• Өнөөдөр 2024-11-09

Д.ДЭЛГЭРНЯМ: Гудамжинд модон самбартай шийдэн дээр хуваагдаж тоглодог байсан хөвгүүд Азийн хошой аварга боллоо

2023-04-16,   575

                     Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Сингапурт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тус тэмцээний MVP буюу хамгийн үнэ цэнтэй тоглогчоор багийн ахлагч Д.Дэлгэрням шалгарсан. Тэгвэл үүнтэй холбоойгоор Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийн ахлагч, дээд лигийн “Тэнүүн-Өлзий Металл” багийн тоглогч Д.Дэлгэрнямтай ярилцлаа.

-САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 ТӨРӨЛ МААНЬ НАДАД ИЛҮҮ ЗОХИДОГ-

-Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Азийн аварга боллоо. Мөн хоёр өдрийн өмнө төрсөн өдөр тань тохиож, танай “Тэнүүн-Өлзий Металл” баг дээд лигийн аваргын төлөөх цувралд тоглохоор болсон. “Давхар давхар баяр” гэдэг шиг олон баяр давхцаж байх шиг. Манай уншигчдад баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                     -Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэйчүүдийн шигшээ баг 2017 оноос хойш Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа финалдаж, хоёрт нь аварга боллоо. Өмнөө тавьсан зорилготой, зорилгынхоо төлөө алхам алхмаар урагшилж байгаа тамирчдын хувьд маш их урам авсан сайхан тэмцээн болж өндөрлөсөн. Мөн Сингапур Улсад болсон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд намайг хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарууллаа. Багтаа туслах үүргээ сайн гүйцэтгэсэн хэмээн шагнасан болов уу гээд их баяртай байгаа.

-Сингапурт болж өнгөрсөн Азийн аваргын төлөөх тоглолтод учраа таарсан Австралийн шигшээ багтай 2018 оны Азийн аваргын финалд таарч, хожлын шидэлтээр ялагдал хүлээж байлаа. Өмнө нь аваргын төлөө таарч, ялагдал хүлээж байсан багаа хожиж, Азийн хошой аварга болсон нь бүр ч их баяр нэмсэн байх?

                     -Аливаа спортын тамирчин бүрд цээжин дотор мартагддаггүй хамгийн харамсалтай тоглолт байдаг байх. Миний хувьд 2018 оны Азийн аваргын төлөө Австралийн шигшээ багийн эсрэг хожлын шидэлтээр ялагдал хүлээсэн тэр тоглолт хамгийн харамсалтай. Түүнээс хойш манай шигшээ Австралид 2018-2019 онд дараалан ялагдал хүлээсэн. Харин энэ жил “даагаа нэхэж”, ялалт байгуулсан нь сайхан байлаа.

-Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн 3х3 шигшээ баг “Токио-2020” олимпод оролцох эрхээ баталгаажуулж, болзлоо хангасан байсан ч харамсалтай байдлаар хасагдсан. Гэхдээ Сингапурын Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, Парист болох олимпод оролцох эрхийн төлөө тоглох эрхээ авлаа. Одоо олимпын наадамд оролцох эрхийн төлөөх том тоглолтууд хүлээж байна даа?

                     -3х3 шигшээ баг Токиогийн олимпод оролцохын тулд бүхий л аргаа хэрэглэсэн. Тухайн үед шигшээ багийн чансаа нь дэлхийн топ дөрөвт байвал шууд олимпод оролцоно гэсэн зарчимтай байсан. Үндсэндээ, Монголын 3х3 шигшээ баг 2019-2020 онд дэлхийн топ дөрөвт орохын төлөө өрсөлдөж, санасандаа хүрсэн. Олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулж, болзлоо хангасан байсан гэсэн үг. Гэтэл Япон Улс ээлжит олимпын наадмыг зохион байгуулагч орны давуу эрхтэйгээр цагаан хуудас авч, эрэгтэйчүүдийн шигшээ багаа оролцуулсан нь манай 3х3 шигшээ хасагдахад хүргэсэн юм.

                     Харин оролцох боломжийн хувьд Парисын олимп өмнөхөөсөө хэцүү байх болно. Парисын олимпод холбооны оноогоороо топ гуравт орсон баг шууд оролцоно. Одоогоор Сербийн шигшээ баг шууд оролцох боломжтой байгаа. Тиймээс манай шигшээ багийн өрсөлдөх нь АНУ, БНХАУ болж байгаа юм. Монголын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн хувьд цөөхөн багтай учир оноо цуглуулж, онооны төлөө өрсөлдөхөд хэцүү байна. Гэсэн ч шигшээ баг дараагийн олимпын наадамд оролцохын тулд чадахаараа өрсөлдөх болно.

-Монгол 3х3 эрэгтэйчүүдийн шигшээ баг чансаагаараа Азидаа тэргүүлээд эхэллээ. Багийн бүрэлдэхүүний хувьд “Өмнө нь Азийн аварга болсон шигшээгээс ч илүү байна” гэж үзэгчид ярьж байв. Энэ тухайд та юу бодож байна вэ?

                     -Монголын 3х3 эрэгтэйчүүдийн шигшээ багт А.Ананд, О.Энхбаатар хоёр маань өнгөрсөн жилээс Э.Дөлгөөн бид хоёртой хамт тоглож байна. А.Ананд, О.Энхбаатар хоёр маань ид гарч ирж байгаа мундаг тоглогч. Э.Дөлгөөн бид хоёр дүү нартаа аль чадахаараа туслаад явахыг л боддог юм.

-Сагсан бөмбөгийн 3х3 төрлийг тайлбарладаг Mr.Voice танд “Monster” гэх хоч өгч байлаа. Гэтэл өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээр таныг “Bull” гэж хочлох болсон юм билээ?

                     -Анхны 3х3 мэргэжлийн тэмцээнд оролцох байхад Mr.Voice намайг “Monster” буюу мангас гэж дуудсанаас хойш үзэгчид “Monster” гэж хочлох болсон. Харин сая болж өнгөрсөн тэмцээнээр “Bull” буюу бух болсон байна лээ (инээв). Миний хувьд хоч нэрэнд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Тухайн тоглогчийг ямар тоглолт үзүүлж байгаагаас хочийг нь өгдөг болов уу гэж боддог.

 

-Монголын сагсан бөмбөгийн 5х5 шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа. Та ч мөн тус шигшээ багийн бүрэлдэхүүнд бий. Харин тэмцээн ид болж байхад “Дэлгэрням 3х3 төрөлдөө гэхээс 5х5-даа муу байна” гэсэн шүүмжлэл байлаа. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

                     -Сагсан бөмбөгийн 3х3 төрөл надад илүү зохидог байж мэднэ. 3х3 төрөлдөө мэргэжлийн болоод удаан тоглосон учир 5х5 төрлөө орхигдуулсан байх.

-Сагсан бөмбөгийн 5х5 шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудаас, дээд лиг, 3х3 Азийн аварга гээд ачаалал их байгаа байх. Энэ үед дээд лигийн аваргын төлөөх тоглолт хүлээж байна. Биеэ амрааж, ачаалал, ядралтаасаа гарч чадав уу?

                     -Ядралт, ачааллаасаа хурдан сэргэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Манай 3х3 шигшээ багийн Э.Дөлгөөн хуруугаа гэмтээсэн. Ачаалалт хэт ихэссэнээс болсон байх. Тамирчин бүр л хамгийн том дайсан нь бэртэл гэж хэлдэг. Энэ үнэн. Хэт ачаалал авсан, ядарсан тамирчид амархан бэртдэг. Гэхдээ нэгэнт л тэмцээнээс эхлүүлснээс хойш “Бэртэл авчих вий” гээд тоглохгүй байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс өөрт байгаа нөөц бололцоогоо дайчилж, “Erdenet Miners”-тай аваргын төлөө өрсөлдөнө.

-Дээд лигийн аваргын төлөө учраа таарсан “Erdenet Miners багийн талаар ярихгүй юу. Анх удаа аваргын төлөө таарч тоглох учраас олон зүйл бодож, басхүү догдолж байгаа байх?

                     -“Эрдэнэтийн уурхайчид” баг сайн тоглогч, дасгалжуулагч бүрдүүлсэн маш сайн баг. Одоо бид олон сайн тамирчин дасгалжуулж, гаргаж ирсэн их туршлагатай дасгалжуулагчийн эсрэг тоглох гэж байна. Мэдээж, манай “Тэнүүн-Өлзий Металл” баг “Erdenet Miners”-ийн эсрэг тодорхой хэмжээнд тактик, төлөвлөгөө боловсруулсан. Түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч тоглоно доо.

 

-ХӨДӨӨ АГААР САЛХИНД ГАРААД, АДУУ МАЛТАЙГАА НОЦОЛДОЖ БАЙХ ШИГ САЙХАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ-

-Таныг малын захад өссөн хөдөөний хүүхэд гэж дуулж байлаа. Д.Дэлгэрням анх хэрхэн сагсан бөмбөгийн спортыг сонирхож байв?

                     -Тийм ээ, би малын захад өссөн, хөдөөний хүүхэд. Гэхдээ анх сагсан бөмбөг гэхээс илүүтэй дугуйн спортоор хичээллэдэг байсан. Сагс сонирхоод эхлэхдээ гудамжинд бишгүй л тоглож байлаа. Хөдөө гэртээ очихоороо малынхаа захад өөртөө модон самбартай шийд босгоод дугуйны кольцогоор шийд хийгээд тоглодог байсан. Тэгж явсаар 2006 онд “Sprite” лигт орж байлаа. Анх тэгж л сагсан бөмбөгтэй амьдралаа холбосон юм.

-Модон самбартай, дугуйны кольцогоо хийсэн шийдэн дээрээ тоглохдоо өөрийгөө хэнээр зүйрлэж тоглодог байв. “Тэр хүн шиг болно доо” гэж боддог байсан тамирчин байсан уу?

                     -Бидний үед ч одоогийнх шиг интернэт гэж байхгүй шүү дээ. Телевизээр NBA тэр бүр гарахгүй. Ялангуяа хөдөөний хүүхэд байсан учраас тэр үү, тийм зүйлээс хол өссөн. Харин манай байрны олон ах сагс сайн тоглодог. Тэр бүрийг харж, биширч өссөн хүүхэд чинь өөрийнхөө модон шийдэн дээр очихоороо байрныхаа ах нарыг л дуурайж тоглодог байлаа шүү дээ.

-Харж биширч өссөн байрны ах нараас тань сүүлд дээд лигт орж, тантай хамт эсвэл таны эсрэг тоглосон хүн бий юү?

                     -Хамгийн том жишээ нь гэхэд, манай Б.Одбаяр ах байна. Анх байрны гадаах шийдэн дээр тоглохыг нь харснаас хойш бид хоёр хамт Монголынхоо шигшээ багийн төлөө тоглож байлаа.

                     -Сагсан бөмбөгийн 3х3, 5х5 шигшээ баг, дээд лигийн тоглолтууд гээд сайн амарч чадахгүй л байгаа байх. Гэсэн ч хөдөө гэртээ очмоор л санагдаж байгаа болов уу. Бараг одоо ч гэсэн гараад гүйчихмээр байгаа байх даа?

                     -Зөвхөн өнөөдөр ч гэлтгүй өдөр бүр миний бэлтгэлээ дуусгаад заалнаасаа гараад хиймээр байгаа зүйл минь юм шүү дээ. Хөдөө явж сайхан агаар салхинд гараад, адуу малтайгаа ноцолдож байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ надад өмнөө тавьсан зорилго бий. Тиймээс дуртай зүйлээ хойш нь тавиад зорилгодоо хүрэх гэж зүтгэнэ.

-Өнгөрсөн зун Стефан Стоячич тэргүүтэй Австрийн шигшээ багийн хамт хөдөө очсон тухай сонссон. Интернэтээр цацагдаагүй учраас тэр бүр үзэгчид мэдээгүй байх. Тэр тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?

                     -Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн мэргэжлийн тамирчид нэгэнтэйгээ таарч тоглосоор дотносож, найзууд болдог. Дэлхийг тойрсон тэр олон тэмцээнд орохдоо дандаа таарч байгаа юм чинь бүр ч дотно найзууд болно. Тэр дундаас, Австрийн “Vienna” баг манай шигшээтэй их дотно. Тэмцээн бүрд очихдоо сайхан ярилцаж, ойлголцдог.

            2022 оны зун Улаанбаатар хотод зохион байгуулсан “Sukhbaatar Challenger”-ын үеэр Австрийн шигшээ багийн нислэгээс нэг өдрийн илүү цаг гарч таарсан юм. Гаднынхан чинь “Монгол” гэхээр тал нутаг, морь унадаг ард түмэн боддог шүү дээ. Тиймээс тэр өдөр нь Австрийн шигшээг хөдөө гаргаж, өөрийнхөө хэмжээнд л Монголынхоо соёлыг харуулсан.

                     Харин тэгсэн маань гадаад илүү олно тамирчинд таалагдсан юм байна лээ. Надад “Энэ жил танайх руу очно шүү”, “Хөдөө очиж, танай соёлыг үзнэ шүү”, “Морь унана шүү” гэх хүсэлт олон ирсэн. Хэрэв энэ зун Монголд “challenger” тэмцээн зохион байгуулагдвал их завгүй байх шинжтэй (инээв).

-Д.Дэлгэрнямын цахим хуудаст морь унаж байгаа зураг, бичлэг олон байгаа харагддаг. Ер нь та адуунд өөрийгөө хэр гэж боддог вэ?

                     -Багаасаа адуутай ноцолдож өссөн, өөрөө ч дуртай юм болохоор гайгүй л гэж боддог. Гэхдээ хөдөө нутагт байгаа мундаг адуучин залуустайгаа юу ярих билээ дээ. Би ч хөдөө очлоо гэхэд, морио уургалаад эмээллээд уначихтайгаа л байдаг.

-Сүүлийн жилүүдэд Монголд сагсан бөмбөг их хурдацтай хөгжиж байна. Хоёр холбоо нэгдэж, дээд лиг илүү гоё болж, үзэгчид ч сайхан сэтгэгдэлтэй байх болж?

                     -Монголын сагсан бөмбөгийн хоёр холбоо маань нэгдэн нийлж, үр дүнтэй ажлууд шат дараатай зохион байгуулж байгаа. Өмнө нь 5х5 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн бидний хувьд мөрөөдөл байлаа. Харин холбооны ажлууд үр өгөөжөө өгч Монголын 5х5 шигшээ баг Азийн аваргад оролцох эрхээ авахын тулд алхам алхмаар дээшилж байна. Мөн “UG Arena” баригдсанаас хойш сагсан бөмбөг үзэгч, дэмжигчид дээд лигийн тоглолтуудыг тухтай үзэх боломж бүрдлээ. Өмнө нь бид чинь өглөөдөө өөр өөрсдийн ажлаа хийгээд, орой нь сагсан бөмбөгөө тоглодог байсан шүү дээ. Одоо бол зөвхөн сагсан бөмбөгөө тоглох нөхцөл, боломж нь бүрдсэн. Тиймээс илүү мэргэжлийн түвшинд хүрч тоглохыг зорьж байгаа. Мөн түүнийгээ даган дээд лигийг үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь ч нийгэмдээ маш эерэг нөлөө үзүүлж байгаа болов уу гэж харж байна.

-Монголд “Дуртай сагсан бөмбөгийн тоглогч чинь хэн бэ” гэвэл “Дэлгэрням” ч гэж хариулах үзэгч олон болсон байх?

                     -Монголчууд маань сүүлийн жилүүдэд дээд лиг, 3х3 төрлийн тэмцээнийг их үздэг болсон юм билээ. Гадуур явахад үздэг хүмүүс маань таниад зургаа авахуулж, гарын үсэг зуруулдаг болсон. Би тэр бүрийг дуртайяа хүлээж авдаг шүү.

-Д.Дэлгэрнямын сагсан бөмбөгч болж, энэ спорттой амьдралаа холбосны туйлын зорилго, мөрөөдөл юу вэ?

                     -Зуны олимпын наадамд багийн спортоор оролцох. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийнхаа хамтаар Парист болох олимпын наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө.

 

 


Д.ДЭЛГЭРНЯМ: Гудамжинд модон самбартай шийдэн дээр хуваагдаж тоглодог байсан хөвгүүд Азийн хошой аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188