• Өнөөдөр 2024-04-20

Р.ТАМИРАА: Хүү минь волейболд бүхнээ зориулсныхаа үр дүнд өдий зэрэгтэй яваа

2022-11-29,   769

   2021 оны волейболын дээд лигийн тоглолт дундаас хоёр номертой солгой тоглогч довтолгоо бүрээрээ оноо авч, үзэгчдийг огшоож байсан нь саяхан. Тэр бол “Натур мед Ноён” багийн тамирчин Тамираагийн Хангал. Тэрбээр 2021 оны дээд лигийн тэмцээнд хамгийн өндөр буюу 428 оноо авч, дээд лигийн шилдгийн шилдэг тоглогчоор шалгарч байсан билээ. Тэгвэл Т.Хангал нь волейболын нэрт дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат багш, өвөө Д.Ренчин, волейболын спортын шилдэг тамирчин, өдгөө “Натур мед Ноён” багийн дасгалжуулагч аав Р.Тамираа, авга ах Р.Хангай нарынхаа спортын карьер, хөдөлмөрийг үргэлжлүүлж яваа удам дамжсан тамирчин юм. Харин тэр өнгөрсөн арваннэгдүгээр сард гадаадын дээд лигт легеонер тамирчин болохоор Тайланд Улсыг зориод удаагүй байгаа юм. Энэ хүртэл түүнийг талбай дээр, амьдрал дээр дасгалжуулсаар байгаа аав волейболын Олон улсын хэмжээний мастер Р.Тамираатай ярилцлаа.

-Хүү нь Тайланд Улсыг зориод удаагүй байна. Та тоглолтынх нь явцтай танилцаж, хүүтэйгээ холбоотой байдаг уу?

        -Хүүтэйгээ өдөр болгон холбогдож байгаа. Тэмцээн нь эхлээд хоёр долоо хоног болж байна. Тоглолт нь долоо хоногт нэг удаа үргэлжилдэг. Ажлын өдөр зургаан цагийн бэлтгэл хийж, амралтын өдрүүдэд тэмцээн нь үргэлжилдэг  юм байна лээ. Хүү маань баг бүрэлдэхүүндээ дасаж, ойлголцоод эхэлчихсэн. Мэдээж тэмцээний орчин, уур амьсгал өөр. Харин өөрийн үндсэн байрлал болох холбогчийн эсрэг байрлал дээр тоглодог учраас төвөгтэй байдал тулгарахгүй байгаа.

-Монголын дээд лиг дэх тоглолтын турш аавынхаа дасгалжуулалт дор бэлтгэл сургуулалтаа хангаж, тэмцээнд удаа дараа амжилттай оролцсоор ирсэн. Харин Тайланд Улсыг зорьсон цагаас хойш таны заавар, зөвлөгөө дутагдаж байгаа байх?

     -Хүүгийнхээ тоглолтын дараа байнга холбогдож, тоглолтын үйл явц дээр дүн, шинжилгээ хийж ярилцдаг. Тайландын тамирчид хурдтай. Мөн тоглолтын систем өөр болохоор бага зэрэг өөрчлөлт хийх шаардлагатай байсан. Тиймээс хурд хүчинд анхаарал хандуулахын зэрэгцээ, хөдөлгөөн болгоныг нягт нямбай, үндсэн хөдөлгөөнийг алдалгүй хийхийг зөвлөсөн. Мөн тэмцээн болж буй орчин тоглолтод нөлөөлж байгааг хэлж байсан юм. Орчиндоо дасах цаг хугацаа хэрэгтэй байх. Мөн Тайландын цаг агаар халуун байгаа учир хөлс маш ихээр гаргаж байгааг хэлж байсан. Хөлсөөр гарч байгаа эрдэсийг хоол тэжээлээр нөхөх нь чухал учраас хоол хүнсний тал дээр ярилцаж л байна.

-Монголчууд танай гэр бүлийг удам дамжсан волейболчид гэдгээр нь мэднэ. Т.Хангал төрөлхийн волейбол тоглох авьяастай байв уу?

     -Авьяас гэхээс илүү хөдөлмөр нь илүү амжилтад хүргэсэн болов уу гэж боддог. Түүнчлэн хүүхдэд гэр бүлийн орчин хамгийн их нөлөөлдөг. Тийм ч учраас багаасаа аав, ээжтэйгээ бөмбөгтэй харьцаж өссөн учир хожим өөрийнх нь хүсэл сонирхол волейбол руу хөтөлсөн байх л даа.

-Та хүүгээ волейболын спортод багаас нь хэрхэн бэлтгэж байв?

      -Хүүдээ нэг чадварыг л хамгийн сайн олгож, түүгээр нь чадваржуулах юмсан гэж боддог байлаа. Тиймдээ ч аав, ээжээс өвлөсөн энэ спортод хүү маань суралцаж, эзэмших нь чухал байсан. Би ч өөрөө энэ төрлийн мэргэжлээр ажилладаг болохоор хүүгээ багаас нь сургаж ирсэн. Хүүхдийн тархины хөгжил бага насандаа илүү идэвхтэй байдаг юм билээ. Тиймээс хурд, хүчний дасгал, сургуулалтыг багаас нь хийлгэх нь чухал юм байна гэдгийг ойлгож байсан. Хүүгээ хурдан дээр багаас нь ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Түүний үр дүн одоо гарч байгаа юм болов уу гэж боддог. Одоо хүүгийн маань бусдаас ялгарах чадвар нь хурд.

-Хүүгийнхээ хамгийн анхны амжилтыг хараад танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

       -Хамгийн анхны амжилт нь “Мини” улсын аваргын алтан медаль байсан юм. Одоогийн дээд лигт хамт тоглож байсан зарим тамирчинтай багаасаа бэлтгэлээ хангаж, тэмцээнд амжилт гаргадаг байлаа. Хүүгээрээ бахархаж суухын сацуу, цаашид юуг илүү анхаарах ёстой вэ гэдэгт дүгнэлт хийсэн. Ямартай ч энэ спортын суурийг анх ингэж тавьж байлаа.

 -Хүүгээсээ хүлээж буй дараагийн зорилго юу вэ?       

          -Волейболын спортод хүү минь цаашид өөрийн хичээл зүтгэлээр хангалттай амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин би хувь хүнийх нь боловсрол, мэргэжилд илүү анхаарал хандуулж байгаа. Олны анхааралд өртөөд ирэхээр төлөвшил, үзэл бодолд нь нөлөөлөх болов уу гэж санаа зовдог. Спортын замналыг цаг хугацаа харуулна шүү дээ. Үлдсэн амьдралдаа хэн болох нь чухал учраас өөрийн боловсрол, хүмүүжил чухал байна. Энэ талаар би хүүтэйгээ байнга ярилцдаг.

-Та хүүгээ хэрхэн хүмүүжүүлж, өсгөв?

         -Хүү маань зөөлөн, тусархаг, хүний төлөө л гэсэн сэтгэлтэй. Аливаа зүйлд тайван, найрсаг хүүхэд. Ээжтэйгээ илүү ойлголцдог л доо. Харин спортод сэтгэл зүй чухал учраас байнгын мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаг. Мөн хүү маань өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөж сэтгэл зүйч мэргэжлээр Монгол Улсын Их сургуульд суралцдаг.

-Удахгүй хүүгээ эргэх бодол бий юу?

        -Тийм ээ. Хүү маань Тайландад ганцаараа амьдарч байгаа. Тайландын амьдралын дадал зуршил бидний орчин нөхцөлөөс өөр. Тийм ч учраас хүү маань өөрөө бүхнээ зохицуулж, бэлтгэл сургуулилтаа хангадаг. Удахгүй эргэж, очино гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Лигийн тоглолтынх нь сүүлийн долоо хоногоор очвол хүүгийн маань сэтгэл зүйд ч дэм болох болов уу гэж бодож байна.

-Тайланд Улсын лигт тоглох санал ирэхэд анх хэрхэн хүлээж авсан бэ?

        -Тайландын лигээс санал ирэхэд бид анх татгалзсан хариу өгсөн. Учир нь цаг агаар, Монголын дээд лигийн хуваарь, хоол хүнс гэх мэт шалтгаанаас болж татгалзах санал өгсөн. Харин дараагийн удаа Тайландаас дахин санал тавихад хүү маань “Явмаар байна. Би үүнийг боломж гэж харж байна” гэж хэлээд хоёр хоногийн дотор шийдвэр гаргаж, Тайланд Улсыг зорьсон доо.

      -Монголын дээд лигт тоглож байх хугацаанд аль хэдийн үзэгчдийн дэмжлэг, магтаал сайшаалыг хүртээд байсан шүү дээ. Энэ болгонд илүү хурцлагдаж байсан болов уу?

         -Мэдээж тоглолтын үеэр ордны уурь амьсгал, цахим сүлжээн дэх дэмжигчдийн хандалт гэх мэт олны анхааралд ороод байсан. Энэ ч утгаараа би хүүдээ олон түмний итгэл үнэмшил, магтаал сайшаалыг зөв талаас нь өөртөө хүлээж авч, дааж яваарай гэж хэлж байсан. Үүн дээр сургуулийнх нь мэргэжлийн багш нар сэтгэл зүйн зөвлөгөө өгч байсан л даа. Амьдралын хэвийн нөхцөл байдлаас өөр хэв маягт шилжиж байгаа болохоор сэтгэл зүй дээр анхаарах нь чухал байдаг.

         -Ер нь та волейболын спортоор анх хичээллэж буй хүүхдэд ямар арга барилаар суурь чадварыг суулгадаг вэ?

           -Би бага насны хүүхдэд волейболын спортоор хичээллэх хөтөлбөр боловсруулсан байдаг. Ихэнх дасгалжуулагчид техник зааж эхэлдэг бол би хүнийг хүн болох талаас нь төлөвшүүлж, харилцаа, хандлага дээр анхаардаг. Нийгэмших тал дээр илүү хөгжүүлж, бие бялдарын хөгжил дээр илүү анхаардаг даа. Ингэж байж л ерөнхий техник, арга барилд суралцана. Хамгийн гол нь хичээл зүтгэл, сэтгэл шүү дээ. Тиймдээ ч хүү минь волейболд бүхнээ зориулсныхаа үр дүнд өдий зэрэгтэй яваа.


 


Р.ТАМИРАА: Хүү минь волейболд бүхнээ зориулсныхаа үр дүнд өдий зэрэгтэй яваа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-12 22:54:00
    Бөртэ-Үжин : Би Хангал ахыг маш их дэмжиж шүү
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188