• Өнөөдөр 2024-05-03

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЦОГТОЙ ХҮҮ Ё.ЦОГ

2024-02-11,   4660

             Гялалзтал зүлгэсэн гуталтай, тэвхийсэн цэрэг хөгжим тоглоно. Хэнтийгээс цэрэгт татагдсан харчуул дотроос бүрээ үлээж, гитар тоглож, төгөлдөр хуур дардаг ийм нэгэн авьяастан байсан нь наймдугаар Богд Жибзундамбын дүрээрээ ард түмэндээ хайрлагддаг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ёндонгийн Цог. “Говь хянганд тулалдсан нь”, “Зарлаагүй дайны оршил”, “Бид мартахгүй” кинонд тоглосон цэрэг, офицер, тагнуулын дарга Цогийг уншигч та андахгүй мэдэх билээ.

          Тэр чинь л өнөө армид дуу хуур, тоглоом наргиан, нударгаараа ч шуугиулж явсан залуухан Цог шүү дээ. Түүнтэй хамт мөр зэрэгцэн алба хааж явсан хүмүүсээс бусдаар бол бид түүний цэрэгт байх үеийг эл дүрээс хамгийн ойр мэдэрч болно. “Жүжигчин хүн ямар ч дүрд оноогдож болно. Хамгийн гол нь дүрд тоглох биш бүтээх ёстой юм” гэж ярих тэр дэлгэцэд олон ч дүрийг ёстой бүтээж чадсан даа. Цэрэг, хурандаагийн дүрийг тэр л урлагт дархалж, өнөөд ч цэргийн дүрийг түүгээр л үлгэрлэх. Энэ нь түүний цэргийн хөгжимчнөөр ажиллаж, армид байсантай нь холбоотой юм билээ.

ӨРГӨСӨН ААВ, ЭЭЖ НЬ ТҮҮНИЙГ ДУУ, ХӨГЖИМД ХӨТӨЛЖЭЭ

       Цог гуайн аав Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балдан Бэрээвэн хийдийн сайхан дуутай Содов гэх унзад лам байсан гэдэг. Аав нь Хэнтий аймагт ажиллаж, амьдарч байхдаа ээжтэй нь танилцсанаар гэр бүл болсон юм билээ. Гэсэн ч удаагүй ээж нь түүнийг өлгийтэй байхад нь аавтай нь орхиод явсан байдаг. Манцуйтай үлдсэн түүнийг хүүхэдгүй залуухан хос айлд өргүүлсэн нь Ёндонгийнх. Ингээд л тэр Ёндонгийн Цог болж, өргөсөн аав, ээж дээрээ өсөж, өндийжээ. Түүнийг зургаан настай байхад нь өргөсөн ээж нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Моддын уурхай руу дагуулж яваад, төрсөн аавтай нь уулзуулж байж. Энэ тухай Цог гуай “Тэгэхэд л би анх төрсөн аавыгаа харж байсан даа. Аав минь надад орос шоколад, улаан чемодан авч өгч байсан юм. Түүнийг том болсон хойноо халуун усанд явахдаа барьдаг байсан. Төрсөн аав минь хотод ирэхдээ манайхаар байнга ирнэ. Тэгээд нэг удаа “Хэцүү цаг байсан шүү, хүү минь. Аав нь өглөө ажилдаа гарахдаа амандаа хар цай балгаж, бүлээсгээд аманд чинь хийчихээд гардаг байсан. “Энэ хоёр буянтан л чамайг хүн болгосон доо” гэж хэлсэн.

          Харин төрүүлсэн ээж минь надаас хойш дөрвөн охин төрүүлсний нэг нь Төмөр замын нэрт үелзүүр бүжигчин Оюунгэрэл. Жил бүрийн цагаан сараар дүү минь над дээр ирж золгодог” гэж ярьсан. Харин түүний төрсөн ээжийг нь өргөж авсан аав нь Төв холбоонд залгагчийн ажилд оруулж өгснөөр тэр ажлаа хийж байгаад бурхан болсон байна. Өргөсөн ээж нь сайхан дуулдаг нэгэн байж. Тэгээд ч тэр үү Ё.Цогтод мандалин, аман хуур хөгжим авч өгч, тоглуулснаар тэрбээр дуу, хөгжимд дуртай болжээ. Ингэж л тэр өргөмөл аав, ээжийнхээ ачаар урлагийн замд хөтлөгдөж, өдгөө ард түмний хайртай жүжигчин болсон.

        Тэрбээр энэ тухай “Би өргөсөн аав, ээжтэйгээ хамт Булган аймагт өссөн юм. Аавтайгаа ажил дээр нь очоод, радиогийнхны хийдэг ажлыг гайхаж, ийм л мэргэжилтэй болох юм сан гэж мөрөөддөг байлаа. Ингээд би 16 нас хүрээд цэргийн хөгжимчин болохоор болсон” гэж ярьсан байдаг.

АРДЫН ДУУ, БҮЖГИЙН ЧУУЛГЫН БҮРЭЭЧНЭЭС ТЕАТРТ ОРСОН НЬ

                Тэр цэргийн хөгжимчин байхдаа “Төрийн дуулал”, “Нийтийн бүжиг”, “Жагсаалын марш” тоглодог байсан байна. 10 гаруй жил армитай амьдралаа холбож, цэргийн хөгжимчнөөр ажиллаж байгаад 1962 онд Финляндын нийслэл Хискт Дэлхийн залуучуудын наймдугаар их наадамд бүрээчин залуусыг сонгон авснаар Ардын чуулгын үлээвэр найрал хөгжимчнөөр ажиллаж эхэлжээ. Ийн бүрээчнээр ажиллаж байсан түүний сонирхлыг өөр нэг зүйл татсан нь театр. Концертоо тараад л театр руу харайлгаж, тэнд бэлтгэлээ хийж байсан алтан үеийн мундаг уран бүтээлчдийг дэргэдээс нь харж, тэдэн шиг болохыг битүүхэн мөрөөддөг байжээ. Театр түүнийг соронз шиг татаж байх энэ үед харин “Улсын хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчин авч байна” гэх зарын дагуу түүнийг очиж шалгуулахыг ангийн найз “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу жүжигчин Л.Лхасүрэн санал болгожээ. Өөрөө ч уухайн тас дуртай байсан тэр очиж л шалгуулаад л тэнцсэн гэдэг. Дэг журам, сахилга баттай цэргийн орчин, хөгжмийн дуу эгшиглэх ахуйгаас тэр ингэж театр хэмээх өөр нэгэн өнгө, уур амьсгал руу орж, Хүүхэд, залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажиллах болжээ.

ОРОС КИНОНД ДУУ ОРУУЛЖ ЭХЛЭВ

          Улсын Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байсан түүний өөр нэгэн авьяасыг олж харсан хүн нь “Хөдөөгийн баясгалан” киноны Должин буюу Гавьяат жүжигчин Б.Энхтуяа. Цог гуайд тэрбээр “Чиний дуу хоолой их зүгээр юм байна. Кинонд дуу оруулахаар их зүйл сурдаг” гээд Кино үйлдвэрийн байранд дагуулан очжээ. Урлагийн л бол юунд ч сонирхолтой байсан тэрбээр дагаад л очиж. Яг тэр үед нь алдарт Г.Жигжидсүрэн найруулагч “Тулалдаанд зөвхөн шонхрууд нисдэг” гэх Оросын алдарт кинонд ажиллаж байжээ. Тэгээд л түүнээс “Цэргийн цол мэдэх үү” гэж асууж гэнэ. Цэргийн хөгжимчнөөр таван жил ажилласан түүнд түүн шиг сайн мэдэх зүйл хаана байх вэ. Ингэж шалгуулж, дуу оруулж үзсэнийхээ дараа түүнийг “Овоо боломжийн хүүхэд байна” гээд авсан гэдэг. Энд л тэр алтан үеийн домог болсон Ягаан Гажид буюу Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш Довчин бээс буюу Ж.Мижиддорж, Д.Элбэгсайхан зэрэг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн кинонд дуу оруулсан гэдэг.

Дуу оруулна гэдэг тухайн дүрээрээ амьдарч, амьсгалахын нэр гэдгийг Ё.Цог гуай эндээс л мэдэрч, өөртөө суулгаж авсан нь түүнийг мундаг жүжигчин болоход гол суурь болжээ.

 

СУГАР ЖОЛООЧ БОГД ХААН БОЛОВ

             Тэрбээр дэлгэцэд, “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Төрийн сүлд өршөө”, “Дайчин ван Х анддорж”, “Аравт” зэрэг түүхэн киноны туслах дүрийг бүтээсэн. Өөрийнх нь хэлснээр уран бүтээлч хүн ямар ч дүрд оноогдож болохын тод жишээ тэр өөрөө. “Их замын тоос” киноны хөгжилтэй мөртлөө хашир туршлагатай Сугар жолооч, дараа нь “Төрийн сүлд өршөө” киноны Богд хааны дүрд тоглосон. Б.Бадрууган найруулагч түүнтэй телевизэд дөрвөн жил ажиллахдаа Богд хаан Жибзундамба хутагтын дүрд харж байжээ. Үүнийгээ Ё.Цог жүжигчинд хэлтэл, эхэндээ зөвшөөрөөгүй гэнэ. Учир нь, тэрбээр Д.Сүхбаатар жанжныг хордуулж алсан сохор Богд гэх үзлээр хүмүүжсэн пионерийн болон хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн байсан болохоор тэр аж. Гэсэн ч Б.Бадрууган найруулагч “Таныг л наймдугаар Богд хааны дүрд тоглуулна. Өөр хүн дүрд шалгаруулж авахгүй” гэжээ. Ингээд л тэр энэ дүрд тоглосон байна. Хүүгээ их дэмжиж, бүтээлийг нь үзэж, бахархдаг ээж нь түүнийг Богд хааны дүрд тоглоход, “Ээ” гэж уулга алдан адис авахаар өмнө нь сөхөрсөн гэдэг. Тэгэхээр нь “Ээж ээ, би байна шүү дээ. Та одоо бос оо” гэтэл “Тэгж болохгүй шүү, хүү минь” гээд ээж нь хүүгээсээ адис авахаар суугаад байсан тухай ярьсан байдаг. Ингэж л тэр сүр жавхлант, гэгээн гэрэлт Богд хааны дүрийг монголчуудын зүрх сэтгэлд дархалж, өдгөө ч гудамжинд “Богд хаан явж байна” гээд мөргөх нь холгүй мөнхөлж үлдээсэн билээ. Бүр кино гарсны дараа түүн дээр адис авъя гэж ирсэн хүмүүс ч байсан тухай Цог гуай өөрөө онцлон ярьсан байдаг.

НАЙРУУЛАГЧ Ё.ЦОГ

        Жүжигчнээс гадна түүний өөр нэг жигүүр нь найруулагч. Найруулагчийн гараа нь ч давгүй сайн эхэлсэн байдаг. Сануулбал, өдгөө бидний хайрлан, хайрлан үздэг “Эцсийн тушаал” жүжиг. Д.Сэдэд багшийгаа гэр бүлийн хүнтэй нь хамт гол дүрд нь тоглуулж, багшийнхаа дүрээр гол ноён нурууг нь босгож, найруулсан нь онож, чамбай, нямбай, торгон мэдэрч, тод өгүүлдэг найруулагч гэдгээ харуулсан. Үүгээр түүнийг аливаа зүйлийг мэдрэх дотоод хөг аялгуу нь ямархан уран бүтээлч вэ гэдгийг нь мэдэж болно. Анхны бүтээл гэхэд гарамгай сайн, хүний сэтгэл зүрхэнд хүртэл найруулж чадсан байдгийг үзсэн хэн бүхэн мэдэх билээ. Дараа нь “Алтантүлхүүр” гэх киног мөн найруулан үзэгчдэд хүргэсэн байна. Тэрбээр телевизийн хоёр ч кино хийсэн байна. Тухайн үед түүнийг телевизийн кино, жүжиг гэсэн жанрыг гаргаж ирсэн гэж онцолж байжээ. Түүнээс хойш харин жүжигчнээр ажилласан байна.   

УРЛАГТ Ч, ГЭР БҮЛДЭЭ Ч ОВГИЙН АХЛАГЧ НЬ

        Хамгийн сүүлд тэр ОХУ-ын “ТНТ” телевизийн бүтээл “Дятловын даваа” олон ангит киноны Манси хэмээх цөөнх үндэстний овгийн тэргүүлэгч, зөнч бөө Манси өвгөний дүрийг бүтээсэн. Сүүлийн үед тэр уулын эзэн, сүх барьсан сүүн замын сахиул, дархад овгийн тэргүүлэгч зэрэг овгийн ахлагчийн дүрд тоглож буй. Алтан үеийн жүжигчидтэй эгнээнд жагсаж явсан тэр кино урлагийн уран бүтээлчид дундаа хашир туршлагатай, үзсэн, сонссон зүйл ч ихтэй. Залуу уран бүтээлчдэд зааж сургах, хэлж, ярих зүйл түүнд олон ч бий. Тэрбээр мөн урлагт өөр, өөрийнхөөрөө хүч сорьж яваа гэр бүлийнхээ овгийн ахлагч нь. Ё.Цог гуай хэдийгээр урлагт цөөн бүтээл найруулсан ч түүний хүү Хүсэлбаатар олон сайхан бүтээлийг өөрийн өнгө аяс, үзэл бодлоор найруулан тавьж буй. Тэрбээр “Өнгөт инээд” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж, “Ядуугийн зовлон”, “Зугтаарай”, “Бүтэлгүй новш”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл” зэрэг бүтээлийг найруулсан бөгөөд хамгийн сүүлд дүүгийнхээ амьдралаас сэдэвлэсэн “Дайрлага” киног үзэгчдэд хүргэсэн. Харин түүний бэр МУГЖ С.Өлзийхүү жүжигчнийг үзэгчид андахгүй. Хошин урлагийн тайзан дээр ээж, эгч, ханийн дүрийг гарамгай сайн гаргаж, мөн хошин урлагийн эмэгтэй жүжигчид дотроос анхны “Азтай бадарчин” шагнал хүртсэн. Тэрбээр харин дэлгэцэд “Цахилж яваа гөрөөс”, “Жинжиймаа”, “Сая долларын олз”, “Дурлалын сум”, “Хайртай бол хартай”, “Хэнд ч хэлээгүй нууц”, “Хөтөч”, “Хөгжилтэй өдөр”, “Такси”, “Туршилтын хосууд”, “Гацуурхан”, “Шинэ түүх”, “Ганц бие залуус”, “Хиртээгүй сарнай”, “Нинжин сэтгэл”, “Бүтэн амьдрал”, “Нийслэл хүүхэн” зэрэг киноны гол болон туслах дүрд тоглосон юм. М өн энэ айлын урлагийн авьяастны буухиаг үргэлжлүүлэгч нь АНУ-д таван жил зохиолч, найруулагч мэргэжлээр суралцаад ирсэн ач охин Х.Баярмаа. Жүжиглэхээс гадна загвар өмсөх, дуулах гээд урлагийн олон төрөлд өөрийгөө сорьж, сүүлийн үед дэлгэцийн бүтээлд илүүтэй оролцож байгаа. Хамгийн сүүлд гэхэд “Баян боол” киноны Сүнжид ахайтны дүрд ажилласан.

         Мөн аавынхаа найруулсан “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл” зэрэг бүтээлийн гол дүрд амжилттай тоглосон. Тайзны бүтээлд ч мөн авьяас чадвараа сорьж, найруулагч М.Батболдын “Гэм зэм” пост драмын жүжигт тоглоод амжсан. Харин ач хүү Х.Учрал нь “Учрал” ток шоу” телевизийн салбарт хүч үзэж, өөрийн нэртэй ток шоугаараа дамжуулан урлаг, соёлын олон уран бүтээлчидтэй ярилцаж, тэдний үзэл бодлыг нь сонсдог. Хамгийн сүүлд харин “Дайрлага” кинонд ач хүү Х.Сумъяадорж нь амжилттай тоглож, мөн чамгүй уран бүтээлч болох гараагаа тавьсан. Ийнхүү тэрбээр Монголын урлагийн ч, урлагийн гэр бүлийнхээ ч овгийн ахлагч нь билээ.

ХҮНД БЭРХШЭЭЛ

       Амьдрал түүнд давж туулах хүнд бэрхшээлийг олон тавьсан ч тэр хэзээ ч нугарч, хугарч байгаагүй хаттай нэгэн. Бага хүү нь мөн хөгжимчин мэргэжилтэй, аавтайгаа хамт нэвтрүүлэг хийдэг байжээ. Хүү нь хүнтэй муудалцаж, нударга зөрүүлснээр хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдож, таван жилийн хорих ял авсан харамсалтай явдал болсон байдаг. Хүүгээ шоронд ороход зүрх нь өвддөг байсан ээжийнх нь өвчин сэдэрч, удалгүй өөд болсон байна. Энэ тухай Ё.Цог гуай “Тэр үед надад ямар хэцүү байсан гэж санана. Хүү минь шоронд орно гэдэг бидний хувьд аймшигтай байсан. Тэр таван жилийг би арай л гэж давсан, туулсан, зовсон” гэж ярьсан байдаг. Бүрхэг өдрүүд арилж, хэзээ нэг өдөр нар гарна гэж бодсон ч бараан үүл улам ч бүрхэж, шоронгоос гарч ирээд хүн шиг амьдрах гэж байсан хүү нь бусдын гарт амиа алджээ. Ийм гашуун үйл явдлыг ар араас нь амсаж, хүнд өдрүүдэд амьдрахын аргагүй хэцүү байсан ч тэр бүхнийг даван туулж яваа. Тиймдээ ч найруулагч Хүсэлбаатар дүүгийнхээ амьдралаас сэдэвлэсэн “Дайрлага” бүтээлээ хийж, аавыгаа болон бага хүүгээ тоглуулсан нь өнгөрсөн намар үзэгчдэд хүрсэн. Ё.Цог гуайд хүүгийнхээ амьдралаар кино хийх хэчнээн хэцүү байсан ч тэр залуусыг хүү шигээ болчимгүй зан, түргэн аашнаасаа болж амьдралаа битгий алдаасай гэдгийг сургамжлан үлдээхээр энэхүү бүтээлээ хийсэн гэдэг. Монголын урлагийн цогтой хүү, уран бүтээлч гэсэн жанжин шугамаа нягт барин алхсаар л явна.


МОНГОЛЫН УРЛАГИЙН ЦОГТОЙ ХҮҮ Ё.ЦОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-15 20:00:02
    Dr. Aditya : If you want to sell your kidney for money $780,000.00 contact this hospital email: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-15 19:59:52
    Dr. Aditya : If you want to sell your kidney for money $780,000.00 contact this hospital email: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-15 19:58:25
    Dr. Aditya : If you want to sell your kidney for money $780,000.00 contact this hospital email: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-15 19:58:05
    Dr. Aditya : If you want to sell your kidney for money $780,000.00 contact this hospital email: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-15 19:57:37
    Dr. Aditya : If you want to sell your kidney for money $780,000.00 contact this hospital email: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-16 05:15:05
    Саран : Үлгар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-16 05:15:04
    Саран : Үлгар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-15 19:21:59
    Аагий: Сайхан хүн шүү. Алтан үеээс үлдсэн цөөхөн хэдэн хүмүүсийн маань нэг гэж боддог
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 21:02:59
    Манай сэтгүүлчид даанч шүү: Манай сэтгүүлчдийн мэдлэг даанч нимгэн шүү. Финляндын нийслэл Хельсинк гэдэгсэн уг нь. Хэзээ Хиск болчихсон юм болоо, өөрөө мэдээгүй байж болно, интернет гээд бэлэн будаа байна.даанч дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-11-13 09:01:46
    Зочин : Мундаг жүжигчин дээ. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188