• Өнөөдөр 2024-04-26

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Т.СУЛТАН: ДАЙНЫ ЖИЛИЙН ХҮНД ҮЕД НАЙМАН ХҮҮХДЭЭ ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХ ГЭЖ ЗҮТГЭСЭН ЭЭЖИЙН МИНЬ ХҮМҮҮЖИЛ НАМАЙГ АРДЫН УРАН ЗОХИОЛЧ БОЛГОЛОО

2022-11-26,   790

     Ардын уран зохиолч цол хүртсэн Т.Султан гуайтай ярилцлаа.

  -Юуны өмнө Ардын уран зохиолч цол хүртсэнд тань баяр хүргэе. Амьдралынхаа нэгэн жарныг бичиж, туурвих, орчуулах үйлсэд зориулсны хувьд том шагнал байх аа?

    -Баярлалаа. Олон сайхан баяр давхцаж байна. Их эзэн чингис хааны төрсөн өдөр, монгол бахархал, улс тунхагласны баяр тохиож байгаа эл өдрүүдэд төрийн тэргүүн надад Ардын уран зохиолч гэх цол хүртээлээ. Их баярлаж, талархаж байна.

-Танд шагнал хүртээхээс өмнө дуудсан тодорхойлолтод таныг Казак түмний уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээж байна лээ. Энэ хугацаанд та хэчнээн бүтээл, туурвил бичиж, орчуулсан байна вэ?

    -Аравдугаар ангиасаа хойш уран зохиолын салбарт орсон. Ёстой нэгэн жарны хугацаа гэсэн үг л дээ.

Энэ хугацаанд өгүүллэг, тууж, роман, кино зохиол олныг бичсэн. Мөн орчуулгын зохиол, нийтлэл, шүлэг яруу найраг ч бичсэн. Нийт 600 шахам бүтээл туурвисан юм билээ. 60 гаруй жилд 600 бүтээл гэхээр чамгүй бүтээсэн болов уу гэж боддог. Нэг шүлэг ч нэг бүтээл шүү дээ.

   Анх 1963 онд Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу”, “Оргодол”, хоёр өгүүллэгийг орчуулж уран бүтээлээ эхэлсэн. Тэгээд орчуулгын ажлаа хэсэг завсарлаад, сүүлийн 20 гаруй жилийн хгуацаанд үргэлжлүүлэн зохиол бүтээлээ орчуулсан. Би Монгол, Казак хоёр хэлээр зэрэг туурвиж, хоёр тийш хөрвүүлдэг. Орчуулгын бүтээлд анхаарал тавьж эхэлснээс хойш Монголын эртний түүх, соёлын өв уламжлал, дурсгалт зүйлийг нийтийн хүртээл болгож, Казакстан, Киргстан, Туркмистан гээд хэрэг бичиг нэгтэй ард түмэнд суртачлах зорилго тавьсан. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд Монголын эртний их шар тууж, бага шар тууж гэж  Монголын нууц товчооны хувилбар бий. Мөн Монголын нууц товчоо,  Монгол ардын зүйр цэцэн үг, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн дууллыг казак хэл дээр орчуулсан. Бурхан багшийн сургаалиас ч орчуулан хөрвүүлсэн. Мөн Казак ард түмний түүх соёлын дурсгалыг монгол хэл дээр орчуулах ажил хийсэн. Энэ хугацаанд ер Монгол, Казакстаны арав гаруй зохиолчдыг бүтээлийг хоёр талдаа орчуулсан. Хамгийн гол нь түүх, соёлын бүтээлүүд бол уншигч залуусыг өнгөрсөн түүх, өв соёлоо ойлгуулахад нөлөөлсөн гэж үздэг. Тэгэхээр соён гэгээрүүлэх чиглэлийн энэ үйлсийг минь төр, засаг илүүтэй үнэлсэн болов уу гэж бодож байна.

Таныг уран зохиолд хөтөлж, энэ салбар руу чиглүүлсэн хүн бий болов уу?

      -Сурагч байхаасаа л уран зохиолын хичээлд дуртай байсан. Зохиолч, эрдэмтэн болох юм сан гээд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай шиг болох сон гэж боддог, хичээдэг байсан. Тэгээд эрдмийн зам хөөсөн, эрдмийн зэрэг ч хамгаалсан. Эрдэм шинжилгээний сурах бичиг ч зохиосон. Үүний хажуугаар уран зохиолоо огт орхиогүй. 60 гаруй жилийн турш янз бүрийн хариуцлагатай ажил их хийсэн. Гэхдээ уран зохиолоос огт хөндийрөөгүй.

     Уран зохиолын замд ороход том зохиолчдын үлгэр дуурайлал их нөлөөлсөн. Түүнээс гадна ээжийн нөлөөлөл их бий. Ээж минь их номч, мэргэн хүн байсан. Араб, Перс, Турк хэлээр туульс, найраглалыг бидэнд уншиж өгдөг байв. Тэгээд бүр зүгээр ч нэг уншихгүй аялгуулан уншина гээч. Манайх найман хүүхэдтэй айл.  Ээж минь хүүхдүүдээ эрдэм номтой хүн болгох гэж их зүтгэдэг байсан. Том ах маань дүү нараа хүмүүжүүлэх, ээжид туслах шалтгаанаар сурч чадаагүй ээ. Бид ааваасаа их багадаа өнчирч үлдсэн. Тэгээд л ээж өнчин хэдэн хүүхэд, харчуул дийлэнх биднийг сургах гэж их зүтгэсэн дээ. Дайны жилүүдийн хүнд хүчир, бэрхшээлийг туулж, тэвчиж байгаад л бүгдийг дээд боловсролтой болгосон. Ер дайны жилижнй хүнд үед найман хүүхдээ эрдэм боловсролтой болгох гэж зүтгэсэн ээжийн минь хүмүүжил намайг Ардын уран зохиолч гэх энэ шагналыг хүртэхэд нөлөөлсөн. Мөн зохиол бүтээлээ санаа зовохгүйгээр бүтээн, туурвихад ханийн минь нөлөө их. Хань маань "Уран бүтээлээ л хий. Би чамайг зохиол ч бүтээлээ бичих бүх бололцоогоор хангана" гэж их зүтгэсэн. Өөрөө мөн улсын ажил хийдэг мөртлөө гэр орноо авч явж, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлсэн. Хань минь өнөөдөр намайг энэ сайхан шагналыг авч байгааг тэнгэрээс хараад, баярлаж суугаа байх.

-Мөн таныг өдий зэрэгт хөтөлсөн хүмүүс бол багш байх. Багш нар нь ямар хүмүүс байсан юм бэ. Яах аргагүй өнөөдөр тэдгээр эрхмүүдийг дурсах өдөр болов уу?

      -Тэгэлгүй яах вэ. Дунд сургуулийн уран зохиолын багш минь их нөлөөлсөн. Дараа нь  уран зохиолын зөв замд оруулж, тусалсан хүн бол н.Сандаг зохиолч. Их сургууль төгссөнөөс хойш харин зохиолыг минь гардан авч, хэвлүүлэхэд тусалсан хүн бол нутгийн минь ах Ардын уран зохиолч Б.Бааст гуай байна. Эрхэм зохиолч ахын минь туслалцаа үнэлж баршгүй их. Өгүүллэг, туужийг минь үзэж, хянаж, залуу зохиолчдын "Яргуй", "Уран үгсийн чуулга", "Цог" сэтгүүлд хэвлүүлэхэд их тусалж, дэмжсэн. Харин эчнээ танил багш бол Ч.Лодойдамба гуай. Анх түүний хоёр өгүүллэгийг орчуулж уран бүтээлийн гараагаа эхэлж байсныг дээр өгүүлсэн. Тэр хүний зохиол бүтээлийн арга барилыг их дуурайсан гэж боддог. “Тунгалаг тамир” романы хоёр дэвтрийг орчуулж аваад, хэвлүүлсэн. Тэрбээр амьдрал дундаас зохиолын сэдвээ олж, амьдрал дундаасаа баатруудаа олдог. Түүнийгээ уран сайхнаар боловсруулж чаддаг авьяастай хүн байсан. Ч.Лодойдамба гэх аугаа зохиолчтой уулзах боломж байсан ч их эмээдэг байлаа.

 -Та номын өрөөнд  үе, үеийн дөрвөн Ерөнхийлөгчөөс шагнал хүртсэн зураг байна. Их сонин тохиолдол байна шүү. Хэнээс нь ямар, ямар шагналаа хүртэж байсан юм бэ?

    -Тиймээ. Хамгийн анх П.Очирбат Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байлаа. Дараа нь Н.Багабанди Ерөнхийлөгчөөс Соёлын Гавьяат зүтгэлтэн цол, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс Сүхбаатарын одон авсан. Сая харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс Ардын уран зохиолч цол хүртлээ. Өмнөх шагналуудыг минь нам, төрийн байгууллагад зүтгэсэн ажлыг минь үнэлж өгсөн байх. Харин Ардын уран зохиолч цол бол миний бичиж, туурвиж, орчуулсан хөдөлмөрийн минь шагнал гэж бодож байна.

-Уран зохиолын юун таныг татаж, хөтөлж, нэгэн жарны хугацаанд тань хамт байсан юм бэ?

     -Уран зохиол гэдэг хүний гоо сайхан, хүний сэтгэл, хүн чанар. Сайхан сэтгэл, хүн чанарыг уран зохиолоос олж авдаг. Гоо сайхны хүмүүжлийг мөн уран зохиолоор олж авдаг. Нөгөө талаар өөрийн хүсэл эрмэлзлэлээс гадуур зохиол гэж байдаггүй. Уран зохиол бол  зүрх сэтгэлийн дуудлага, догдлолоор бичдэг зүйл. Зүгээр илтгэл бичиж байгаа юм шиг тоо баримт цуглуулж, эвлүүлэх зүйл биш. Уран зохиол гэдэг хүний амьдрал зовлонг уран сайхнаар төлөөлөн гаргадаг зүйл. Хүний зовлонг бичвэл зовж бичнэ. Хүний жаргалыг бичвэл, жаргаж сууж байгаад бичнэ. Өөрийнхөө баатруудын зовлонгийн тухай уйлж бичнэ. Мөнхүү авьяас гэж байна. Надад аав, ээжийн минь өгсөн бурхнаас заяасан жаахан авьяас байсан болов уу. Түүнийг жаахан хөгжүүлээд, хөдөлмөрлөвөл амжилт ирдэг гэж боддог.

-Уран зохиолын орчуулга хийгээд, бичээд амьдарна гэдэг таны залуу үеийн тань цаг үед бэрх байсан байх. Бичиж, туурвих, хэвлэн нийтлэх эрхээ хаалгаж байсан зүйл бий юу?

     -Тэгэлгүй яах вэ. Тийм тохиолдол болж байлаа. Тухайн үед бичсэн зүйлээ Зохиолчдын хороогоор урьдчилаад хэлэлцүүлнэ. Хэвлэсэн хойно мөн дахин хэлэлцүүлнэ. Бэлэн болсны дараа хэвлэлтийн төлөвлөгөөнд оруулна. Нэлээд сайн шалгаж, шүүдэг байв. Тэгээд л хэвлэхгүй гэж хааж, бооно. Одоо бол чөлөөтэй сайхан болсон байна шүү.

-Одоо та ямар бүтээлд ажиллаж байна вэ?

      -Зохиолч хүн үхэн үхтлээ үзэг тавьдаггүй гэдэн. Одоо хоёр том бүтээл орчуулж сууна. Монголын Рашид Аддины судрын чуулганы дараа орох бүтээл л дээ. Судрын чуулган бол Монголын эзэнт гүрэн, Чингисийн тухай өгүүлдэг. Харин минийн энэхүү орчуулгын бүтээл бол Цагаадайн үр ач, гавьяаны тухай юм. Одоо нас өндөр болоод аажуухан л амжуулж байна даа. 

-Үр хүүхэд, ач, зээ нараас  нь уран зохиол сонирхож байгаа хүн байна уу?

      -Би гурван охин, зургаан зээтэй. Нэг зээ маань зохиол бичиж, зураг ч зурж байна. Намайг дуурайсан шиг байгаа юм. Би зураг зурдаг байсан. Тэгээд зургаа больсон. Зураг бол хүнд ахадсан том хөдөлмөр. Миний зээ зураг зурах, юм бичих авьяас байх шиг байгаа юм. Том охин минь хэлний мэргэжилтэй. Харин бусад хүүхэд өөр, өөр салбарт ажиллаж байгаа.

-Уран зохиол сонирхдог, бичих гэж оролддог залуучуудад хандаж юу гэж захих бол?

       -Уран зохиол сонирхдог ч бай, үгүй ч бай ном уншдаг байх хэрэгтэй. Номонд л шинжлэх ухаан байна. Ном уншсан хүний оюун ухаан хөгжинө. Ном уншихгүйгээр ажил хийнэ гэдэг худал даа.  Банк бол дамбуурна. Ном уншсан хүний тархи дамбуурахгүй.

-Шагнал хүртсэн энэ мөчдөө та өнөөдрийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн ханийгаа санаж байгаагаа хэлсэн. Ханьдаа зориулсан ямар шүлэг байдаг бол?

    Хүдэнт сүмбэр уул нь хө

    Хүлгийн шандас сульдаасан

    Хүний сайхан хангайдаа

    Хүрэн зүрх минь хоргодно

    Будант сүрлэг оргил нь хө

    Бүргэдийн жигүүр цуцаасан

    Бусдын сайхан хангайдаа

    Булгилах зүрх минь тэмүүлнэ

    Холын сайхан хангайдаа

    Хонон өнжин саатах минь

    Хонгор чинийхээ аашинд нь

   Хоёргүй сэтгэл алдарна

   Алсын бараат хангайдаа

   Амраг сэтгэл учрахуйд

   Хөг нь таарсан хуурын

   Хос чавхдас эгшиглэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

  -Баярлалаа.


АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Т.СУЛТАН: ДАЙНЫ ЖИЛИЙН ХҮНД ҮЕД НАЙМАН ХҮҮХДЭЭ ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ БОЛГОХ ГЭЖ ЗҮТГЭСЭН ЭЭЖИЙН МИНЬ ХҮМҮҮЖИЛ НАМАЙГ АРДЫН УРАН ЗОХИОЛЧ БОЛГОЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188