• Өнөөдөр 2024-04-19

Дундаршгүй авьяас, дүүрэн сэтгэлтэй сахал Пүүжээ

2023-02-06,   922

             “Цахилж яваа гөрөөс” киноны Дамбатай уулзсан гэвэл уншигч та “Юу...” гээд гайхах байх. Тийм ээ, уулзсан юм чинь. Тэр бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Жамсранжавын Пүрэвдорж буюу Сахал Пүүжээ.

        Хоёр жилийн өмнө түүнийг Завхан аймгийн алдартнуудын үйл ажиллагаан дээр шар торгон дээлтэй урт үс, сахлаа намируулан ирэхэд нь, уран бүтээлийн ярилцлага авч байсан юм. Түүнтэй уулзахад Дамба л харагдаад байсан юм. Тэгээд  “Би Дамбатай уулзаад зогсож байна гэж үү” гэсэн итгэж ядсан бодол, “Дамба та яагаад эхнэрээ орхиод явсан юм бэ” гэсэн асуулт хоёр толгойд зэрэгцэн байлаа. Гэвч “Энэ бол Дамба биш, Дамбын дүрд тоглосон уран бүтээлч шүү дээ” гэсэн бодлоор өмнөх бодлоо элдэн хөөж, зохиолыг нь уншсанаас хойш үргэлж дотор тордог байсан бодлоо золтой л ил гаргачихаагүй юм. Тэр магад ганц миний ч биш, уншсан, үзсэн хүн бүрийн бодол ч байж мэдэх юм. Гүндүүгүй боловч гунигтай энэ л дүрээрээ монголчуудын зүрх сэтгэлд өнөө хүртэл “амьдарч”, үзэн ядагдаж, заримд нь ойлгогдож, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны морьтойгоо согтуу давхиж ирээд агсамнадаг Дашийн дүрээрээ дотно үлдсэн түүнийг энэ удаагийн хөрөг бичвэртээ онцлон хүргэж байна.

 

                  Түүн шиг Дамба, Даш, Дайр-Үсэн, Мэрэгч, байцаагч, Ринчинов, Тэв тэнгэр, Сорхон шар Монголын кино урлагт ховор. Содон дүр төрх, бүдүүн хадуун дуу хоолой, дотоод их авьяас, мэдрэмжээрээ ч онцгой бөгөөд давтагдашгүй дүрүүд. Цаг хугацааны уртад дахиад эл дүрүүдэд өөр хүн тоглолоо ч Сахал пүүжээ гэх энэ л иртэй, сүртэй, ихэмсэг, исгэм, гашуун, гүндүүгүй, гүдэс уран бүтээлч шиг байх нь юу л бол.

Түүн шиг урлагт цахилах гөрөөс ч хэд бол. Тэр бол дундаршгүй авьяас, дүүрэн сэтгэлтэй уран бүтээлч.                                   

-ЗАЛЬХАЙ ТӨРХ, ЖИГТЭЙ ХАРЦТАЙ Ч-

       Түүний тухай бичих ахуйд тэр зальхай төрх, үе үехэн сахлаа имрэнгээ жигтэй харцаар харж байх шиг санагдана. Аргагүй л дээ. Ихэнх дүр нь үзэгчдийн санаанд ийн бууж, ойр танил биш нэгэнд бүр айдас төрүүлмээр ч болох нь бий. Гэвч уулзаад яриа авахад хүнтэй тун эелдэг харилцдаг, хэн бүхнийг хүндэлсэн, хачин зөөлөн нэгэн гэдэг нь мэдрэгдсэн юм. Тэрхэн зуурт, “Хүүе ээ, Та минь ээ, өнөө зальхай Даш, муухай Дамба чинь харин ч ёстой гоё хүн байна лээ шүү дээ” гэж хэлмээр болсон гээч. Үүнийг л жүжигчин хүн гэдэг биз ээ гэсэн бодол ч давхар бууж л байлаа. Ерөөс гаднаа эсрэг, дотроо эерэг. Дүрээрээ хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй ч хүнээрээ, хүнлэг чанараараа хүн бүрт ойр хүн тэр байв. Түүнээс гадаад төрх байдалд нь тохируулан дүр оноогддог болов уу гэж асуухад “Тиймээ, миний гадаад төрх байдал эсрэг дүрд илүүтэй зохицдог” гэнэ.

         Нээрээ л ийм сүр бараатай, сүрлэг гэх үг л тохирмоор төрхтэй хүнд зөөлөн дүр зохих нь бага байх болов уу. Уран бүтээлчийнх нь хувьд хамт ажиллаж байсан жүжигчдээс Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар агсан "Манай театрт 1991 онд “Цагаан дарь эх” жүжгийг тавилаа. Тэгэхэд гурван давхрын пилтажин дээрээс хааны зар мэдээчээр Пүүжээ ах тоглосон юм.Үзэгчид тайз руу хараад сууж байхад гурван давхраас “Эзэн хааны зарлигаар” гээд л орилоход театр тэр аяараа нүргэлж, обжур хүртэл нүргэлж байдаг шүү. Би тэгэхэд “Энэ ямар гайхамшигтай цараатай хоолой вэ, мөн мундаг хүчтэй хоолой вэ гэж биширч байсан" гэж ярьсан байдаг.

Тэгэхээр сүр бараатай сүрлэг гээд байгаагийн учир нь энэ юм.

 

-ЗООТЕХНИКЧЭЭС ТЕАТРЫН ЗҮГ АЛХСАН НЭГЭН ЖАРАН-

                        Монголын урлагт зоотехникчээс эхэлсэн уран бүтээлч түүнээс өөр байхгүй. Огт өөр салбараас дуулах авьяас нь түүнийг урлаг руу хөтөлсөн байдаг. Хөдөө аж ахуйн техникумыг зоотехникч мэргэжлээр төгсөөд, ажиллаж байсан түүнд Завхан аймагт Хөгжимт драмын театр байгуулагдах болсноор уран бүтээлч болох саналын бичиг иржээ. Тус бичигт “Завхан аймгийн Шилүүстэй сумын боловсон хүчин Ж.Пүрэвдоржийн  Соёлын хэлтэст шилжүүл” гэсэн байж л дээ. Нэг ёсондоо урилга авч, уран бүтээлийн гараагаа эхэлсэн байгаа юм. Урлаг гэх том салбарт урилгатай орж ирэх хувь тохиол ч ховор шүү дээ. 

         Аймгийнхаа театрт ажиллаж байсан түүний дараагийн татах хаалга Улсын драмын эрдмийн театр гэх айл байж.Орон нутгаар явж, авьяастнуудын эрэлд гардаг өнөө алдарт уран бүтээлчдийн комиссынхон Завхан аймгийн Хөгжимт драмын театрт очиж л дээ. Тухайн үед “Говийн зэрэглээ” киноны Арслан буюу агсан Г.Доржсамбуу найруулагч тэргүүтэй уран бүтээлчид явж байжээ. Тэрбээр Ж.Пүрэвдорж жүжигчнийг “Учиртай гурван толгой” жүжгийн Балганы дүрээр шалгаруулж, театрт орох урилга өгснөөр Улаанбаатар хотын улаан театрыг зорих болсон байдаг.

Дэлхийн болон Монголын сонгодог жүжгийн гол болон туслах дүрийг авч, тайзнаа амилуулах уран бүтээлчийн гараа эндээс л эхэлж.

                              Тэгээд л тайзнаа “Наран гиймэл улиастай” -н цэрэг, “Батлан даагч” жүжгийн Хүрлээ, “Сүүлчийн үдэлт”-ийн Жамъян, “Буцаж ирээгүйн учир” жүжгийн Антон, “Танд ямар хамаа байна” жүжгийн Саруул, “Хилэнгийн дөл”-ийн Тахар, “Шинэ байшин” жүжгийн Залдан, “Макбет” жүжгийн Ментил, “Ромео Жульетта” жүжгийн Петро, “Тамгагүй төр” жүжгийн Зар мэдээч, “Цахлай” жүжгийн Дорн, “Саран хөхөө” жүжгийн Гарам-Од”, “Амьгүй албат” жүжгийн Сэлбээн, “Тэнгэрийн хүү” жүжгийн Их зайран, “Оролмаа эх” жүжгийн Цамба зэрэг 90 гаруй жүжиг, 60 гаруй дэлгэцийн бүтээлд тогложээ. Бөгтийхдөө бөхийж, бүртийхдээ бүртийж, үхэхдээ үхэж, сэхэхдээ сэхэж, уйлахдаа уйлж, инээхдээ инээсэн тайзан дээр өнгөрүүлсэн 40 жил, арга зальхай, хал үзсэн, долигнуур, ширүүн дориун, зэвүүн, жихүүцэм эсрэг дүрд тоглосон арав гаруй жил гээд амьдралынхаа нэгэн жарны хөдөлмөрийг урлагт “уяж” тэр. Одоо ч уран бүтээлийн зам нь үргэлжилсээр байгаа.

-САХАЛТАЙ ХӨХ УУЛ-

             Өдгөө түүний дүр байдлыг харахаар урлагт сүндэрлэсэн сүрлэг хөх уулсын эгнээнд суудал эзэлсэн сахалтай "хөх уул" гэмээр харагдана. Дүнхийж, хүнхийн орших уул шиг л. Олон ч дүртэй уул. Нэг харвал Дамба, дахин харвал Даш, байж байгаад харвал Дайр Үйсэн, өнжөөд харвал Балган, өдрөөр харвал Сорхон шар. За тэгээд юу л бол юунд ч хувирч харагдана. Гэхдээ хэзээ ч арилашгүй ганцхан дүр нь живэр сахал, жартгар нүд, өтгөн хөмсөг, урт сахалтай түүний өөрийн дүр л юм даа. Хүмүүст түүнд өдий хүртэл яагаад гавьяат цол олгодоггүйг гайхдаг. Зарим нь зургийг нь тавиад, бичих нь ч бий. Гэхдээ тэр энгэртээ зүүх гавьяатаас илүү эрхэм үзэгчдийнхээ хайр талархалд дүүрэн явдаг юм билээ. Уран бүтээлчийнхээ хувьд үзэгчдээс ирэх хайр, талархлыг л дааж явахыг хичээдэг гэсэн. Бүр Дамбыг үзэн ядаж, Дашийг өмөөрч, өрөвдөж, Балганыг муухайгаар хэлэх нь ч үзэгчдээс ирж байгаа шагнал гэсэн. Энэ бол Сахал Пүүжээ, урлагт сүндэрлэх том уулсын сахалтай "хөх уул" нь.


Дундаршгүй авьяас, дүүрэн сэтгэлтэй сахал Пүүжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-06 12:34:35
    Зочин: Маш мундаг жүжигчин, цул авьяас мэдрэмж. Яагаад өнөөг хүртэл энэ хүний их авьяасыг дутуу үнэлээд байна вэ, хажууд нь гавих зүйлгүй хүмүүс гавьяат болчихсон байхийн. Туулай жилийн цагаан сараар төрдөө үнэлүүлээрэй Пүүжээ ахаа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188