• Өнөөдөр 2024-04-24

Шилдэг залуу эрдэмтэн Л.ТЭЛМЭНБАЯР: Судалгаагаараа хөнгөн цагааныг зэврэлтэд маш тэсвэртэй болгож чадсан

2021-01-06,   834

-Судалгаа хийхээ хэзээ ч болихгүй, олон сайхан зүйл бүтээнэ -

            Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “6061 маркийн хөнгөн цагааны хайлшийн гадаргууд бүрхүүл тавьж, зэврэлтэд тэсвэртэй болгох нь” сэдэвт судалгааны бүтээлээрээ Л.Тэлмэнбаяр гэх бүсгүй 2020 оны "Шилдэг залуу эрдэмтэн" шагнал хүртсэн юм. Тэрбээр ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг залуу эрдэмтэн" шагнал хүртсэнд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэхүү шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Багш, эцэг эх, найз нөхөд, хамаатан садан төдийгүй төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Цогт сумынхан маань хүртэл утсаар ярьж баяр хүргэсэн. Бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Та шинжлэх ухааны салбарт хэрхэн дурлаж, хөл тавьж байв?

-Би 2011 онд ШУТИС-ийн харьяа Механик, инженерийн сургуульд Металл судлал, технологи мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгссөн жил ХБНГУ-ын Фридрих Шиллерийн их сургуулийн Отто Шотт институт буюу шилэн материалын судалгаа явуулдаг сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж, хоёр сарын хугацаатай судалгаа хийж байсан юм. Тэр үеэс материал судлалын шинжлэх ухаанд сонирхолтой болж, Монголдоо ирээд шууд магистрт суралцаж эхэлсэн дээ.

-Шагнал хүртсэн эрдэм шинжилгээний ажлынхаа талаар сонирхуулаач. Хэр удаан судалгаа хийж, өдий хэмжээний амжилтад хүрсэн бэ?

-Энэ эрдэм шинжилгээний ажлаа нэг жилийн хугацаанд хийсэн. Материал судлалын шинжлэх ухаанд зэврэлт томоохон асуудал болдог, цаашид ч болсоор байх болно. Зэвэрсэн металлыг сэргээн засах боломжгүй учир зэврэлтээс үүдэн эд анги элэгдэж, цоорч, эвдэрснээр тухайн эд ангийг солих шаардлагатай болдог. Энэ нь эд ангийн ашиглалтын хугацааг асар ихээр багасгадаг юм. Эрдэм шинжилгээний ажил маань нэг үгээр хэлбэл, хөнгөн цагааны хайлшийг судалсан судалгаа. Хөнгөн цагаан металл нь агаарт байгаа хүчилтөрөгчтэй нэгдэж, гадаргуунд нь маш нимгэн хэдхэн нанометрийн хэмжээтэй хөнгөн цагааны оксид бүрхүүл үүсгэж байдаг юм. Энэ бүрхүүл нь зэврэлтэд тэсвэртэй боловч нимгэн бүрхүүл идэгдэж дуусахад цэвэр хөнгөн цагаан өөрөө хурдан зэвэрдэг талтай. Тэгэхээр хэвийн нөхцөлд хөнгөн цагаан зэврэлтэд тэсвэртэй байх ч чийгтэй газар болон хлорын орчинд маш хурдан зэвэрдэг. Хөнгөн цагаан нь инженерийн салбарт автомашин, нисэх онгоц гэх мэт маш өргөн хэрэглэгддэг металл учраас хөнгөн цагааны зэврэлт эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх судалгаа их хийгддэг л дээ. Бид энэ судалгаандаа хөнгөн цагааны гадаргууд 10 μм зузаан хөнгөн цагааны оксид үүсгэж, бүрхүүл тавьж, зэврэлтэд маш тэсвэртэй болгож чадсан юм. Бүрхүүлийн зузааныг хүссэн хэмжээгээр өөрчлөх боломжтой. Судалгаандаа аноджуулах хэмээх цахилгаан химийн арга ашигласан. Хөнгөн цагааны оксид нь керамик материал бөгөөд зэврэлтэд өндөр тэсвэртэйгээс гадна механик шинж чанар өндөртэй.

Мөн бүрхүүлийн гадуур дахин полимер үе суулгаж, тухайн металл маань маш өчүүхэн зэврэх буюу бараг зэврэхээргүй болсон үр дүн гарсан. Тиймээс л бид судалгааны ажлын үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлж чадсан.

            Би БНСУ-д постдокторт сурч байхдаа энэхүү судалгаан дээр ажиллаж эхэлсэн юм. Ер нь постдокторууд олон цагаар лабораторидоо ажилладаг л даа. Хэсэг хугацаанд туршилт хийгээд л, дараа нь үр дүнгийн шалгаж үзэж, түүнээсээ санаа аван дахиад л судалгаагаа хийдэг. Эцэст нь сайн үр дүн гарвал өгүүлэл бичнэ. Нэг өгүүллийг бараг хоёр сарын хугацаанд бичиж дуусгадаг байсан.

Шинэ судалгаа хийхэд маш их эрэл хайгуул хэрэгтэй

-Та өмнө нь олон судалгаан дээр ажиллаж байсан юм билээ. Өдийг хүртэлх хугацаанд, энэ хүртэл явахдаа олон ч зүйл туршиж, хүнд, хэцүү, бартаатай зам туулсан болов уу. Тэр аяллынхаа талаар ярьж өгөхгүй юү?

-Би 2011 онд сургуулиа төгсөж, зуны амралтаараа ХБНГУ явж ирээд, есдүгээр сард шууд магистрт элсэж, хажуугаар нь ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбарт гэрээт багшаар лабораторийн хичээлүүд ордог байлаа. Ингээд жил хагасын дараа магистраа төгссөн. Тэр үед манай салбарын эрхлэгч, доктор М.Дэлгэрмаа багш маань надад багшлах санал тавьж байсан юм. Тиймдээ ч лабораторийн хичээлүүд оруулж, дадлагажуулж байсан юм билээ. Миний бакалавр, магистрын дипломын ажлыг М.Дэлгэрмаа багш маань удирдаж, судалгаа хийх арга барил зааж өгсөн ачтай хүн. Мөн багшийнхаа олон төсөл, судалгааны ажилд нь хамрагддаг байлаа. Ингээд 2013 онд ШУТИС-д багш болсон доо. Магистрт сурч байхдаа Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгийн академич, шинжлэх ухааны доктор Ж.Тэмүүжин академичтай танилцаж, магистрын ажилд маань зөвлөгөө өгч, дараа нь докторын судалгааны ажлын минь удирдагч болсон юм. Магистраа төгсөөд 2013 онд доктороор суралцаж, 2016 онд хамгаалсан. Ж.Тэмүүжин академичаас шинжлэх ухааны өгүүлэл бичих арга, аргачлалд суралцсан даа. Дээрх хоёр багшаасаа олон зүйл сурсан. Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсны дараа 2017 оноос одоог хүртэл сургуулийнхаа Хөтөлбөр хариуцсан дэд профессороор ажиллаж байна. 2019-2020 онд Солонгос Улсад постдокторын судлаачаар нэг жил ажиллаад ирсэн.

-Таны судалгааны ажил бидэнд ямар боломжийг нээж өгөх бол?

-Хөнгөн цагаан бол инженерийн салбарт өргөн хэрэглэгддэг металл. Жишээлбэл, автомашинд хөнгөн цагаанаар хийдэг, зэвэрдэг эд анги олон байдаг.

Зэврэлтэд тэсвэртэй болгоно гэдэг нь тухайн материалын ашиглалтын хугацааг нэмэгдүүлж, машин механизмын элэгдэл, гэмтлийг багасгаж өгнө гэсэн үг л дээ.

Мөн материалыг ингэж хөгжүүлснээр шинэ шинэ хэрэглээ гарч ирдэг юм. Жишээлбэл, хөнгөн цагааны хайлшийн гадаргууд бүрхүүл тавьж ус тогтдоггүй гадаргуу үүсгэснээр тухайн материал өөрийгөө цэвэрлэх, мөстөхгүй гэх мэт олон давуу тал бий болно.

-Судлаач хүнд шантрахгүй, уйгагүй байхаас гадна маш олон зан чанар хэрэгтэй байдаг болов уу. Судлаач хүнд хамгийн түрүүнд байх ёстой зүйл юу вэ?

-Одоогийн нөхцөлд судалгаа хийхэд англи хэл заавал шаардлагатай. Бусдын хийсэн ажлыг давтахгүйгээр, шинэ судалгаа хийхийн тулд маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй болдог. Судалгааны материалуудын ихэнх нь англи хэл дээр бичигдсэн байдаг учир хэл заавал сурах хэрэгтэй. Хэрвээ нэг судалгааг маш удаан хийсэн ч эхлэхээсээ өмнө хайлт сайн хийгээгүй бол та бүтээлээ олон улсад хэвлүүлж чадахгүй болох аюултай. Тиймээс англи хэл заавал сурах шаардлагатай гэсэн үг юм. Мөн хувь хүний зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд бидэнд ар гэр гэж том зүйл бий. Би хоёр бага насны хүүхэдтэй, ар гэрийн бүхий л ажлынхаа хажуугаар судалгаагаа хийдэг. Тиймээс надад хувийн зохион байгуулалт маш өндөр байх шаардлага гардаг даа.

Тууштай байж чадвал шинжлэх ухаанд шинэ мэдлэг түгээж чадна

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Судалгаа хийхээ хэзээ ч болихгүй л гэж боддог юм. Олон сайхан зүйл бүтээнэ гэж итгэдэг. Яг тийм болно, ийм болно гэж нэг их зүйл боддоггүй. Урдах ажлаа сайн хийгээд явахад боломжууд ар араасаа гарч ирээд л байдаг юм.

-Энэ салбарт дөнгөж хөл тавьж буй залуу үедээ ямар зөвлөгөө өгөх вэ?

-Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүн цаг үргэлж шинэ мэдлэг олж авч, хөгжиж байдаг юм. Энэ нь надад сонирхолтой байдаг болохоор ажлаа улам дурлаж хийх болсон доо. Тууштай байж чадвал та шинжлэх ухаанд шинэ мэдлэг түгээж чадна шүү гэж зөвлөмөөр байна.

 

 


Шилдэг залуу эрдэмтэн Л.ТЭЛМЭНБАЯР: Судалгаагаараа хөнгөн цагааныг зэврэлтэд маш тэсвэртэй болгож чадсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188