• Өнөөдөр 2024-04-25

МУГЖ И.ОДОНЧИМЭГ: ЗОХИОЛГҮЙ АМЬДРАЛ ЖҮЖГИЙН МЕДЖИ СКОТТ НАДАД БАЙХГҮЙ ЗАН ЧАНАРЫГ НЭХСЭН ДҮР

2023-01-17,   624

        Түүний нүдний дээд, доод зовхинд он цагийн үрчлээс хэдийнэ тогтжээ. Гэсэн ч өнөөх л тас тас хөхрөх танил инээд, инээхэд нь хонхойдог хацар нь хэвээрээ. Энэ сайхан үзэсгэлэн гоог бид анхлан “Сэрүүн дуганы мөхөл” киноноос харснаас хойш тэр өдгөө хүртэл Монголын урлагт тайз, дэлгэц, хошин инээдэм, кино найруулагч, хөтлөгч, кино зохиолч, продюсер хийж яваа энэ цагийн cор болсон цөөн эмэгтэйчүүдийн нэг. Түүнтэй хэд хоногийн өмнө нээлтээ хийсэн Зохиолгүй амьдрал жүжгийнх нь нээлтийн үеэр уулзаж, ийн ярилцлаа.

   -Х-ТҮЦ продакшн хамгийн сүүлд “Сэрүүн хасын нууц” жүжгийг тайзнаа тавьснаас хойш тайзны бүтээл хийгээгүй арван жил болж, энэ онд Зохиолгүй амьдрал зууны шилдэг инээдмийн жүжгээр үзэгчидтэйгээ уулзаж байна. Та бүхний хувьд тайзны бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах гэж яарч, догдолж байсан болов уу?

       -Баярлалаа. Үнэхээр хамгийн сүүлд Тайваны алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг тавьснаас хойш цаг хугацаа ч их хурдан өнгөрсөн байна. Тэгээд манай Х-ТҮЦ продакшны тайзнаа тавьсан драмын жүжгийг жанрынх нь хувьд анзаарахад, дандаа драм болон эмгэнэлт драм төрлийн жүжигт бид ажиллаж, тавьж байсан байна. Эргээд харахаар бид хорь гаруй жил шоу инээдмийн төрөлд ажиллахдаа нэг ч удаа бүрэн олон үзэгдэлтэй инээдмийн драмын жүжиг тоглоогүй юм билээ. Иймд энэ удаад инээдмийн жүжиг сонгож авья гээд ярилцаад өнгөрсөн XX зууны шилдэг гэж нэрлэгддэг, олон оронд тавигдсан Зохиолгүй амьдрал жүжгийг сонгон авч, ажиллаад, үзэгчиддээ хүргэж байгаад их баяртай байна. Мэдээж удаан хугацаанд тайзнаа гараагүй хачин их хүлээлт, догдлолтой өдрүүд болж байна. Нөгөө талаар сүүлийн гурав, дөрвөн жил ямар ч инээдмийн тоглолт Монголд тоглогдсонгүй. Тэр утгаараа зөв сонголт байж магадгүй гэж энэ удаагийн жүжгээ нээсэн. Нийгэм их бухимдалтай байна. Тэгэхээр нийгмээ гэрэлтүүлж, инээд бэлэглэх нь уран бүтээлч бидний нэг үүрэг шүү дээ.

  -МУСТА Г.Нарансолонго, Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Ш.Жавхлан гээд уран бүтээлийн салшгүй хамтрагч, дүү нартайгаа эргээд ажиллаж байгаагаараа энэ удаагийн уран бүтээл нь онцлогтой харагдаж байна. Та бүхнийг нэгэн тайзан дээрээс хамт харахад үзэгчдийн хувьд  ч дотно сайхан санагдаж байна?

          -Тэгэлгүй яах вэ. Хамт тоглоогүй овоо хэдэн жил өнгөрсөн байна. Бараг “Сэрүүн хасын нууц” жүжгийг хийхийн өмнөхөн дүү нар минь тусдаа продакшн байгуулж, өрх тусгаарлан гарсан гэхээр арав гаруй жил болж байгаа юм байна. Тэр цагаас хойш хамтарч уран бүтээлд тоглоогүй байж байгаад энэ удаагийн жүжигтээ бид дүү нараа урьж хамтран тоглож байна. Хамт тоглож, хамтдаа жаргаж, баярлаж, мөнхүү хөнгөн гуниж байсан тайзан дээрээ нэгэн уран бүтээлд тоглож байгаад хачин баяртай байна. Үнэхээр ч ойлголцохгүй байхын аргагүй. Бид чинь харцаараа, үйлдлээрээ ойлголцож, нэгнээ мэддэг болсон улс. Иймээс ч өгөө, аваатай, цалгиатай, дотно сайхан байна. Үзэгчид ч үнэхээр биднийг хамтад нь хараад баярлаж байгаа байх.

-Арван жилийн өмнө эдгээр уран бүтээлчид арай бага залуу байсан болохоор алдах, онох зүйл нь бишгүй л байсан болов уу. Одоо харин эргээд хамт тайзан дээр гарахад уран бүтээлч эгчийнх нь хувьд, хамтрагчийнх нь хувьд хэр өссөн, өөрчлөгдсөн харагдаж байгаа бол?

         -Уран бүтээлч хүний уран бүтээлдээ хандах хандлагаас гадна хувь хүний хувьд ихээхэн өөртөө хэрэгтэй чанаруудыг төлөвшүүлж чаджээ гэж дүү нарыгаа хараад бодогдож байна. Тэр дундаа Г.Нарансолонго бид хоёр энэ жүжигт хамгийн их харилцаж, ярьдаг дүрүүд. Ингээд харахаар  түүний дүрдээ ажиллаж байгаа байдал хуучнаасаа их хариуцлагатай болсон байна. Тэр оролцоо, идэвх, санаж байгаа санаа, аливаад өөрийнхөө юманд хандаж байгаа тэр хариуцлагатай байдал нь их өөрчлөгдсөн байна. Энэ мэтээр дүү нар минь дор бүрнээ өсөж, юманд их нямбай, чамбай хандаж, илүү нухацтай болсон байгаад баяртай байна.

-Таны хувьд Зохиолгүй амьдрал жүжигт ямар онцлогтой, ажиллагаатай дүрд ажилласан бэ. Уран бүтээлч хүнд дүрд ажиллана гэдэг нөр их хөдөлмөрөөс бүтэх зүйл болов уу?

           -Зохиолгүй амьдрал жүжигт би хоёрдугаар ролийн дүрд тоглож байна. Гэхдээ гол дүрд туслах чухал үүрэгтэй дүрд ажиллаж байгаа. Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байхдаа  “Байцаагч түшмэл”, “Буудлын авхай”, “Дон жуан” гээд инээдмийн жүжигт ажиллаж байсан байна. Хамгийн сүүлд “Буудлын авхай” жүжиг 1998 онд тавигдсан байна.  Түүнээс хойш инээдмийн жүжигт тоглоогүй. Энэ ч утгаар энэ дүр их сонирхолтой санагдаж байгаа. Өмнө нь тоглож байсан дүрээс зан чанарын хувьд арай өвөрмөц, надад байхгүй зан чанарыг нэхсэн дүр байна. Хүн өөрт байхгүй зан чанарыг тоглох хамгийн хэцүү байдаг. Өөрт байгаа зан чанартай төстэй ойролцоо дүрд бол арай амар. Өөр зан чанарыг өөртөө шингээхийн тулд их удна. Дүрд ажиллана гэдэг их бодол тээнэ, их үйлдлээр хөдөлмөрлөнө. Дүрийн үгийг тогтоохоос гадна бодно, түүнийгээ өөртөө шингээнэ, ажиглана. Тэр дундаа инээдмийн жүжиг их ажиллагаа шаарддаг урлагийн төрөл. Дүрээ хүмүүст хүргэхийн тулд олон хоног бодож, бясалгаж, ажиллаж, өөрөө өөртэйгээ тэмцэлдэж, тунгааж, найруулагчтай үзүүлж, загнуулж, зөвшилцөж, харилцан ярилцаж байж, сая “амилж” гарч ирнэ. Үүнийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүйгээр үгээ цээжлээд л тайзнаа гардаг гэж эндүүрэх тохиолдол бий.

-Дүрээ бүрэн өөртөө суулгаж байж тайзнаа гардаг-

-Зохиолгүй амьдрал жүжгийн найруулагчаар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагч ажиллаж байгаа юм байна. Х-ТҮЦ продакшны хувьд Найдаа найруулагч бол хамгийн ойрын уран бүтээлч болов уу. Та бүхний хувьд ёстой харцаараа ойлголцдог найруулагч  байх аа гэж бодож байна ?

          -Мэдээж, Ч.Найдаа найруулагчийг сонгоно гэдэг учиртай. Монголд инээдмийн жүжиг найруулан тавьдаг найруулагч ховор. Бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.  Энэ төрөл өөрөө их өвөрмөц, байгалиас заяасан егөөдөл, хошин ёжлол, инээдэм бүхнийг мэдэрдэг, нарийн мэдрэмж шаарддаг. Тэр утгаараа бид ярилцаж байгаад Найдаа найруулагчийг сонгосон. Миний хувьд театрын урлагт 12 найруулагчтай ажиллаж үзсэн байдаг. Эдгээрээс хамгийн их жүжигчин хүний урлан бүтээх үйл ажиллааг хатгаж, дэвэргээж, хөгжөөж, зөв чиглүүлж байдаг найруулагч бол Ч.Найдандорж найруулагч гэж боддог. Ганцхан надад ч биш, бусад уран бүтээлч ч их олон найруулагчтай ажиллаж үзсэн, туулсан, тоглосон, уран бүтээлийнхээ хэмжээгээр харилцаж байсан байх. Бусад жүжигчний хувьд ч зөв чиглүүлж, удирдаж, жүжигчин гэх мэргэшлийг хүмүүст зөв талаас нь харуулах утгаараа хэн бэ гэхэд зуун хувьд Найдаа найруулагчийг хэлж байсан. Энэ бол бидний эхний сонголт. Хоёрдугаарт, Н.Найдандорж найруулагч бол Х-ТҮЦ продакшны үүсгэн байгуулагчдын нэг. Бидний олон сайхан инээдмийн уран бүтээлийг хамтран босголцож байсан хүн.Тэгэхээр яах аргагүй бид Найдаа найруулагчаа сонгож, хамтран ажилласан. Найруулагч маань өөрөө хамтран ажиллахад их түшиг нөмөртэй, дулаахан уран бүтээлч.

   -Тэр дундаа таны хувьд хэсэг хугацааны дараа Н.Найдандорж найруулагчтай эргээд хамтран ажиллахад ямар мэдрэмж төрсөн бол. Таныг бага залуугаас тань л хамтарч, хөтөлж, олж харсан уран бүтээлчдийн нэг юм билээ?

         -Тийм шүү. Үнэхээр Найдаа найруулагч маань залуухан уран бүтээлч байхаас минь л дэмжиж байсан. 1995 онд сонгодог инээдмийн уралдаан болоод "Байцаагч түшмэл” жүжгийн шилдэг дүрийн шагнал авсан. Тэгэхэд Найдаа найруулагч надтай хамгийн анх нүүр, нүүрээ харж уулзаад, “Чи жүжигчин хүн байна шүү” гэж харж байлаа. Мөн тэр үед л “Энэ охиныг Жульеттад тоглуулж болох юм байна” гэсэн бодол сэдэл авсан болов уу гэж боддог.  Дараа нь өөрөө 1993 онд “Өрлөг жанжны өчил” жүжигт чамайг анх хараад, “Ийм жүжигчин ирж байгаа нь ямар сайхан юм бэ” гэж бодож байлаа гэж хэлж ярьж байсан. Бидний хамтын уран бүтээл ингэж л 1993 оноос эхэлсэн юм байна. Үүнээс хойш найруулагчтайгаа үргэлж сайхан уран бүтээлээр уулзаж, учирч, бүтээл бүрийнхээ үр өгөөжийг сайхнаар амсаж байсан. Энэ ч утгаар энэ удаагийн уран бүтээл хүмүүст их сайхан хүрэх байх гэж бодож байна.

  -Х-ТҮЦ продакшн шинэ  жүжиг тавих бүрд улсын драмын эрдмийн театраа их үгүйлдэг болов уу, та. Магад шинэ жүжгээ нээж байгаа энэ мөчид ч үгүйлж, дурсан суугаа болов уу?

   -Би ханьдаа , хамт олондоо ч хэлдэг юм. Театрыг би байнга зүүдэлдэг. Тархинд хэзээ ч үл мартах их он жилийг тэнд өнгөрүүлсэн болов уу гэж боддог. Энэ ч утгаар би тэнд ажиллаж байгаа юм шиг дандаа зүүдлэгддэг байх. Байнга л тоглолтоо зүүдэлнэ, бэлтгэлээ зүүдэлнэ. 

   -Энэ хүрээд тайзны уран бүтээлийн тань яриаг өндөрлье. Найруулагчаар ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Театрын жүжигчин, дэлгэцэд ч тоглосон. Найруулагчийн зөвлөгөө, чигээр ажилладаг хүний хувьд өөрөө найруулагч болоод ажиллана гэдэг сонин бөгөөд амаргүй зүйл байсан болов уу?

       -Энэ мөн л миний мөрөөдөлтэй холбоотой. Бага залуу байхдаа л кинонд их дуртай байсан. Ганц удаа л кино найруулж үзэх юм сан гэж боддог байлаа. Тэгээд 2005 онд Найдаа найруулагч маань драмын театрын найруулагч болоод улсын наадам найруулах болоод, Сэргээш-3 киног хийх хүн байхгүй болсон. Тэгээд хамт олон минь надад итгэл найдвар өгч, найруулах санал тавьсан. Урьд нь Сэргээш 1, 2 киног хийж байсан Золбаяр найруулагч надад хамгийн их урам зориг өгсөн. Ингэхдээ "Чамайг Сэргээш 1,2 кинонд ажиллаж байхад чинь харж байсан. Чи чадна аа" гээд их түлхэж, дэмжсэн. Тухайн үед Золоо найруулагч өөрөө кино найруулагчид дундаа ид гараад эхэлсэн байсан болохоор "Энэ хүн хэлж байгаа болохоор болох ч юм болов уу" гээд анх найруулагчаар нь ажиллаж байлаа. Олон шөнө нойргүй хонож, өөрөө текстүүдийг нь кино болгож, цаасан дээр буулгаж, их бодож, боловсруулсан. Ингээд аз түшсэн үү, хувь заяа түшсэн үү Сэргээш-3 кино маань ард түмэнд их сайн хүрч, үнэхээр "амьсгалж" чадсан. Тухайн үед Ялалт кино театр монгол кино гаргадаггүй байсан. Харин Сэргээш-3 киног анх удаа гаргахыг зөвшөөрсөн. Үүнээс хойш театртаа монгол кино авахаар болсон байдаг юм. Цаашлаад анхны киногоо найруулсан хүний урам гэж байна. Үүний дараа 2008 онд "Миний хөрш чөтгөр" киног найруулаад л дараа, дараагийн уран бүтээл төрсөн дөө. Гэхдээ кино найруулагч гэх мэргэжлийг их сонирхож, одоо хүртэл суралцаж яваа.

Уран бүтээлч хүн хэзээ ч боллоо гэж ханаж болдоггүй. Ханаж бодох л юм бол зогсдог.

   Тиймээс улам хичээж, өөрийгөө хөгжүүлнэ гэж бодож байна. Жүжигчнээр ажиллана гэдэг найруулагчаар ажиллахаас өөр л дөө. Жүжигчин хүн бол дүрээ бодож, найруулагчийн хэлэх гээд байгаа санаа руу очихыг хичээж ажиллана. Харин найруулагч бүх дүр, тайз, хөгжим, хувцас гээд цөмийг нь бодож, боловсруулна. Эдгээр бүх зүйл найруулагч дээр зангилагддаг. Тиймээс ч найруулагчийн бодож, сэтгэх, ажиллах ачаалал их хүнд байдаг. Энэ ч утгаар дэлхийд эмэгтэй найруулагчид ховор байдаг болов уу. Тиймээс л Найдаа найруулагчийгаа харахаар ёстой хайр хүрч, аль болох л ядрааж, зовоочихгүй, өөрсдөө авхаалжтай, сэргэлэн байж авсан дүрээ сайн гаргах сан гэж хичээдэг.

  -Таны хувьд театр, инээдмийн шоу, дэлгэц, найруулагч, зохиолч, хөтлөгч гээд оролцоогүй урлагийн төрөл бараг байхгүй юм билээ?

      -Анх сургуулиа дөнгөж төгсөөд л Хүүхэд залуучуудын театрт хувиарлагдаж, жил зургаан сар болоод Драмын урлагийн академид хувиарлагдсан. Ингээд харахаар амьдралынхаа эхний арван нэгэн жил зургаан сар дандаа драмын жүжиг тоглосон. Олон ч гол дүрд ажилласан юм билээ. Түүний дараа театраас гараад дан инээдмийн шоунд тоглосон. Инээдмийн шоу төрлөөр уран бүтээлч хүнийхээ хувьд мэдэхгүй, чадахгүй олон зүйл сурч, мэдэрч, хөгжсөн гэж боддог. Үүний зэрэгцээ Х-ТҮЦ продакшнд чадвартай сайн жүжиг тавигдаж, амжаад хоёр, гурван дүрээр Гэгээн муза хүртсэн байна. Дараа нь кино найруулж эхэлсэн. Тэгэхээр амьдрал минь театр, хошин урлаг, кино ертөнц гээд гурван төрөлд тэгш хуваарилагдсан байна. Энэ хугацаанд би инээдмийн төрлөөр нэг ч шилдэг дүр авч байгаагүй юм билээ. Инээдмийн төрөл бол хамгийн хэцүү, хүнд төрөл. Тиймээс ч би инээдмийн энэ  хүнд төрөлд цаанаасаа төрсөн юм шиг авьяастай уран бүтээлчдээрээ бахархдаг.

 -Театрт байх хугацаандаа олон сайхан дэлгэцийн бүтээлд тоглосон. Таны залуу нас ч тэнд мөнхлөгдөн үлдсэн болов уу гэж боддог. Эргээд өөрийн тоглосон хуучны киног үзээд суухад ямар санагддаг бол?

    -Уран бүтээлч хүнд үүнийг л би сайн тоглолоо гэж санаанд тулсан бүтээл нэг ч байдаггүй. Эргээд үзэхээр цөм л тэгэх байж, ингэх байж гэдэг зүйлсийг олж харж, суудаг. Уран бүтээлийн хүсэл, шунал, ханалт гэж дуусдаггүй зүйл.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


МУГЖ И.ОДОНЧИМЭГ: ЗОХИОЛГҮЙ АМЬДРАЛ ЖҮЖГИЙН МЕДЖИ СКОТТ НАДАД БАЙХГҮЙ ЗАН ЧАНАРЫГ НЭХСЭН ДҮР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188