• Өнөөдөр 2024-04-20

Н.ЖАНЦАННОРОВ ХЭМЭЭХ АЯЛГУУ

2023-01-04,   1054

      Түүний аялгуу сэтгэлд шингэсэн говиор амин мөр гарган гаталж, нар сарны заагт хүрч эгшиглэнэ. Тэрхүү бүлээн нурам мэт халуу шатам говьд ботгон нулимс бөмбөрч, хэн нэгэн байн байн санаа алдана. Хаашаа л харна халуу шатам элсээр хучигдсан говийн их төөнөсөн илч, мөнхүү элснийх нь ширхэг бүрт шингэсэн гуниг, баяр, тэртээд торойн алсрах тэмээн жингийн өнгө төрх, анир аялгуунд хөгжим хийж, хүний сэтгэлийн их талд тэр л аваачиж чадна. Түүнийг сонсохоор манантай ууланд хүрмээр, холын хол явмаар, өвсний үндэс, газрын магнайд гар хүрч үзмээр адгуу мэдрэмж төрнө. Эс бөгөөс гүн их ганцаардал, бодрол хөвөрнө. 
 
   "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Мандухай сэцэн хатан" киноны хөгжим, "Сэтгэлд шингэсэн говь", "Цагаан суварга", "Оюун эрдэнийн говь", "Чилүгэн", "Би чамд хайртай", "Ботгон нулимс", "Сүндэрьяа", "Нар сарны зааг", "Бүлээн нурам", "Хүн чулууны нулимс", "Цэц магнай", "Амин мөр" зэрэг кино болон хөгжмийн аль ч аялгууг нь сонсоход "Н.Жанцанноров хөгжмийн зохиолчийн аялгуу байна" гэсэн тэмдэг бий.
 
   Учир нь, тэр хүний сэтгэлийн эмзэг цэгийг хатгаж, голыг нь онож, мартаж, санах, хайрлах хийгээд хагацахын их ханыг нэвтэлж, хаалгыг нь онгойлгож, цаашлаад цонхыг нь нээж, баяр, гуниг, алдрал, алсрал, мандал, буурал, сэмрэлт, сэргэлт гээд цөмийг нь үнхэлцгэнд нь багтааж, хөгжим хэмээх "үүргэвч"-нд шингээдэг их авьяастай. Тэрбээр "Миний уран бүтээл миний бодлыг надаас илүү хэлж өгнө. Ганц жишээ хэлье "Сэтгэлд шингэсэн говь"-ийг Балтийн тэнгисийн эрэг дээр хийсэн. 1988 онд Олон улсын хөгжмийн наадамд Шарав бид хоёр оролцсон. Үнэхээр аймаар тэнгис харагдаж байлаа. Тэгээд надад нэг ийм бодол төрсөн л дөө. "Бидэн шиг усгүй газрын улс энэ тэнгис рүү хоёр алхаад л дуусах юм байна. Энэ их устай газрын хоёр хүнийг говьд аваачаад хаячихвал дороо төөрнө дөө" гэж. Ингэж бодож суутал сайхан аялгуу буусан.  Ер нь дөрвөлжин байшин дотор эргэлдээд байдаг уран бүтээлчээс олигтой юм гарахгүй. Адуу манаж хоноод үүр цайх тэр агшин. Шөнийн тэнгэрийн оддыг, өргөн тал нутгийг морьтой хөндлөн гулд давхиагүй хүнээс Монголын тухай сайхан аялгуу гарах  болов уу" гэсэн байдаг.
 
    Тэр үнэхээр Монголын урлагт адуу манаж, шөнийн тэнгэрийн оддыг ажиглаж, морьтой хүн хөндлөн гулд давхиж явааг мэдэрч, эх, үрийн нандин холбоо, эмэгтэй хүний зовлон, ганцаардал, дарга, генерал хүний алба ажлын хөг уянгыг олж учрыг нь тайлж бодсон хөгжмийн зохиолч. Эргэцүүлэхгүйгээр, түүний тухай бодохгүйгээр, тархиа гашилтал бодоод, бүтээлээ төрүүлэхгүйгээр байж чаддаггүй уран бүтээлч.

     Түүний аялгуу цул, дан нэгэн өнгө, агуулгаар хэзээ ч эгшиглэхгүй. Сонсох бүрт цөм "уудлагдан", амтагддаг. Үүгээрээ түүний зохиосон аялгуу бүхэн амьтай, өгүүлэмжтэй. Ингээд харахаар тэр өөрөө Н.Жанцанноров гэсэн том цогц аялгуу байгаа юм. Бидний сонсдог аялгуу бол түүний нэгээхэн эгшиг. Бүтээл бүрээ хагалгааны эмч шиг нэг бүрчлэн задалж, хагалж, зүсэж, арчиж, ариутгаж, боож, оёж сая нэг бэлэн болгодог бөгөөд өнөөх аялгуу нь хүний сэтгэлийн ховдол бүрд хүрч, эргээд сэтгэлийг барьц алдуулж, алдруулан жаргаадаг.

    "Мандухай сэцэн хатан" киноны хөгжим байна. Хатан хүний хайр энэрэл, гуниг, ганцаардал, тэсвэр тэвчээр, бүсгүй хүний зөөлрөл, хатуурал, ээнэгшил гээд байж болох юу л байна, цөмийг нь хөгжимдөө багтаасан. Одоо эл хөгжмийг сонсоход Мандухай хатны гунигт харц, гэрэл цацарсан их инээднийхээ ард нуусан санаа зовнилт, их эмээлт цөм илт харандаж, эрхгүй гайхам байдаг. Мөнхүү киноны хөгжим дотроос "Нар сарны зааг", "Бүлээн нурам" хоёрыг онцлохгүй өнгөрч даанч боломгүй. Өнөөд ч дотор эгшиглэж, орчлон гэх энэхэн чөлөөний ааг омог, урсан өнгөрөх цаг хугацаа, их үйл хэрэг гээд бүгд байр байрандаа эгшиглэж байна уу гэлтэй. Тэр нүргэлт, эгшиглэлт, сэтгэлийн их үймэлтийн замбараагүй, зах нь үл хязгааргүйг яана. 
    Амьдралынхаа нэгэн жарныг энэ бүхнийг, энэ амьдралын хөг эгшгийг аялгуу болгоход зориулсан хүмүүн гэхээр хэчнээн гүн бодож, өөрийгөө дотор болоод гаднаас нь нурааж, эмтэрч, эгшсэн уран бүтээлч гэдэгтэй ярих юмгүй.
     Тэрбээр "Би өөртөө нэг ч бүтээл зориулаагүй. "Цагаан суварга" бүтээлийг би сонсох гэж хийгээгүй. Бас чамд юмуу хэн нэгэн даргад, хэн нэгэн хүнд зориулаагүй. Би ер нь хүн сонсоосой гэж уран бүтээл хийдэггүй. Миний уран бүтээл бол өөрийнхөө үзэл бодлоо, дотоод сэтгэлгээгээ эзэмшсэн мэргэжлээрээ илэрхийлж байгаа хэрэг. Сэтгэлийн дуудлагаар ихэнх бүтээлээ хийсэн" гэж ярьсан байдаг. Үнэхээр ч түүний айзам хэмнэл, долгион, мэдрэмжийн илэрхийлэл урсаж, үзэгчид Н.Жанцанноровын хөгжим гэж танин, сонсож, түүний дотоод сэтгэл, хөг аялгууг сонсдог. Бүтээл, бүтээл дотроос нь "Цагаан суварга" шиг амьгүй мэт зүйлийг амьтай, бүр хөг аялгуутай болгон, үнэхээр хөгжим гэж үүнийг л хэлдэг байхдаа гэсэн бүтээл ховор. Суварга хэзээ ч хөдөлдөггүй, үг хэлдэггүй. Гэхдээ тэдний дуулал ийм л байдаг болов уу гэдгийг бид эл хөгжмөөс олж сонсдог.
 
    Мөнхүү хаана ч байхгүй, ганцхан түүний гэсэн аяыг зохиох гэж ёстой чөмгөө дундартал зүтгэдэг, чамгүй хэцүү байдгаа ч хэлдэг. Энэ тухай "Хүний сэтгэлд хүрэх аялгуу бичнэ гэдэг үнэхээр хэцүү. Ёстой махаа зулгааж бичнэ. Нэг ая бичих гэхэд түмэн ая миний өмнө гараад ирнэ. Долоон нотыг хаана тавих нь чухал биш. Тэр аялгуунд ялангуяа Жанцанноровын гэсэн логикийг гаргана гэдэг хамгийн хүнд. Түмэн хүн хийчихсэн юман дотроос би өөрийгөө олж гаргах. Хүний сэтгэлд хүрэх ганц аялгуу зохионо гэдэг ертөнц дээр байхгүй аялгуу зохионо гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол Чайковский, Гончигсумлаа гуайг дуурайчихвал хэн ч сонсохгүй хүмүүс мэдэж байгаа юм чинь. Шинэ логик эрж олно гэдэг ёстой махаа байтугай ясаа зулгаана шүү" гэнэ.
 
   Үнэхээр ч бүхнийг буй биеэрээ мэдэрч, оюун бодлоороо нэрж, сэтгэл зүрхээрээ юүлэн гаргана гэдэг амаргүй боловч тийн төрсөн бүтээл л хүний сэтгэл рүү ус шиг урсаж, сүү шиг мэлтэлзэн ордог болов уу. Бүтээлийг ийн төрүүлдгээрээ тэр өөрөө аялгуу эгшиг.
 
     Тэр хөгжмийн зохиолчийнхоо хувьд ийм хүмүүн. Учир нь, тэр ганц урлаг гэх ай саваар хязгаарлагдахгүй. Багшийн сургуулийн хөгжмийн онолын багш байж, Соёлын яаманд уран бүтээл эрхэлсэн мэргэжилтэн хийж, орлогч дарга, сайд гээд урлаг соёлын чиглэлээрээ төрд хариуцлагатай алба хашиж, Монголын урлагийг хөгжүүлэхийн төлөө өөрийн оюун бодол, сурсан, мэдсэнээ харамгүй зориулсан нэгэн. Ихэнхдээ хөгжмийн өрөөнд, тайзнаа аялгуу эгшгийн дунд амьдарч, түүгээр хөглөгдөж, эрж, хайж явсан түүний өөрчлөлт зангиа зүүж, бодлого ярьсан даргын орчин. Үндсэндээ түүний дүр гэвэл төгөлдөр хуурын ард "Төрсөн нутгийн бараа нь хө..." "Чамайг би хайрлан дуулмаар байна..." гэж дуулаад эгэл боргилхон суух даруухан хөгжмийн зохиолч, бичиг цаас дүүрэн ширээний ард соёлын бодлого төлөвлөлт ярин суух зангиатай дарга. Аль дүрдээ илүү орж, ихэнхдээ оршдог вэ гэвэл хөгжмийн зохиолчийнхоо дүрд. Аль нэгэн томоохон киноны хөгжим, аялгуу хийхээр бодож, шаналж, мөнхүү өөрөө гүнд нь орон шархлах хөгжмийн зохиолчийн дүр нь түүнд илүүтэй зохидог. Бусдын адил эх орон, элгэн садан, хайр сэтгэлээ үгүйлсэн авьяас билигтэй хүний үр. Хөгжмийн аялгуу зохиож эхэлсэн түүх нь энгийн бөгөөд бодит. Их сургуулиа төгсөөд удаагүй, уран бүтээлч болохоор дөнгөж хөл тавьж байхад нь аав нь бурхан болсон гэдэг. Аавыгаа нас барсныг дуулаад, очих гэтэл Онгийн гол үерлээд очих боломжгүй байхдаа "Төрсөн нутгийн бараа" дууны аяыг зохиож, анхлан ард түмэнд хүрсэн байдаг. Үүнээс хойш л хэрсүү мөртлөө маргаангүй гайхам авьяастай ийм нэг хөгжмийн зохиолч Монголын урлагт олон сайхан аялгуу эгшгийн үр тарьж, Н.Жанцанноров гэх нэрэн дор овоглогдсон. Тэр үүгээрээ хүний амьрал болоод ертөнцийн том үлгэр, аялгуу эгшгээрээ бүхнийг зөөллөгч юм. Хөгжим бүр нь угтаа тулж, цэгтээ хүрсэн болохоор сонсох төдийд хүний сэтгэлийн "нууран"-д мэдэлмэрэн урсаж, тэр нууранд хайр болоод гэгээн сайхан бүхэн чуулж, нэгэн хүний авьяас билгийн их цалгиа ус давалгаалах шиг болно. Түүний хөгжим, аялгууг сонсоод хэн ч зүгээр өнгөрөх аргагүй. Бодол нэмж, ухаан тэлж, юмсыг ойлгож, нэгийг бодох нь лавтай. Тиймээ, тэр бол Н.Жанцанноров хэмээх аялгуу.

Н.ЖАНЦАННОРОВ ХЭМЭЭХ АЯЛГУУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-05 08:48:59
    Zochin: Aguu jantsannorov shvv dee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-04 17:27:21
    Zochin: Mundag khyn shyy. Bakharkhdag.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-01-04 09:51:16
    гайтав: говь гэхээр л хаашаал харна элс байдаг юмуу? хувхай тэнэг минь. миний говь тэнгэр багана дам уулс ой мод нуур цөөрөм гол горхи зэгс шагшуурга тэр аагим халуунд мөс хүртэл байдаг юм. чам шиг тэнэг жанцанноровыг барьж авдаггүй юм. чи барахгүй. чиний мэдлэг дутна.үг чинь цөөдөнө. лалар
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188