• Өнөөдөр 2024-04-29

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ЦЭВЭРБАЛ: БИ ЗААЛАНД ЖИНХЭНЭ АРАНШИНГАА ГАРГАЖ, ШАВЬ НАРАА ТЭМЦ, ӨРСӨЛД, ЯЛ, БОЛОХГҮЙ БОЛ ТАЛБАЙ ДЭЭРЭЭ “ҮХ” ГЭДЭГ Ч ДОТРОО ХАЙРЛАДАГ

2024-01-11,   1677

-ЯЛАГДАЛ БҮХЭН ЯЛАХЫН УХААНЫГ ӨГДӨГ-

     Амьдралынхаа 50 гаруй жилийг сагсан бөмбөгт зориулж, тамирчин болох мөрөөдөлтэй хүүхдүүдийн чин хүслийг бадрааж чадсан хүн бол гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал билээ. Бусдыг өөртөө автуулж, итгүүлж чаддаг ер бусын авьяастай, зоригтой, хүчтэй хүн бол тэр. Махруун, шазруун, алив бүхний эцсийг үзэж санаа нь амардаг чанараараа тэр олон тамирчны авьяас, мэдрэмж, биеийг “задалж”, өөрчилж, шавь нартаа гайхамшгийг үзүүлж чадсан дасгалжуулагчдын нэг. Өдөржин хөлс үнэртсэн зааланд бөмбөг нүдсэн залуусын дунд хашхирч, хашхирчихаад шөнө нь “Маргааш хэнтэй нь илүү ажиллах вэ. Хэнд нь ямар чанар, юу дутагдаж байна вэ” хэмээн бодож, тэдний өмнөөс “зовж”, нойргүй хонодог халуун сэтгэлтэй дасгалжуулагч. Тэр талбайд гарахаараа жинхэнэ Цэвэрээ, жинхэнэ дасгалжуулагч болж, ажилдаа бүрэн ордог, “уусдаг” гэнэ. Тиймээс алдаа гаргасан, бэлтгэлээ тасалсан нэгэнд гомдмоор, чих мултармаар хатуу үг хэлдэг ч цөөн хэдтэй нь харцаараа ойлголцож чаддаг гэсэн. Түүний шүглийн дуунаар хүмүүжиж, хайр, хал хоёрыг нь зэрэг дааж чадсан нь л энэ спортод нэрээ гаргаж чадсан жамтай юм. Ийн өөрийнхөө ажил, амьдрал, авьяас, чадвар, зүрх, сэтгэлээ сагсан бөмбөгт тэр дундаа шавь нартаа зориулсаар яваа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэндондогийн Цэвэрбалтай ярилцлаа.

-Та өнгөрсөн бүх цаг хугацаагаа сагсан бөмбөгт зориулсан болохоор өөрийгөө сагсан бөмбөггүйгээр төсөөлж чаддагүй байх. Энэ спорттой амьдралаа холбосон түүхээсээ ярьж өгөөч?

      -Миний амьдралын хором мөч бүхэн сагсан бөмбөгтэй холбоотой байсан учир би өөрийгөө энэ спортгүйгээр төсөөлж чадахгүй. Амьдралынхаа 50 жилийг сагсан бөмбөгт зориулж, зүрх, сэтгэлээсээ дурласан байна. Би хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм шиг байна лээ. Тэгээд аав намайг 14 настайд “Цэвэрээг сагсан бөмбөгийн дугуйланд явуул. Наадах чинь спортоор явах хүн шиг байна” гэж дүүдээ хэлсэн байгаа юм. Тэгээд ах минь намайг “Алдар” спорт хороо руу дагуулж яваад тухайн үеийн хамгийн сайн дасгалжуулагч Л.Аюурзана багшид шавь оруулсан. Түүнээс өмнө би гадаа хүүхдүүдтэй сагс, хөл бөмбөг тоглодог байсан. Харин мэргэжлийн дасгалжуулагчаар хичээл, бэлтгэл заалгах өөр. Тэр үед би бусдын хажууд хувцсаа сольж чаддаггүй, юугаа ч мэдэхгүй, юу ч чадахгүй хүүхэд байлаа шүү дээ. Би сагсны дугуйлан гэхээр шууд сагс тоглоно гэж ойлгосон байтал учир зүггүй дасгал хийлгэж, гүйлгэсэн. Тэгээд биед хөндүүр орчихлоор бүр  сонирхолгүй болсон. Шантраад хоёр, гурав хоног бэлтгэлдээ очоогүй. Харин 1974 оны зун “Алдар” нийгэмлэгийнхэнтэй хамт Хандгайт руу цугларалтад явсан. Тэнд өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг болохоор хаашаа ч зугтах боломжгүй. Цэргүүдтэй хоол идэж, олон жил хичээллэчихсэн ах нарыг харж сагсан бөмбөгийн замналд эргэлт буцалтгүй орсон доо.

-Та шантралаа хэрхэн даван туулсан бэ?

       -Олон жил бэлтгэл хийчихсэн ах нарын хөлд чирэгддэг байсан болохоор эхэндээ хэцүү байсан. Би бөмбөгт дуртай байснаас гадна хажуугийн хүмүүс шаардсан, сайн багштай байсан нь намайг сагсан бөмбөгийн спортод тогтоосон. Багш надад “Тамирчин хүн эхэндээ шантардаг юм. Тэгээд хичээвэл  даван туулж чаддаг гэдгийг итгүүлж, ойлгуулж чадсан.  Би ч даван туулсан. Тамирчны хамгийн гол өрсөлдөгч, дайсан бол хүн өөрөө байдаг. Өөрийнхөө залхууг дийлж чадахгүй “өнөөдөр бэлтгэлээ тасалчихъя, гүйхээ болчихъя” гэх юм бол хэнийг ч дийлэхгүй. Харин өөрийгөө ялан дийлж чадах юм бол хэзээ ч хэнийг ч дийлнэ, ялна. Өөрийгөө дийлэх, өөрийнхөө чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөх шиг хэцүү зүйл байхгүй. Бусдын чадах, чадахгүйг хүмүүс хүлээн зөвшөөрөөд яриад байдаг ч өөрийнхөө чадахгүй гэдгийг мэдрэх, өөртэйгөө ярилцах хэцүү.

-Та багаасаа тамирчин болно гэж мөрөөддөг байв уу. Өөр ажил хийж үзсэн үү?

     -Зах зээлд шилжих үеэр наймаа хийж үзсэн. Гэвч тэр үед сагс толгох юм сан л гэж бодогдоод байсан. Миний бүх сэтгэл сагсан бөмбөг рүү тэмүүлж байсныг тэр үед илүүтэй ойлгосон. Би сагснаас өөрийг чадахгү юм байна, сонирхохгүй юм байна гэж ойлгосон. Сагсан бөмбөг бол надаар хэлүүлэлтгүй агуу спорт шүү дээ.  Багийнхандаа өөрийгөө илэрхийлнэ, гүйнэ, үсрэнэ, харайна, тэмцэлдэнэ, сэтгэж бодно, хамтран ажиллах чадвартай байх хэрэгтэй. Хүнээс олон чадварыг нэг дор шаарддага нь надад таалагдсан. Авьяас өгөгдөхүүн байхгүй, спортод дургүй бол тамирчин болохгүй. Бас эх, эцэгээс заяасан эрүүл сайхан бие хэрэгтэй.

-Таны удамд спортын хүн бий юү?

      -Аавын дүү сагс тоглодог байсан. Түүнээс өөр спортын хүн байгаагүй. Би сагсан бөмбөгөөр хичээллэж залуу насаа өнгөрүүллээ. Түүгээрээ өнөөдрийг хүртэл амьдралаа залгуулж, чадах ядахаараа бусдада тус болчих юм сан гэж бодож явна.

-Гавьяат дасгалжуулагч болоход танд ямар мэдрэмж төрсөн бэ. Гавьяат болох цаг нь гэж бодож байсан уу?

     -Би гавьяат болъя гэж бодож байгаагүй. Сонирхолтой нь, Монголын спорт тоглоомын түүхэнд би хамгийн залуугаараа буюу 18 настайдаа мастер болсон байдаг. Тэр үед спортын мастерын зэрэг цол хатуу байсан. Одоо бараг толгойтой болгон нь мастер болчихсон байна. Хоёрдугаарт, 2010 онд сагсан бөмбөгийн ууган гавьяат дасгалжуулагч болж байсныгаа хувь тавилан болов уу гэж боддог.

-Та дасгалжуулагчийн хувьд ямар зарчмыг чухалчилдаг вэ?

     -Би нэг тамирчинг олон жил дасгалжуулах дургүй. Нэг хүнтэй олон жил ажиллахаар биедээ дасаад сайжирдаггүй юм. Авьяастай, өөрийн гэсэн үзэл бодолтой хүнтэй харилцах хэцүү. Би  дасгалжуулагч хүний хувьд шавь нарынхаа арга эвийг олж, аргалахдаа аргалдаг үе зөндөө байсан. Ихэнхэд нь хатуу хандаж байсан. Гэхдээ хүнд нь зориулж хатуу үг хэлж байгаагүй. Тэр хүний гаргасан үйлдэлд ч юм уу,  өөрийнхөө зааж, сургаагүйд бухимдахдаа хатуу үг хэлчихдэг. Би бараг 24 цаг ажлаа боддог. Маргааш хүүхдүүдээ хэрхэн бэлдэх үү, хэн дээр нь илүү ажиллах вэ гэдгийг дотроо төлөвлөж боддог.  

-Та өөрийгөө одоо л жинхэнэ тамирчин болчихлоо эсвэл дасгалжуулагч болчихлоо гэж бодож байсан уу. Өөртөө бардаж байв уу?

      -Боломжийн тоглодог болчихлоо, илүү сайжиръя гэтэл харамсалтай нь спортын нас өнгөрчихсөн байдаг. Залуу байхад хурд, хүч байдаг ч арга ухаан байдаггүй. Арга ухаан суугаад эхлэхээр сайжрах, сурах нас дуучихсан байдаг. Дасгалжуулагч бол хязгааргүй. Дасгалжуулагчийн ажлын зах, зухаас л би зарим зүйлийг мэдэрч, ойлгосон гэж боддог. Хэзээ ч өөртөө ханаж байгаагүй. Тамирчин байхдаа цаг хугацааг дэмий, чанаргүй өнгөрүүлж дээ гэж заримдаа харамсдаг. Би 20 жил сагсан бөмбөг тоглохдоо Монголд болдог бүх тэмцээнд түрүүлж байсан. Ямар ч тэмцээнийг, ямар ч амжилтыг сайн, муу гэж ялгаж байгаагүй. Адилхан хөлсөө гаргасан, ядарсан, сэтгэсэн, бодсон байгаа шүү дээ.

-Таныг хатуу үгтэй, түүгээрээ олон тамирчинг бойжуулсан гэж ярьдаг. Та энэ тухайгаа ярьж өгөөч?

     -Би талбай дээр байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг. Талбайн гадна хүнд ямар харагдаж байгаа бол гэх мэтчилэн бодож биеэ барьдаг. Тоглож байхдаа илүү чөлөөтэй байдаг. Хэнээс ч юунаас ч хамаарахгүй өөрийнхөөрөө зүтгэдэг бас үнэнч зан намайг тамирчин, дасгалжуулагч болгосон гэж боддог. Би муухай үг байсан ч шууд л хэлдэг. Би тоглогчоо алдаа гаргахад нь “Чи сайхан алдлаа гэх үү. Дахиж битгий алдаарай гэх үү” утгагүй шүү дээ. Зарим үед хараал хэлэхээс өөр аргагүй байдаг. Зөвхөн түүнийг харааж байгаа юм биш. Гаргасан алдаанд нь харамсаад ч юм уу, өөрийгөө сайн дасгалжуулж, зааж өгч чадаагүй байгаадаа бухимдаад ч юм уу хатуу үг хэлчихдэг. Заримдаа гаргасан үйлдэлд нь тохирсон хатуу үг хэлчихээр дотор онгойх шиг болох үе ч бий. Тэмцэлдэж байгаа үед хэзээ ч “Чи ядарч байгаа бол амарчих” гэх аргагүй шүү дээ. Өшөө илүү өрсөлд, тэмц, байлд, ял, болохгүй бол талбай дээрээ “үх” гэнэ шүү дээ.

-Тамирчинд ялахаас илүү ялагдаж сурах нь бас чухал юм шиг санагддаг. Таны хувьд үргэлж ялахыг эрхэмлэдэг үү?

    -Хүн ялъя гэж тоглодог. Гэхдээ хожигдож сурах хэрэгтэй. Сагсан бөмбөгт тэнцэнэ гэж байдаггүй. Заавал нэг нь хожиж, нөгөөх нь хожигддог.Тиймээс хожигдож сурах хэрэгтэй. Ялагдал бол ялахын ухааныг өгдөг. Хожигдчихоод шантраад, гуниглаад байх хэрэггүй. Дараагийн ялалтын төлөө зүтгэх хэрэгтэй.

-Та багынхныгаа тоглож байхад нь хажуугаас нь хэр зааж, зөвлөдөг вэ. Зарим дасгалжуулагч “Тэгээч, ингээч” гэж хашхирч байх шиг харагддаг?

      -Би дасгалжуулсан багаа тоглож байхад нь “Би зөв юм зааж уу, хэн ь илүү сайжирч, хэн нь муудсан байна. Дараагийн удаа яаж ажиллах ёстой вэ” гэдгийг харьцуулж боддог. Түүнээс биш “чи шид, тэр дамжуул” гэж хашхирч үзээгүй. Яагаад гэвэл, түүнийг бэлтгэл дээрээ хийсэн, заасан байх ёстой. Түүнээс тэмцээн дээр ирчихээд сургалт явуулна гэдэг дасгалжуулагчийн ажил биш.

 


ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ЦЭВЭРБАЛ: БИ ЗААЛАНД ЖИНХЭНЭ АРАНШИНГАА ГАРГАЖ, ШАВЬ НАРАА ТЭМЦ, ӨРСӨЛД, ЯЛ, БОЛОХГҮЙ БОЛ ТАЛБАЙ ДЭЭРЭЭ “ҮХ” ГЭДЭГ Ч ДОТРОО ХАЙРЛАДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-19 15:40:17
    Батцэцэг.: Өөрөөсөө хөгшин эхнэр тэвэрсэн хогын эр Цэвэрбал. Хүүхэн зантай, хүүхэмсэг Бохирбал.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-11 08:51:48
    ы: САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫН ТАЙЛБАР ИХ ГУНИГТАЙ БОЛЖ ХҮНИЙ ХАРЖ БОЛЖ БАЙГААД ДАГАЖ ЯРИАД БАРАГ САГСАН БӨМӨГ ҮЗЭХЭД СААД БОЛОХ МАЯГТАЙ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188