СУРГУУЛЬД ОРООГҮЙ БАЙХДАА Л “БИ ЭРДЭМТЭН БОЛНО” ГЭДЭГ ХҮҮ БАЙЛАА
-Сайн байна уу. Тантай уулзчихаад таны тухай ярилцахгүй өнгөрч болохгүй. Тиймээс Рэгдэл академичийн бага насны дурсамжуудаас яриагаа эхлүүлье?
-Би Говь-Алтай аймгийн Бигэр сумын Дүгэр гэх малчин айлын хоёр дахь хүүхэд. Аав, ээж хоёр минь 1947 онд аавыг цэргээс халагдаж ирсэний дараа гэр бүл болсон гэдэг. Ээж арван хүүхэд төрүүлж, ес нь эсэн мэнд өсөж, торнисон. Би нэг ах, долоон дүүтэй. Ээж минь насаараа нэгдлийн саальчин хийсэн сайхан эмэгтэй байсан. Манай аав 1943 онд цэрэгт явж, тэндээ бичиг үсэг сурсан гэдэг юм. Тухайн үед бичиг үсэг мэддэг хүн тун ховор байлаа. Аав цэргээс ирээд, хөдөө ажиллаж байгаад 1956 онд манай суманд “Эрх чөлөө” нэгдлийг үүсгэн байгуулж, газар тариалангийн бригадын даргаар олон жил ажилласан түүхтэй. Улаанбуудай, арвай, төмс, лууван зэрэг хүнсний ногоо тариалж эхэлсэн. Тухайн үед бид мах, цагаан идээгээ л хэрэглэдэг, хүнсний ногоо гэж чухам юу байдгийг мэддэггүй байлаа.
Би хөдөө өссөн болохоор малд нүдтэй хүүхэд байлаа. Долдугаар ангиа төгсөөд ангийнхаа 14 хөвгүүнтэй нийлж, “Илгээлтийн эзэн”-ээр явах хүсэлт захиргаандаа гаргаж байв. Гэтэл тэр үеийн Монголын залуучуудын холбооноос “Энэ жил ганц ч хүүхэд хөдөө гаргахгүй” гэсэн хариу өгсөн. Тэгээд аргагүйн эрхэнд аймагт суралцахаар явсан. Намайг хүүхэд байхад манай аймгийн хэмжээнд ганцхан 10 жилийн сургууль байлаа. Би чинь 1951 онд төрсөн хүн шүү дээ. Намайг бага байхад монголчуудын амьдрал хүнд байсан. Айлууд амины хэдхэн малтай, ядуу, хөгшчүүд ихэвчлэн хаврын цагт бурхны оронд залардаг байлаа. Биохимич мэргэжлийг эзэмшсэнийхээ дараа бодоход хүмүүс ихэвчлэн хүнс тэжээлийн дутагдлаас болж нас бардаг байсан байгаа юм. Яагаад гэвэл хаврын улиралд идэх юм хомс, өвөл бэлтгэсэн мах дуусчихсан, мал төхөөрөх боломжгүй, турж, эцсэн. Ер нь хавар боломжтой цөөхөн айл жоохон мах, цагаан идээтэй байдаг тийм л тарчиг үе байлаа. 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн дуусаж малчид социалист эдийн засгийн нөхцөлд хөдөлмөрөө нэгтгэж, Хоршоолол байгуулсан. Үүнээс хойш хөдөөд иргэдийн амьдрал ахуй бага багаар дээшилж, 1975 он гэхэд эрс сайжирсан.
-Та хагас зуун жил шинжлэх ухааны салбарт ажиллажээ. Энэ салбартай амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаач?
-Аав, ээж хоёр минь өөрсдөө насаараа хөдөө амьдарсан хэдий ч боловсрол чухал гэдгийг эрт ойлгож, есөн хүүхдэдээ дээд боловсрол эзэмшүүлсэн. Би арван жилийн сурагч байхаасаа л “Эрдэмтэн болно” гэдэг хэрсүү хүү байлаа. Тухайн үед төгсөгчид байгууллагуудын нэр дээр хуваарилагдаж, сургуульд элсдэг байсан. Надад ШУА-ийн нэр дээр одоогийн Украин Улсын Харьков хотын Харьковын их сургуульд биохимич мэргэжлээр суралцах хувиар ирсэн. Тухайн үед дээд сургууль төлбөргүй байсан болохоор эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургахад амар байлаа. Тэр байтугай сайн суралцсан хүүхдэд сар бүр урамшуулал өгдөг. Би 1-2 курстээ онц сурч, гуравдугаар курсээсээ Сүхбаатарын цалин авч эхэлсэн. Тухайн үеийн Оросын 90 рублийн цалинг инженерээр төгсөөд, ажиллаж буй хүмүүстэй эн зэрэгцэн авдаг байлаа. Мөн оюутан байх хугацаанд улсаас хоёр удаа тэтгэмж, замын зардал өгнө. Төгсөөд одоогийнх шиг анкет бөглөөд, ажил хайна гэх зовлон байхгүй. Нэр дээр нь суралцсан байгууллагадаа шууд ажилд ордог байсан. Би сургуулиа төгсөөд, Шинжлэх Ухааны Академийн лабораторид эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас эрдэмтэн нарийн бичгийн дарга хүртэл бүх шатанд 25 жил ажиллажээ. Одоо эргээд бодоход хамгийн сайхан жилүүд тэр үе байжээ. Магадгүй хүн хөгшрөөд ирэхээрээ залуу насаа, алдаа оноогоо илүүтэй дурсаж, цэгнэж боддогтой холбоотой ингэж бодогддог болсон байж мэднэ. Дараагийн 25 жилийг ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын удирдлагад ажиллажээ. Сүүлийн зургаан жил ШУА-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Ингээд харахад шинжлэх ухаан гэх захгүй уудам, тайлагдаж дуусашгүй энэ гайхалтай салбарт амьдралынхаа хагас зуунаас илүү жилийг зориулсан байна.
-Хүүхэд байхаасаа хүсэж мөрөөдсөн мэргэжлээрээ суралцаад, ШУА гэх том айлын нэг хэсэг болох сайхан байсан байх аа. Залуу дадлагажигч явсан үеэ нэхэн дурсаж, манай уншигчдад ярьж өгөөч?
-Би ЗХУ-д гуравдугаар курсийн оюутан байхаасаа эрдэм шинжилгээний ажил хийж эхэлсэн. Онц сурлагатай, сайн оюутан байлаа. Сургуулийнхаа багштай оройн цагаар болон амралтын өдрүүдээр судалгаа хийгээд, эрдэм шинжилгээний ажлын дөртэй болсон. Тэгээд Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигчаар сарын 750 төгрөгийн цалинтай ажилд орсон доо. Тэр үеийн 750 төгрөг гэдэг сард яаж ч үрээд бардаггүй тийм их мөнгө байлаа шүү дээ. Одоогийн хэдэн төгрөгтэй зүйрлэж, хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нойргүй, завгүй зүтгэж, мэрийсэн оюутны өдрүүд минь ажлын талбарт том туршлага, мэдлэг болж, намайг тийн тэтгэж эхэлсэн гэсэн үг.
МОНГОЛЫН САНСРЫН НИСЛЭГИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАСАН ЖИЛҮҮД БОЛ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ, БАХАРХАЛ МИНЬ
-Та монгол хүн анх сансарт нисэхэд нисгэгчдийн хоолыг хариуцаж байсан түүхэн үйл явдлын гэрч, хариуцлагатай албатан шүү дээ. Тухайн үед сансрын багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгон авч байсан тухай ярьж өгөөч?
-1966 онд Монгол Улс болон тэр үеийн социалист орнууд сансрын уудмыг энх тайвны зорилгоор ашиглах “Интеркосмос” хөтөлбөрт нэгдсэн. Энэ хөтөлбөрт нэгдсэн улсуудын иргэнийг сансарт нисгэх зорилго 1975 онд тавигдсан. Герман, Чех Улсын иргэд ниссэний дараа манай улс 1981 онд нисэх төлөвлөгөө гарсан. 1977 онд тэр үеийн төрийн эрхийг барьж байсан МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооноос “Монгол хүн сансарт нисгэх бэлтгэл хангах” тухай тогтоол гаргасан. Үүний дараа Монгол Улсаас шалгарсан хүмүүсээс хамгийн сайн гэсэн Ж.Гүррагчаа нарын дөрвөн хүнийг ЗХУ-ын сансрын нисгэгчдийн нисгэгч бэлтгэх, сургах “Оддын хотхон” төв рүү илгээсэн. Тэр төвд сансрын нисгэгчид болон нислэгийн багийнхан байрладаг байлаа.
Сансрын бэлтгэл эхлэхэд би сургуулиа төгсөөд, хоёрхон жил болсон залуу ажилтан байсан. Уг бэлтгэлийг хангах, том баг байгуулсан. ШУА-д эрдэм шинжилгээний хэсэг, сансрын нисгэгчийг сонгон шалгаруулах ажлыг даалгаж байлаа. Тэгээд ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар тал бүрээс олон төрлийн мэргэжилтэн сонгон шалгаруулж, авч байсан. Тухайн үед хаана ямар боловсрол эзэмшсэн, ямар чадвартай гээд хүнээ нарийн судалдаг. Тэгээд өөр өөр мэргэжилтэй найман хүний бүрэлдэхүүнтэй сансар судлалын тасгийг тухайн үеийн Физик судлалын хүрээлэнгийн дэргэд байгуулсан. Анагаах ухааны хэсгийг Л.Лхагва эмч хариуцаж, сансрын нисгэгчийг сонгох ажлыг хийсэн. Харин би сансрын нисгэгчийн хоол, хүнстэй холбоотой бүхнийг хариуцна. Бид ЗХУ-ын Сансарын биологи анагаах ухааны хүрээлэнд хагас жилийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцсан. Үндсэндээ энэ ажил маань 1980 онд дуусаж, 1981 оны гуравдугаар сард Ж.Гүррагчаа сансарт ниссэн түүхт өдөр тохиосон. Бидний гурван жилийн бэлтгэлийн үр дүнг сансарт долоо хоног туршаад эх дэлхийдээ амжилттай газардсан.
-Сансрын хоолны орц, найрлага гээд нарийн, нандин зүйлсийг хэрхэн судалж, бэлтгэж байв?
-Зөвхөн сансрын нисгэгчдэд зориулсан сансрын хоол бэлтгэдэг тусгай үйлдвэр ЗХУ-д байсан, одоо ч бий байх. Тухайн үеийн ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай бидэнд “Та нар сансарт идэх яг монгол хүнд зориулсан монгол хоол судла, бэлд, хангаж өг” гэсэн даалгавар өгч байлаа. Сансрын хоолонд хэд хэдэн үндсэн шаардлага тавигддаг. Хамгийн түрүүнд жин багатай байх шаардлага. Нэг килограмм ачааг сансрын тойрогт хүргэхэд 2000 орчим ам.долларын өртөгтэй байлаа. Дараагийнх нь хоол бутарч, задрахгүй, хурдан муудахгүй, тэжээллэг чанар өндөртэй байх шаардлага тавигдана. Манайд ааруул, борц гэсэн хоёр гол орц байлаа. Хоёулаа бутрамтгай. Сансарт очсон бүх юм жингүй болно. Тухайлбал, эмэгтэй хүн нунтаг, хуурай энгэсэгтэй очоод тагийг нь онгойлговол шууд л агаарт хөөрнө. Тэр агаарт хөөрсөн нунтаг зүйл амьсгалын замаар дамжин уушги руу орчихвол, амьсгал нь хаагдана. Бид оросууд нисгэгчийнхээ хоолыг хэрхэн, яаж бэлтгэдэг бүх жор, технологийг нь судалсан. Үүний дараа борцоо нунтаглаж, бүх тэжээллэг чанарыг нь халуун усанд уусгаж авсан. Гаргаж авсан борцны өтгөн шөлөө буцааж хатаагаад, одоогийн уусдаг кофе шиг болгосон. Нисгэгч ус хийж, сэгсрээд уух зориулалттай хоол гэсэн үг. Түүнийгээ жижигхэн шүдний ооных шиг саванд хийгээд сансар луу явуулсан даа. Ж.Гүррагчаа гуайг сансарт очиход хүлээж авсан ЗХУ-ын нисгэгчид тэр борцыг маань “Зочны хоол” гэж нэрлэсэн гэдэг. Тухайн үеийн Оросын өдөр тутмын сонингуудаар “Монгол нисгэгчийн авчирсан “Зочны хоол” бол онцгой хоол” гэх мэтээр бичиж байлаа. Үүнээс гадна бид чацарганыг сансарт туршсан. Чацарганы тосыг аарц, бяслаг, тарагт хольж хатааж явуулсан. Зөвхөн Ж.Гүррагчаа л өдөрт нэгийг хэрэглэнэ. Бодисын солилцоо нь хэрхэн явагдаж байгааг хянах зорилготой. Чацаргана ч үр дүнтэй байж, цусан дахь сахрын хэмжээ, биохимийн үзүүлэлтүүд нь яг дэлхий дээр байгаа мэт хэвийн гарч, эрүүл энх эх дэлхийдээ ирж байлаа.
-Тухайн үед сансрын нисгэгчээр яг хэдэн хүн сонгож байсан юм бэ?
-Монголоос Ж.Гүррагчаа, Д.Сүрэнхорлоо, М.Ганзориг, С.Сайнцог нарын дөрвөн хүнийг сүүлийн шатанд шалгаруулж, Москва хотын “Оддын хотхон”-д сансрын нисгэгчдийг бэлтгэж байлаа. Тэднээс оросууд М.Ганзориг, Ж.Гүррагчаа нарыг сонгосон. Анхны үзлэгээрээ тэнцсэн хүн нь манай Ганзориг гэдэг. Түүний дараа тэд жинхэнэ сансарт нисэх бэлтгэлдээ орсон. Яагаад хоёр хүн бэлтгэсэн юм бол гэж хүмүүс гайхах байх. Яг нисэх үед хэн нэгэн нь ямар нэгэн шалтгааны улмаас нисэж чадахгүй болох эрсдэлийг л тооцож байгаа юм. Тэр хоёрын нислэгт бэлтгэж байгаа бүх үйл явдал, уулзалт, Монголд ирэх гээд бүгдийг нь хоёр тусдаа бичлэгээр баримтжуулна. Ерөнхийдөө сансарт нисэх хүртэлх бүх үйл явдлыг баримтат кино болгосон. Энэ хоёр маань хоёулаа бэлтгэлээ маш амжилттай хийсэн. Бэлтгэл дууссаны маргааш нислэгийн баг хуралдсан. Нислэгийн өмнөх өдөр тэр хоёрын материалыг тус тусад нь хайрцагт хийж, Монгол руу илгээсэн. Ингээд Ж.Гүррагчааг нисэх болсныг зарлахад түүний нэртэй материалыг задалж, баримтат киног нь орон даяар цацсан. Нислэгийг сурталчилж, иргэдэд ойлгуулахын тулд аймаг болгон руу лекц уншдаг хүн явуулж байлаа. “Маргааш өглөө тэр аймаг руу материал аваад яв” гээд л шууд томилно. Тэр үед одоогийнх шиг цахим сүлжээ хөгжсөн байсан бол мэдээлэл, сурталчилгаа амар түгэх байсан байх.
-Хорин хэдхэн настай залуу эх орныхоо нэгэн зууны гайхалтай түүхийг бүтээлцжээ. Ж.Гүррагчаа гуай эсэн мэнд дэлхийд газардсаны дараа ямар мэдрэмж төрж байв?
-Миний залуу насанд хэзээ ч мартахгүй хоёр сайхан үйл явдал тохиосон. Мэдээж оюутан нас гэдэг хамгийн сайхан, үүний дараа Монголын сансрын нислэгийн гишүүнээр ажиллаж байсан тэр үе.
Бидний цөөн нөхөд сансар судлалын багт гурван жил хамтдаа ажиллаж байхдаа “Бид түүх бүтээж байна” гэдэг бодол толгойд орж ирээгүй. Хорин хэдхэн настай хүүхэд байсан болохоор ч тэр байх. “Эх орны даалгасан ажлыг чанартай сайн хийх хэрэгтэй” гэх үүрэг хариуцлага л гэж ойлгож ажиллаж байж дээ, тэр үед. Ж.Гүррагчааг сансарт нисээд ирсний дараа түүнийг алдаршуулахад л “Бид үнэхээр Монгол Улсын түүхэнд тохиосон том үйл явдлын нэгд гар бие оролцсон юм байна” гэж ойлгож, мэдэрсэн дээ.
Бас нэг чухал үйл явдал нь нислэгийн дараагийн долоо хоногт өдөр болгон МТП-ийн зааланд хэвлэлийн бага хурал хийсэн. Тэр хэвлэлийн бага хуралд өдөр бүр хоёр хүн оролцдог, тэрний нэг нь би. Нөгөө нь ЗХУ-аас сансрын нислэгийг иргэдэд ойлгуулах, сурталчлах зорилготой ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Гарбаткоб гэж хүн байсан. Тэрбээр хүмүүсийн асуултад хариулдаг, үүнийг нь би орчуулдаг байлаа. Мөн Ж.Гүррагчаа ЗХУ-аас ирсний дараа Үйлдвэрчний соёлын төв ордонд бүх ард түмний баярын хурал болсон. Тэр бол Монголын түүхэнд тохиосон дурсамжтай үйл явдлуудын нэг. Уг хуралд Монгол, Зөвлөлтийн сансрын томоохон төлөөллүүд оролцсон. Монцамэ агентлагийн тоймч бид хоёрыг орос-монгол шууд синхрон орчуулах даалгавар өгсөн. Анх удаа тийм том уулзалтын синхрон орчуулах миний хувьд хүнд даалгавар байлаа. Сансрын нэр томьёог орчуулах амаргүй. Монцамэ агентлагийн орчуулагч залуу мэргэжлийн үг хэллэгийг нь мэдэхгүй учир би дангаараа орчуулга хийсэн. Тэр тусмаа тийм том үйл явдлын баярын хурал дээр үг хэлж байгаа хүмүүс зүгээр нэг энгийн юм ярихгүй, их сэтгэл хөөрөлтэй ярина. Би тэр бүхнийг нь синхрон орчуулга хийж, оролцогчдод хүргэж байсан. Хурлын дараа намын төв хорооноос юм хэлээгүйг бодоход алдаа гаргаагүй юм байна даа гэж ойлгосон. Энэ үйл явдал миний амьдралд тохиосон сонирхолтой үйл явдлуудын нэг байсан даа. Мөн өөрийгөө “Орос хэл давгүй сайхан сурч дээ” гэж тоож, тэрүүхэндээ омогшиж байснаа санаж байна.
-Тухайн үед сансарт нисгэх дараагийн монгол хүнээ тухай яригдаж байсан гэсэн. Энэ мэдээлэл орчин цагийн хэний ч сонирхлыг татаж, сэтгэлийг гэгэлзүүлнэ. Энэ тухай та мэдээлэл өгөөч?
-Тийм ээ, манай хоёр улс дараагийн монгол иргэнийг сансарт нисгэх талаар ярилцаж байсан. Тэгээд ЗХУ-ын нийгэм солигдож, тус сансрын ажил зогсож байлаа. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэрээ “Манай хоёр улс бол ах, дүүгийн найрамдлаар нөхөрлөж, 80 жил явж байна. Энэ хооронд бид олон сайхан түүх бүтээлээ. Тэр дундаас алтаар бичигдсэн хуудсууд ч бий. Монгол хүн сансарт ниссэн явдал бол энэ алтан хуудсуудын нэг юм шүү” гэсэн. Харин манайхны зарим нь Ж.Гүррагчаа гэж нэг азтай хүү оросуудыг дагаад, сансарт ниссэн гэж боддог юм шиг байна лээ. 2001 онд монгол хүн сансарт ниссэний 20 жилийг ойг тэмдэглэж, анх удаа сансрын багийг улс даяараа хүндэтгэсэн. Удахгүй бид 50 жилийн ойгоосоо өмнө сансрын уудмыг энх тайвны журмаар ашиглах гэрээний дагуу хоёр дахь монгол хүнээ сансарт нисгэх талаар ярилцаад явж байна. Энэ үйл явдал удахгүй эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний бие амьд ахуй цагтаа ийм том хоёр үйл явдлын гэрч болох гэж байгаадаа туйлын их баяр, догдлолтой байгаа. Тэр тусмаа монгол эмэгтэй сансарт ниснэ шүү дээ.
-Дараагийн нисэх хүнийг одоогоор тодруулаагүй байгаа байх. Хэн байх бол, хэзээ нисэх бол гэх хүлээлттэй үлдэх нь?
-Тэгэлгүй яах вэ. Монгол хүн сансарт ниссэний 50 жилийн ой дөхөхөөр бүх зүйл тодорхой болно. Тэр болтол бид бэлтгэл ажлаа хангаад байж байхад л болно доо.
-Тантай ярилцахад монгол хүн сансарт ниссэн цаг хугацаагаар аялах шиг сайхан санагдлаа. Ярилцсанд баярлалаа.
Д.РЭГДЭЛ:МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 50 ЖИЛИЙН ОЙГООР МОНГОЛ ЭМЭГТЭЙ САНСАРТ НИСНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |