миний нутаг руугаа явах мөрөөсөл талаар болсон доо. Хужир буланд таван давхар дөрвөн байшинд байгаа олзны япон цэргүүдийн харгалзагч болсон. Тухайн үед Монголд “Таван мянган япон байгаа” гэдэг мэдээг дарга нар хэлж байлаа. Түүнээс биш, бид нарийн ширийн асуудлыг мэдэхгүй. Зөвхөн гүйцэтгэх үүрэгтэй л ажиллаж байсан. 20 гаруй хоногийн дараа дээд штабаас намайг дуудууллаа. Тушаал аваад гүйж явтал Уртнасан зогсож байв. Түүнийг хараад би ямар их баярласан гэж санана. Тэгээд дотроо “Өнөөдөр намайг цэргээс халах нь дээ. Тиймээс л Уртнасан энд ирчихсэн намайг хүлээж байгаа юм байна” хэмээн битүүхэн горьдсон. Уртнасан минь ч “Чамайг энд байгаа гэж дуулаад шууд л нутгаас нааш гарлаа. Санасан сэтгэлээ дэвтээе гэж сэтгээд ирэв” гэсэн.
Би ч “Намайг дээд штабаас дуудуулсан байна. Бараг цэргээс халах байх. Миний бодсон зөв бол чамайгаа дагуулаад нутаг явна” гэж хэлээд бид Штабын байр руу явлаа. Штабын үүдэнд ачааны машинууд зогсчихсон цэргүүд хүнс ачиж байв. Гэтэл дарга өөдөөс гарч ирээд “Цагаан эргийн дамжлага баазын ойролцоо нэг газар очно. Тэнд япон цэргүүдийг харгалзаж ажилла. Энэ бол тушаал” гэв. Би “Тийм” гэж хэлээд л хоцорсон. Ингээд л миний горьдлого талаар болж, хайртай бүсгүйгээсээ дахин холдлоо. Хөөрхий минь, Уртнасан намайг ачааны машинд суулгаж өгөөд нулимсаа бөмбөрүүлэн бүлтийтэл үлдсэн.
Өнөөх байр энэ тэрээрээ ч орж амжсангүй. Ачааны машины тэвшин дээр байсан дах дэгтийг өмсөөд үүрэгт ажилдаа явсан даа. Сар мэлтийтэл мандаж, модод сэрчигнэж, чоно улилдсан шөнө дунд зорьсон газраа ирэв. Хоёр байшин нэг гэр байсан. Гэрт нь хөрөө рам ажиллуулдаг орос эр гэр бүлийн хамт амьдардаг. Олзны цэргүүд болон харгалзагчид байшинд хуваагдан амьдардаг. Анх очиход 60 гаруй япон цэрэг байсан. Гэтэл удалгүй учир битүүлэг байдлаар 30 гаруй нь цувран нөгөө ертөнцийн хаалгыг татсан. Эмч “Гэдэсний өвчнөөр амиа алдаад байна. Хоол унд нь зохихгүй байгаа бололтой” гэж байв. Тэнд япончуудыг зөвхөн түлээний мод бэлтгэх л ажил хийлгэдэг байсан даа. Идэр есийн хүйтэнд япончуудыг ажиллуулж, ангийн махаар хооллож, хэдэн сар амьдарлаа. Япон хүн бүү хэл монгол хүн ч хөлдөж үхмээр хүйтэн нэг орой ачааны хоёр машин дүүрэн монголчууд ирлээ. Тэднийг удирдаж яваа хүн “Энд одоо монгол хоригдлууд ажиллах болсон. Та нарыг хот руу буцах үүрэг өгсөн” гэдэг юм байна. Бид нэг машин дээр нь япон цэргүүдийн цогцсыг ачиж, нөгөө машин дээр олзны цэргүүдтэйгээ суугаад нийслэл хот руу гарлаа. Бид хөлдөж үхэхгүйн тулд япон монголгүй бие биедээ наалдаж, үүр хаяарахын өмнөхөн хот орсон. Тэр хүйтэн шөнө осгож үхэлгүй амьд ирсэндээ монгол, японгүй л баярлаж байлаа. Тэр үеийн хүйтнийг одоогийнхтой харьцуулах юм биш” гэв.
Тэгээд бид хотод ирж хэд хоног амраад Соёлын ордонд байрлаж байсан япончуудыг ээлжээр манах ажилд мөн л томилогдсон. Урьд нь хийж байсан ажлуудаас хөнгөн, биед амарын дээр 350 төгрөгийн цалин авч байлаа. Энд би хоёр жил ажилласан. Ингэж байсаар 1947 оны есдүгээр сард япончууд нутаг буцаж, би нөхдийн хамт аравдугаар сард цэргээс халагдсан даа. Ай даа, мөн ч их юм үзсэн таван жил тэгж дуусч нутгийн зүг хөдөлсөн.
Явах тусам л тоглож өссөн тал нутаг минь нүдэнд үзэгдэж, өөрийн эрхгүй уйлж байлаа. Аймгийн төв дээр ирж, цэргийн ногоон машинаас буутал хөөрхий Уртнасан минь шинэ дээлээ бариад зогсож байв. Сэтгэл баяр, жаргалаар дүүрээд л ирсэн. Намайг түүнээс минь өөр тосох хэн ч байхгүй юм чинь. Уртнасан намайг цэрэгт явахад дурсгасан, би сүүлд нутгийн цэргээр өгч явуулаад үг дайлгасан нөгөө товчоо шинэ дээлийнхээ заханд хадчихсан байж билээ. Ямар их сэтгэл, ямар их хайр шингэж байсан юм дээ, тэр товчинд” хэмээгээд Я.Өсөх гуай нулимсаа арчин яриагаа дуусгалаа. Мөн “Эх орон, тусгаар улс, ирээдүйн үрсийнхээ энхийн төлөө хоёргүй сэтгэлээр таван жил эр цэргийн алба хаагаад ирэхэд сэтгэлт бүсгүй минь тосон авах тэр мөчид алтан аяганаас ус уух шиг л болсон” хэмээн ярьсан билээ. Өдгөө 100 насыг зооглон суугаа Я.Өсөх гуайн дайны хүнд жилүүдэд цэрэгт мордсон, цэргээс халагдсан түүх ийм буюу...
***
Их дорнын алтан тал намрын хонгор салхиар зөөлөн гэгч шившинэ. Их түүх, их үнэ цэнийг хадгалан орших энэ тал нутаг аргагүй л дайчдын өлгий гэмээр. Ид хайрлаж, дурладаг залуу насан дээрээ эх орныхоо төлөө тулалдсан цэрэг эрсийн төлөөлөл Я.Өсөх гуай “Ганцхан ширхэг чулуу ч эх оронд минь ямар их үнэ цэнтэй гэж санана” хэмээн ярьж байлаа. Эх орныхоо төлөө энгүй их гавьяа байгуулсан тэрбээр эгэл даруу амьдарч амьдралын сайн сайхан, уй гунигийг бусдын л адил мэдэрсэн гэнэ. Учир нь, гэвээс хайрт бүсгүй Уртнасан нь тав дахь хүүхдээ орчлонд мэндлүүлээд төрөхийн хүндрэлээр мөнх бусыг үзүүлсэн гэнэ. Олон нялх хүүхэдтэй үлдсэн Я.Өсөх гуай ажилгүй нэлээд байж байгаад Дорнод аймгийн Гурванзагал сум буюу төрсөн нутгийнхаа үйлдвэрт сүү тасгийн эрхлэгч болж, хожмоо Сүү, тосны мастер болон дэвшсэн байна. Үүнээс хойш хүүхдүүдээ хоосон хонуулж, хоёр идүүлээгүйгээр барахгүй бүгдийг нь дээд боловсролтой болгон, өдгөө өнөр өтгөн сайхан амьдарч яваагаа бидэнд сэтгэл дүүрэн хуучилсан билээ.
Дорнын алтан тал эрэлхэг эрсийнхээ суу алдрыг мандуулах мэт зөөлөн салхиар үлээж, тохой өндөр ургасан шаргал өвсөн бөхөлзсөөр үлдлээ.
АХМАД ДАЙЧИН Я.ӨСӨХ: ОЛЗНЫ ЯПОН ЦЭРГҮҮД ОРОЙ БОЛОХООР ГУНИГИЙН ДУУ ДУУЛДАГ САН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |