• Өнөөдөр 2024-04-18

ДАРУУХАН АЙЛЫН ДАРУУЛГАТАЙ ХҮҮ УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ

2022-12-10,   3098

              О.Хангай аварга эгэл жирийн тариаланч айлын хүү. Тэр хавар, зун, намар гээд жилийн гурван улиралд хүнсний ногоон талбайд өнждөг. Хаврын урт өдрүүдэд  хүнсний ногоо тариалж, зуны аагим халуунд гарынхаа шууг цуцтал  зэрлэг зулгааж, намрын хонгор өдрүүдэд ургацаа хурааж, шуудай шуудайгаар нь төмс үүрээд тариан талбай дундуур хөлсөө дуслуулан алхдаг хөдөлмөрч айлын ганц хүү.  Түүний аав Ж.Оргих гуай үржил шимт хөрсөө шүтэж, даруухан мөртлөө тасралтгүй хөдөлмөрлөж, ганц олдох энэ амьдралаа хөдөлмөрөөр цогцлоон бүтээж болдгийг дөрвөн хүүхдэдээ үлгэрлэж яваа нэгэн билээ. Тийм ч болоод О.Хангай  түмэнтэйгээ ойр амьдардаг байж мэднэ.

              Өнгөрсөн наадмын дараа Хангайгийн аав Ж.Оргих гуайтай уулзах үеэр “Хангайг есдүгээр ангид байхад ачааны машины тэвш дүүрэн төмс ачаад, үдшийн бүрийгээр харьсан юм. Гэрт орж, хадам аавтай хэдэн үг сольчихоод гараад иртэл Хангай 70 кг-ийн шуудайтай төмсийг хоёроор нь үүрээд зоорь руу зөөж байсан. Тэгэхээр нь “Миний хүү болохгүй шүү дээ, нуруунд нь юм орно. Яаж дааж байна аа” гэтэл “Аав энэ хүмүүс үүрээд байна шүү дээ” гээд инээмсэглэж билээ” хэмээн дурссан билээ. Тэгээд тэр үед хүүгийнхээ бяр тэнхээтэйг мэдэрч, эхнэр Ч.Баярлахдаа “Хүү минь их бяр тэнхээтэй юм. Хүүгээ бөхийн сургуульд явуулбал ямар вэ” гэхэд “Хичээл, сурлагадаа сайн хүүгээ эрдэм номтой хүн болгоно” гээд зөвшөөрөөгүй тухай хуучилж байсан билээ.

"СУМАНДАА ҮЗҮҮРЛЭСЭН ТЭР ЖИЛИЙН НААДАМ-

              О.Хангай ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байхдаа Буянт сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүй барилдаж, сумын начин цол хүртсэн байна. Тухайн үед аавынх нь төрсөн дүү Ж.Алтанбагана “Миний дүү сайн бөх болоорой” гээд зодог, шуудаг авч өгсөн гэдэг. Тэр өвлөө улсын заан Ц.Мягмарсүрэнд шавь орж, Ховд бөхийн дэвжээнд бэлтгэл хийж, сумынхаа наадамд барилдаж, заан цол хүртсэн түүхтэй. Энэ цагаас хойш О.Хангайгийн амжилт ар араасаа үргэлжилж, түүний нэр бөх сонирхогчдын дунд цуурайтаж эхэлсэн юм.

              2012 онд аймгийнхаа наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүнд аймгийн арслан Н.Батсайханд өвдөг шороодож байв. Дараа жил нь бөхчүүдийн ярьдагаар “Ногт ганзагалан” очиж, уран мэх, эр бяраараа гайхуулан найм давж, аймгийн арслан цол хүртсэн билээ. Аавынхаа өвөрт багтдаг байсан жаал, ээжийнхээ энгэрт эрхэлдэг байсан жаахан хүү аймгийнхаа баяр наадамд түрүүлж, Монголын Улсынхаа төрийн талбайг тойрон дэвж буйг хараад аав, ээж итгэж ядан баярын нулимс урсгаж байсан гэдэг. Ховд аймгийн баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэнд чуулсан олон ам уралдан “Энэ хүү чинь манай Буянт сумын тариаланч Ж.Оргих ахын хүү шүү дээ. Мөн ч сайхан эр болсон байна. Одоо төрийн наадамд харж сууя даа” хэмээн ярьцгааж байжээ. Ийнхүү ярих нутгийн олныхоо итгэлийг тэр алдаагүй бөгөөд 2014 оноос О.Хангай гэдэг нэр улс даяар цуурайлж, бөх сонирхогчдын дунд цахиур хагалан орж ирсэн билээ.

Монголын Улсынхаа төрийн талбайг тойрон дэвж буйг хараад аав, ээж итгэж ядан баярын нулимс урсгаж байсан гэдэг

              Тэр жилийн цагаан сарын барилдааны тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг заан цолтой байхад өвдөг шороодуулж, түрүү булаалдахаар улсын гарди Д.Рагчаатай үлдэж байсан түүхтэй. Энэ цагаас тэр  улсын наадамд цол хүртэх бөхчүүдийн таамагт багтаж эхэлсэн. Жил бүр О.Хангайг харж, дэмжиж суусан дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэн 2017 онд улсын харцага цол хүртсэн. Тухайн жилийн улсын баяр наадмын дөрвийн даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг, тавын даваанд улсын арслан Э.Оюунболдыг, зургаагийн даваанд аймгийн арслан Б.Сериктэй тунан барилдаж, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд харцага цол хүртсэн түүхтэй.

-ХАРЦАГА ЦОЛНЫ ДАРААХ УНАЛТУУД БА ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮЛЭХ ЭХЛЭЛ-

              Харцага цолонд хүрсний дараах он жилүүд О.Хангайгийн уналтын жилүүд байлаа. Бөхийн өргөөнд болсон барилдаанд цоорч чадахгүй, улсын наадамд барилдахдаа ч доогуур даваанд уначихаад байлаа. Бас төрж өссөн Ховд нутгийн бөхчүүдтэйгээ үл ойлголцол үүсэж, шахалт хавчилга, дарамтад орж байв. Урамтай сайхан барилдах чадал хүч, мэх, хүсэл тэмүүлэл байгаа боловч яагаад ч юм эв нь олдохгүй уначихаад байлаа. Гэвч түүнийг дэмждэг бөх сонирхогчид хоёргүй сэтгэлээр дэмжсээр байв.  О.Хангай ч “Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр тэгээд, ингээд уначихсан гэж ярих дэмий. Олон түмний итгэлийг алдчих вий гэсэн бодол л намайг унагаачихаад байсан юм. Би өмнөө том зорилго тавьсан. Энэ жилээс тайван, чөлөөтэй барилдана аа” хэмээж байлаа. Тэр хэлсэндээ хүрч, том зорилгынхоо эзэн болж, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн баяр наадамд түрүүлж, аварга цол хүртлээ. Ховдын цэнхэр хязгаар нутгаас аав нь ирж, Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч олныхоо дунд сууж, уухайлан дэмжиж байсан байлаа. Энэ талаар Ж.Оргих гуай “Хүү минь Монгол Улсын аварга боллоо. Хүүг минь аварга болохыг Монголын ард түмэн хүсэн хүлээж байсан гэдгийг би цэнгэлдэхэд бөх үзэж суухдаа мэдэрсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгээр дүүрэн “Хангай, Хангай, Хангай” гээд үзэгч, дэмжигчид уухайлж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Хамгийн гол нь жаахан хүүгээ түмэн олондоо хайрлагдаж, хүндлэгдсэн том бөх болсныг мэдрэх ямар сайхан байв аа” хэмээж байлаа.

Аавдаа өргүүлж, агаарт “нисдэг” байсан жаахан хүү аавыгаа улсын баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд өргөж, баярын сэтгэгдлээ илэрхийлсэн

Тийм ээ, тэр үнэхээр аавдаа жаахан хүү нь хэвээрээ байв. Төрийн наадамд түрүүлж, есөн хөлт цагаан тугаа тойроод тэр хамгийн түрүүнд аав руугаа гүйн очиж үнсүүлсэн. Аавдаа өргүүлж, агаарт “нисдэг” байсан жаахан хүү аавыгаа улсын баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд өргөж, баярын сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэр үндэсний бөхөөр 21 настайгаасаа барилдан 10 жилийн дотор улсын аварга цол хүртлээ.

-ДОПИНГИЙН ЭСРЭГ ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ-

              О.Хангай ээжийнхээ талаас Ч.Ванчинхүү арслантай цусан төрлийн, аавынхаа талаас Ш.Батсуурь дархан аваргатай холбоотой гэгддэг. Энэ талаар Ж.Оргих гуай “Ш.Батсуурь аварга нутагтаа очихоороо хамгийн түрүүнд манайхаар ирдэг байсан. Манайд хонож, өнжиж байгаад л буцдаг байсан даа. Ш.Батсуурь аварга манай эмээ Халтарыг “Эгч ээ” гэдэг байсан шүү. Бас нутгийн настай хүмүүс нэг биш удаа “Батсуурь аварга танай эмээтэй хамаатан” гэдэг байсан ярьдаг” хэмээн ярьж байв.  Бөхийн удамтай, Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай аварга монгол бөхийн спортод бугласан допингийн эсрэг тэмцэгч. Тэрбээр 2020 онд “Цагаан сарын барилдаанд улсын арслан Э.Оюунболдыг барилдвал би зодоглохгүй. Би ганцхан Э.Оюунболдтой тэмцээгүй. Нэр бүхий 37 бөхийн нэрийг зарлуулж, допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж, үндэсний бөхийн спортоо ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээхийг хүсэж байна” хэмээн дуугарч байв. Мөн тэрбээр допингийн асуудлаар хэд хэдэн санал гаргаж байв. Тодруулбал, Явцын шинжилгээ тогтмол авах, улсын наадамд дөрвөөс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авах, аймгийн наадмын үзүүр, түрүүний бөхөөс шинжилгээ авдаг болох, шинжилгээ өгөхөд унасан бөх, цагдаа, шүүх, АТГ-ынхныг байлцуулах, допингийн шинжилгээний хариуг нийтэд ил байх талаар тусгах, допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг гурваас дөрвөн жилээр хасах зэрэг санал гаргаж байлаа. Энэ нь түүний монгол үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээгээ цэвэр ариун байлгах гэсэн чинхүү хүсэл нь юм. Түүнд допингтой бөхтэй хүч үзэн барилдаад унасан удаа ч бий. Тэр өөрөө л амжилт гаргахын тулд допингтой тэмцээд байгаа юм биш. Харин үндэсний спортыг өргөжин тэлж, нэг бөхийн эрх ашиг, хүсэл, сонирхлоос  болж, бусдын амжилт үнэгүйдэхгүй байгаасай гэсэндээ тэмцэж яваа бөх. 

-ТАРВАС ЗАРДАГ О.ХАНГАЙ  ӨР ЗӨӨЛӨН СЭТГЭЛТЭЙ  ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛСТЭН-

              О.Хангай хүмүүнлэгийн ажлуудыг ар араас нь хийдэг. Хүүхдийн эмнэлгүүдийг тохижуулж, нэн шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нь тэр аль чадахаараа өгдөг. О.Хангайг зарим нь “Энэ мөнгө нь багтаж ядсан юм шиг энд тэнд буяны ажил хийгээд явах юм. Өөрийнх нь  амьдрал тийм ч  сайн биш юм билээ. Умгар, жижигхэн орон сууцанд амьдардаг юм билээ” гэж л байсан. Гэвч тэр юуны төлөө хүүхдийн эмнэлгүүдэд олдсон хэдэн төгрөгөө хандивлаж, муудсан нурсан, хана таазанд засвар хийгээд байдаг нь ердөө л “Өвдөж, зовж, айж ирсэн хүүхдүүд, тэдэнд үйлчилж байгаа эмнэлгийн ажилтнууд тохь тухтай орчинд сэтгэл амар байх ёстой” гэж бодсоных гэсэн.

Өөр нэг зүйл гэвэл түүнийг улсын цол авсны дараахан охин үр нь нартаас харамсалтайгаар “буцсан” байдаг. Олны  хар, цагаан хэл ам байсан л байх. Гэвч нялх үрээ алдсан аав сэтгэлдээ тээж явсан гуниг харууслаа ил гаргаагүй. Харин ч “Нэг ч болтугай гэр бүлд өнчрөл хагацал бүү тохиолдоосой” гэсэндээ хүмүүнлэгийн ажлуудыг тэр хийдэг юм билээ. Аварга 10 жилийн хөдөлмөр, хөлс, хүчээ шавхан 10 давсан барилдааныхаа шагналаараа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг хэдхэн хоногийн өмнө тохижуулж дууссан. Уг нь түүнд цэмбийсэн, шинэ “Ланд 300” автомашин унаад, салхи татуулан давхих боломж байсан. Гэхдээ тэр хүүхдүүдийн орчныг эрүүл, аюулгүй байлгахыг өөрийн тав тухаас илүүд үзсэн. 

              Намар намрын энэ л өдрүүдэд аавынхаа тарьж ургуулсан тарвасыг тэр Улаанбаатар хотод зараад зогсдог байлаа. Харин энэ жил Ж.Оргих гуайнх тарьж ургуулсан бүх тарвасаа ард түмэндээ өгсөн. Найр найрын хойморт залагдаж явахын оронд тэр тарвас зүсээд, ард түмнийхээ дунд инээгээд зогсож байгаа сайхан байлаа.  Монголчууд ийм нэгэн гүндүүгүй, шударга аваргатай болжээ. Цэл залуухан  30 настай О.Хангайд төрийн наадамд түрүүлэх боломж олон бий. Тэр дахин түрүүлэхийн төлөө хичээж, амжилтын зам дээгүүрээ “гүйж” явна.  Харин олны хэл ам хазгай тусах болтугай.

Цэл залуухан  30 настай О.Хангайд төрийн наадамд түрүүлэх боломж олон бий. Тэр дахин түрүүлэхийн төлөө хичээж, амжилтын зам дээгүүрээ “гүйж” явна.  Харин олны хэл ам хазгай тусах болтугай.

Аан тийм, ирэх намар аав, ээжийнхээ тарьсан тарвасыг 22-ын товчооныхоо тэнд зараад зогсоорой, О.Хангай аварга аа. Таныг эгэл ард түмэнтэйгээ ойрхон байхыг харах сайхан  байдаг юм аа. 

 


ДАРУУХАН АЙЛЫН ДАРУУЛГАТАЙ ХҮҮ УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-08 07:25:04
    Шийгуа: Шийгуаны хужаанууд барилдаад байгаа юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-08 14:11:16
    Uuganbaatar: Xangaj amjjlt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-08 14:11:15
    Uuganbaatar: Xangaj amjjlt
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188