• Өнөөдөр 2024-04-24

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.ЭРДЭНЭБАТ: ЦЭРГҮҮДЭЭ ХҮНДХЭН ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЭД ИРЭХЭД НЬ ЭРХГҮЙ БАХАРХАЖ, ОМОГШДОГ. МИНИЙ БАХАРХАЛ БОЛ МОНГОЛ ЦЭРЭГ

2023-04-28,   1144

     Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 79 жилийн ой тохиож байна. Генералуудын баярын өдөр бид Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбатыг "Энэ цагийн эзэд" булангийнхаа ээлжит дугаарт урьж, ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Агаарын цэргийн хүчний Команд штабын коллеж, хуурай замын дайны коллеж төгссөн чадварлаг, дайчин генералуудын нэг билээ. 

-Та багадаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан юм билээ. Цэргийн хүн болоход нь спорт нөлөөлсөн байх?

      -Би багаасаа өвөөтэйгөө өссөн айлын том хүү. Өвөө минь Халх голын дайнд оролцож байсан баатруудын нэг. Өвөө надад Халх голын дайнд оролцож байсан үеийнхээ тухай ярьж өгдөг байсан юм. Нэг удаа байлдаж, байлдаж байгаад Халх голд очиж малгайгаа авах гэтэл толгой нь шархтаж, цус нь нөжирч, лаглайгаад малгайгаа нь авагдахааргүй болчихсон байсан гэдэг. Түүнээс хойш толгой нь их өвддөг болчихсон юм билээ. Өвөөгийнхөө толгойг барьж, нурууг нь илж өгөхдөө дайны тухай ихийг яриулж байхгүй яав даа гэж харамсдаг. Би наймдугаар ангид ортлоо хөнгөн атлетикаар хичээллэж, гадаад руу тэмцээнд явж байсан. Спортод дуртай хүүхэд байсан болохоор биеийн тамирын багш болно гэж боддог байлаа. Гэтэл санаснаар болоогүй. Гэхдээ ээжийнхээ үгэнд орж, цэргийн хүн болсондоо өнөөдрийг хүртэл баярлаж явдаг. Ээж минь намайг амьдралын зөв замд хөтөлж, эрхэм хүнтэй ажил үүрэг гүйцэтгэж явах хувь заяанд дагуулсан байна. 

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхад нь өвөөгийнх нь ярьсантай адил саад, бэрхшээл тулгарч байв уу?

       -Би Монгол Улсын Зэвсэгт хүчинд 31 жил алба хааж байна. Зүүнбаянгийн 131 дүгээр ангид 1996 онд томилогдож байгаад сүүлд нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангид томилогдон ажиллаж байсан. 2004 онд Иракийн хоёрдугаар ээлжинд явж байсан түүхтэй. Ирак, Сьерра Леон, Косово, БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан. "Иракийн эрх чөлөө" ажиллагааны хоёрдугаар ээлжээр бид олон улсын “Чарли” баазын хамгаалалтыг хариуцдаг байсан. Ойрх Дорнодод олон үндэстний цэргүүдийн эсрэг хэрэглэдэг зэвсэг, арга техник нь маш боловсронгуй бөгөөд энэ утгаараа аюулын зэрэг ч маш өндөр. Харин БНӨСУ-д 2008-2009 онд цэргийн ажиглагчаар 850 цэрэг удирдаж явсан. Манай цэргийн баг маш олон хүний амь аварсан. 120 мянга орчим орон гэрээсээ дүрвэсэн хүмүүсийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. Мөн 2013-2014 онд батальоны захирагчаар үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед батальон гурван өөр газар Парианг, Румбек, Вауд ротуудаа байршуулж байлаа. Харин "UNMISS" ажиллагааны Өмнөд секторын штабын даргаар үүрэг гүйцэтгэхэд олон улсын түвшинд хүмүүсийг удирдаж, асуудлыг илүү том зургаар харж ажилласан. Миний даргаар нь ажилласан штаб нь хүний нөөц, ар тал, ажиллагаа, холбоо зэрэг хэлтэстэй бөгөөд 30 гаруй хүн үүрэг гүйцэтгэдэг байсан. Олон улсын цэргүүдийг удирдлагаар хангаж ажиллахад миний өмнө оролцож, сурч байсан олон улсын сургалт, дамжаанууд  хэрэг болсон. Мөн миний төгссөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний Команд штабын коллеж, Дайны коллеж зэрэг нь удирдлагын түвшинд шийдвэр гаргах, стратегийн түвшинд асуудлыг харахад тус болсон.

-Найман удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байжээ. Өнгөрсөн хугацаанд санаанд оромжгүй гэнэтийн үймээн гарч байсан уу?

       -Иракт үүрэг гүйцэтгэж, бөмбөгний халдлагад өртөж байсан алба хаагчдын цочроо арилдаггүй юм билээ. Хаалга хүчтэй савах эсвэл гудамжинд хүчтэй чимээ гарахад Иракт болсон иргэний дайн санагддаг. Иракийн хоёрдугаар ээлжийн дэлбэрэлт гэнэтийн байсан юм. Гэхдээ нэгдүгээр ээлжийнхэн бидэнд ерөнхий мэдээлэл өгсөн учир бэлтгэлтэй ажиллаж байсан. Маш богино хугацаанд болж өрнөсөн учир тухайн цагт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас бусад нь амарч байсан юм. "Түгшүүр" хэмээх дохио өгтөл хантаазаа өмсөж, буугаа үүрээд ажиллагааныхаа өрөөнд ортол хоёрдугаар дэлбэрэлт болж билээ. Дэлбэрэлт болсон газраас найман километрийн зайтай байсан байшингийн цонх чичиргээнд нь хагарч байсан юм. Бидний байрлаж байсан байрны цонх цуурсан байсан. Бид скочтой явсан учир цонхоо нааснаар манайхан бага шархтсан. Дэлбэрэлтийн дараа бид цэргүүдээсээ судалгаа авахдаа "Чи үүргээ гүйцэтгэх үү, буцах уу" хэмээх ганцхан асуултад хариулт авахыг зорьж байсан. Гэтэл цэргүүдийн 70 орчим хувь нь буцах саналтай байгаа судалгаагаар илэрхийлж байлаа. Тэрхүү судалгаа нь тухайн үеийн дэлбэрэлт цэргүүдэд хэрхэн нөлөөлснийг илэрхийлж байгаа юм. 

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхдаа цэргүүдийнхээ сэтгэл зүйг хэрхэн бэлддэг байв. Та юунд нь  илүүтэй анхаардаг вэ?

       -Би 2008 онд нэг жил цэргийн ажиглагчаар суралцсан. Нутгийн уугуул цэргүүд ямар нөхцөл байдалтай байдаг, тэдэнтэй яаж харьцах вэ гэдгийг хараад л мэддэг болж эхэлсэн. НҮБ-ын хуралдааны үеэр бидэнд өгсөн мэдээллээр “Орой 2000 хүн бааз руу чинь дайрна. Танайх яаж хамгаалах вэ. Гурав, дөрвөн хэсэг байрласан цөөхөн цэрэгтэй чи хамгаалж чадах уу” гэхэд нь би “Бид хамгаалж чадна. Өөрсдийн гэсэн төлөвлөгөө байгаа” гэж байсан юм.

Тэгээд л буун дуун гарахад дайралт эхэлж байгаа юм байна гэдгийг мэдэж байсан ч цэргүүддээ хэлээгүй. Цэргүүддээ "2000 цэрэг дайрах гэж байна" гэдгийг хэлчих юм бол тэдний сэтгэл зүй хямарч, ялагдахад хүрнэ шүү дээ. Би мэдээллийн 20-30 хувийг л цэргүүддээ өгдөг байсан.

Тухайн оронд болж буй нөхцөл байдал, асуудлыг ар гэрийнхэндээ хэлэх  юм бол аав, ээж нь л зовно шүү дээ. Тийм болохоор би цэргүүддээ “Та нар аав, ээжийгээ зовооё гэж бодож байвал энд болж буй бүх асуудлыг хэлж болно” гэхэд хэн нь ч хэлдэггүй юм. Эхнэр минь над руу залгаад нөхцөл байдал ямар байгааг асуухад “Юу ч болоогүй байна” гээд л худал хэлж байсан үе бий. Цэргүүдийнхээ сэтгэл зүйг урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж өөрөө оролцож байж дэмждэг. Тухайлбал, цэргүүддээ дуулж өгнө, хамт сагс тоглоно найз шиг нь  байж тэднийгээ хэсэг хугацаанд тайвшруулдаг. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоход нислэг явахгүй, хүнс тасарч, цэргүүддээ өдөрт ганцхан таваг шөл өгч байсан үе байгаа. Бид тангараг өргөсөн болоод энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээснээрээ НҮБ-ын гишүүн орныхоо хувьд зэвсэгт мөргөлдөөнтэй газар энх тайван аюулгүй байдлыг хангахын тулд үүрэг гүйцэтгэх үүрэгтэй.   

-Дарга хүний хувьд цэргүүдээ эх оронд нь эсэн мэнд авчрах л хамгийн чухал байдаг байх. Үүний тулд зөв төлөвлөгөө, зохион байгуулалт чухал байх?

       -Миний хувьд болон бусад дарга нарын хувьд ч цэргээ эсэн мэнд эх оронд нь авчирна гэдэг өдрийн бодол, шөнийн зүүд болдог юм шүү дээ.  Би Суданы ажиллагаанд явахаас өмнөх хоёр ажиллагаанд Баярсайхан, Баярмагнай гэх хоёр мундаг даргатай явсан. Тэднээс хүн удирдах арга барилд суралцсан. Тухайлбал, тэд 03:00 гэхэд унтаагүй харуулын цэргүүдтэйгээ уулзаж, өрөөгөөр нь орж ярилцдаг байсан. Өнөөдөр би байхын тулд цэрэгтэй байх ёстой. Тиймээс цэргийнхээ санаа, бодлыг сонсдог, ойлгодог байх юунаас ч илүү чухал. Дүрмээрээ ийм байх ёстой гээд шаардлага тавиад тайвал цэргүүд минь шантарч, ажиллах сонирхолгүй, тэнхээгүй болно гэсэн үг. Тийм болохоор цэргүүдээ урамшуулж, энгийн үед найз  шиг нь, ах шиг нь байж л том ажиллагааны ард хамтдаа амжилттай гарч чаддаг юм. Тэгэхээр цэргүүдийнхээ бие, сэтгэл зүйн байдалд анхаарч байх хэрэгтэй гэдгийг дараа, дараагийн дарга нарт хэлье.

-Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо хэрхэн өөрчлөгддөг вэ. Та ямар үед цэргүүдээрээ бахархдаг вэ?

      -Монгол цэргүүд сарын дотор л дасан зохицож чаддаг. Тийм чадвартай, сэтгэлийн тэнхээтэй юм.  Ажиллагаанд оролцох гэж байгаагаа мэддэг болохоор янз бүрийн авир гаргадаггүй бас бахархмаар. Бид цэргүүдээсээ сахилга баттай байхыг шаарддаг болохоор бүгд бэлтгэгдсэн байдаг. Би хүндхэн үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн цэргүүдээ эх орондоо ирэхэд нь дүүрэн амьсгаа авч, уужирч дахин баярладаг. Төр засгийнхаа өгсөн үүргийг амжилттай гүйцэтгээд ирнэ гэдэг тэдний болоод бидний баяр, бахархал юм шүү дээ. 

-Таныг гадаадад ажиллаж байхад нь генерал цол олгож байсан. Тухайн үед гэр бүлийнхэн нь таниас илүүтэй баярласан байх?

      -Цэргийн дарга болно гэж бодож явснаас генерал болно бодож байгаагүй. Ажиллагааны газар үүрэг гүйцэтгэж байхад Ерөнхийлөгчийн зарлиг гарч, цол олгож байсан. Цэргийн дээд цол бол хувь тавилангийн цол гэж ярьдаг. Монгол Улсын 193 дахь генерал болсон. Энхийг сахиулах ажиллагаа болон Зэвсэгт хүчинд зүтгэсний гавьяаг үнэлсэн гэж боддог. Эзэн хичээвэл заяа хичээнэ хэмээх үг байдаг. Би 30 настайдаа англи хэл сурч, АНУ-д нисэх хүчний командлагч нарын коллеж, хуурай замын дайны коллеж төгссөн. Хичээл, зүтгэлтэй байна гэдэг маш чухал юм билээ. Миний өмнөх үеийн дарга нар 50 настайдаа англи хэл сурч байсан юм билээ. Тэгэхээр болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ойлгосон.

-Анх энхийг сахиулах ажиллагаанд явахад нь ар гэрийнхэн нь санаа зовж байсан байх. Тухайн үед танд ямар санагдаж байсан бэ?

     -Цэргүүд ангиудад ажиллаж байсан болохоор төдийлөн айж сандраагүй. Үүргээ амжилттай гүйцэтгэж, нэр төртэй хамгаална гэхээс өөр бодол, өөр сонголт байдаггүй юм билээ. Ямартай ч өнөөдрийг хүртэл бэртэж, гэмтэлгүй энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Хамт ажиллахад түшигтэй, зоригтой монгол цэргүүдээрээ бахархдаг. Ямар ч хүчтэй техник, зэвсгээс илүү гэж боддог. Биднийг гадаадад үүргээ гүйцэтгэж байхад эхнэр төрж байдаг, хамгийн хайртай дотнын хүмүүс минь ч бурхан болж байдаг. Амьдрал ингэж үргэлжилдэг болохоор бид өргөсөн тангараг, үүргээсээ ухарч болохгүй. Эх орныхоо төлөө үнэнчээ батлах эрхтэй болдог юм даа. Мөн бидний гэр бүлийн хүмүүс зөвхөн ажилдаа анхаарч, төвлөрч ажиллах боломжоор хангадаг тулдаа бид үүргээ амжилттай биелүүлдэг. Тэдэнгүй бол бид хэн ч биш гэж боддог доо. 

 -Танд өөрөөсөө ухарч, шантарч байсан үе бий юү?

      -Байлгүй яах вэ. Залуу байхдаа зөндөө шантарч байсан. Тухайн үеийн дарга нар намайг залуу байна гээд янз бүрээр харьцдаг байлаа. Гэхдээ өөртөө бууж өгөөгүй зүтгэсээр, хичээсээр байсан тулдаа өнөөдөрт хүрсэн байх гэж боддог. Залуу алба хаагчид ямар нэгэн зүйлд шантарч, ухарч болохгүй. Алдаагаа засаад хичээх, зүтгэх, хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг гэдгийг захиж хэлмээр байна. 


БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.ЭРДЭНЭБАТ: ЦЭРГҮҮДЭЭ ХҮНДХЭН ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЭД ИРЭХЭД НЬ ЭРХГҮЙ БАХАРХАЖ, ОМОГШДОГ. МИНИЙ БАХАРХАЛ БОЛ МОНГОЛ ЦЭРЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188