• Өнөөдөр 2024-04-23

АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.ЛХАМХҮҮ: ХЭРЭВ НАДАД САЙХАН ЗАН ЧАНАР БАЙДАГ БОЛ ТЭР НЬ ААВ, ЭЭЖИЙНХ МИНЬ Л БОЛОВ УУ

2023-04-06,   1326

        Ихэмсэг, бардам, цаанаа нэг донжтой дүр төрхийг Монголын кино урлагт цэмцгэр урлаж чадсан нэгэн эмэгтэй бий. Тэр бол “Гологдсон хүүхэн” киноны Цэрэн, “Баянбулагийнхан” киноны Дуламсүрэн, “Жаргал даахгүйн зовлон” киноны Даариймаа, “Нандин эрдэнэ” киноны Сурмаа болон “Итгэж үл болно” жүжгийн Дуламсүрэн, “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэн, “Далан худалч” жүжгийн  Алимаа, “Эрхүүд болсон явдал” жүжгийн Юура зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлийн туслах болон гол дүрд тоглосон  Ардын жүжигчин Ж.Лхамхүү. Өдгөө алтан үеийн аваргуудаасаа сурч мэдэж, үзэж, дуулснаа шавь нартаа зааж өгч, урлагт сайн уран бүтээлч төрүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэн Соёл Урлагийн Их Сургуулийн багшаар ажиллаж байна.
 
             “За хүүхээ, чи надаас юу асуух гээд л дууднам дээ. Би ч одоо хэвлэлд яриа өгч ханасан хүн. Юутай ч хүрээд л ирлээ. За, чи асуу. Би хариу хэлмээр юмандаа хариулаад явчихна аа” гэв. “Хоёулаа аав, ээж, бага насны тань талаар ярилцана аа” гэсэн чинь жаахан гэдийсхийж байсан түүний царайд баяр гийгээд ирэх нь тэр. Ингээд бид Ардын жүжигчнийг төрүүлж өсгөсөн ижий, аав, өсөж торнисон ахуй орчных нь талаар яриа дэлгэлээ.

ГЭРИЙНХНЭЭСЭЭ УРЛАГИЙН МЭРГЭЖИЛ СОНГОСОН НЬ БИ

 
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Гэрийнхнээсээ урлагийн хүн болсон нь та ганцаараа юу. Эрх хүүхэд байв уу?
 
         -Би айлын дундах охин. Эгч, хоёр дүүтэйгээ өссөн. Эрх гэж жигтэйхэн. Аав, ээж, эмээдээ хачин их эрх хүүхэд нь байлаа шүү дээ.  Ямар сайндаа театрт ажилд ороход, “Чи ямар эрх юм” гэж байх вэ дээ. Энэ миний ёстой уг занд бий. Аав, ээж хоёр минь малчин улс. Бага залуугаасаа хонины бэлчээрт танилцаж, чулуун гэр барьж тоглож байгаад л айл гэр болсон юм билээ. Малчин айл болохоор түмэн завгүй бужигнана. Хониндоо явна, адуугаа хураана, үнээгээ сааж, сааль сүүгээ борлуулж, малын өтөг бууцаа цэвэрлэхээс эхлээд л борви бохисхийх ч завгүй зүтгэнэ. Тэр хэрээрээ биднийг хөдөлмөрт сургасан даа. Хөдөлмөрийнхөө хүчээр л аав, ээж хоёр минь нутаг усандаа нэртэй айл болж, мал ахуй нь өсөж, хөрөнгө чинээтэй болон дэвжсэн. Аавыг минь Жагдамба гэдэг. Нутгийнхан Жиндаа гэж авгайлдаг. Ээжийг минь Ундарга гэнэ. Мөн Ундаа гэж авгайлдаг. Манайх ёстой орсон, гарсанд ундтай цайтай, хөл ихтэй айл байлаа. Бид ч юмаар дутаж өсөөгүй. Би сургуулийн насанд арай хүрээгүй байхдаа эгчийнхээ оронд сургуульд явж байлаа. Эгч харин аав, ээж хоёрт туслахаар малчин болж гэртээ үлдсэн. Гэрээсээ ганцаараа урлагийн мэргэжил сонгосон нь ч би. Гэхдээ багадаа бол урлаг гэж юу байдгийг ч мэдэхгүй хүүхэд явлаа.
 
-Аав, ээж тань их сайхан дуулдаг хүмүүс байсан гэж та ярьсан байна лээ?
 
         -Тийм ээ, аав минь ээжээс сайхан дуулна. Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Д.Долгоржав гуайн “Хүрэн толгойн сүүдэр” дууг дуулах их дуртай. Дуучинд нь ч их хайртай.  “Ээ дээ, Долгоржав их гоё дуулна шүү дээ. Намжирдаад л дуулахаараа мөн ч гоё шүү дээ” гэж ярина. Манай театрын уран бүтээлчид нэг удаа хөдөө бригадаар явж байгаад манайд очив оо. Аав, ээж хоёр манайхныг дайлж цайлаад л аав дуулж гарлаа. Тэгсэн Хүүхэлдэйн театрт найруулагч асан Б.Алтан-Очир “Танай аав чинь хотод байх юм бол уран сайхнаар баярын бичиг, барааны савантай хүн байна” гэж аавыг минь магтаж байсан. Ээж харин их эвлэгхэн дуулна. Аавын дуулдаг уртын дууг бид сонсохоос цаашгүй болохоор ээж богино дуу зааж өгнө. Ингэж л анх дуу хууртай танилцаж байлаа. Сургуульд орохдоо би эмээтэйгээ хамт Цагаанхайрхан суманд жижиг бор гэр бариад долдугаар анги хүртлээ сурсан. Дараа нь аймагт 10 жилээ төгсөөд, Багшийн сургуулийн кино драмын ангийн жүжигчний ангийг сонгож,  төгсөөд, Улсын драмын эрдмийн театрт 30 жил ажиллаж, 1992 оноос СУИС-д багшилж байна.
 
-Аав, ээжийнх нь дуулдаг, дуу зааж өгсөн нь таныг урлагт орох суурь болсон уу?
             -Мэдээж нөлөөлсөн байх аа. Гэхдээ сургуульд орсны дараа зуны амралтаараа гэртээ ирээд сурсан дуу, шүлгээ уншиж, дүү нартаа тоглолт тавьдаг байлаа. Тухайн үед бидний сурсан, мэдсэн зүйл л тэр. Түүнээс кино, жүжиг гэж юу байдгийг ч мэдэхгүй. Хаа нэг сумын төвд үзвэр үйлчилгээ зохиогдвол томчууд л үздэг байсан болохоор сурснаа л дуулна. Аймгийн 10 жилийн сурагч байхдаа ангийнхаа цонхон дээр дуулаад зогсдог хүүхэд байсан. Нээрээ би их дуулдаг байсан юм байна шүү.
Намайг хотод сургуульд сураад, театрын жүжигчнээр ажиллаж байхад зохиолч Т.Чимэддорж манай аав, ээж хоёроос ярилцлага авч л дээ. Тэгэхэд ээж  “Хонь хариулаад явахаараа модон дотор дуулдаг хүүхэд байсан” гэж миний тухай ярьсан байдаг.  
-Та эсрэг дүрд их тоглодог болоод ч тэр юм уу харахад нэг тийм ширүүн дориун юм шиг мөртлөө ярилцаад суухаар их зөөлөн, дулаан хүн юм. Энэ аав, ээжийнхээ хэнээс нь авсан зан чанар вэ?
 
             -Жаахан байхад ээжтэйгээ адилхан гэдэг байсан. Гэхдээ би дүр төрх, зан чанар, аливаад хандаж байгаа хандлагаараа аавтайгаа их адилхан гэж боддог. Хамгийн гол нь аав, ээж хоёрынхоо хүнлэг, хүн чанартай зан чанарыг нь дуурайсан болов уу гэж боддог. Манай театрын хамт олон намайг “Манай Лхамхүү их хүнлэг шүү” гэдэг байсан. Тэгэхээр хэрэв би хүнлэг бол аав, ээжээс минь л улбаатай зан чанар. Манай ээж “Би та нарын хэлээр залуу байхдаа галтай хүүхэн байсан” гээд ярьдаг байсан. Намайг багын л ихэмсэг  их зантай гэдэг байлаа. Би өөрөө тийм ихэмсэг зантайгаа мэддэггүй. Хөдөөний хүүхэд болохоор тэр үеийн том уран бүтээлчидтэй хамт ажиллахдаа айгаад, бэмбэгэнээд уулзаж чадахгүй, элдэв юм асууж чадахгүй болохоор ихэмсэг юм шиг харагддаг юм уу мэдэхгүй юм.  Ямар ч л байсан намайг их ихэмсэг дүртэй гэж ярьдаг. Тэгээд халдаад ирэхээр сайн хүн гэдэг байхгүй юу. Хүн барагтай бол халдаж чаддаггүй гэсэн. 
 
-Аав, ээж хоёр нь таныг урлагийн хүн болоход их баярлаж байсан байх даа?

        -Эхэндээ нэг их ойлгохгүй, ойшоохгүй байснаа намайг нэрд гарч, гавьяат цол авахад, бахархаж, нутаг усныхандаа “Манай Лхамхүү” гээд л бахархан ярьдаг байсан. Ээж “Урлаг гэдэг залуу насны ажил байх аа. Яваандаа багш хийчихэж чадах байлгүй” гэдэг байсан. Тэгээд л одоо ээжийнхээ хэлснээр багшаар ажиллаж байна. Урлаг, балет, бүжиг, цирк залуу насны урлаг л даа. Драмын урлаг арай өөр боловч настай роль ховор бичигдэх болжээ. Дуу ч гэсэн хоолой нь өтлөөд өөр болдог. Тэгэхээр ээжийн хэлдэг зөв л байхгүй юу. 

-Тэр хоёрынхоо ачийг та хариулж, баярлуулж байсан гэж боддог уу. Таны тоглосон уран бүтээлийн аль дүрд илүү хайртай гэж ярьдаг байв?
 
          -Хүн аав, ээжийнхээ ачийг хариулна гэж байхгүй. Гэхдээ би  жил бүр аав, ээж хоёр дээрээ очихыг хичээдэг байсан. Хөдөө бригадаар тоглолттой явахаараа очно. Уран бүтээлч хүн болохоор зав гарахгүй ч аль болох ижий, аав хоёрыгоо юугаар ч дутаахгүй юм сан л гэж боддог. Сайхан шинэ дээл хийгээд аваачиж өгнө. Эвий тэр хоёр минь жаахан өвдөхөөрөө “Лхамхүү ирээсэй” гэдэг байсан гэсэн. Ээжээс хойш аав минь ганцаараа хэсэг байсан. Тэгээд нэг өвөл бие нь муудаад, би тэгэхэд хотод сургуульд багшаар ажиллаад эхэлсэн байсан л даа. Мэдээ аваад л өвлийн тэсгим хүйтэнд аав дээрээ очлоо. Аавыгаа эмнэлэгт хэвтүүлээд, эм, тариа хийлгээд, халамжилж байгаад буцах болов оо. Тэгэхэд муу аав минь уйлаад үлдсэн нь одоо ч нүдэнд харагддаг. Зун нь амралтаараа очиход мөн ч их баярласан даа. Тэр нь жилд хоёр удаа ирлээ гэж баярлаж байгаа байхгүй юу. Харин уран бүтээлийн хувьд манай хоёр хөдөөний улс учир төдийлөн сайн мэдэхгүй. Би л очихоороо “Тийм уран бүтээлд тоглолоо. Ийм дүрд ажиллалаа” гэж дуулгана.
 
Ямар сайндаа “Гологдсон хүүхэн” кинонд тоглосон гэсэн чинь аав “Нөхөртөө гологдсон хүнд л тоглож дээ” гэж бодсон байгаа юм. Дараа нь харин киноныхоо үйл явдал, дүрийн талаар ярихад “Аан, ийм учиртай юм уу” гэх жишээтэй. Аав нэг удаа хотод ирээд, театраар орж үзсэн. Тэгээд л “Миний хүүгийн ажилладаг газар чинь яасан сайхан цэвэрхэн юм бэ. Ямар сайхан ааш араншинтай хүмүүстэй хамт ажилладаг юм бэ” гээд баярлаж байсан.
-Одоо хоёул аав, ээж тань таныг ямар сургаал, хүмүүжлээр хүн болгосон тухай нь яриад уран бүтээлийн тухай тань яриагаа үргэлжлүүлье. Ижий, аавынхаа тухай овоо удаан ярьсан болохоор сайхан байсан байх гэж бодож байна. Би ч сонсоод суухад таатай байна.
 
         -Эхэнд би эрх хүүхэд байсан гэж ярьсан даа. Гэхдээ би  өөрийгөө их зөв эрхэлсэн гэж боддог. Аав, ээж минь биднийг “Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ”  гэсэн зарчмаар л хүмүүжүүлсэн. “За, миний хүү аргал, түлш түүгээд ир. Хониндоо яваад ир” гэнэ. Би харин жаахан эсэргүүцдэг, хонинд явах их дургүй хүүхэд байлаа. Тэгж байгаад аавдаа нэг хуйгаар шавхуурдуулж байснаа мартдаггүй юм. Аав мөн нэг удаа бороотойд намайг “Адуу эргүүлээд ир” гэдэг юм байна. Аавынхаа үгнээс зөрөх аргагүй учир явлаа. Бороон шамарга урдаас ороолгоод, өнөө адуу нь гүйцэгдэхгүй мөн ч баларч билээ. Тэгэхэд “Аав намайг ийм айхтар юманд явуулах гэж дээ” гэж бодож байсан ч эмээгээд л дуугүй өнгөрч байлаа. Аав,ээжийн минь энэ л хатуу хүмүүжил биднийг хүн болгож, аливаад дайчин занд сургасан. Ээж харин зүйр цэцэн үг их хэлнэ. Бидэнд зааж сургасан нэг эрдэм нь монгол дээл оёх. Дээл эсгэх, оёх, товч шилбийг нь хадах гээд цөмийг нь зааж өгсөн. Ингэж л монгол ахуйд малчин ижий, аав дээрээ хүний дайтай ажилч хичээнгүй хүн болж өслөө шүү дээ. Аав, ээж, бага насныхаа талаар ярих хачин сайхан байна. Одоо нас өндөр болох тусмаа тэр юм уу их санаж, үгүйлдэг дээ.
 
           Түүнийг зориуд ижий, аавынх тухай яриулъя гэж бодсон юм. Хүний амьдралын хамгийн жаргалтай үе, хүн болж төлөвшиж, тэр дундаа ард түмний хайртай уран бүтээлч болоход суурь болсон бага нас, аав, ээжийнх нь үнэт сургааль, яриаг уншигч танд хүргэх гэсэн юм. Ж.Лхамхүү уран бүтээлчийн бусад уран бүтээлчээс ялгарах гол онцлог нь жинхэнэ монгол ахуйд, малчин аав, ээжийн гэрт өсөж, төрсөн нь. Өөрийнх нь хэлснээр дээлээ зөв бүсэлж, малгайгаа зөв сайхан тавьж, мориндоо мордож чадах монгол уран бүтээлч ховор. Харин тэр энэ л ахуйд нь төрж, өсөж, өндийсөн болохоор дүр бүхэн нь амьтай байдаг байна. Энэ тухай тэрбээр “Манай алтан үеийн мундаг жүжигчид, монгол ахуй, соёлоо их сайн мэддэг учраас, тэдний дүр үзэгчдэд хүрч, амьдраад байгаа юм. Хойшлох тусам хотжоод, монгол ахуйгаа мэддэг хүн ховор боллоо. Одоо шавь нартаа бид монгол ахуй, соёлыг заах гэж ёстой үйлээ үзэж байна. Манайхан Монголын нэрийг гаргасан жүжигчин гэхээс илүү монгол жүжигчдийн онцлогийг гаргасан уран бүтээлч байх хэрэгтэй. Бусад орны жүжигчнээс монгол жүжигчний ялгарах гол онцлог бол монгол ахуй соёл” гэсэн юм.

Л.ВАНГАН БАГШ “БИ Ж.ЛХАМХҮҮГ ЖИНХЭНЭ МОНГОЛ АХУЙ СОЁЛ ДЭЭР ӨССӨН ХҮҮХЭД ГЭЖ АВСАН. ДОТОРТОЙ САЙН ЖҮЖИГЧИН БОЛНО ДОО” ГЭДЭГ БАЙСАН

 -Театрт таныг анх найруулагч, зохиолч Л.Ванган гуай хөтөлж оруулсан гэдэг юм билээ?
 
           -Тийм ээ, намайг хамгийн анх Л.Ванган багш театрт оруулж байсан. Хөдөөний хүүхэд гэж олзуурхсан гэж байгаа юм. Сүүлд би багшийнхаа  “Эзэд” гээд жүжгийн диспечер Туяагийн дүрд тоглосон юм. Ванган багш театрт ирээд өөрийнх нь жүжигт тоглосны дараа “Би Туяагийн дүрийг ингэж бодож бичсэн. Ж.Лхамхүү яг л гаргаж. Би энэ хүүхдийг жинхэнэ монгол ахуй, соёл дээр хүүхэд гэж авсан. Дотортой, сайн жүжигчин болно доо. Би буруу хүнээ аваагүй байгаа биз” гэж билээ.
 
-Уран бүтээлчийн хувьд танд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн байв?
 
          -Анх бидний жүжигчний суурийг тавьсан хүн бол Ленинградын их сургуулийг жүжигчнээр төгссөн Клара багш. Хүн чанартай сайхан хүн байсан.Театрын уран бүтээлч охидыг үс, зүс, хувцаслалтын соёлд их сургасан. Дараа нь надад Сүхбаатар киноны Янжмаагийн дүрд тоглодог Ө.Рэнцэнноров гавьяат их нөлөөлсөн. Хамгийн гол нь театрын мундаг том уран бүтээлчдийнхээ үгийг сонсож, хажуугаас нь суралцана. Гэхдээ их эмээнэ. Театрын 17 дугаар өрөөнд бүх жүжигчин зохиолынхоо уншлагыг өглөө хийнэ. Залуу уран бүтээлчид учир доогуур сууна. Э.Оюун багш бидэнд театрын онолын хичээл орно. Хүн тэгээд багшийнхаа арга барилыг өөрийн мэдэлгүй авсан байдаг юм билээ. Одоо би хүүхдүүдтэй ажиллаж байгаа нь яг Э.Оюун багшийн арга барил гэж байгаа юм. Б.Мөнхдорж найруулагч драмын театрын Г.Амгаланбаатарын ангийг төгсөхөд “Хар санаа, хайр сэтгэл” жүжгээр дипломын ажил хийснийг хараад  “Хүүе, алтан үеийн сургалт энэ байна” гэж олзуурхаж байсан.
 
-Жүжигчнээр сурч байхдаа театрт жүжиг үзэж байв уу. Санаанаас тань гардаггүй жүжиг, дүр байсан болов уу?
 
       -Хотод ирээд оюутан болохоос өмнө театрт жүжиг үзэлгүй яах вэ. Тухайн үед “Кремлийн цаг” жүжиг тавигдаж, театрын мундгууд ид тоглож байлаа. Ленинд Б.Дамдинсүрэн гуай тоглоод, Ленинийг хараадаг авгайн дүр надад их гүн сэтгэгдэл төрүүлж, сэтгэлд үлдсэн. Дараа нь мэдэх нь ээ, Гавьяат жүжигчин Д.Ичинхорлоо гуай тоглосон юм билээ. Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн тоглосон шулуун урт хөлтэй усан цэргийн дүр ч их гоё байсан. Дараа нь оюутан болсон “Итгэж болно” жүжигт тоглосон жүжигчин Б.Энхтуяа гуайн дүрийг хараад “Үүнийг би чадна даа” гэж шүүрс алдан бодож байсан. Тэгсэн сургуулиа төгсөөд театрт ирэхэд тэр дүрдээ оноогдсон доо. Чадсан байх, бодож, мөрөөдөж явсан учраас чадалгүй ч яах вэ.
 
-Залуудаа тоглосон дэлгэцийн бүтээлээ одоо үзэхээр алдаагаа их хардаг болов уу?
 
      -Өө, харалгүй яах вэ. Байнга л ийм тийм гэж боддог юм. Сүүлд  “Эзэнгүй айл” кино гарлаа. Тэгсэн  “Нээрээ яасан бүдүүн юм бэ” гэж бодогдож байгаа юм. Уг нь жүжигчний тоглолт давгүй сайн ч урлагийн хүн өөртөө анхаарах нь чухал. Би гэхдээ өөрийгөө их азтай уран бүтээлч гэж боддог. Театрт тоглоогүй дүр гэж надад байхгүй. Дандаа л гол дүрд тоглож байсан. Бидний үе чинь бүтээн байгуулалтын үе. Ёстой ид хийж, бүтээж байсан. Одоо сайхан шавь нарыгаа харж, бахархаж, баярлаж амьдарч байна. Амьдралынхаа турш би театр, сургууль гэсэн хоёр замаар л алхсан.
 
-Театрын нэртэй жүжигчинд захиа өгөх, хайраа илчлэх залуу олон байсан байх. Тэр олон хүн дотроос ханиа ямар шалгуураар сонгосон бол?
 
         -Ажил мэргэжил минь л намайг сайхан ханьтай учрахад нөлөөлсөн болов уу. Тэр үед бидэнд ямар хүн бүртэй уулзаж, учраад явах зав байх биш. Ажлаа хийгээд л уулзаж, үерхсэн ч их журамтай байдаг байлаа. Миний хань надад их хайртай, аж ахуйч, толгой сайтай сайхан эр хүн байсан. Би амьдралдаа сайн сайхан хүнтэй учирч, сайхан хамт олонтой, одоо ч сайхан шавь нараараа хүрээлүүлээд сайхан амьдарч байна. Гэхдээ амьдралд ханиа алдах шиг хэцүү юм байдаггүй юм билээ дээ. Өрөөсөн болчих шиг л болдог юм байна. Намайг баярлуулах дуртай хүн байсан. 
 
-Багшийн хувьд ямар хүсэл мөрөөдөл тээж байна вэ?
 
            -Өөрийн мэдэх бүхнээ шавь нартаа зориулдаг учир хүүхдүүд намайг их хүндэлж, хайртай байдагт л би хангалуун байдаг. Багшид хүн чанар, хүнлэг сэтгэл их хэрэгтэй дээ. Тэгж байж сайн уран бүтээлч төрүүлж төлөвшүүлнэ.

    Энэ хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Урлагт сайн уран бүтээлч төрүүлэх ажилд шамдаж байгаа Ардын жүжигчин, алтан үеийн багш түүнийг бид аав, ээж, бага нас руу нь аваачих гэсэн зорилго минь биеллээ олсон болов уу. Тэр аав, ээждээ дээл оёод аваачиж өгмөөр, аавыгаа “Адуу эргүүлээд ир” гэхэд нь бороотойд ч хамаагүй явмаар, жилдээ ганцхан удаа биш, олон очмоор байгаа нь ярианы турш мэдрэгдэж байлаа. 

 

АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.ЛХАМХҮҮ: ХЭРЭВ НАДАД САЙХАН ЗАН ЧАНАР БАЙДАГ БОЛ ТЭР НЬ ААВ, ЭЭЖИЙНХ МИНЬ Л БОЛОВ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-07 14:06:30
    Zochin: Ervvl enhiig hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-06 16:50:15
    zochin: mundag jujigchin tand eruul ench urt udaan naslachiig erooe !!!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188