• Өнөөдөр 2024-04-25

ЦАН ХҮҮРЭГЭЭ САВСУУЛСААР ӨВЛИЙН ӨВӨӨ АЙЛЧИЛЖ ЯВНА

2023-12-31,   918

        Түүний авсан хамгийн зөөлөн мөртлөө дулаахан, үзэгчдэд тун дотнохон дүр бол өвлийн өвөө. Сүүлийн арав гаруй жил тасралтгүй энэ л дүрдээ дархлагдаж, жилээс жилд бүр ч мэргэшиж, өвлийн өвөөг түүнгүйгээр төсөөлөмгүй болоод уджээ. Ажаад байх нь ээ, тэр  хамгийн тайван дөлгөөн, тогтнуун, даруухан өвлийн өвөө юм. Үүгээрээ тэр амьдралынхаа 60 гаруй жилд өвлийн өвгөн болсон Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсаны халааг яг л залгуулсан. Магад эрхэм өвлийн өвгөн аав тэнгэрийн орноос түүнийг хараад ханаж, баярлаж, санаа нь тэнийж суугаа болов уу. Өндөр нуруу, үг яриа, хоолойны өнгө гээд хаанаас ч харсан ханагар сайхан монгол өвлийн өвгөний шинж өнгийг бүрдүүлсэн хүмүүн бол Монгол Улсын Ардын Жүжигчин Б.Жаргалсайхан. Өдийд тэр цан хүүргээ татуулан, цасан охидоо дагуулсаар тэр айлчилж яваа. Тэр ингэж л цал буурал өвлийн өвөө, хатуу чанга хавт Хасар, Хүннү төрийн хаан Арчуг, хүний сайхан аав, дарга, ах, дүү, найз, ханийн дүрд тоглосоор буй. Тэр дүрээ, авсан текстээ нүдээрээ, зүрхээрээ, буй биеэрээ тээж гаргадаг, эцэст нь тулгадаг даруухан мөртлөө даацтай уран бүтээлч. Мөнхүү монголчууд хайрта өвлийн өвгөн аав. Хасар Жагаагийн дүрд ард түмэн шархирч, өмөрч, мөнхүү хамт тэсэж, тэвчдэг бол Арчуг хааны дүрээс үг найруулгын гайхамшиг, хаан хүний ухааныг хардаг. Харин өвлийн өвгөний дүрийг хүн бүр хүндэтгэн, хайрлаж, үгийг нь сонсдог. Ингэж тэр амьдрал дээр болоод уран бүтээл дээрх дүрээрээ ч ард түмний хайртай хүү.

-ЦӨМДӨӨ УУГИЖ, ЦӨН ТҮРСЭН ИХ АВЬЯАСТАЙ ХАСАР ЖАГАА

     Түүн шиг шархирам, мөнхүү халрим Хасарын дүрийг мэдэхгүй юм. Угаас "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Хасар зүрх өвтгөм дүр. Нөгөө талаар хийсэн хэргийнхээ шийтгэлийг үг дуугүй үүрч, ямар ч ял зэмлэлийг шүдээ зуугаад даасан бахархам дүр. Ардын жүжигчин Б.Жаргалсайхан ийм л нэгэн дүрийг Монголын урлагт тамгалж чадсан. Ард түмний сэтгэлд дүрээ хүргэсэн болохоор л, үнэхээр Хасарын дүрийг тулгаж чадсан болохоор түүнд "Хасар" Жагаа гэх нэрийг оноосон байх. Тэрбээр энэ талаар "Дүрээрээ овоглуулж явна гэдэг жүжигчин хүн бүхэнд олдоод байдаггүй том хүндэтгэл. Би галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй хутганы ир шиг 25 насандаа Хасарын дүрийг бүтээсэн. Кино гарсны дараа хүмүүс намайг "Хасар" Жагаа гээд дуудна. Эхэндээ би тийм ч дуртай байгаагүй. Жаахан ичих шинжтэй байв. Сүүлдээ харин дассан" гэж ярьсан байдаг. Үнэхээр цав цагаан шүд, гэрэлтсэн шингэн царай төрх, ханагар биетэй цэл залуу насны дүр нь. Түүнээс хойш Б.Баатар найруулагч түүнийг "Атга нөж" жүжгийн Хасарын дүрд тоглуулахаар дуудахдаа "Чамтай ярих юм байхгүй. Чи бол хаанаас нь ч харсан Хасар. Өөр дүрээр харах ямар ч шалтгаан алга" гэсэн гэдэг.  

Ингэж тэр насаараа дуудуулах нэрнийхээ ард Чингис хааны тэрслүү мөртлөө хамгийн өр зөөлөн дүү Хасарын нэрийг авсан. Үндсэндээ Монголын урлагт тэр л Хасар байсан.

 
-БӨХӨӨС ЭХЛЭЛТЭЙ ХАВТ ХАСАР-
 
    Ардын жүжигчин Б.Жаргалсайханы түүхэн дүрийг гарамгай гаргаж, Хавт Хасар байдгийн гол учир бөхөөр барилдаж байсантай нь холбоотой болов уу. Их ч бяртай барилдаж байсан гэдэг. Ээж нь говийн эр хүнээс дутахгүй эрэмгий бяртай эмэгтэй байжээ. Энэ талаар тэрбээр "Ээж минь бадриун том биетэй, их тэнхээтэй хүн байсан гэдэг. Моринд эрэмгий, морь унах дуртай хүн байсан гэж ярьдаг юм. Ээжийн талынхан ер том биетэй хүмүүс. Цөм бөх барилддаг" гэсэн байдаг. Түүнийг тойроод л бөхөөр барилддаг хүмүүс байхад Жагаа ч мөн барилдаж, тэмцээн уралдаанд ч орж байж. Давахыг бодож явсан хүнд юун урлагийн хүн болох, тайзнаа гарч өгүүлбэр хэлэх тухтай бодогдох. Ёстой зүүдэнд ч орж байгаагүй гэдэг. Харин аравдугаар ангиа төгсөх жил нь ангийн хүүхэд нь ирээд "Жагаа Москвагийн театрын урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр хүүхэд шалгаруулж авч байна гэнэ. Шалгалт өгөөд, алтан Москва үзье" гэсэн саналаар шалгалт өгснөөр тэнцэж, энэ мэргэжил рүү орсон түүхтэй. Ингэж л Монголын кино урлагийн хаалгаар ир бяр, ид хав нь жигдэрсэн, хаанаас ч харсан өв тэгш сайхан уран бүтээлч орж ирснээс хойш өдгөө тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээжээ. Түүний дүрээс нэг тийм эмзэглэл, буй биеэрээ дүрийнхээ баяр, гунигийг тээсэн гүн их шаналал мэдрэгддэг. Авьяас гэж дотоод их сэтгэлийн булгилалт, донсолгоо, мах, цуснаасаа оргилолт байх.  Үүн шиг түүний авьяасыг зүйрлэвэл цөмдөө нуугиж, түүнийгээ гадагш цөн түрэх мэт нүргэлт, түрэлт мэдрэгддэг. Зүгээр ч нэг хальж, дэвэрч, шаналж, шархирдаггүй.
 
      Тэр дүр бүрээ модон тэвшин дээр дөрвөн мөчөөрөө хадуулаад, мах цусаараа зовлон мэдэрч байгаа Хасарын дүр шигээ мэдэрч, хамгаа өвчиж, дотор сэтгэлээ цөмийг нь дэлгэн гаргаж бүтээлдээ ордог.
                 
-БУСДААР ЗӨӨЛӨН-
 
     Авсан дүрээ арзайтал гаргахаас бусдаар хувь Жаргалсайхан ихэд зөөлөн. Тэвхийсэн, нүдэнд дулаахан уран бүтээлч. Намдуухан үг яриа. Хэлэх гэсэн санаагаа хэнд ч тайлбарлан ярина. Санамсаргүй болсон мэт алмайрч, гайхаж, сонин содон болгож хүүрнэнэ. Түүнийг нь телевизийн нэвтрүүлгийн ярианаас эчнээн мэдэх билээ. Тайзны олон ч дүр бий. Онцолж дурдвал, "Тамгагүй төр" жүжгийн Арчуг хаан байна. Мөнхүү тун сайхан тохирсон. Тэр өнгө төрх, үгийн ур, чадал, нүүрний хувирал онцгой байсан.Түүнд дэлгэц болоод тайзан дээр дүрээ гаргахад ажиглагддаг нэг зүйл ихэд төгөлдөр харагддаг хүмүүн. Үл хүрэх мэт халдашгүй. Гэхдээ буугаад ирэхдээ тун энгийн, найрсаг. Одоо ч тэр хэвээрээ. Шингэн төрх нь бүдгэрч, жаахан үрчлээ зурснаас бусдаар өнөө л Хасар Жагаа хэвээр. Хасар хариагүй. Хүний сэтгэлийн угт тулж, бүр хамгийг нь цоолж, юуг ч юм бариад шидчихмээр, тас татчихмаар адгуу болгож, үзэхээр л дагаад хамаг бие шархиран өвдөх шиг гүнзгий мэдрэмжийг Хасарын дүр одоо ч өгсөөр байгаа. Дахиад түүн шиг Хасар төрөхийг мэдэхгүй ч бид Хасарын дүрд ханасан. Дүрээ яс махаараа мэдэрч, цуулж, хуулж гаргадаг уран бүтээлч хэн байна вэ гэвэл гарцаагүй Хасар Жагаа л гэж хэлнэ.
 
          

ЦАН ХҮҮРЭГЭЭ САВСУУЛСААР ӨВЛИЙН ӨВӨӨ АЙЛЧИЛЖ ЯВНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188