• Өнөөдөр 2024-04-23

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОРЫН ЭЭЖ Р.ДЭЛГЭРМАА: ЗӨӨЛӨН, ДАРУУ ОХИНОО ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАНД НЭР ТӨРТЭЙ ЗҮТГЭЖ БАЙГААГААР НЬ ҮРГЭЛЖ БАХАРХДАГ

2023-03-18,   909

        Тэр өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагналтан болж байгаа юм билээ. Энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагнал гардуулах 17 дахь ёслолоос хүртэж буй шагнал.

            Үнэхээр эр зоригтон эмэгтэй мөн билээ, тэр. Эмэгтэй хүн зэвсэгт хүчний хатуу мөртлөө хариуцлагатай албанд анхны гэсэн тодотголтой бүхний эзэн болно гэдэг амаргүй даваа, шантрашгүй тууштай зан чанарын хариу. Тэрбээр Монгол Улсын Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью-Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны Монгол офицер, анхны эмэгтэй генерал цолтон. Мөн АНУ-ын Дайны коллежийг төгссөн анхны эмэгтэй офицер юм.  Бид олон улсын эмэгтэйчүүдийн баярын тусгай дугаартаа түүний ээж Р.Дэлгэрмаатай уулзан, охиных нь талаар халуун яриа дэлгэснийг уншигч танд хүргэж байна. Тэрбээр өөрөө цэргийн хүн болохыг мөрөөдөж байсан ч  болж чадаагүй. Харин өөрийнх нь хүслийг охин нь гүйцээж, ийн амжилттай яваад ихэд бахархан баярладаг гэнэ лээ.

       -Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Та бидэнд өөрийгөө танилцуулаад яриагаа эхэлье?

              -Сайн, сайхан хаваржиж байна уу. Намайг Равдангийн Дэлгэрмаа гэдэг. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат. Би дөрвөн хүүхэдтэй. Миний том охин Монголын анхны эмэгтэй генерал Г.Болор. Би 1974 онд Монгол Улсын Их Сургуулийн биологийн ангид элсэн ороод, 1979 онд амьтан судлаач, биологич, биологийн багш мэргэжлээр төгсөөд, арван жилийн 42 дугаар дунд сургуульд томилолт аваад 31 жил багшилсан Монгол Улсын Гавьяат багш хүн байна аа.

-Охиноо Монголын анхны эмэгтэй генерал цолыг хүртэх болсон баярт мэдээг дуулаад хөл нь газар хүрэхгүй баярлаж, бахархаж байсан хүн та болов уу?

             -Тэгэлгүй яах вэ. Монголын анхны эмэгтэй генерал болсон охиноороо бахархахын сацуу Монголын ард түмэнд ч баярлаж байлаа. Олон хүн миний охиныг "Монголын анхны генерал болно доо" гэж ярьдаг байсан. Монгол хүний амны бэлгээр үнэхээр ч анхны генерал эмэгтэй болсон. 

Г.Болор генерал багадаа ямар хүүхэд байсан бэ?

             -Сургуульд орохоосоо эхлээд л анги хамт олноо манлайлсан, дайчин охин байсан. Нэгдүгээр ангиасаа эхлэн ангийн даргаар ажилласан. Ингээд арван жилээ их амжилттай сайн төгссөн. Арав төгсөх жилээ охин минь эмч болно гээд болдоггүй. Тэгээд арван жилийн 33 дугаар дунд сургуулийн химийн сонгонтой ангид есдүгээр ангид шилжиж, төгсөж байлаа. Төгссөн жил нь цэргийн сургуульд эмэгтэй хүүхэд авна гэх сургийг ахаасаа би дуулаад Болорыг оруулья гэж бодсон. Яагаад гэвэл эгч нь өөрөө хүүхэд байхаас л цэргийн хүн болох юм сан гэж боддог байсан. Миний найз арван жилээ төгсөөд цэргийн хүн болсон. Тэгээд л найзынхаа хувцсыг өмсөж үзээд цэргийн хүн гоё шүү гэж ярьдаг байсан. Цэргийн хүн гэхээр их жавхаалаг, сайхан санагддаг. Ээж минь намайг цэргийн хүн болох дуртай юм чинь цэргийн сургуульд оруулья гэж хөөцөлдсөн ч миний үед цэргийн хүн болох сонголт байгаагүй.

Аав минь гал камондын дарга хүн байсан ч “Эмэгтэй хүн цэргийн газар орох дэмий. Хүүхэд эвдэрнэ” гээд дургүй байсан. Тэгээд цэргийн хүн болж чадаагүй.

          Тиймээс “Охиноо л цэргийн хүн болгоё” гээд бодсон. Болор тухайн үед Анагаахын сургуульд орно гэж зорьж байсан ч бүртгэлээсээ хоцроод, тэгээд аргагүйн эрхэнд цэргийн сургуульд очиж, их дурамжхан анх бүртгүүлж байлаа. Ингэж л миний охин цэргийн сургуульд зургаан эмэгтэй хүүхэд авснаас зургаа дахь нь болж орж байсан. Охин минь багаасаа нэг зорьсон зүйлдээ хүрэхийн төлөө хэнээр ч хэлүүлэхгүй биеэ даадаг байсан учир амжилттай сурч эхэлсэн. Нэгдүгээр курсдээ байхад нэг инээдэмтэй зүйл болж байсан нь оройн зугаалгатай гэсэн гэнэ ээ. Тэгэхээр нь “За ашгүй, орой зугаалгатай юм байна. Гэрээрээ нэг ороод гарья” гэж бодсон чинь, сургуулийнх нь хашаан дотор тойруулаад дуу дуулж алхуулсаар байгаад зугаалга дууслаа гэсэн гэж байгаа юм. Тэгээд л “Зугаалга гэсэн чинь тийм инээдэмтэй юм болдог юм байна, ээж” гээд дараа нь ярьж байсан. Цэргийн сургуульд эмэгтэй хүн сурахад их хэцүү. Нэг өдөр “Ямар их даарав аа. Хөл бүр мэдээгүй болчихлоо” л гэж байна. Тэгэхээр нь эмэгтэй хүүхэд дороосоо дарлаа гэдэг чинь их муу даа гээд тэр үеийн оросын цэмбэн гуталны дор эсгий улавч дэвсэж байгаад л өмсүүллээ. Тэгсэн жагсаалын дарга нь “Г.Болор урагшаа” л гэсэн гэнэ. “Чамайг цэргийн хүн цэмбэн гутал өмсдөг” гэж хэн хэлж байна гэсэн чинь “Ээж” гэж хэлсэн гэсэн гэж байгаа юм. Өөрийнхөө хамгийн сүпер онигоо гэдэг юм.

-Айлын том хүүхэд болохоор хариуцлага үүрэх, ээждээ тусалж, эрт биеэ даасан болов уу?

                  -Ээждээ их тусална, дүү нараа авна. Хичээлийг нь хийлгэнэ, хувцсыг нь угаана. Манайх Болорыг багад хашаа байшинд байдаг байлаа. Тэгээд л охин минь ус авна, мод түлээ хөрөөднө. Хашаа цэвэрлэнэ. Нохойн хоол бэлдэнэ гээд их завгүй охин байсан. Ус авна гэж эмэгтэй хүүхдэд их хэцүү ажил. 40 литрийн пидонтой усыг чинь тэргэнд түрээд явна. Өвлийн хүйтэнд гар хөлөө хайруулна. Хамар нь улайчихсан л явдаг байж билээ. Тийм сүрхий, дайчин хүүхэд байсан. Хүнээр барагтаа юм хэлүүлэхгүй, бүхнийг өөрөө санаачлан жин тан хийдэг байсан. Ерээд он гарахад би ажлаасаа хоёр, гурван жилийн чөлөө аваад наймаанд явдаг байлаа. Тэгэхдээ нэг ирэхдээ л Болорт мөнгө үлдээгээд явчихад, ээжийгээ дараагийн долоо хоногт иртэл дүү нар, гэрийнхнээ өнөө үлдээсэн мөнгөөр болгочихоод л байж байдаг байсан. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж хүн багаасаа л ямар байх нь уу яг тэрүүгээрээ л хүмүүждэг юм байна.

-Багаасаа ээжийнхээ үгэнд сайн орж, цэргийн сургуулийн сайн ч оюутан байж, энэ салбартаа өсөн дэвжиж, генерал хүртэл явах энэ хугацаанд таныг хамгийн их баярлуулж байсан үе нь аль бол?

             -Цэргийн сургуульд сураад, төгсөөд ажил дээр гарсныхаа дараа АНУ-д Агаарын довтолгооноос хамгаалах гэж сургуулийг төгсөхдөө ээжийгээ аваачиж, дипломоо хүлээж авах ажилд оролцуулж байсан юм. Үүнд их баярладаг. Намайг ер нь хаашаа л явна аваад явна. Охиныхоо ач буянаар олон оронд очсон.  Охиныгоо Африк явахад л жаахан санаа зовниж байсан. Дайн самуун ихтэй халуун орон руу явахад нь яачих бол гэсэн бодол төрсөн. Бусдаар миний охин чинь ээжийгээ дандаа баярлуулж байдаг. Зан чанарын хувьд их нийтэч, олонтой. Ямар ч хүнтэй л хэзээний ах, дүүс болчихсон явдаг.

-Цэргийн хүн болохоороо амралтгүй шахам ажилладаг байх. Болор генерал ээж дээрээ хэр ирж байна вэ?

          -Байнга ирнэ. Эмэгтэй хүүхэд гэдэг чинь огт өөр шүү дээ. Өдөр бүр л утсаар ярьна. Хэчнээн завгүй байсан ч гэсэн хагас, бүтэнсайнд ээж дээрээ ирнэ. Тэгээд л дутуу юм юу байна гэдгийг гүйцэлдүүлж явдаг байхгүй юу. Ганц намайг ч гэхгүй гурван дүүгээ байнга хараатай, хаана юу хийж байна, юу хэрэгтэй байна гэдгийг нь мэдэрч, амьдралыг их өргөн утгаар сайн ойлгосон. Олон газар явж, олон ч хүний жаргал, зовлонг үзэж яваад ирсэн болохоор тэгдэг юм уу амьдралд их идэвхтэй, дайчин охин доо. Найз нөхөд, багш нартаа хүртэл тусална. Охиныгоо хүний төлөө явж байгаад нь их баярладаг. Өөрийнх нь уриа нь “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг.

  -Зэвсэгт хүчний энэ хатуу салбарт охиноо оруулсан. Охин тань ч энэ салбарт амжилттай сайхан явна. Гэхдээ энэ хугацаанд “Охиноо би энэ хэцүү салбар руу яах гэж оруулав” гэсэн зүйл гарч байсан болов уу?

          -Тэгэлгүй яах вэ. Охин минь нэг сонинд “Анх дургүй орсон, одоо дурлаж явна” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байсан. Нээрээ л анх цэргийн сургуульд дургүйхэн орж байсан юм чинь. Цэргийн хүн болох миний мөрөөдөж байсан шиг амар зүйл биш л дээ. Тэгээд л охиндоо “Миний охин сэргэлэн, авхаалжтай байж, хичээдэг юм шүү” гээд захина. Харин жаахан айлгаж байсан үе бий шүү. Цэргийн сургуульд сурч байхдаа дороосоо даарснаас болдог юм уу,  хөдөө гадаагүй явж, майханд байхдаа ч юм уу нэг удаа айхтар хатгаа аваад, сар шахам халуурсан. Тэгсэн чинь уушги нь устсан гэсэн онош сонсоход л их айж байлаа. Тухайн үед уушги нь устана гэхээр буруу л зүйл бодож байгаа юм чинь тэгсэн тэр нь уушги нь усаар дүүрчихдэг юм байна. Тэгээд соруулж авахуулж байсан. Тэрнээс хойш би хэрэггүй л цэргийн сургуульд эмэгтэй хүүхдийг орууллаа гэж бодож байсан шүү.

-Болор генералыг их сайхан шүлэг бичдэг гэж сонссон. Танд зориулж байсан шүлэг бий болов уу.

        -Байлгүй яах вэ. Ээждээ зориулж шүлэг бичнэ, уншина. Ээжийгээ байнга дэргэдээ дагуулж явна. Генералын ээж гэж дуудуулах бүрдээ эгч нь охиноороо бахархаж, охиноо энэ сайхан салбарт оруулсандаа талархдаг. Миний 60 насны төрсөн өдрөөр надад зориулан бичсэн нэгэн шүлгээс нь уншиж өгье.

     Үгээрээ залуурдаж

     Үйлээрээ хөтөлсөн

     Үггүй ойлгож

     Харцаараа ухааруулсан

     Сүүгээрээ тэжээж 

     Чадлаараа өсгөсөн   

     Совингоороо мэдэрч

      Ерөөлөөрөө хамгаалсан     

      Ийм ээжтэй би мөн ч их азтай яа

      Зүрхээрээ шаналж

      Зөвлөж дэмжсэн

      Зүдээрээ манаж зааж сургасан

      Урмаар тэтгэж, бурмаар шагнасан

      Ухаанаар ялж, итгэлээрээ зоригжуулсан

      Ийм ээжтэй би мөн ч их азтай яа

      Нулимсаараа зангидаж, инээдээрээ баярлуулсан

      Насаараа зовж, араас минь санаа зовнисон

     Бүдрэхэд минь түшиж, бухимдахад минь аргадсан

     Буян хурааж, бусдын төлөө насаа нэмсэн

     Ийм ээжтэй байх мөн ч сайхан юм даа...

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

           -Баярлалаа.


БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОРЫН ЭЭЖ Р.ДЭЛГЭРМАА: ЗӨӨЛӨН, ДАРУУ ОХИНОО ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАНД НЭР ТӨРТЭЙ ЗҮТГЭЖ БАЙГААГААР НЬ ҮРГЭЛЖ БАХАРХДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-12 23:18:59
    Unshigch : Mundag eej, mundag ohin... Ta byhend bayar hurgej az jargal eruul enh amjilt sain saihan buhniig husen erooe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-08 16:15:40
    [email protected]: Hairt eej bolon egcheeree baharhdag shvv
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188