• Өнөөдөр 2023-03-22

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ш.ӨЛЗИЙБАЯР: БИ ҮНДЭСНИЙ ТОМ БҮТЭЭЛ ТУУРВИХАД ЗОРИУЛАГДСАН ХҮН

2023-01-25,   675

            Монголын орчин цагийн сод хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяртай ярилцлаа.

-ҮНЭХЭЭР ШИЛДЭГ НЬ БАЙСАН УУ, ҮГҮЙ ЮҮ ГЭДГИЙГ ЦАГ ХУГАЦАА Л ХАРУУЛДАГ-

 -Ковидын хөл хорио, түүнийг залгасан урт удаан нам гүм дунд та олон улсын цөөнгүй тэмцээн, уралдаанаас тэргүүн, дэд байрын шагнал авсан. Энэ тухайгаас яриагаа эхлэх үү?

              -Дэлхий дахинаараа хоёр жил гаруй хугацаанд нам гүм байсан хүн төрөлхтөн өнгөрсөн зургадугаар сараас л хөл хөдөлгөөнд орцгоох шиг боллоо. 2021, 2022 оны эхний хагас жил миний хувьд амжилт, бүтээлээр дүүрэн байлаа. Финляндад болдог олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд тэргүүн байр, “Морин хуур” оны шилдэг шалгаруулах уралдаанд мөн тэргүүн байр эзэлж, хошой тэргүүн шагналтан болсон. Энэ оны гуравдугаар сард “Мөнгөн мод” шагналын эзэн, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсны нэрэмжит бүтээлийн уралдаанд тэргүүн байр гээд харьцангуй бүтээлч мөртлөө түүнийхээ үр дүнг үзсэн хоёр жил боллоо.

-Шагнал хүртэх тусам илүү сайн, том хөгжим бичих гэж улайрч байна уу, гайгүй юу?

               -Өөртөө тавих хариуцлага, сахилга бат маань өндөрсөж байгаа л хэрэг юм даа. Уралдаан бол уралдаан л байдаг. Үнэхээр шилдэг нь байсан уу, үгүй юү гэдгийг цаг хугацаа л харуулдаг. Үнэхээр шилдэг нь байсан бол он цагт хуучралгүй дуулагдаж, эгшиглэсээр байна. Миний хувьд уралдаануудад зорьж, зорилгоо болгоод байдаггүй. Өөрөөр хэлбэл, уралдаанд зориулж уран бүтээл хийдэггүй гэсэн үг. Би ямар нэг болзолтой юм хийх дургүй. Замнал нь урт биш байдаг.

 -Тэгвэл хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын зорилго юу юм бэ?

           -Үндэсний хэмжээний том бүтээл хийх мөрөөдөл бол байдаг.  Жишээ нь, үндэсний хэмжээний сайхан дуурь эсвэл балет бүтээх шаардлага ч байна, хүсэл ч байна. Гол нь багийн ажиллагаа шүү дээ. Багаараа ийм сайхан бүтээлтэй болчихоод гадаад, дотоодын жуулчид, үзэгчдэд өргөн бүрэлдэхүүнээр тавих нь цаг үеийн дуудлага, шаардлага болоод байна. Соёлын яамтай болсон учраас иймэрхүү томоохон бүтээлүүдийг бий болгох, шилдгүүдийг нь шилж үлдээх боломжоор хангах хэрэгтэй юм. Ийм зүйл рүү Соёлын яамныхан маань анхаарч, төвлөрөх байх аа.
-Хөгжмийн зохиолчдын зүгээс үндэсний бахархал болсон шинэ бүтээлтэй болох тухай санал гаргасан уу?
           -Бодлогоор хөгжмийн зохиолчдод даалгавар өгч, шилдгүүдийг бий болгох хэрэгтэй л дээ. Ингэж байж Монгол үндэсний урын сан баяжихаас гадна энэ цаг үеийн шилдэг бүтээлүүд төрөх учиртай юм.

-ХОС “МОРЬ”-ТОЙ ДЭЛХИЙН ХҮН БОЛОХ ЭХЛЭЛ-

       Бидний яриа ийн үргэлжилж байгаад түүнийг өөр бусад мэргэжил байсаар байхад яагаад заавал төгөлдөр хуурч, морин хуурч болсон тухай дурсамж руу орсон юм. Хэдийгээр түүнээс өөр бусад хэвлэл, сэтгүүлчид энэ тухай нь давтан давтан асуудаг ч түүний туулсан зам мөрийн баримт, дурсамж нэг л болохоор “Би бага нас, морин хуур тоглодог байсан тухайгаа нэлээд ярьсан даа. Гэхдээ танай сэтгүүлийн уншигчдад зориулаад арай өөрөөр ярихыг хичээе” гээд инээмсэглэлээ. Тэгээд “Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй л дээ. Аав, ээж хоёр минь боловсролын салбарт насаараа нэр төртэй ажилласан мундаг багш нар. Ах нар маань огт өөр салбарынх. Би л харин “Тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг гэр бүлийнхнээсээ ганцаараа хөгжмийн хүн.

      Багадаа хүн ирэхээр л сандал дээр гарч зогсоод “Дуу дуулж өгье”, “Шүлэг уншиж өгье” гээд байдаг байсан гэсэн. Аав үүнийг маань анзаарч байгаад зургадугаар ангид орох жил морин хуурын дугуйланд намайг оруулсан. Хүүгийнхээ хүсэл, мөрөөдлийг сайн мэдэрч, урлагийн замд хөтөлсөн гэсэн үг шүү дээ. Тухайн үед морин хуур тоглодог хүн цөөн байсан. Намайг аймгийнхан маань “Морин хуурын Өлзийбаяр” гэж ярьдаг болтол нь би хичээсэн, тоглосон гэсэн үг. Хаа ч явсан морин хуураа тоглоод л явна. Ингэж яваад Улаанбаатарт Соёлын коллежид суралцаж байгаад Улаан-Үүдэд баянхуурын ангид нэг жил сурсан. Дараа нь СУИС-д концертмейстерийн ангид нэг жил суралцаж байтал Засгийн газрын тэтгэлгээр Москвад Соёл Урлагийн их Сургуульд, дараа нь Гнесиний Хөгжмийн академид сурах боломж гарч, тэнд хөгжмийн урлаг гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч, нухлуулсан даа. Оросын хөгжмийн дэг сургуулилалт гэдэг хүнийг сайн “чанаж” өгдөгт бүгд санал нийлэх байх. Өөрөөр хэлбэл, морин хуураараа явах гэж байсан хүү баянхуурч, концертмейстер болоод сүүлдээ Орост хөгжмийн зохиолчоор сурсан хэрэг. Ингэж л хөгжмийн зохиолч хэмээх том алдарыг хүртэх болсон доо. Ер нь товчхондоо ийм сайхан түүхтэй. Яг чанагдаж, шантарч, унаж, босож явсан өдрүүдийн мэдрэмж, дурсамжууд бол тухайн он цагтаа намайг бүтээсэндээ “баярлаад” цээжинд минь байна. Ярьвал барагдахгүй их юм болно. Өөрөөр хэлбэл, хүн зорилго, мөрөөдөлдөө хүрэхэд янз янзын зам мөр туулдагтай л адил” гэсэн юм. Ингээд бид дээрх яриа руугаа эргэн орлоо.

-ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ БҮХНЭЭ ЗОРИУЛМААР БАЙНА-

 -Та дээр дан хөгжмийн олон сайхан концерт бичсэн гэсэн дээ. Цаашдын төлөвлөгөө юу вэ?

            -Хувьдаа бол дан хөгжмийн том хэмжээний цөөнгүй уран бүтээл хийчихлээ. Монголын мэргэжлийн хөгжмийн өмнө үүрч байгаа бидний хариуцлага юм л даа. Уран бүтээлч хэнд ч уран бүтээл хийх цаг хугацаа гэж байдаг. 10 жилийн дараа ямар ч болсон байх юм билээ. Тийм учраас л үндэсний хэмжээний томоохон, өв соёлын гэрч, баримт болж үлдэх бүтээл бүтээх юм сан гэж боддог. Хувь хүнийхээ хувьд хөгжөөд, бүтээлүүдээ зогсолтгүй хийгээд явж болно л доо. Гэхдээ мэргэжлийн хөгжмийн урлагт бие сэтгэлээ зориулж яваагийнх монголчуудын оюун санааны охийг шингээж, өрмийг нь хамсан бүтээл улсдаа бүтээж өгөхгүй юм бол мэргэжлийн уран бүтээлч, хөгжмийн зохиолч гэж яваад юу хийх вэ.

-Санаачлаад, бие даагаад хийхэд хөрөнгө, санхүүгээс эхлээд хэцүү юү. Зүгээр л мөрөөдлийнхөө төлөө, бас эх орныхоо урлагийн хөгжлийн төлөө?

           -Бүжгэн жүжиг, кино, дуурь ч юм уу багийн том хэмжээний сайхан зүйл санаачлаад, хийж болно. Нэг муу уран бүтээлч тэр том бүтэц бүрэлдэхүүнийг бүрдүүлэх, тэдэнд олгох цалин урамшуулал, хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсэг, найруулга, бэлтгэлийн зардлыг гаргаж чадахгүй л дээ. Энэ бол том хөрөнгө санхүү. Эргээд маш том хариуцлага бас үндэсний бахархал юм шүү дээ. Санхүүжилт гаргах хэмжээний хөрөнгөтэй хүнд бол асуудал биш байх. Надад хүсэл, чадал нь байна, хөрөнгө мөнгө нь алга. Өөр нэг зүйл нь, эх орныхоо өмнө, мэргэжлийн хөгжмийн урлагийн өмнө би том зүйл бодож, том зүйл бүтээх ёстой. Амттай байдаг байхгүй юу даа. Том бүтээл хийсэн хүмүүс л үүний амтыг мэднэ дээ.

      Түүнээс би хэд хэдэн удаа “Та сайн уран бүтээл гаргахын төлөө, энэ он цаг үндэсний бахархалт хөгжмийн ямар нэг бүтээлтэй үлдэх ёстой гэдэгт шатаж байх шиг байна. Төр засаг нь тоохгүй, бүр энэ тухай бодох ч үгүй, бодлого ч үгүй байхад яагаад ингэтэл яараад, адгаад байгаа юм бэ” гэж зориуд асуухад тэр бүрд “Тийм ээ, хамгийн түрүүнд хүмүүсийн сэтгэхүйд гэгээрэл, гэгээн зүйлийг урлагтай нь холбон үзүүлэх хэрэгтэй. Дээр нь Монгол Улсад мэргэжлийн хөгжмийн зохиолчид байгаа л юм бол мэргэжлийн хэмжээний том бүтээл хийх ёстой” хэмээн эрс шийдэмгий гэгч нь хариулсаар байсан билээ. Өөрөөр хэлбэл, тэр яах аргагүй үндэсний хэмжээний бахархал болох бүтээл туурвихын тулд л төрсөн хүн ажээ.

-ЕРӨӨСӨӨ Л ХАМГИЙН АШИГ, ОРЛОГОГҮЙ ХЭРНЭЭ НАДАД ХАМГИЙН ИХ ТААШААЛ ӨГЧ, НАМАЙГ ЖАРГААЖ, БАЯРЛУУЛЖ ЧАДДАГ ЗҮЙЛ НЬ ХӨГЖИМ-

       Үргэлжлүүлэн түүнээс “Сонголт бүрд золиос байдаг. Гэхдээ урлагт бүр илүү мэдрэгддэг шиг санагддаг. Амьжиргаагаа болгохын тулд урлагаа орхих тухай бодол төрж байв уу” гэсэнд,

             -Миний хувьд харьцангуй гайгүй. Учир нь, гэргий маань урлагийн амьдралыг ойлгодог, хайрладаг учраас надад илүү дутуу шаардлага огт тавьж байгаагүй. Аав, ээж минь хүүхдүүдийг минь өсгөөд, харалцаад өгч байгаа нь намайг бүх цаг хугацаагаа, өөрийн дуртай зүйлдээ, мэргэжилдээ бүрэн зориулахад туслаж байгаа хэрэг. Харин миний таних маш сайн уран бүтээлч болох байсан хэд хэдэн хүн амьдралын шаардлагаар, яг өөрийн тань асуусан шиг амьжиргаагаа болгох гээд огт өөр салбарт хүч үзээд, урлагаа орхисон тохиолдол мэднэ. Гарах байсан сайхан бүтээлийнх нь хувьд харамсалтай ч тэр хүний сонголт өөртөө зөв шүү дээ.

-Та бичсэн хөгжмүүдээсээ алийг нь хамгийн их тоож байна вэ?

               -Хүний сурсан бүхэн ямар нэг байдлаар учрал, ерөөл болж байдаг юм байна гэж боддог. Анх морин хуур эзэмшсэн. Гэхдээ хөгжмийн зохиолч болно гээд төгөлдөр хууртай нөхөрлөөд, морин хуураа хэсэг хаясан л даа. Гэтэл би морин хуурын бүрэн хэмжээний таван концерт биччихээд байна. Тэднийгээ би их тоодог. Олон улсад бол миний хэд хэдэн төгөлдөр хуурын концерт болон бусад бүтээлүүд үнэлэгдээд байна. Олон улсад ийн үнэлэгдэж, зургаан уралдаанд тэргүүн болон дэд байрууд эзлээд байгаа. Нэрийн хуудас болсон бүтээлүүдэд маань морин хуур, найрал хөгжимд зориулсан I, II, III, Y концерт, төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан “Вариаци токката”, төгөлдөр хуурт зориулсан “Рапсоди” зэрэг бүтээлүүд минь зүй ёсоор орно. Мөн төгөлдөр хуурын концертоо нэрлэнэ. Ер нь би ардын хөгжмийн бүх зэмсэгт зориулаад концерт бичээд байгаа л даа. Миний хувьд үеийнхнээсээ харьцангуй хожуу хөгжим бичиж эхэлсэн дээ. Яагаад гэхээр би сургуулиа төгсөж ирээд багшилсан, зарим ресторан, бааранд төгөлдөр хуур тоглодог байлаа, мөн хамтлаг гэж хэсэг явсан. Гэхдээ надад ер таалагдахгүй, миний хийх ажил биш гэдэг нь мэдэгдээд байсан. Түр хугацаанд таашаал өгч байгаа ч цаанаасаа нэг л биш, цагийг дэмий үрж байгаа юм шиг санагддаг байлаа. Тэгээд хөгжмийн бүтээл оролдоод суухад “Энэ л миний хийх ажил мөн юм байна” гэж бодогдтол ямар их баяр жаргалыг мэдэрсэн бэ. Тэр цагаас л хөгжмийн зохиол бичих ажилдаа өөрийгөө бүрэн зориулж эхэлсэн дээ. Хэрвээ би эдийн засаг, мөнгө хөөсөн бол зөвхөн дуу зохиогоод эсвэл хөгжим найруулаад, бүр баар ресторанд байнгын тоглолт хийгээд яваад байж болох л байсан. Ерөөсөө л хамгийн ашиг, орлого багатай ч надад хамгийн их таашаал өгч байсан, намайг жаргааж, баярлуулж, зөв юмаа хийж байгаагаа мэдэрч, хэний ч албадлагагүйгээр хар аяндаа хийсэн ажил минь энэ юм шүү дээ. Гадаадад бол хөгжмийн зохиолч хүн маш өндөр орлогтой, хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлдэг хүмүүс байдаг.

Хүн бүхэнд өөрийн хувь тавилан, зориулалт гэж байдаг. Миний зориулалт бол хөгжмийн том хэмжээний бүтээлүүдийг бичих, мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах.Өөрийгөө олно гэж энийг хэлдэг байх. Би өөрийгөө олсон гэсэн үг юм даа.

-Та бүтээл бичиж дуусаад өндийхдөө ямар мэдрэмж авдаг вэ?

            -Бүтээлээ дуусгаж байгаа мэдрэмжийн төлөө л би амьдарч байгаа юм шиг, тэр мэдрэмжээр л амьд байгаа юм шиг, бүр нэг хэд хоног жаргаж байгаа юм. Хүний амсаж болох ямар таашаал байна тэрийг л мэдэрч байгаа юм даа. Хүний дотор юу байдаг юм бэ, сүнс л байгаа биз дээ. Бүр сүнсэн бие баясаж байгааг мэдрэх шиг сайхан юм хаа байна. Гэхдээ тэр их ховор л доо, үнэхээр сайн бүтээл аяндаа тийм мэдрэмж өгдөг гэж итгэдэг.

-Өөрийгөө хэрхэн урамшуулж, хурцалдаг вэ?

       -Нэг бүтээл нь сайн болох, амжилтад хүрэхэд уран бүтээлч өөрөө шатна гэж нэг зүйл байдаг. Унтаад сэрсэн ч, өөр ямар ч зүйл хийсэн өнөөх нь л бодогдоод байдаг тал бий. Бүтээлээ бүрэн дуусгатал тэр шаталт улам л ноцно уу гэхээс багасахгүй. Дууссаны дараа бол ёстой нэг тайвширч, сайхан болж байгаа юм. Өмөөрч хэлэхэд, шатаж байж, бүр түүгээрээ амьсгалж, эд эсээрээ хүсэж, тэмүүлж байж сайн бүтээл төрдөг. Нөгөө талаар өөрийгөө шахаж, хариуцлагажуулж байгаа уран бүтээлчийн арга юм даа. Ингэхгүйгээр төрдөг сайн бүтээл ховор шүү. Ачааллаа даах гэж нэг чухал юм байна. Зөв зохицуулах л хэрэгтэй. Тэгэхгүй бол ядарна, эрүүл мэндээ муутгана, бүр шал буруу юм хийгээд явчих ч талтай. Авьяасаас гадна их юм шаардана шүү, уран бүтээлч байхад.

 -Бүтээлийн санаагаа ихэвчлэн юунаас олдог вэ?

            -Төгөлдөр хуурынхаа дэргэд л надад сайхан санаа, шинэ бодол, огт өөр мэдрэмж төрдөг дөө. Хааяа үүрээр сэрэхэд, заримдаа машинд, энд тэнд явж байхад эрхгүй орж ирнэ. Одоо тэгээд утас гэж амар юм бий болчихоод шууд аялаад, хураагаад авчихаж болдог болсон. Дээр үед бол ноот энд тэндээ бичих байсан байх. Ер нь л сайн бүтээл болгон минь төгөлдөр хуурын тусламжтайгаар л төрсөн дөө.

-БИ ОЛОН УЛСЫН НЭР ХҮНД БҮХИЙ УРАЛДААНУУДААС ЗУРГААН УДААГИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ. ОДООГООР УЛСААС ЯМАР НЭГ БАЯР ХҮРГЭСЭН, УРАМШУУЛСАН ЮМ АЛГА-

-Та анх олон улсын тайзнаа хэрхэн бүтээлээ тоглож, толилуулж байв. Анхны оролцсон олон улсын тэмцээнийнхээ түүхээс хуваалцаач?

           -Москвад Геннадий Чернов гэж 80 нас гарсан миний хөгжмийн зохиомжийн багш бий. Тэр багш маань надад “Италид болж байгаа олон улсын уралдаанд төгөлдөр хуурын найрал хөгжмийн бүтээлээ явуулаадхаач” гэсэн. Тэгээд явуултал гуравдугаар байр эзэлсэн. Уралдааны ерөнхий шүүгч нь алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконе. Тэндээс би маш их урам авсан. Түүнээс хойш олон улсад Монгол хөгжмөө таниулъя, мэдүүлье гэсэн зорилго тавьж ирсэн. Тэгээд л олон улсын уралдаануудад бүтээлүүдээ сойж эхэлсэн. Одоогоор зургаан том шагнал хүртээд байна.

-Монголоос хөгжмийн зохиолч олон улсын шагнал хүртсэн анхны тохиолдол бил үү?

               -Тийм байх, гаднын уралдаан, тэмцээнд уран бүтээлчид оролцож байснаас хөгжмийн зохиолч хүн Монголоос оролцож байгаагүй юм билээ. Нэг явдал ярихад, манайд хөгжмийн зохиолч олон улсын шагнал хүртэж байсан тохиолдол байхгүй болохоор улсаас яаж урамшуулахаа мэддэггүй. Урамшуулах гэхээр Засгийн газрын тогтоолд хөгжмийн зохиолчийн нэг ч уралдааны нэр байдаггүй. Тогтоолгүй болохоор яам, улсаас шагнаж болдоггүй. Тухайн үед миний асуудал томоор босож байсан л даа. Тэгээд 2010 онд тухайн үеийн Соёл урлагийн хорооны түшмэл надад Засгийн газрын тогтоолоор урамшуулал олгох 10-аад хуудас товхимол үзүүлсэн л дээ. Гэтэл түүний найман хуудас нь спортын уралдаан, тэмцээн байсан. Үлдсэн хоёр хуудас нь цирк, дуулаачийн уралдааны нэрс байсан. Өөрөөр хэлбэл хөгжмийн зохиолчийн нэг ч уралдаан тэр тогтоолд нь байхгүй байсан. Тэгээд л өнгөрч байсан даа.

 -Тэгээд Засгийн газрын тогтоол гаргаагүй юм уу?

       -Одоо ч гаргаагүй. 2010 оноос хойш гээд бодохоор хүний амьдралын бүтэн нэг үе өнгөрсөн байна. Дуулаачийн томоохон уралдаанд шагналт байр эзэлсэн болон түрүүлсэн бол тодорхой хэмжээний урамшуулал олгох Засгийн газрын тогтоол бол байсан. Өсвөрийн хөгжимчдийн, циркчдийн уралдаануудын тогтоол байсан. Би өөрийгөө яриад байгаа юм биш. Цаашид олон улсын уралдаан, тэмцээнүүд залуу уран бүтээлчдийг дэмжихэд ихэнхи нь чиглэсэн байдаг учраас одоо манай залуучууд, хүүхдүүд энэ уралдаануудад их орно. Энэ үүднээс л энийг ярьчихлаа.

-Хэрвээ урамшуулал авсан бол?

       -Мэдэхгүй байна. Гэхдээ өнгөрсөн жилийн Финляндын олон улсын уралдааныг олимптой зүйрлэнэ. Уран бүтээлч хүнд ямар том урамшуулал, хүч болох вэ. Бүр зургаан удаа биш юм аа гэхэд нэг удаагийнхыг нь л олгоход хөгжмийн урлагийнханд ямар гоё зөв жишиг, хүсэл эрмэлзлэл төрүүлэх байв аа. Гэтэл хэн нэг бөх аймгийн наадамд түрүүлэхэд л хэдэн өрөө байр, хэчнээн машин гээд л шагналууд нь явж өгч байгааг бид харж л байна.

-Тийм шүү, харамсалтай санагдчихлаа.

        -Зүгээр ээ, би улсынхаа түүхэнд олон улсын хөгжмийн зохиолчдын дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн, дэд, гутгаар байр эзэлсэн анхны монгол хөгжмийн зохиолч гээд бичигдэх хүн. Уг нь бол цөөхүүлээ шүү дээ, бид чинь. Цөөхүүлээ учраас бид оюун санааны бүтээл, дархлаагаараа л дэлхийд дархлагдана, манлайлна шүү дээ.

-Энэ нийгэмд таны санааг зовоож буй нэг зүйлийг товчхон дурдвал?

           -Монголчуудад соён гэгээрэл их дутагдаж байна даа. Хамгийн наад захын жишээ гэхэд өөрт нь ямар ч хамаагүй нэг хүний мэдээллийн дорх 10 сэтгэгдлийн бараг найм нь зүхэж, хараасан сэтгэгдэл байдаг болж. Энэ бол мунхагийн харанхуй Монголчуудыг бүрхэж байгаагийн эхний жишээ гэж бодож, харамсаж, гонсойж явдаг. Ийм нийгэмд хүүхдүүд минь өсөж, ийм хүмүүстэй нөхөрлөнө гэж бодох гунигтай байдаг. Миний чадах зүйл сайн бүтээл, сайхан хөгжим бичиж, хүмүүсийн сонсох хийгээд бодох оюун санаанд чадлынхаа хэрээр нөлөөлөх, буруу хандлагыг нь өөрчлөх. Монголд оюун санааны хөтөч, түүчээлэгчид үнэхээр үгүйлэгдэж байна. Жишээ нь, үндэсний дархлааг хадгалах, илэрхийлэх хэмжээний дуурийн, киноны, жүжгийн мэргэшсэн зохиолч манайд алга. Сайн зохиолчийн сайн бүтээл, хөгжмийн зохиолчийг, ер нь бүгдийг хөтлөөд аваад явчихдаг юм. Тийм хэмжээний цомнол зохиол манайд үгүйлэгдэж байна даа.

 -Хөгжим бичих тухайд?

           -Миний хувьд хамгийн чухал, хамгийн үнэт цаг хугацаагаа хөгжимдөө л зориулдаг даа. Тархиныхаа сэргэг, тунгалаг, мэдрэмжийг хөгжимдөө бүтэн зориулахыг хичээж ажилладаг. Хөгжим бичих, өөрийгөө хөглөхөд өглөө хамгийн үр дүнтэй байдаг. Хөгжим бичнэ гэдэг чинь дадлага шүү дээ. Тамирчин нэг тэмцээнд орохын тулд хэчнээн их бэлтгэл хийдэг билээ. Яг түүн шиг л бид маш их хөдөлмөрлөнө шүү дээ. “Манай энэ авьяастай юм, тэгж байгаад нэг юм биччих байх өө” гэсэн яриа ер байхаа больсон. Одоо бол хөдөлмөрлөж байгаа хүнийг л хүндэлдэг, урамшуулдаг, мэдэрдэг болсон. Японы “Хамгийн их хурд бол өдөр болгон бага багаар” гэсэн зүйр үг байна шүү дээ.

       Төгсгөлд нь би түүнээс “Хүүхдүүдээс нь таны авьяасыг өвлөсөн байна уу” гэхэд “Миний гэргийг Долгормаа гэдэг. Урлагийн хүн болохоор харилцан бие биенээ ойлгоод, дэмжээд явж ирлээ дээ. Бид дөрвөн сайхан хүүхэдтэй. Одоогоор хүүхдүүдээс яг урлагийн хүн болно гэсэн хүн тодроогүй л байна. Бусдын л адил дуулж, бүжиглэж байгаа ч дуулж, бүжиглэсэн бүхэн урлагийн хүн болохгүй шүү дээ. Үнэхээр авьяастай, гоц л байхгүй бол урлагаар явуулах шаардлагагүй. Урлаг гэдэг уйгагүй хөдөлмөрөөс гадна авьяас, өгөгдөл шаардана. Сайхны хувьд маш сайхан, юутай ч зүйрлэшгүй ертөнц. Гол нь авьяасгүй бол хатуу салбар” гэлээ.


ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ш.ӨЛЗИЙБАЯР: БИ ҮНДЭСНИЙ ТОМ БҮТЭЭЛ ТУУРВИХАД ЗОРИУЛАГДСАН ХҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-29 23:09:43
    Бат: Амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-23 10:11:57
    Иргэн: Сайхан ярилцлага шагнал урамшуулалыг бярдаж авах цаг удахгүй ирнэ. Танд баярлалаа. Шагнал авсан хөгжмийнхөө бичлэгийг хүмүүст үзүүлээч.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188