• Өнөөдөр 2024-05-02

О.СУНДУЙ: Хүүхдийн зохиолч гэдэг бичих дуртай “хүүхэд” юм шүү дээ

2024-02-13,   970

       Хүүхдийн зохиолч О.Сундуйтай ярилцлаа. Тэрбээр оны өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм.
 

-Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаад яриагаа эхэлье?

          -Баярлалаа. Төр, түмэн олондоо хийж, бүтээснээ үнэлүүлсэндээ баяртай байна. Хүүхдийн уран зохиолыг, хүүхдийн зохиолчийг онцолж энэ шагнал надад ирлээ. Хүүхдийн зохиолч гэдэг эх хэлний багш байдаг. Нөгөө талдаа хүүхдийн хүмүүжил, төлөвшил, оюун санааг бүтээхэд нь хувь нэмрээ оруулж байгаа юм шүү дээ. Хүүхдийн уран зохиол үеийн үед үндэснийхээ үнэт зүйлийг тухайн цаг үеийнхээ хүүхэд багачуудад төдийгүй хойч үедээ уламжлуулдаг онцгой төрөл зүйл.

-Таны хувьд яагаад хүүхдийн зохиол бичих болсон бэ?

                  -Одоогоос 40 жилийн өмнө дүү минь надад зориулж захидал бичиж байсан. Дүүгийнхээ тэр захидлыг хүлээж аваад, оюутан байхдаа “Дүүгийн захидал” нэртэй шүлэг бичиж, “Оюун түлхүүр” сэтгүүлд хэвлүүлж байлаа. Улсын багшийн дээд сургуульд оюутан байхдаа хүүхдэд зориулсан анхны хошин дуурь гэж нэрлэгддэг “Долоон хожгор нэг можгор” дуурийн цомнолыг бичиж, хөгжмийн алдартай зохиолч Г.Цэндорж гуайн хөгжмөөр бүтэж, 1992 онд хүүхдүүдийн нийтийн хүртээл болж байсан. 1993 онд мөн анхны номоо гаргаж байлаа.

       Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд хүүхдэд зориулан 30 гаруй ном бичсэн байна. Мөн “Шарга даага”, “Зуслангийн чөтгөр”, “Халиартай гамбир” гээд уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол, драмын жүжгийн зохиол бичсэн. Энэ жил Хүүхэлдэйн театрт “Хүүхэлдэйн чинээ ээж” зохиолыг минь жүжиг болгон тавилаа. Ингээд харахаар хүүхдийн уран зохиолын бүхий л төрлөөр бичиж ирсэн байна. 

Хүүхдийн зохиол бичих болсон минь бага наснаас үүдэлтэй.

        Хурдан морь унах, барилдах, хүүхдүүдтэй наадан тоглож өнгөрсөн дэндүү аз жаргалтай, эрх дураараа бага насыг аав, ээж минь надад бэлэглэсэн. Тэр бүхэн минь сэтгэлийн дотор дурсамж болон гэрэлтэж, намайг хүүхдийн зохиол руу хөтлөн татсан. Тэгээд мөн аав, ээжээс заяасан авьяас, билиг юм даа.

     Мөн нэг шалтгаан бол сэтгэлдээ сүслэн тахиж явдаг Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийг төгссөн. Тэгээд төрөлх нутагтаа буюу Төв аймгийн Угтаал цайдам сумын сургаальдаа бага ангийн багшаар очиж ажилласан. Тэгж би анх хүүхдүүдтэй ажиллаж, тэдний гэнэн томоогүй, гэгээн ертөнцөд зочилж эхэлсэн юм. Залуу багшид гэрэл гэгээ өгсөн анхны шавь нарын минь хөгжилтэй яриа, гэнэн томоогүй үйл хөдлөл, уран сэтгэмж бүхэн намайг хүүхдийн зохиол бичихэд хүргэсэн. Хүүхдийн араншин, үйл байдал хүүхдийн зохиолчид уран бүтээл, уран зохиолын санаа болж бууж байгаа юм. Хүүхдэд зохиолоороо эх хэлээ зааж байна гэж бодож бичихэд миний зохиол бүтээл сайхан, гэрэл гэгээтэй болдог.

Монгол хүүхдүүдэд монгол зохиолчдын бүтээл туурвил илүү чухал.

-Уншигчдаасаа хамгийн том урам зоригийг авдаг байх?

           -Тийм ээ, надад уншигч хүүхдүүдээс ирсэн 2000 захидал байна. Оны өмнө гэхэд Налайх дүүргийн 103 дугаар сургуулийн 30 гаруй зохиолыг хүлээж аваад байж байна. Хүүхдүүд зохиолоо уншаад үнэн, шударгаар сэтгэгдлээ илэрхийлнэ. Бид өнөөдөр их сайхан монгол хэлээрээ  зөв ярьж, бичиж байгаа хүүхдүүдээр бахархах цаг болжээ. Миний хувьд долоо хоногт багадаа гурван сургуульд очиж хүүхдүүдтэй уулзаж, тэднээс урам зориг авдаг. Магад би хэчнээн хүүхдийн зүрх сэтгэл, бодол санаанд гэрэл гэгээ тусгасныг нарийн тооцож чадахгүй ч хүүхэд бүхэнд хүрээсэй гэж хүсдэг. Томчууд бид өнөөдөр хүүхдийн бага насыг их хайрламаар байна. Бага насандаа аз жаргалтай өссөн хүүхдүүд ирээдүйд их сайхан, улс эх орондоо хайртай хүн болно. Хорвоо ертөнц дээр хайр л хамгийн чухал, хайраар хэнийг ч дутааж болохгүй.

-Захидлуудаасаа задалж болох уу?

       -Олон сайхан гэгээн, хайр дүүрэн захидал ирнэ. Нэг хүүхэд “Чи бол миний хамгийн сайн найз” зохиолыг уншаад, амьдралын хүнд бэрхшээл дунд өсөж байгаа найзыгаа улам их хайрлах мэдрэмж төрсөн. Хэдий гэр бүл нь хүнд нөхцөлд байгаа ч анги дээрээ ирэхэд нь би найздаа тусалж, зовлон бэрхшээлээс нь хуваалцаж болох юм байна гэж бодсон" гэж бичсэн байсан.

      Энэ мэтээр хүүхдийн захидалд сайхан зүйлээс гадна хүнд хэцүү, сэтгэл өвтгөсөн, гэгээн тунгалаг бодол, сэтгэлдээ олон зүйл эргэцүүлсэн байх нь бий. Мөн хүүхдүүдийн дунд дээрэлхэлт гэж айхтар зүйл их байна. Энэ тухай ч захидалдаа бичих хүүхдүүд байна. Тухайлбал, ангийнх нь хүүхэд дэгээдэж унагааж, үзгийг нь булаан авдаг тухай бичсэн нэг хүүхдийн захидлыг би уншаад, багштай нь ярьж байгаад "Хүрэлхүү" гэж шүлэг бичээд очлоо. Шүлгээ уншаад өгсөн чинь хүүхдүүд бие бие рүүгээ хараад, “Манай ангийн энэ хүүхдийг бичсэн байна та” гээд шууд хэлдэг юм байна. Тэгэхээр нь “Би үүнийг танай ангийн хүүхдэд зориулж бичээгүй. Би бага насны дурсамжаасаа үүдэн бичсэн. Ийм хүүхдүүд бусдынхаа аз жаргал, баяр хөөрийг унтраадаг юм шүү, ийм байж болохгүй шүү” гэж хэлээд өнгөрсөн. Хүүхдүүд ер нь их зүйлийг хүлээж авдаг. Мөн надад

"Хичээлд явах замд

Хэдэн бор гэр бий

Хашаагүй бор гэрт

Жаахан бор эмээ бий..." гээд шүлэг бий. Хүүгээ олон жил хүлээж байгаа эмээд хүүхдүүд хичээлдээ явах замдаа тусалж байгаа тухай өгүүлдэг юм. Уншсан хүүхдүүд тийм нэг эмээд тусалсан тухайгаа ч захидлаар илгээсэн. Тэгэхээр тэгж хүүхдийн санаагүй зүйлийг сануулж, сэрээлгэж байгаа байхгүй юу. Ийм санаа сэдэл захидал дунд олон бий. Хүүхэд өөрөө хүмүүсээс их өөр. Том хүн амьдралын даваа гүвээнд бодол санаа нь суучихсан байдаг бол хүүхдүүд харин аливааг хүлээж авахдаа гэгээн байгаа юм.

-Хүүхдийн гэгээн ертөнцөөр аялж, зохиол бүтээлээрээ тэдний оюун санааг тэтгэх таны гол ажил. Энэ ч утгаар цагаан, гэгээн замаар та алхаж иржээ. Тэгэхээр таныг хүүхдүүд ивээдэг гэдэгт итгэдэг үү?

     -Хүүхдээс би дандаа сайхан бодол, цэвэр гэгээн сэтгэлийг мэдэрдэг. Энэ нь намайг сайн сайхан явахад нөлөөлж байдаг. Хүүхдүүдийн урам сэтгэмж хүүхдийн зохиолчийг хөглөж байдаг.

-Одоо та ямар бүтээлд ажиллаж байна вэ?

  -Жүжгийн зохиолуудад ажиллаж байна. Тайз, дэлгэцийн бүтээл гэдэг хүүхдэд их хүчтэй хүрэх юм. Хүүхэлдэйн театр энэ жил “Хүүхэлдэйн чинээ ээж” зохиолыг минь жүжиг болгон тавихад нь, очиж үзлээ. Жүжиг үзээд гарч ирэхдээ ээжийгээ тэврээд, “Ээж ээ та ийм хүүхэлдэйн чинээ болохгүй биз дээ” гээд уйлж байгаа ч хүүхэд байна. Мөн би хүүхдэд зориулан 80 гаруй дууны шүлэг бичсэн байгаа. Хүүхдүүдэд зориулсан анхны зориулсан дуу минь Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Хатанбаатарын аялгуу “Аз жаргалын цэцэг ургаарай” байна. Би Монгол Улсын гавьяат багш С.Батболдтойгоо “Есөн сарын нэгэн”, “Төрсөн өдрийн дуу”, “Уяралын долоон эгшиг” гээд олон дуу хийсэн.

-Хүүхдэд хүргэх гэж байгаа зохиол бүтээл учир зохиолч нь үргэлж л баяр хөөртэй юм шиг ойлгогддог. Сэтгэл санаа тэнэгэр байдал зохиолоо бичихэд хамгийн их нөлөөлдөг болов уу?

      -Хүүхдийн зохиол, яруу найраг бичдэг мөртлөө надад хүүхдийн зохиол давамгай байдаг. Тэгэхээр хөөрөн баясах, хөгжилтэй байхдаа би хүүхдийн зохиол түлхүү бичиж байна. Харин ухаарах, заримдаа уйтгарлах, гуниглах үедээ яруу найргаа бичиж байдаг. Тэгэхээр хүүхдийн зохиол нь элбэг байна гэдэг миний дотор 80 настай өвгөн найраг байлаа гэж бодоход, найман настай жаал мөнхийн амьдарч байна. Тэр хоёрын найман настай хүүхэд нь илүү сэрж догдолж байна.

-Зохиол бүтээлийнхээ санааг зүүдлээд, зүүднээсээ үйл явдлаа өрнүүлэх тохиолдол байх уу?

       -Зохиолч хүн зохиолынхоо санааг олоод, баяжуулахын тулд тээж явдаг. Тэр бодол санаа зүүдэнд үргэлжлэл болж орж ирээд, шийдлийг нь олох тохиолдол байна. Тухайлбал, “Чоно ба долоон ишиг”, “Улаан малгайт” үлгэрийг хүн бүр мэддэг. Тэгвэл монгол хүн гэр орондоо болгоомжтой, сэрэмжтэй байх тухайг өөрийн бүтээлдээ яаж үзүүлэх үү гээд бодсон чинь “Хүүхэлдэйн чинээ ээж” зохиолоо зүүдэлсэн. Тэгсэн охин нь ээждээ ялимгүй зүйлд гомдоод гэрийнхээ гадаа байж байсан чинь гэнэтхэн гомдол гэдэг өвгөн тааралдаад охинд дуртай чихрийг нь санал болгоод алхам алхмаар Гомдол өвгөнийг дагаж яваад, гэрт нь очоод байгаа тухай зүүдлэгдээд, түүнийгээ үлгэр болгосон юм.  Тэр зүүдээ хөгжүүлэхдээ ээж нь охиныхоо араас явсаар байгаад, “Охин минь цангаж яваа байх даа” гэж бодсон чинь хөх нь ивлээд сүүн бороо болж ордог. Өнөө сүүн бороо Гомдол өвгөний гэр байх агуйн ханыг нэвт ороод охиноо гаргаж байгаа тухай өгүүлнэ. Харин ээж нь сүүн бороо болж хувирсан болохоор тохойн чинээ жижигхэн болсон байгаа байхгүй юу. Ингээд үлгэр үргэлжилнэ. Санаагаа тээж яваад, зүүдэнд үргэлжлэх ийм жишээ байна. Хүүхдүүд уран сэтгэмжийн зохиолд дуртай. Миний “Догь Монхорын шидэт малгай” зохиолыг уншсан хүүхдүүдээс хамгийн их олон захидал ирсэн байдаг. Хүүхдүүд их айхтар шүү. Уг нь бол Догь Монхор зохиож ярьж байгаа байхгүй юу. Тэгсэн хүүхдүүд зохиолч зохиож ярьсан гээд мэдсэн байгаа юм. Хүүхдийн уран сэтгэмжийг уран зохиол хөгжүүлэх ёстой шүү дээ. Хүүхдүүдэд “Чи энэ зохиолын утга санааг бичээрэй” гэвэл хэт хуучин, харин “Хэрвээ чи байсан бол” гэвэл төсөөлж, ургуулж, бодуулах чадвар нь хөгжинө.

     Хүүхдүүд надаас “Та миний илгээсэн захидлыг яадаг вэ” гэж асууна. Би аваачаад уншаад, ангилаад хадгалдаг. Тэр захидлууд бол хүүхдээс ирж байгаа хайр юм шүү дээ. Зохиолыг уншаад алгын чинээ цаас дэлгээд бичээд сууж байна гэдэг тухайн хүүхдийг өөр болгож байгаа байхгүй юу. Өнөөдөр хүмүүс их завгүй болсон байна. Тэгэхээр юманд зав гаргаж сурах хэрэгтэй.

-“Шарга даага” киног та хүүхэд наснаасаа сэдэвлэн бичсэн үү?

          -Тийм ээ, тэр чигтээ миний хүүхэд насны тухай бичигдсэн. Найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” гэж Монголын төдийгүй дэлхийн хүүхдүүд үзсэн кино. Миний төрсөн дүү О.Энхжаргал зургийн даргаар нь ажиллаж, Төв аймгийн Угтаалцайдам сумандаа хийсэн бүтээл байна. Киног минь үзсэн Энэтхэг Улсын үзэгчид “Монгол хүний хүүхэд нас ямар их аз жаргалтай өнгөрдөг юм бэ. Монгол гэр бүл бие биедээ ямар элгэмсэг байдаг юм бэ. Монгол оронд очиж үзэх сэн, ямар амар амгалан орон бэ” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр миний өнөө л аз жаргалтай хүүхэд нас, Монголын хөдөөгийн ахуй орчин илэрч байгаа шүү дээ. Нэг ёсондоо зохиол бичнэ гэдэг өөрийгөө илчилж байгаа зүйл. Хүүхдийн дундаас төрж байгаа санаа миний зүрх сэтгэлээр дамжиж хүүхдүүдэд эргэн очиж байгаа юм.

-Хүүхдийн эрх нийгэмд их зөрчигдөж, хүүхдэдээ ээлгүй нийгэм байгааг хүн бүр шүүмжилж, осол эндэгдэл ч их гарч байна. Хүүхэдтэй ойр байдаг, хүүхдийн зохиолчийн хувьд эмзэглэж явдаг зүйл юу вэ?

            -Миний шаналж явдаг зүйл бол хүүхдийн гэр бүлийн орчин. Зарим хүүхдүүд сургууль дээрээ ирж бүлээцдэг, үдийн хоолоо идээд гэдэс гарах, найзуудтайгаа байхаараа л хамгийн жаргалтай байдаг шүү дээ. Тэгэхээр цахим хичээлийн үеэр тэдгээр хүүхдүүд ямархан байдаг бол гэсэн эмзэглэл бий.Тэгээд бодохоор тэдгээр хүүхдүүдэд тусалж чадахгүй өөрийгөө их хүчгүй хүн юм гэж боддог.

-Хүүхдийн зохиолчийн хувьд танд ямар хүсэл, мөрөөдөл бий вэ?

      -Улсынхаа төлөө зүрх сэтгэл нь цохилдог хүмүүс удирдаасай. Тэгвэл бүх айл гэр сайхан байна даа. Айл гэр бүр сайхан байна гэдэг хүүхдүү аз жаргалтай байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд л аз жаргалтай, эрүүл энх, амар тайван, сэтгэл дүүрэн өсөөсэй гэж хүсдэг. Аз жаргалтай хүүхдээс аз жаргалтай дараагийн гэр бүл төрнө.

-Ярилцсанд баярлалаа.

     -Баярлалаа. 


О.СУНДУЙ: Хүүхдийн зохиолч гэдэг бичих дуртай “хүүхэд” юм шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-05 14:08:36
    Ж Батцэнгэл: Хүүхэдтэй хүн уншмаар нэгийг бодохоор сайхан ярилцлага байна Өнөөгийн нийгэмд Хүүхдийн хүмүүжил төлөвшилт гэсэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ач тустай юм Бид шинэ цаг үеийн хүнийг төлөвшүүлэх гэж алдаж онож явна даа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188