• Өнөөдөр 2024-04-24

МЭДРЭМЖЭЭ БҮТЭЭГЧ Ч.НАЙДАНДОРЖ

2023-01-18,   535

       Бүрх малгайгаа өмсөж, өнгийн ороолт ороогоод, хар шилээ зүүгээд суухаараа хачин этгээд дүр төрх. Гэвч тэр дүрд тоглоогүй. Ажлаа хийж суугаа нь л энэ. Гэнэт ингээд ийм имиж бүрдүүлсэн ч юм биш. Угаас тэр ийм л дүр төрх, өнгө бараатай, эрс шулуун үг, хурц хараа, гүн бодолтой найруулагч. Гартаа барьсан зохиол бүрээ дээлийн торго шиг нарийн эсгэж, эсгүүр бүхнээ эзэнд нь яг таг тааруулах шиг дүрээ нягт онооно. Дээл нь томдсон юм уу багадсан нь нэгээхэн ч үгүй мэт сонгосон уран бүтээлчид нь авсан дүрээ бодож, төлөвлөснийх нь дагуу гаргана. Ингэж л илүү ч үгүй, дутуу ч үгүй чинээнд нь тултал бодож, боловсруулж чаддаг найруулагч. Ерөөс кино, жүжгийн баг бүрэлдэхүүнийг нэг командаар удирдаж, атгаж, арааманд нь оруулж чаддаг чанга уран бүтээлч. Тиймдээ ч хэзээ ч сул, сулбагар, нялцгай, ир мохоо байгаагүй. Үргэлж л хал үзсэн цэрэг шиг цэгцтэй, зэрэгтэй, тэсвэртэй, тэнцвэртэй  байсаар чамбай бүтээлүүдийг чансаатай дэлгэсээр ирсэн. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандорж ийм л уран бүтээлч.

      Тэрбээр Худалч эхнэр, Тоожоо жолооч инээдмийн жүжгээр инээдний цаана нуугдах хав халуун үнэнийг дэлгэж, Ромео Жульетта жүжгээр сайхан хайрыг үзүүлж, Ижил хүйстэнээр зоригтойхон дуугарч, Аянгын бороогоор норгож, Хайрын домог жүжгээр хайрлаж, Оролмаа эх жүжгээр эхийн хайрын амтыг сүү шиг амтлуулж, Эсрэг дурлалаар эсрэгцүүлж, Хориотой жүжгээр харин ч бүр чөлөөт байдлыг өгч, Тамгагүй төрөөр тамгалж чадсан найруулагч. Тэр ийм л хав халуун, эсвэл цэл хүйтэн бүтээлээрээ хүний зүрх сэтгэлийн голд  гал асааж, мөс мөргөлдүүлж, заримдаа галт уул дэлбэлж, эсвэл зөөлөн бороо шиврүүлдэг. Ийм л нэгэн мэдрэмжээ эсгэгч, оёгч, бүтээгч бол тэр.
 

Хэзээ ч тэр хэмжээг нь хэтрүүлж, хэрээс нь давуулж байгаагүй метр.

-БАГШИЙН ДЭЭДИЙН ИХ СУРГУУЛИЙН “БҮТЭЭГДЭХҮҮН”-

       Сониуч, содон, соргог, сэргэг хүүхэд байжээ, тэр. Энэ зан чанар түүнийг найруулагч гэх хүндтэй бөгөөд хүндхэн албыг хаших хувь заяа руу хөтөлж,  урлаг гэх сонин бөгөөд сонирхол татсан энэ салбарыг хүүхэд байхаасаа сонирхож байжээ. Ийн сонирхолтой явсан хүүгийн хүсэл мөрөөдөл дуудсан уу, бүү мэд, хошин урлагийн мастер Б.Батзаяатай нэг байранд байж, тавдугаар ангиасаа эхлэн үеэрхэж, бүр Багшийн дээдийн их сургуулийн кино драмын ангид жүжигчнээр хамт элссэн гэдэг. Харин сургуулиа төгсөөд нэг нь хошин урлагийн тайзнаа гарч, нөгөө нь театрыг зорьсон байдаг. Гэхдээ Найдаа найруулагч театрт шууд найруулагчаар ажиллаагүй, таван жил жүжигчнээр ажиллаж, өөрөө өрөх нүүдлийнхээ зовлон, жаргалыг мэдэрч, мэдсэн байна. Энэ талаар тэрбээр “Тухайн үед би  жүжигчний мэргэжлийн цаад утга учрыг олох гэж их хичээж, уншиж, судалж явдаг хүүхэд байсан. Тэгэхдээ найруулагч бол тэр бүхний оньсыг тайлагч, задлагч юм байна гэдгийг мэдэж, танисан юм. Тэгээд би Б.Мөнхдорж гэдэг найруулагчийн “Сандрал” жүжигт ажиллаж, дараа нь Г.Доржсамбуу найруулагчийн "Туйлшрал" гэж инээдмийн хөтөлбөрт суралцаж, дагалдаж ажиллаж байсан” гэж ярьсан. Эндээс эхэл тэр урлагт уяа сойлго нь таарсан морь шиг давхисан.

-ЗЭВЭРДЭГГҮЙ ЗЭВ-

   Тайз, дэлгэцнээ тоглосон түүний дүрээс монголчуудын сайн мэдэх дүр бол “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингисийн есөн өрлөгийн нэг Зэв. Зэвийн дүрийг сайхан ч бүтээсэн. Одоо Чингис хаан киног үзэх бүрд түүнээс өөр Зэв буудаггүй. Дэлгэцэд тэр ийн үлдсэн бол тайзнаа ч мөн дархлагдах хэдэн дүрийг үлдээсэн. Ингэхдээ "Эрдэмтний яриа" жүжгийн Төмөр, "Алтан түлхүүр" жүжгийн Дуремар, "Интоорийн цэцэрлэг" жүжгийн Тромифов, "Сократын сүүлчийн шөнө" жүжгийн Сократ зэрэг дүрд ажиллаж, содон сонин алдар, цуутан, баатруудын дүрд хувирч, хөвөрч, өөртөө ойртуулж, өөрөө ойртох гэж хамаг байдгаараа хичээж явсан байдаг. Энэ бол жүжигчнээр ажиллаж байсан он жилдээ сэтгэл зүрх, оюун бодлоо “уяж” байсан ажил нь.

-ЭТГЭЭД СОНИН-

      Харин найруулагчын албыг хашсанаас хойш хэд дахин бодож, боловсруулж, өөрийгөө барж, нэрж, шатааж, шаналгаж үзэгчдийн тархи руу очиж, тэр дотор бүтээлээрээ амьдрах гэж хамаг байдгаараа, буй бүхнээрээ зүтгэсэн. Тэрбээр “Дандаа зовж, шаналж, нойргүй хонож, ядарч, зүдэрч, хатаж, арчаагаа барж,  жүжгүүдээ найруулсан” гэж эрсхэн хэлээд тэрсхэн харж байсан. Найруулагчийн ажлаа хийхэд нь хажуугаас нь харахад хачин этгээд сонин, тэрслүү, тархи, зүрхээ бүрэн дүүрэн найруулж байгаа жүжигтээ өгч, жүжигчдээ өмнөө нэг өрж, хувааж, нэгтгэн нийлүүлж, зандарч, захирч, аргадаж, анирдаж байсан. Гарынхаа хоёр хурууг эрүүн дороосоо тулж байгаад удаан харж, сонсоно. Тэгээд хэлнэ, зөвлөнө, ярьна, тайлбарлана. Өгүүлж байгаа биеийн хэлэмж нь этгээд сонин. Сайн анзаараагүй хүнд хачин ууртай, ширүүн дориун гэмээр. Нарийн харж, дотроос нь танивал мэргэжилдээ бүхнээ өгсөн зөөлөн дулаан нэгэн. Тэрбээр Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байгаад гадагшаа сургуульд явж, найруулагч мэргэжлээр сурсан юм билээ. Энэ тухай тэрбээр “Намайг найруулагч болоход хүн бүхэн дургүй байсан. Би 1982 онд Багшийн дээдийн их сургуулийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд гурван жил УДЭТ жүжигчнээр ажилласан. Энэ хугацаанд гурван жил найруулагчийн сургуульд явна гэж театрын ерөнхий найруулагчдаа өргөдлөө өгсөн ч үл зөвшөөрч, өргөдлийг минь урсан. Б.Мөнхдорж багш намайг "Ч.Найдандорж чи жүжигчин хүн, чамайг явуулахгүй" гэдэг байсан. Ер нь тухайн үед театрын жүжигчид бүгд дургүй байсан. Хамгийн ойрын найз маань бүр “Найруулагч бол сурдаг биш, төрдөг мэргэжил” гэж итгүүлж байсан. Тэгээд би хамгийн сүүлчийн жил буюу 27 насандаа театрын ерөнхий найруулагч Г.Доржсамбуу найруулагчаас зөвшөөрөл аваад явж байсан. Тухайн үед 28 настай бол найруулагчийн сургуульд явах эрхгүй болдог байсан. Тэгээд би өөрийн сонголтоор найруулагчаар сурч байлаа. 1992 онд найруулагчаар сургуулиа төгсөж ирээд, 1994 онд хамгийн анх  “Худалч эхнэр” инээдмийн жүжиг СТӨ-нд тавьж, цөм хийж байлаа. Дараа нь  "Ромео, Жульетта", "Тамгагүй төр" гээд дараалан найруулсан” гэж ярьсан. Ингээд харахаар тэр анхнаасаа тэрслүү, өөрийнхөө төлөө, өөрийн хүссэн зорьсон бүхний хойноос эрс тэмцдэг, үзэлцдэг нэгэн байж.

  Тиймдээ ч найруулагч болохоор зүтгэж, тэмүүлсээр хүссэн зүйлдээ хүрч, хүслийнхээ хүнд хэцүү, ачаа бараатайг гололгүй нуруун дээрээ үүрч, бүхнийг нь амсаж, балгасаар өдгөө олон сайхан уран бүтээлийн ард “НАЙРУУЛАГЧ Ч.НАЙДАНДОРЖИЙН БҮТЭЭЛ” гэсэн нэрийг зарлуулж, дархлагдаж байна. Драмын театр гэх өрх айлын галыг тэр унтраалгүй, өрдөж, ахмад, баатаруудынхаа арыг бат дааж, авснаа сайн үргэлжлүүлж, театрт найруулагч шиг найруулагч байж байгаад өдгөө гэртээ даруухан суугаа. Мэдээж найруулж л суугаа.

-ЭСРЭГ НАЙРУУЛГА-

     Ч.Найдандорж найруулагч анх инээдмийн жүжиг найруулж эхэлж байсан юм билээ. Тэгвэл тэрбээр 30 жилий өмнө анхлан тавьж байсан “Зохиолгүй амьдрал” жүжгээ өнөөдөр уран бүтээлийн сайн түнш Х-ТҮЦ продакшны жүжигчидтэй хамтран дахин тайзнаа амилуулж байна. Найдаа найруулагчийн бүтээл, тэгээд бүр дахин давилт нь гэж итгэж, догдолж, хүлээсэн үзэгчид театрыг зорьж байна. Харин тэр энэ удаагийн найруулгаараа өөрөөсөө огт өөр эсрэг найруулгыг гаргажээ. Ч.Найдандорж найруулагчаас ийм л бүтээл гарна гэдэг барьцыг тэр эвдэж, харин ч эсэргээрээ ийм нэг найруулгыг хүргэвэл ямар вэ гэсэн хариултыг хэлж байх шиг бүтээлээ тавьжээ. Үүнийг үзсэн үзэгчид гадарлаж, зарим нь ч ойлгож ч байгаа байх. Ерөөс тэр юуг бидэнд оюун санаанаасаа задалж, хүргэнэ. Түүнийг бид хүртэж л байх учиртай. Учир нь тэр боддоггүй, учир начирыг нь тунгаадаггүй, төсөөлөлд автдаг нэгэн биш. Ямар нэгэн учир, ухаан, сэтгэл, мэдрэмжээ бүтээсэн л байж таараа.


МЭДРЭМЖЭЭ БҮТЭЭГЧ Ч.НАЙДАНДОРЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188