• Өнөөдөр 2024-04-29

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ё.ТӨМӨРБАТАА: ШАВЬ НАР МИНЬ АМЖИЛТТАЙ БАЙГАА НЬ ӨГЛӨӨ БҮР ХЭРЛЭН ГОЛЫН ЭРГЭЭР ГҮЙЖ, УСАНД НЬ ОРДОГ БАЙСАНТАЙ ХОЛБООТОЙ ГЭЖ БОДДОГ

2024-01-09,   3018

Д.БАНДИ БАГШ НАМАЙГ ЗОРИГЖУУЛЖ, БОКСЧИН БОЛГОСОН 

     Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаатай ярилцлаа. Тэрбээр Дундговь аймгиийн Дэлгэрхангай суманд төрж, Улаанбаатар хотод аавтайгаа амьдарч, айлын хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож, спортод дуртай нэгэн болж хүмүүжжээ. Тэрбээр Монгол Улсын боксын шигшээ багийн тамирчдын бараг тэн хагасыг нь бэлтгэж өгсөн гавьяатай. Түүний шавь нараас дурдвал, Ө.Саранхүү, Д.Ган-Эрдэнэ, Б.Энхтайван, Т.Эрдэнэбаяр, Г.Баяртогтох, Д.Отгондалай, Э.Ирээдүй, Э.Идэрхүү, Н.Шинэбаяр, Э.Эрдэнэтуяа, Л.Алтанцэцэг, У.Шинэцэцэг, Л.Ангараг гээд олон шилдэг тамирчин бий. Тэдний Үндэсний шигшээ багийн тамирчин болж, улсынхаа далбааг дэлхийн тавцанд мандуулж байгаа нь Ё.Төмөрбатаа багшийн боксын хөгжилд оруулсан хувь нэмэр юм. 

-Таныг хөлбөмбөмбөгийн тамирчин байсан гэдэг. Хэзээнээс хэрхэн боксоор хичээллэсэн тухайгаа ярьж өгнө үү?

     -Би мужаан мэргэжилтэй. “Замчин” нийгэмлэгт би хөлбөмбөг, Д.Банди багш бокс  тоглодог байсан. Тэгээд нэг удаа Банди багшийг боксын тэмцээнд орчих гээд байхаар нь ортол финалд Азийн аварга болоод удаагүй байсан Т.Алтанхуяг үлдсэн. Намайг Т.Алтанхуяг багштай үлдэхэд Банди багш “Чи айх хэрэггүй. Гараад гудамжныхаар зодолдчих” гэж байсан. Түүнтэй би гурван раунд тоглоод мөнгөн медаль хүртэж байлаа. Тэр тоглолт телевизээр шууд гарсан юм билээ. Би бокс тоглохоор явахдаа аавдаа “Хөлбөмбөгийн хичээлдээ явлаа” гэж худал хэлээд явчихдаг байсан. Би тэр өдөр мөн “Хөлбөмбөгтөө явлаа” гээд боксын тэмцээнд орчихсон чинь аав үзчихсэн байсан. Тэгээд  “Цаадах чинь Азийн аварга мундаг хүн байна шүү дээ. Чи яаж үзэлцэв ээ” гээд баярласан шинжтэй сууж байсан.  

-Азийн аварга тамирчинтай финалд үлдэхдээ та өөрийгөө хэрхэн зоригжуулж байсан бэ?

    -Тэр бол 1966 он. Би “Т.Алтанхуяг багштай үлддэг нь аз юм даа” гэж бодоод нүдээ аньж зодолдсоор байгаад гурван раунд ана мана тоглож байсан. Би тэр үед Т.Алтанхуяг багштай гурван раунд тоглож дуусгасандаа л баярлаж байсан. Би тэр үед депод ажиллаж байсан юм. Маргааш нь ажилдаа очтол даргыг дуудаж байна гэхээр нь ортол намайг Б.Олзот багш руу дагуулж явсан. Гэтэл Б.Олзот багш “Чи хаанаас гараад ирэв ээ. Чамайг шигшээ багшт авах гэсэн юм. Одоохондоо чи 150 төгрөгийн цалинтай хоёрдугаар шигшээд байж бай” гээд би хоёрдугаар шигшээд орсон түүхтэй. Гэхдээ шигшээд орохоосоо өмнө боксоор хичээллэдэг байсан.

-Хөлбөмбөгөөс гадна боксоор хичээллэж байсан гэлээ. Бага байхдаа хүүхдүүдтэй гудамжинд хөлбөмбөг тоглож байгаад спортод дуртай болсон болов уу?

     -Гудамжинд хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож байгаад л спортод дуртай болсон доо. Төмөрзамын хоёрдугаар сургуульд сурч байхдаа “Замчин” нийгэмлэгийн шигшээ багт орж байсан. “Замчин” нийгэмлэгт дөрөв, таван жил тоглож байгаад бокс руу орсон. Барилгачин нийгэмлэгийн н.Сэрээтэр багшийн шавь байсан. Харин сүүлд нь Д.Банди багштай танилцаж, боксчин болсон гэх юм уу даа. Тэгээд Боксын холбооноос намайг Дорнод аймагт томилсон. Тэр үед би 30 хүрч байсан байх. Хүүхэд байхдаа Сэрээтэр багшийн удирдлага дор боксоор хичээллэж байсан.

-Д.Банди багш таныг боксын дасгалжуулагч болоход нөлөөлсөн гэлээ. Та хоёр хэрхэн танилцаж, дотно нөхөрлөсөн тухайгаа ярьж өгөөч?

     -Би загасанд явах сонирхолтой байсан. Худалч хүнд загастай бүх газраар явсан гэхэд болмоор. “Замчин” багш нийгэмлэгт Д.Банди багш бокс,  би хөл бөмбөг тоглодог байсан. Тэгээд дээрх 1966 оны боксын тэмцээнд орсноос хойш миний боксчин болох замнал эхэлсэн. Өмнө нь боксчин болно гэж огт боддоггүй байлаа.

Д.Банди багш намайг “Чи хөлбөмбөгөөр хичээллэх юм бол Улаан-Үүдээс цааш гарахгүй. Боксоор хичээллэх юм бол дэлхийг тойрно” гэж ятгасаар байгаад боксчин болгосон юм. Тэгээд Д.Банди багшаас ихийг сурсан. Надад орой болгон жилийн төлөвлөгөө яаж хийдэгийг зааж өгдөг байлаа. Ер нь Д.Банди багшийн буянаар дасгалжуулагч болсон.

-Та Дорнод аймагт хэдэн онд томилогдож байсан бэ. Шавь нартаа юуг чухалчилж захидаг байв?

    -Би 1983 оноос Дорнодын хүүхдүүдийг боксоор дасгалжуулсан. Тухайн үедээ жилийн төлөвлөгөө боловсруулдаг ганц багш нь байлаа. Бокс тоглож сурсан минь мөн хөлбөмбөгийн гавьяа. Хөлбөмбөг тоглоход маш их гүйдэг. Гүйлт хүнийг маш их тэсвэр, хатуужилтай болгодог.

Би боксоор зодолдож байхдаа ядардаггүй байсан. Бокс бол ухааны спорт. Ямар хүнтэй яаж зодолдох вэ гэдгийг мэдэрдэг, зохион байгуулдаг байх хэрэгтэй. Дасгалжуулагч болсноосоо хойш ч хүүхдүүддээ үүнийг л захидаг байсан. “Баруун гараас ингэж болгоомжилно. Зүүн гарын эсрэг ийм тактик хийнэ” гэж заана. Тэгж байж л зодолдоно уу гэхээс зүгээр зодолдож болохгүй. Бокс бол зодоон гэдгийг мартаж болохгүй.

Муу байх юм бол үхтэлээ зодуулна гэсэн үг. Тиймээс сайн сурахаас өөр аргагүй спорт.

-Та олон тамирчинг амжилтад хүргэж, дасгалжуулагч болгожээ. Таны шавь нараа бусдаас сайн болгож бэлддэг байсан онцлог, арга барил юу вэ?

      -Би залуудаа өглөө болгон 06:00 цагт гүйдэг байсан. Дасгалжуулагч болсон хойноо хүүхдүүдээ мөн өглөө болгон заавал гүйлгэдэг байлаа. “Та нар 06:00 цагт Хэрлэнгийн нэг дээр байж байгаарай” гэж захичихаад өглөө нь уулзалддаг байсан.  Тэгээд хүүхдүүдээ өглөө бүр эрүүл агаарт гүйлгэж, зун усанд нь оруулдаг байсан. Хүүхдүүдээ амжилттай байхыг нь хараад түүний гавьяа гэж боддог доо. Тухайлбал, Хэрлэнгийн далан дээгүүр гүйж цохилт хийнэ. Сүүдэртэй нь ажиллуулна. Бас ихэнх нь сэлж сурсан. Усанд орно гэдэг бүх биеийн булчин ажилладаг. Харин өвөлдөө голын эрэг дээр дасгалаа хийгээд харьдаг. Аймгийн төв Хэрлэн голоос 500-.600 метрийн зайтай. Өвлийн хүйтэнд аймгийн төвөөс хүртэл хүүхдүүд гүйгээд ирэхэд нь би их баярладаг байсан. Түүнээс л хүүхдүүдийн сэтгэл зүйн тэсвэр, тэвчээр харагдаж байгаа юм шүү дээ. Шавь нарын минь ихэнх нь аймгийн төвийн хүүхдүүд байсан даа.

-Аймгийн төвөөс ирж гүйдэг байсан шавь нараасаа дурдвал. Ихэнх нь амжилт гаргасан хүмүүс байгаа байх?

      -Гавьяат тамирчин Д.Отгондалай, Сүхбаатар, Сайнбилэг, Саранхүү гээд мундаг хүүхдүүд байсан. Нэр дурдаагүй ч зөндөө мундаг тамирчид бий. Тэд өглөө бүр Хэрлэн голын хөвөөгөөр гүйж, усанд нь сэлж, дасгалаа хийж хүмүүжсэн хүүхдүүд.

-Харин заалны бэлтгэлийг нь хэрхэн хийлгэдэг байсан бэ?

      -Зааланд ихэвчлэн тулаан хийлгэдэг байсан. Гол дээр тулаан хийдэг ч үр дүн бага. Яагаад гэвэл, нэгнээсээ зугтаагаад зодолдож өгдөггүй юм. Рингэнд бол цугтах нь бага шүү дээ. Бас толинд харж бэлтгэлээ хийх нь алдаагаа засах хамгийн том боломж болдог. Зогсолт зөв байна уу, буруу байна уу.  Цохилт онож байна уу, үгүй юу гэдгээ мэдэх боломжтой. Тийм болохоор манай заал битүү тольтой байсан.

-Та тамирчдаа өдөр бүр дасгалжуулдаг байсан уу. Тэднийг тэмцээнд оролцож байх үед нь хэрхэн зааж, зөвлөдөг байсан бэ?

      -Бараг л өдөр бүхэн дасгалжуулдаг байсан. Долоо хоногт гурван удаа гэдэг ч дөрөв, таван удаа бэлтгэл хийдэг байлаа. Боксчин хүн дээс тоглох нь хамгийн чухал бэлтгэл болдог.

Боксчин өлмий дээрээ сайн ажилладаг байх хэрэгтэй. Хамгийн чухал хамгаалалт бол хөл. Хаашаа бултах уу, яах уу гэдгийг хөлөөрөө л хийдэг. Хөл сайн байхад зодуулна гэж байхгүй. Гар бол цохилт дамжуулах үүрэгтэй.

Тэмцээнд оролцож байхад нь хажуугаас нь орилж, анхаарлыг нь сарниулах хэрэггүй. Завсарлагааны үеэр “Чи үүн дээр алдаж байна. Тэгэхэд нь тийм тактик хийгээрэй. Арын гарт нь оногдож болохгүй” гэх мэтээр зөвлөнө.

-Боксын хамгийн чухал техник нь юу байдаг вэ. Мөн  та хэрэглэдэг байсан арга залиасаа ярьж өгөөч?

     -Өрсөлдөгч талынхаа тамирчинг сайтар судалж, мэддэг байх хэрэгтэй. Бэлтгэлийн үеэр эсрэг талын тамирчингаа зохиож бэлддэг байх хэрэгтэй. Боксын хамгийн чухал техник нь өөрийгөө хамгаалах. Өөрийгөө хамгаалж чадвал өрсөлдөгчөө сайн зодож чадна. Өөрийгөө хамгаалж чадахгүй бол хүн зодож чадахгүй. Тийм учраас өрсөлдөгчөө сайтар судалсан байх хэрэгтэй.

-Тамирчин хүнд жин нэмэх, хасах нь чухал байдаг. Та жингээ хасаж тоглодог байв уу?

     -Хамгийн айхавтар зүйл бол жингийн асуудал. Би 10 килограмм хасаж тоглодог байсан. Жин хасах нь сайн мөртлөө бас муу талтай. Жин их хассан хүн олигтой цохиж чадахгүй тамирддаг. Гэхдээ цохилтын хурд нэмэгддэг. Тамирчныхаа жинг хасахын тулд хоолонд нь анхаарах хэрэгтэй. Хоолонд ороход нь “Шөлнөөс нь хэд ойчлоод, махнаас нь хэдийг түүж идээд гарч ир. Хүмүүстэй суугаад байх юм бол идээд байна гэсэн үг” гэж хүүхдүүдээ сургадаг байсан. Шингэн их уувал жин нэмдэг.

-Та тамирчдынхаа сэтгэл зүйг хэрхэн бэлддэг байсан бэ?

     -Тамирчин хүний хамгийн чухал нь сэтгэл зүй. Тийм болохоор хүүхдүүддээ “Бусад тамирчид та нар шиг эрүүл агаарт голын хөвөөгөөр гүйж байгаагүй шүү. Наад тамирчин чинь чамаас түрүүлж ядарна уу гэхээс сүүлдэж ядрахгүй. Тоглолтын есөн минутыг та нар багтрахгүй давж чадна” гэж сэтгэл зүйг нь дэмнэдэг байсан. Ер нь дандаа зоригжуулдаг байсан.

-Та 2011 онд гавьяат дасгалжуулагч болсон. Тухайн үед танд ямар санагдаж байв?

     -Монгол Улсын гавьяат болно гэдэг тийм ч бага юм биш. Тухайн үед шавь нартаа их баярлаж байлаа. Дорнодын хүүхдүүд намайг гавьяат болгосон гэж боддог.

-Дорнодынхны онцлог, чухал чанар нь юу вэ?

     -Байлгүй яах вэ. Тэд талд төрж, өссөн. Тал шигээ уужим сайхан сэтгэлтэй. Тэд тулалдаанд уужим зангаараа оролцож, ялгардаг. Хэн ч намайг ялж чадахгүй гэсэн сэтгэл зүйгээр тулалдаанд оролцдог. Тийм учраас шавь нарыгаа рингэнд гарахад нь итгэдэг.

-Шавь нарыгаа тэмцээнд оролцуулахын тулд пургонд чихэлдээд, ачааны машиныг дэвшин дээр суугаад ч хамаагүй явдаг байсан гэх юм билээ. Шавь нарынхаа төлөө бүхнээ зориулдаг тань шиг сэтгэлтэй багш цөөхөн байх?

     -Бид тэмцээнд оролцохыэ тулд пургоноор, ачааны машины тэвшин дээр суугаад хот явдаг байлаа. Жилд улсын аварга шалгаруулах тэмцээн, Залуучуудын тэмцээн, өсвөр үеийнхний тэмцээн гээд багадаа гурав, дөрвөн тэмцээнд явдаг байсан. Манайх Хятад, Оростой ойрхон болохоор жил болгон тэмцээнд оролцдог. Би ч шавь нараа та нар хил давж, зодолдож үзчихээд гэж хэнтэй ч тулалдсан айхгүй болгож сэтгэл зүйг нь бэлддэг байсан. Мөн байшингийн подволыг өөрөө засварлаж заал болгож тохижуулсан. Нэгдсэн зааланд бэлтгэл хийхээр цагаа булаацалдаад хэцүү байсан.

-Таны мэргэжлийг хүү нь өвлөж, “Талын бүргэд” клубыг нь ажиллуулж байгаа юу?

      -Том хүү Эрдэнэбаяр минь клубынхээ дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Мөн зээ охин Л.Ангараг минь боксоор амжилттай хичээллэж байгаа. Бас хоёр ач хүү минь боксоор хичээллэх дуртай. Ингээд манайх гурван үеийн боксчин гэр бүл болоод байгаа юм.


ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ё.ТӨМӨРБАТАА: ШАВЬ НАР МИНЬ АМЖИЛТТАЙ БАЙГАА НЬ ӨГЛӨӨ БҮР ХЭРЛЭН ГОЛЫН ЭРГЭЭР ГҮЙЖ, УСАНД НЬ ОРДОГ БАЙСАНТАЙ ХОЛБООТОЙ ГЭЖ БОДДОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-12 22:13:38
    энхжин: маш гоё юм аа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-10 06:47:13
    Зочин: Социалист нийгмийн үeд л Дорнод аймгийн хүүхдүүдийг авчирч байнга тэмцээнд оролцуулдаг байсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-10 04:05:57
    dsn: tumur zamiin hav tumruu gej huuhed bh ued hul bumbug toglood yvj bsn , zalgaad boks toglood bhd n harhad yostoi l hav shig naaldaj matsaj urlagtai togloj haragddag blaa , Tumruuduu eruul enhiig husye !
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-09 12:46:19
    dornodiinh : Uneheer sain bagsh dasgaljuulagch gej tuuniig l heleh bh. dornodiin huuhduuded gawyatai hun. so proud
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188