• Өнөөдөр 2024-04-25

The HU: Бид Монголын дуу хөгжмийн ертөнцөд шинэ хуудас бичиж байна

2023-04-13,   497

Гаднын орнуудад олон сар дараалсан аялан тоглолтоор яваад тэр бүр Монголдоо ирэх чөлөөгүй дэлхийд хүннү рок урсгалыг таниулж яваа “Чингис хаан” одонт “The HU” хамтлагийнхантай өнгөрсөн сарын сүүлчээр уулзлаа.

-ГУРАВ ДАХЬ ЦОМГИЙН АЖЛАА ЭХЛҮҮЛСЭН, ШИНЭ ДУУНЫ САНААГАА ТУРШИЖ, ХӨГЖМӨӨ ИДЭВХТЭЙ ХИЙЖ БАЙГАА-

The HU”-гийнхэн анх удаа рок урсгалаар метаверс тоглолт хийх бэлтгэлээ базааж, талбайн зүүн талд байх “Central Tower”-т сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Товлосон цагаас нь хэдэн минутын өмнө “Central Tower”-н 13 давхарт гараад очвол мэдээлэл өгөх хүмүүс хэдийнэ бэлэн болоод суучихсан байх аж. Ажиглавал “The HU”-гийнхнээс хамтлагийн ахлагч Ц.Галбадрах, морин хуурч Б.Энхсайхан, аргил гитарчин Б.Нямдаваа, бөмбөрчин Г.Одбаяр нар л байв. Хамтлагийн бусад гишүүн ирээгүй гэнэ.

***

“The HU” хамтлагийн анхны “Гэрэгэ” цомог сонсогчдын хүртээл болсноос хойш тус хамтлагийн аргил гитарчин Б.Батхүү өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарах болсон. Гэсэн ч “The HU” өдгөө дахин дөрвөн гишүүнээр “бүл” нэмж, уран бүтээлээ идэвхтэй хийж байгаа бөгөөд өнгөрсөн онд “Rumble of Thunder” цомгоо олны хүртээл болгож, тус цомог ч чамгүй амжилттай явааг дурдах нь зүй биз ээ.

***

The HU хамтлагийнхан метаверс тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсний дараа “Central Tower”-ын 16 давхар руу цайлахаар гарав. Тус барилгын 16 давхарт байх нэг рестораны булангийн ширээнд “The HU” хамтлагийнхантай цөөн хором ийн ярилцлаа.

-“Rumble of Thunder” цомог сонсогчдын хүртээл болсноос хойш олон сар дараалсан аялан тоглолт гээд их удаан хугацааны дараа эх орондоо ирж байгаа байх. Монголдоо “гар хоосон” ирсэнгүй, рок урсгалд анхны метаверс тоглолт хийх гэж байна. Үүнээс хойш ч ирэх зуны аялан тоглолтууд, шинэ цомгийн ажил гээд их завгүй суугаа байх. Шинэ цомгийн явц хэр байгаа вэ?

                 Б.Энхсайхан: -“The HU” хамтлагийн Европт хийх аялан тоглолт ирэх зургадугаар сараас эхэлнэ. Аялан тоглолтоос өмнө гээд гурав дахь цомгийн ажлаа эхлүүлж, шинэ дууны санаагаа туршиж, хөгжмөө хийж л байгаа. Гэхдээ одоо бол метаверс дэх тоглолтдоо анхаарч байна. “Rumble of Thunder” метаверс тоглолтод өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёлоо орчин үеийн урсгалтай хослуулж байгаагаараа бид Монголын дуу хөгжмийн ертөнцөд шинэ хуудас бичиж байна.

                 Ц.Галбадрах: -2022 онд манай хамтлаг долоон сар дараалсан аялан тоглолт хийжээ. Одоо зургадугаар сард эхлэх Европын аялан тоглолтоос гадна ирэх намар АНУ-д аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Мөн бие даасан тоглолтууд ч зохион байгуулах төлөвлөгөө бий.

-БИДНИЙ МОНГОЛ ТҮМЭНД, ДЭЛХИЙД ХҮРГЭХИЙГ ХҮССЭН АМИН СҮНС, ҮЗЭЛ САНАА УРАН БҮТЭЭЛД МААНЬ БИЙ-

-Метаверст тоглолт хийх яриа өнгөрсөн жилээс л гарч эхэлсэн санагдаж байна. Харин эх орондоо ирээд “Ард” санхүүгийн нэгдэл зэрэг байгууллагатай хамтрах болоод метаверс тоглолтын явц ч идэвхжиж байх шиг. Эсвэл аялан тоглолттой яваад л метаверс тоглолт хойшлоод байв уу?

                 Ц.Галбадрах: -Анх метаверст тоглолт хийх саналыг “Ард” санхүүгийн нэгдлийн Б.Ганхуяг ах гаргасан юм аа. Б.Ганхуяг ах манай хамтлагийн их том хөгжөөн дэмжигч. “Чонон сүлд” дуу гарснаас хойш л биднийг дэмжиж байгаа. Харин бидний хувьд аялан тоглолт хүрээгүй дэлхийн орнуудад суугаа “The HU”-г сонсохыг хүсэж байгаа үзэгч, дэмжигчдэд тоглолтоо, уран бүтээлээ хүргэх болсон нь сайхан байлаа.

                 Б.Энхсайхан: -“The HU” метаверс тоглолтоороо эх дэлхийгээ, өвөг дээдэс, аав, ээж, эх орноо хайрлан хүндлэх ёстойг харуулаыг хүссэн. Метаверс тоглолтын маань технологи бидний үзэгчдэд дамжуулахыг хүссэн утга учрыг маш сайн илэрхийлж чадсан гэж бодож байгаа.

***

“The HU” хамтлаг метаверс тоглолтоо өнгөрсөн гуравдугаар сарын 30-31-ний өдөр зохион байгуулсан. Тоглолтыг Америк, Европ, Ази тивийн бүсэд зохион байгуулсан бөгөөд үзэгчид онлайнаар метаверс тоглолтод оролцож, цахимын нэг өрөөнд 100 орчим үзэгч орж үзсэн. “Rumble of Thunder” метаверс тоглолт нэг цаг үргэлжилсэн бөгөөд “The HU” хамтлаг өөрсдийн есөн уран бүтээлээ толилуулсан юм.

***

-The HU” хамтлагийн анхны “Гэрэгэ” цомог сонсогчдын хүртээл болоод удаагүй байхад аргил гитарчин Б.Батхүү хамтлагаасаа гарсан нь олны анхаарлыг татаж байлаа. Харин түүнээс хойш хамтлаг дөрвөн гишүүнээр “бүл” нэмж, олуулаа болжээ. Сонсогчид “The HU” хамтлагийг “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ” дуу цахимд эрэлттэй болж эхэлсэн үеэс мэддэг. Харин анх хэрхэн нэгдэн нийлж байсан нь илүү сонин түүх болов уу. Анх та хэд хэрхэн нэгдэж байв. Бүр өмнөөс л нэгнээ таньж, мэддэг байв уу?

                 Ц.Галбадрах: -Би Хөгжим, бүжгийн коллежийн морин хуурчийн ангид суралцаж төгссөн. Тухайн үед манай Б.Энхсайхан бид хоёр нэг анги байлаа. Ер нь ч хамтлагийн гишүүд нэгнээ бүр эртнээс л мэддэг. Нэгэнтэйгээ найзууд, ах дүүс байсан учраас нэгдэж, нэгэн цул болоход тэгж их удаагүй ээ. Харин “The HU” болох гэж л чамгүй хугацаа зарцуулсан даа.

                 Б.Энхсайхан: -“The HU” хамтлагийг Гавьяат жүжигчин Б.Дашдондог ах маань продюсерлэж, бид анхны уран бүтээлээ 2016 онд олны хүртээл болгосон. Бид үндэсний өв соёлоо барууны рок хөгжимтэй хослуулж, хүннү рок гэх шинэ урсгал бий болгон үүгээрээ Монгол Улсаа дахин дэлхийд сурталчлан таниулах гэж яваа.

***

The HU” хамтлаг анх 2016 онд уран бүтээлээ туурвиж эхлэн 2019 онд анхны “Гэрэгэ” цомгоо гаргасан. Тухайн жилдээ “The HU” Монгол Улсын төрийн дээд “Чингис хаан” одон хүртэж байв. Түүнээс хойш тус хамтлаг “Coachella” зэрэг дэлхийн томоохон амьд хөгжмийн наадамд оролцож, өнгөрсөн 2022 онд “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо дэлгэж, олон улсад нэрээ цуурайтуулж яваа юм. Өдгөө “The HU” хамтлаг нийт 22 хүннү рок урсгалын уран бүтээлээ сонсогчдын хүртээл болгожээ.

***

-Үндэсний соёлын өвөө барууны орчин үеийн хөгжимтэй хослуулан хүннү рок урсгалыг дэлгэрүүлж, монгол соёлыг түгээх нь “The HU-гийн гол зорилго гэдэг шүү дээ. Хүннү рок урсгалаар дэлхийд танигдаж, олон сая хүнд хүрсэн ч сонсогчид нэгэн урсгал сонссоор уйдаж, залхдаг гэх юм билээ. Хэрэв цаг хугацааны шаардлагаар “The HU” зөвхөн хүннү рок байхаа боливол яах вэ. Хамтлагийн холын зорилго ч өөрчлөгдөх байх?

                 Ц.Галбадрах: -“The HU” хамтлаг өөрсдийн гэсэн уран бүтээл, өнгө төрхөөрөө бусад хамтлаг, уран бүтээлчээс том ялгаатай. Дэлхийн маш олон хүн манай хамтлагаар дамжуулан Монгол Улсын танин мэдэж, улмаар Монголд ирэхийг хүсэж байгаа нь биднийг үнэ цэнтэй болгож байгаа юм. Бидний монгол түмэнд, дэлхийд хүргэхийг хүссэн амин сүнс, үзэл санаа уран бүтээлд маань бий. “The HU”-гийн хүннү байх, монгол байх зорилго нь өөрчлөгдөхгүй болов уу.

-2022 онд долоон сар дараалан аялан тоглолттой байсан гэсэн. Их удаан хугацаанд эх орноосоо, ээж, аав, гэр бүлээсээ хол байж санан санасаар ирсэн байх. Магад дэлхийд танигдсан уран бүтээлч байхын хэцүү талуудын нэг нь энэ ч байж мэдэх юм. Урлаг, уран бүтээлдээ цаг хугацаагаа зарцуулахдаа ардаа олон зүйл орхиж, гээгдүүлж байгаадаа харамсаж, магад дуу хөгжмөө орхих тухай бодож байв уу?

                 Г.Одбаяр: -Нэгэнт л дуртай зүйлээ дурлаж хийж байгаагийн учир дуу хөгжим надад хэцүү санагдаж, зовоож байсан үе ховор доо.

                 Ц.Галбадрах: Бидний ажил сэтгэл зүй болоод бие махбодын хувьд асар их тэвчээр шаарддаг. Урт хугацаагаар гэр бүлээсээ хол замд өдөр, хоногуудыг өнгөрүүлнэ гэдэг амар зүйл биш шүү дээ. 

хэмээснээр дэлхийд монгол соёл, хүннү рокыг таниулж яваа “The HU”-гийнхэнтэй хийсэн ярилцлага маань энэ удаад өндөрлөсөн юм. Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах намайг гаргаж өгөнгөө “Дараа эх орондоо ирэхдээ студидээ тухтай сууж, хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ярилцана” гэж “амласан” билээ.

***

                 “The HU” хамтлаг ирэх зургадугаар сард “Hellfest” хөгжмийн наадамд рок, метал урсгалын домог болсон “Kiss”, “Iron Maiden”, “Pantera” хамтлагтай нэг тайзан дээр гарна. Нэгэн удаа “SWX”-ын нийтлэлч Робин Эскью “Дэлхий дахины хахир дуугаралт, яхир хүчдэл гэхээсээ илүүтэй соёлын нэгдэл метал хөгжмийн дэвжээнд тодрон гарч ирж байна” гэсний адил “The HU” өнөөдөр Монголд, маргааш дэлхийн дэвжээнд. ХҮ, ХҮ, ХҮ.

 


The HU: Бид Монголын дуу хөгжмийн ертөнцөд шинэ хуудас бичиж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188