• Өнөөдөр 2024-05-07

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Ц.ЭРДЭНЭЧИМЭГ: БҮЖИГ БҮРЭЭСЭЭ НИСЭЖ БАЙГАА ЮМ ШИГ МЭДРЭМЖ АВЧ, БУСДЫГ БАЯСГАДАГ БАЙСНЫГ МИНЬ ТӨРӨӨС ҮНЭЛЖ, ГАВЬЯАТ ЦОЛООР ШАГНАСАНД БАЯРТАЙ БАЙНА

2023-07-05,   990

     МИНИЙ ХҮҮГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН НОЁН БОНДГОР НЭРЭЭР НЬ ИЛҮҮТЭЙ ТАНЬЖ, ДУУГ НЬ СОНСДОГ 

   Монгол Улсын тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдалд оруулсан жинтэй хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ахмад уран бүтээлч, бүжигчин Ц.Эрдэнэчимэгийг гавьяат жүжигчин цолоор шагнасан билээ. Тэрбээр Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгат 16 настайдаа бүжигчнээр орж, залуу насаа ажилдаа бүрэн зориулж, тайзан дээрээс олныг баясгаж чадсан авьяастай, гавьяатай нэгэн юм. 

-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад 16 настайгаасаа хойш тасралтгүй ажилласан таны гавьяаг төр засаг өндрөөр үнэлж, гавьяат жүжигчин цолоор шагнасан. Тухайн үед танд ямар мэдрэмж төрсөн бэ?

       -Миний уран бүтээлийг төр засаг минь өндрөөр үнэлж, гавьяат жүжигчин хэмээх том шагналаар шагнасанд туйлын их баярлаж байна. Шагнал авсан үедээ юу ярьж, хэлснээ санахгүй, хэн юу хэлснийг ч мэдэхгүй болтлоо баярласан. Хил хамгаалах байгууллагын хамт олон, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынханд маш их баярлаж байгаагаа дахин илэрхийлье. Би 16 настайдаа Герман Улсад болсон социалист орнуудын фестивалд оролцож, алтан медаль хүртэж ирээд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчин болж байсан түүхтэй. 

-Та багаасаа бүжиглэх дуртай хүүхэд байсан уу. Бүжигчин болоход нь аав, ээж нь хэрхэн дэмжсэн бэ?

       -Миний бага нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Бага ангийн сурагч байхаасаа бүжиглэх дуртай, сонирхолтой хүүхэд байсан. Бас сагс их тоглодог байлаа. Аав, ээж минь миний сонирхлыг дэмжиж, намайг бүжигчин болгосон гэж боддог. Тийм учраас намайг Пеонерын ордны бүжгийн дугуйланд явуулж, Гавьяат жүжигчин Жавзан багшийн анхны шавь нарынх нь нэг болж байлаа. Хэрвээ аав, ээж минь намайг дэмжээгүй байсан бол дугуйланд явуулахгүй л байсан шүү дээ. Тэд намайг бүжигчин болж, ажилд орсны дараа их баярлаж, надаар бахархаж байсан санагддаг юм. Урлагт хайртай хүмүүс байсан болохоор тэднийг хандлага, сэтгэгдэл өөр байсан байх даа. 

-Та хүүхэд байхдаа ихэвчлэн ямар төрлийн бүжиг бүжиглэдэг байв. Харин цэргийн бүжгийн онцлог нь юу вэ?

    -Хүүхэд байхаасаа л монгол бүжиг болон олон үндэстний төрөл бүрийн бүжиг бүжиглэдэг байсан. Харин цэргийн ансамбальд ороод цэргийн бүжиг ихэвчлэн бүжиглэсэн. Гэсэн олон ястны бүжиг, монгол бүжиг бүжиглэдэг хэвээрээ байсан. Цэргийн бүжигт эргэлт их байдаг учир илүү олон эргэж сурсан даа. 

-Таны хүүг монголчууд Ноён бондгор нэрээр нь илүүтэй таньж, дууг нь шимтэн сонсдог шүү дээ. Харин бүжгийн авьяастай хүн таны удамд бий юү?

       -Миний ээж их сайхан дуулдаг хүн байсан. Аав минь номын хүн байлаа. Хадам аав минь баруун монголын алдарт бүжиг дэглээч Лхасүрэн гэж хүн байсан бол хадам ээж минь хөгжимчин хүн байсан. Харин миний ханийг Цагаанравдан гэдэг байсан. Надтай хамт цэргийн ансамбальд бүжиглэж байгааад тэтгэвэртээ гарсан.  Харамсалтай нь, хань минь өнгөрсөн жил бурхан болсон. Бага хүүг минь дуучин. Монголын ард түмэн хүүг минь Ноён бондгор хэмээн нэрлэж, тэрхүү нэрээр нь илүүтэй таньдаг, хайрладаг болсон. Том хүү минь эрдэм номын хүн.

-Таны хувьд бүжигчин хүн ямар байх ёстой гэж боддог вэ. Хувьдаа баримталдаг зарчмаасаа ярьж өгвөл?

      -Мэргэжилдээ дуртай, хайртай бол хүн чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чаддаг гэж боддог. Би мэргэжилдээ хайртай байсан болохоор бүхнээ зориулж чадсан. Өнөөдөр ч түүнийхээ үр шимийг дахин хүртээд сууж байна. Чин сэтгэлийн хөдөлмөрөөс гадна тууштай, тэвчээртэй байх юм бол амжилтад заавал хүрдэг гэж боддог. Залуу байхад мэдэхгүй, чадахгүй бэрхшээл их л тулгарч байлаа. Тэр бүхэнд шүдээ зуугаад л тэсэж, тэвчиж үлдсэн дээ. 

-Та хэдий хугацаанд бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ. Таныг гэрийнхэндээ зарцуулах цаг, завгүй хөдөлмөрлөдөг байсан болов уу гэж бодож байна?

       -Би хоёр хүүхдийнхээ хувцсыг нь ч угааж үзээгүй. Хүүхдүүд ханиад хүрчихлээ гэж хамт эмнэлэгт хэвтэж байсангүй. Тийм учраас нэг ч удаа ажлаасаа чөлөө авахгүйгээр өвдөх эрхгүй юм шиг ажиллаж байсан минь сэтгэлд тод санагдаж байна. Миний ээж, аав, дүү нар хоёр хүүг минь өсгөж өгсөн. Манай дүү нар нэг удаа миний гадуур хувцасны халаасанд хүүхдийн минь баасыг хийчихсэн байж билээ. Хүүхдийнхээ баасыг хар гэсэн юм байлгүй.  Гэхдээ намайг бүжиглэх, ажиллах боломжоор үргэлж хангаж байсан гэрийнхэндээ маш их баярлаж явдаг. 

-Та амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажил дээрээ, тайзан дээр өнгөрүүлжээ. Ингээд бодохоор танд харамсах сэтгэлээс илүү ямар азаар ажилдаа сэтгэлээсээ хандаж байсан юм бэ гэх бахархлын сэтгэл илүүтэй төрж байгаа болов уу гэж бодож байна?

    -Харин тийм ээ. Би сэтгэлээсээ хандахгүй бол бүжигчин болж чадахгүй байсан. Ажил дээрээ амьдралынхаа ихэнх цагийг зарцуулж, бэлтгэлээ  таслахгүй явсны хүчинд өнөөдөрт хүрсэн нь үнэн. Үүнээс гадна хилийн заставуудаар, бүх, аймаг сумдаар явж тоглолтоо хийдэг байсан. 

-Бүжигчин хүний хувьд тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрдөг вэ. Хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарсан байна вэ?

      -Тайзан дээр бүжиглэхэд  нисэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг болохоор бүхнийг мартаж чаддаг. Тэр мэдрэмж, хүч, энергээр дахин бэлтгэлээ хийж, сайжруулж, өөрийгөө зоригжуулж, ард түмнээсээ хүч авдаг байсан. Ард түмний алга ташилт бол миний хамгийн том шагнал гэж боддог. Би хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарснаа санахгүй байна.

-Ард түмэн сайхан дуулдаг дуучдыг дахин дуулуулахыг хүсдэг шиг бүжигчдийг дахиулах тохиолдол хэр их гардаг вэ?

     -Цэргийн бүжиг эргэлт ихтэй цоглог байдаг болохоор яг дуу шиг үзэгчдийг сэргээж, баясгаж чаддаг. Тийм болохоор хүмүүс дахиулахыг их шаарддаг юм. Ялангуяа орон нутгийн иргэд бүжигт их дуртай шүү дээ. 

-Та ямар бүжигчидтэй илүүтэй хамтарч бүжиглэдэг байсан бэ?

      -Тухайн үед Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад бүжиглэдэг байсан Гантөмөр, Лхадорж, Зоригтбаатар, Цагаанравдан нартайгаа илүүтэй бүжиглэдэг байсан. Би 21 настайдаа алтан гадас одонгоор шагнуулж Ардын их хуралд төлөөлөгчөөр ажилаж байлаа. Залуудаа хийх ёстой ажлуудаа хийж, авах ёстой шагналуудаа авсан өөрийгөө азтай нэгэн гэж боддог. 

 


ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Ц.ЭРДЭНЭЧИМЭГ: БҮЖИГ БҮРЭЭСЭЭ НИСЭЖ БАЙГАА ЮМ ШИГ МЭДРЭМЖ АВЧ, БУСДЫГ БАЯСГАДАГ БАЙСНЫГ МИНЬ ТӨРӨӨС ҮНЭЛЖ, ГАВЬЯАТ ЦОЛООР ШАГНАСАНД БАЯРТАЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-05 12:03:45
    Zochin: Bayar hvrgie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188