• Өнөөдөр 2024-04-20

А.БАЙГАЛМАА: ШҮЛЭГ БИЧИХ БОЛСОН МИНЬ БУРХНААС ӨГСӨН НАНДИН БЭЛЭГ ГЭЖ ЭРХЭМЛЭДЭГ

2023-01-29,   5082

       Монголын яруу найрагчид хийгээд уншигч түмний дунд “Хамгийн зөөлөн ай” хэмээн хүндлэгдэж, сэтгэлд эшиглэсэн олон уран бүтээлийг туурвисан эрхэм эмэгтэй бол МЗЭ-ийн шагналт яруу найрагч Анандын Байгалмаа юм. Тэрбээр дорнын их яруу найрагч О.Дашбалбарын оюун санааны шавь бөгөөд “Гэгээн бурханы ариун өглөг хүртсэн бүсгүй” хэмээн номын өмнөтгөлөө гарчиглуулж байсан түүхтэй нэгэн. Тиймдээ ч бурханаас түүнд өгөгдсөн өгөгдөл, хувь заяагаараа  

“Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй

Ятгын утас тасраад байх юм аа

Явлаа гэж олон битгий хэлээрэй

Яруухан урсгал татраад байх юм аа” хэмээн шүлэглэж, ард түмний зүрх сэтгэлийг уран бүтээлээрээ сүлж байлаа. Түүнээс гадна “Санасан шүү чамайгаа” “Эвийн хоёр хайр” тэргүүтэй шүлэг, уран бүтээлээ ном, цомогт мөнхөлж үлдээсэн байдаг. Харин өдгөө Дорноговь аймгийнхаа уншигч, сэтгэгчдийг номын их өргөөндөө залж, эрдэм, соёлын ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй түүнтэй бид ярилцсанаа уншигч танд хүргэж байна. 

ЭЭЖ МИНЬ МАЛД ЯВАХДАА НАМАЙГ ТЭМЭЭН ДЭЭР СУНДЛАН УРДАА СУУЛГААД, МИНИЙ НУРУУН ДЭЭР НОМ ТАВЬЖ УНШДАГ БАЙЛАА

-Монголын ард түмэн одоо ч ам дамжин аялж буй таны шүлгээр бүтсэн сайхан уран бүтээл олон бий. Тухайлбал, 20 жилийн өмнө “Санасан шүү чамайгаа” хэмээх таны уран бүтээлд МУАЖ А.Энхтайван ая хийснээр бүтэж байсан түүхтэй юм билээ. Энэ бүтээлийн шүлгийн санаа хэрхэн төрж байсан бол?

       -Хэн нэгнийг санаж үзээгүй хүн байдаг юм уу. Санах гэдэг сэтгэлийн хамгийн гэгээн мэдрэмж бас шаналал.  Уран бүтээлч хүний бүтээл бүхэн бусдад зориулсан байдаг. Таалан болгоож буй бүхэн өөрийнхөө сэтгэлийн элчийг үүгээр дамжуулан бусдад хүргэсэн байх гэж бодож байна. 

-“Санасан шүү чамайгаа”, “Явлаа гэж чанга битгий хэлээрэй”, “Эвийн хоёр хайр” гээд таны уран бүтээл их өвөрмөц байхаас гадна хүний санаанд шууд тусдаг. Эдгээр бүтээл цөм өөрийн гэсэн түүхтэй болов уу. Магад залуугийн тань хайр сэтгэлийн үеэс урган гарсан байх? 

       -“Явлаа гэж чанга битгий хэлээрэй” дууг хүмүүс олон талаас нь хүлээн авсан байдаг юм билээ. Ер нь л салах хагацахын торгон мэдрэмжийг өгүүлсэн гэх үү дээ. Дан хайр сэтгэл гэдэг нэг өнцгөөс харах боломжгүй гэж би нийтэд түгсэн хойно нь анзаарч харсан. Харин "Эвийн хоёр хайр" бол аав, ээжийн тухай дуу шүү дээ.

-Таны сонсогчдоос уран бүтээлийн тань тухай талархал олон ирж байсан байх даа. Тэр үед хэрхэн хүлээж авдаг вэ?

       -“Санасан шүү чамайгаа” дууг хит болсны дараа хариу шүлэг гээд огт танихгүй хүнээс шуудангаар шүлэг ирж байлаа. Одоо тэр хариу шүлэг байхгүй  тэр хүнд ч хариу захидал бичээгүй өнгөрсөн юм. Харин “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” дууг байнга сонсдог нэгэн хүн таарч багагүй сандаргаж бас айлгасан түүх бий. Айлгасан гэдэг нь намайг багалзуурдаад авсан юм. Мөн нэг өвчтөй хүн би явах учиргүй гэж энэ дууг байнга сонссоор байгаад босоод ирсэн тухай ам дамжуулан сонссон. Энэ мэт сонин дурсамжууд гарч л байсан. Хүний амьдрал, уран бүтээлч бүрийн л сонсдог талархлыг хүртэж ирсэн. 

-Ер нь яагаад шүлэг, яруу найраг  бичих болсон юм бэ. Энэ авьяас, мэдрэмж тань хаанаас эхлэлтэй вэ? 

       -Шүлэг бичих гэдэг нь төрөлхийн өгөгдөл гэж ойлгодог. Нэгэнт байгалиас заяасан зүйлийг арчилж тордох уу, хаях уу гэдэг өөрөөс нь шалтгаалах байх. Миний хувьд бурхнаас өгсөн нандин бэлэг гэж эрхэмлэдэг. 

-Та утга зохиолын тухай болон дорнын ухааны талаар О.Дашбалбар гуайгаас чамгүй сургааль сонсож байсан гэдэг. О.Дашбалбар найрагч ямар зан чанартай хүн байсан бэ. Та найрагчаас нь юу сурч, өөртөө авсан гэж боддог вэ? 

       -Багш бидэнд дэлхийн уран зохиол заадаг байлаа. Миний анхны номын хөтөч үгийг бичиж өгсөн. “Та нарын шүлэг гэж юу байдаг юм” гэж загнадаг байсан болохоор их л айж номын эхээ өгч байж билээ. Гэтэл нэг өдөр “Гэгээн бурхны ариун өглөг хүртсэн бүсгүй” гэсэн гарчигтайгаар надад миний номын өмнөтгөлийг бичиж өгсөн юм. Багш уран зохиол заахаас гадна ертөнцийн мөнх бус болоод үйлийн үрийн тухай сургадаг байлаа. Өнгөц харахад догшин ширүүн юм шиг боловч дотор сэтгэл нь бурханлаг зөөлөн хүн байсан. Намайг “Хэтэрхий чимээгүй битгий суугаад байгаарай, бүтээлээ хүмүүст бас таниулах хэрэгтэй шүү” гэж захиж байсан. Харин бурхан болсон хойноо хоёр удаа их л өвөрмөц зүүдэнд ирсэн. Энэ тухай яриад яах вэ. Зүүд шүү дээ.

УРАН БҮТЭЭЛЧ ХҮН ИЛҮҮ ЭМЗЭГ БАЙХ ГЭВЧ ТҮҮНИЙГЭЭ БҮТЭЭЛЭЭРЭЭ ИЛЭРХИЙЛЭН ГАРГАЖ ЧАДДАГААРАА БУСДААС ДАВУУ ТАЛТАЙ. ЭНЭ НЬ ҮНЭХЭЭР ХУВЬ ЗАЯАНЫ ИЛҮҮРХЭЛ, БУРХАНААС ӨГСӨН ЭРХ МЭДЭЛ ЮМ ДАА

-Та өөрийнхөө бүтээлийг болоод өөрийгөө юу гэж оноодог бол. Хүн бүрт хөтлөгч нэг зүйл бий дээ. Таны ийм зөөлөн байх учир чухам юу вэ?

       -Зовлон хүнийг зөөллөдөг. Багаасаа л хагацахын зовлонг олон үзэж зүрх, сэтгэлээ жиндүүллээ. Өвөө, эмээ, дүү нар, ээж, аав гээд л хайртай бүхнээсээ саллаа. Хүний хөтөч бол амьдрал. Шүлэг бичих болсон минь бурхны өглөг юм гэж боддог. Зовох үед түшиг, жаргах үед ташуур минь болдог. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тиймээс оюун санааны эмчилгээ тэжээл илүүтэй чухал.

-Яруу найрагт дурлахад аав, ээж нь басхүү нөлөөлсөн үү? 

       -Мэдээж, нөлөөлсөн. Манай аав, ээж малчин хүмүүс л дээ. Аав, ээж ном их уншдаг учраас гэртээ жижигхэн номын шүүгээтэй байсан. Харин ээж том найраглалуудыг цээжээр мэддэг. Түүнийгээ намайг бичиг үсэг сураагүй байхад цээжлүүлдэг байсан. Тиймээс би өөрөө хурдан уншиж сураад олон гоё шүлэг унших хүсэл төрж байлаа. Ээж минь малд явахдаа намайг тэмээн дээр сундлан урдаа суулгаад миний нуруун дээр ном тавьж уншиж явдаг байсан. Заримдаа нуруу өвдөөд байна би гэдийе гэж гуйдаг байснаа санадаг юм. Ээж минь надад “Буурал ээж” “Хүрэн морь” зэрэг найраглалыг сургуульд орохоос өмнө цээжлүүлсэн байсан.

-Дууны шүлэг, яруу найраг хоёр өөр гэдэг. Гэхдээ аль аль нь эмзэглэл, мэдрэмж шаарддаг гэлцдэг. Таны хувьд аль нь бол. Үнэхээр өөр үү, ижил үү?

        -Дээрх шүлгүүдийг дуунд зориулж бичээгүй ээ. Дууны шүлэг нь хэмнэлтэй бараг өөрөө аялгуутайгаа байдаг байх. Дуунд зориулж бичсэн шүлэг ч байгаа. Бичсэн шүлэг бүр ижилгүй. Дуу болох ямар ч боломжгүй шүлэгнүүд ч байдаг. Шүлэг бүхэн л эмзэглэл мэдрэмжээс төрдөг.

Багш минь бүтээлдээ сэтгэл ханасан үедээ л мөхнө гэж хэлсэн

-Таниас анхны номыг нь асуухгүй өнгөрч болохгүй байх. Ялангуяа өөрийн тань мэдэрсэн, эмзэглэсэн, шаналсан бүхний богц бол яах аргагүй “Эрхсийн салхи” гэж боддог. Анхны номоо гардаж байсан үеийн баяр жаргалаас хуваалцахгүй юу?

       -Хүний анхны ном их олз баяр бас чамлал. Энд тэнд бичсэн хэдэн шүлэг минь нэр устай ном болоод гар дээр ирнэ гэдэг өвөрмөц содон мэдрэмж. Мэдээж цаашид олон шүлэг бичиж ертөнцийн өгөө авааны дэнсэнд унаж, босож хэрсүүжиж бичсэн уншсан бүхэн ахиц дэвшил байдаг. Тиймээс анхны ном гологдож эхлэх нь бий.

ӨЧНӨӨН УРАН БҮТЭЭЛЧ ИРЭЭД, ӨӨР ӨӨРИЙНХӨӨРӨӨ МЭДРЭЭД, БҮТЭЭЖ, ТУУРВИАД БУЦСАН ДЭЛХИЙД ОНЦГОЙРНО ГЭДЭГ БАРАГ Л...

-Анхны номоо бүтээж байх үеийн дурсамжаас хуваалцвал?

       -Анхны номоо гаргах гээд “Мөнгө яаж олох вэ” гэж VII ноён хутагтын Тахилч З.Алтангэрэл ахтай ярилцаж байсан юм.  Тэрээр “Хүнээс хандив хүс. Чи ямар хоолны мөнгө гуйж байгаа биш оюуны бүтээл бол олны юм” гэж зөвлөж билээ. Ингээд  байж байтал СГЗ Л.Одончимэд ах “Чи ном гаргах болоогүй юу” гэж асуусан. “Харин гаргах санаатай мөнгө алга” гэтэл “За бэлдээд ир харин би өмнөтгөл үгийг бичнэ” гэхэд нь “Үгүй ээ. Х.Цэрэндорж багшаар бичүүлнэ. Тэгээд ч О.Дашбалбар багшийн бичсэн зүйл ч байгаа” гэж гэдийгээд очоогүй. Тэр үед Л.Одончимэд ах УИХ-н гишүүн байсан юм. Тэр тухайгаа Х.Цэрэндорж багшдаа хэлтэл загнуулаад, гэвч тэр чигээрээ л явсан юм. Нэг өдөр Л.Одончимэд ах Хөөе чи яав хүрээд ир цөөн тоогоор хэвлүүлээд өгье. Этгээд гэдэг нь надаас өөр хэн чамайг гуйдаг юм гэж загнаад хэвлүүлж өгч байж билээ. Анхны номоо хэвлэлтээс аваад барьж тавиад л үүнийг би бичсэн юм байх даа ч гэж бодох шиг сонин мэдрэмж төрж байсан.  Хэдэн шүлэг маань оюун санаанаас урган төрж, бойжиж, биежээд өмнө минь ном болоод, түүнийг би хүмүүст түгээж сууна гэдэг үнэхээр сайхан баяр хөөр шүү дээ.

-Түүнээс хойш “Бурхан нуусан нүд”, “Тунамал өглөг” “Гэгээн сонор”, “Хайр нандин” зэрэг шүлгийн түүвэр, дууны цомгийг хүмүүс андахгүй шүү дээ. Энэ мөчид “Энэ л миний хамгийн сайн бүтээл боллоо” гэж бодсон үе бий юу. Нөгөө талаар бүтээлдээ ханаж байв уу?

      -Багш минь бүтээлдээ сэтгэл ханасан үедээ л мөхнө гэж хэлсэн. Тиймээс би арай болоогүй юм болов уу. Сайн бүтээл хийчихлээ одоо болсон гэж бодоогүй л байна. Уран бүтээлч хүний хүрэх оргил өндөр, хүсэл их. Өчнөөн уран бүтээлч ирээд өөр өөрийнхөөрөө мэдрээд, бүтээж туурвиад буцсан дэлхийд онцгойрно гэдэг бараг л...

-Амьдралын зовлон, жаргал найрагч хүнд хамгийн хүнд тусдаг гэдэг шүү дээ. Таны бүтээлд ч энэ тусгал, мэдрэмж бий болов уу?

       -Уран бүтээл нь амьдрал, хорвоо, дэлхийн өнгө долгионы тусгал тул  байлгүй яахав. Уран бүтээлч хүн илүү эмзэг байх гэвч түүнийгээ бүтээлээрээ илэрхийлэн гаргаж чаддагаараа бусдаас давуу талтай. Энэ нь үнэхээр хувь заяаны илүүрхэл бурхнаас өгсөн эрх мэдэл юм даа.

-Аливаа нэгэн бүтээл, юмыг хийсэн хүн өөрөө түүнийгээ төдийлөн тоодоггүй тал бий. Та уран бүтээлээ дараа нь харж суухад ямар нэг дүгнэлт, мэдрэмж төрж байсан удаа бий юу? 

       -Өөрийнхөө хувьд бол чамлалтай л санагддаг. Багш минь “Энэ хийж чадах ч бас хийхгүй хойрго хүн л дээ” гэж байж билээ. Үнэхээр хичээл зүтгэл гаргаж  өөрийгөө дайчлахгүй өчнөөн цаг хугацааг алдсан юм байна гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. 

 


А.БАЙГАЛМАА: ШҮЛЭГ БИЧИХ БОЛСОН МИНЬ БУРХНААС ӨГСӨН НАНДИН БЭЛЭГ ГЭЖ ЭРХЭМЛЭДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188