• Өнөөдөр 2024-04-25

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОР: ДААРЧ ЗОГССОН СОНСОГЧООС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛХ БҮХ ЗҮЙЛ МИНЬ НАМАЙГ БҮТЭЭСЭН

2022-12-31,   3574

Монголын төдийгүй дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэй офицеруудын түүчээ, тэдний зориг, хүч, манлайлагч нь монгол бүсгүй байдаг гэхээр уншигч танд эрхгүй бахархал, омогшил төрж байна уу. Тэр бол Монгол Улсын анхны эмэгтэй Бригадын генерал Ганболдын Болор билээ. Тэрбээр цэргийн сургуулийн анхны зургаан эмэгтэй сонсогчийн нэг, АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер, НҮБ-ийн Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй билээ. Гэхдээ тэр хувь хүнийхээ хувьд зөвхөн анхдагч байгаад зогсохгүй энхийг сахиулагч дэлхийн эмэгтэй офицеруудын манлайлал, нийгмийн асуудлуудад Өмнөд Судан Улсад НҮБ-ийн UNMISS ажиллагааны хүчний штабт ажиллаж байх үеэсээ онцгой анхааран тэдний үнэ цэн, үнэлэмжийг илтэд өсгөн, энхийг дэмжих ажиллагаанд замчилсан гавьяатан билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж яваа Монгол Улсын Бригадын генерал Г.Болорыг бид “Блиц” буландаа урьлаа.

1.     Овог, нэр, төрсөн аймаг, сум:

-Ганболдын Болор, Улаанбаатар хотын хоёрдугаар төрөхөд төрсөн.

2.    Нэгдүгээр ангидаа ямар үсэг болж байсан бэ?

-Сонирхолтой нь, намайг дуу султай, шүлэг чанга уншиж чадахгүй гээд цагаан толгойн үсэг болгоогүй. Би тэр үед багшдаа их гомдож байсан түүхтэй.(инээв)

3.    Дунд сургуульд байхдаа орж байсан урлагийн арга хэмжээ?

-Би багадаа гитар тоглож сурсан. Тийм болохоор нэгдүгээр ангиасаа эхлээд л урлагийн үзлэгт гитар тоглодог байсан.

4.    Сургуулиа төгсөөд ямар мэргэжил эзэмшинэ гэж мөрөөддөг байсан бэ?

-Эмч болно л гэж мөрөөддөг байлаа.

 

Миний зөвлөгөө бол “Чин сэтгэлээсээ хүс” л гэж хэлнэ

 

5.    10 жилийн хамгийн мартагддаггүй, хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

-Хоёрдугаар ангийн сурагч байхдаа төрсөн өдрөөрөө ангийнхнаа гэртээ урьсан юм. Тэгсэн хөвгүүд маань надад бэлэг бэлдэхээр бөөндөө яваад бүгд “Өндөр малгайт” гэдэг ном, цаасан цэцэгтэй ирж билээ. 17-18 ширхэг “Өндөр малгайт” гэдэг номтой болж байсан гэсэн үг. Одоо ангийнхантайгаа уулзахаар энэ тухай ярьж инээлддэг юм.

6.    Ямар өнгөнд дуртай вэ?

-Ногоон, хар

7.    Сонсох дуртай дуу?

-Цэргийн дуунуудаа л сайн мэднэ дээ, бүтнээр нь мэддэг өөр дуу бараг байхгүй. Хөнгөн, цоглог аязуудад дуртай юм уу даа.

8.  Байнга уншдаг, унших дуртай номнуудаасаа хуваалцаач?

-Багадаа уран зохиолын ном их уншдаг байлаа. Номын сайн нөхөр I, II, III гээд бүгдийг нь авч байсан, номын сангийн сайн уншигч байв шүү дээ. Одоо бол мэргэжил, сонирхлоо дагаад Манлайлах ур чадварын цувралуудад шимтэж байна.

9.  Англи хэл хэрхэн сурсан бэ. Хэл сурах хамгийн хялбар байж болох зөвлөгөө хэлж өгөөч?

-Манай сургуульд тухайн чиглэлээр суралцах тушаал гарч байж оюутнууд хичээлдээ суудаг юм. Харин надад англи хэл сурах тушаал гараагүй. Гэсэн ч би англи хэл сурахыг үнэхээр хүсэж байсан учраас багшаасаа гуйгаад, ёстой хүслээрээ, туулайчилж сурсан. Хяссан зүйлд хүн илүү хөдөлмөр, сэтгэл, зорилго гаргадаг шүү дээ. Хэрвээ англи хэлний ангид сурах тушаал гарчихсан бол би сайн сурахгүй байсан байж ч мэднэ.  Тэгэхээр юуг ч байсан үнэн сэтгэлээсээ хүсэж л байгаа бол заавал амжилт ирдэгт итгэдэг. Миний зөвлөгөө бол “Чин сэтгэлээсээ хүс” л гэж хэлнэ.

10.  Ямар нэг зүйл сурахад хүнд юу хамгийн чухал вэ?

-Хүсэл, зорилго хоёр байхад бүх зүйл болно.

11. Үлгэр жишээ авдаг эрхэм хүнээ нэрлэвэл, яагаад?

-Олон хүн нэрлэмээр байна. Гэхдээ энэ удаад миний хэлэх хүмүүс бол одоо 20-30 настай манай залуучууд ямар мундаг байна гээч. Дор хаяж 2-3 хэлтэй, амьдралыг үзэх үзэл нь маш өөр, хандлага нь эерэг, аливаад бүтээлч, юманд их өөр өнцгөөс ханддаг гээд хүчтэй, оюунлаг, гэгээлэг, дайчин, ухаалаг залуу үе ирж байгаад би маш их баяртай байгаа. Ийм залуусаас олон зүйл суралцахыг, удаан хамт ажиллахыг хүсэж байна.

12. Та бол НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер шүү дээ. Энхийг сахиулах ажиллагааг нэг үгээр илэрхийлбэл?

-Дэнлүү. Энхийг сахиулах ажиллагаа бол үймээн самуунтай байгаа орнуудад зөв, энхийн замыг чиглүүлж, гэрэлтүүлж өгдөг дэнлүү.

13. Бригадын генерал цол хүртэх болсон тухайгаа сонссон анхны мөчийн сэтгэгдэл?

-Өнөөдрийг хүртэл үзсэн, туулсан, мэдэрсэн, туршлагажсан зам минь зөв зам байжээ. Ээж минь яасан их баярлах бол гэж бодож байсан санагдаж байна.

Энхийг сахиулах ажиллагаа бол үймээн самуунтай байгаа орнуудад зөв, энхийн замыг чиглүүлж, гэрэлтүүлж өгдөг дэнлүү

14. Их сургуулийнхаа талбайд хөлсөндөө норсон хувцастай оройн тоонд зогсохдоо “Би бусад охид шиг гэртээ байж болох л байсан. Яах гэж энэ мэргэжлийг сонгов оо” гэж бодож байсан тухайгаа та өмнө нь ярьж байсан. Харин монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал цолоо аваад зогсож байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

      -Даарч зогссон сонсогчоос өнөөдрийг хүртэлх бүх зүйл минь намайг бүтээсэн. Туулсан бүхэндээ хайртай. Цолоо гардаад зогсож байхдаа “Надад өмнөхөөс минь өндөр хариуцлага ирж байна даа. Илүү хичээх, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй боллоо” гэж бодсон.

15. Цол нэмэх, шагнал хүртэх, бусдаасаа түүчээлэх зэрэг бол таны хувьд хийдэг л ажил болсон гэхэд хилсдэхгүй. Хамгийн гол нь амжилт, гавьяа шагналаа бататгах, түүндээ эзэн байхад ухаан хэрэгтэй байх. Энэ тухайд?

        -Хамгийн чухал нь өөрийгөө гээхгүй, хэн байснаа, хаанаас, яаж энд ирснээ мартахгүй байх нь миний зарчим. Зөвхөн цол, гавьяа, шагнал авахаараа ингэж бодоогүй ээ. Байгаагаараа байх нь миний зарчим. “Ганцаараа цойлоод нэг их хол явахгүй” гэдэг үг байдаг шүү дээ.

16. Очихыг хүсдэг газар?

           -Хүүхэд байхын л Касабланкад очиж үзэхийг мөрөөддөг байсан.

17. Хэрвээ шидтэн танд гурван хүслийг нь биелүүлэх боломж олговол юу хүсэх байсан бэ?

     -Хэрвээ шидтэн гэж байгаад, надаас гурван хүсэл асуувал би нэгдүгээрт, ковидыг бүрэн зогсоохыг гуймаар байна. Хоёрдугаарт, хүмүүсийн шуналыг байхгүй болгомоор байна. Тэгш сайхан амьдрах боломж бүгдэд байхад цөөн зарим нь бусдынхаа боломжийг хулгайлж, хүчээр авч байгаатай санал нийлдэггүй. Гуравдугаарт, хүн төрөлхтнийг эрүүл энх, эв найрамдалтай байгаасай гэж хүснэ.

 

Цолоо гардаад зогсож байхдаа “Надад өмнөхөөс минь өндөр хариуцлага ирж байна даа. Илүү хичээх, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй боллоо” гэж бодсон

 

18. Аз жаргал таныхаар?

          -Жирийн өдрүүдийн хэлхээс л аз жаргал шүү дээ. Үүнийг би энхийг сахиулах ажиллагааны үеэр илүү мэдэрсэн.

19. Ам бүл хэдүүлээ вэ. Гэр бүлийн хамгийн үнэт зүйл таныхаар?

         -Нөхөр, охины хамт гурвуулаа амьдардаг. Манай нөхрийг Д.Хашхүү гэдэг, төрийн их тугч. Гэр бүлийн үнэт зүйл минийхээр бол итгэлцэл. Бүх зүйл дээр бие биедээ итгэж, итгэсэн учраас хамтарч, ойлгож, дэмжиж, хайрладаг гэж боддог.

20. Аав, ээждээ хэлэхийг хүсдэг үг?

         -Аав минь 2015  онд бурхан болсон. Гэхдээ цэлмэг, нартай сайхан тэнгэрийг харахаар аав минь юм шиг санагдаж, биеэ цэхлээд, мөрөө өргөөд “Нэрийг нь хугалахгүй, сайн явахыг хичээж яваа шүү, охин нь” гэж дотроо хэлээд алхдаг. Цэлмэг тэнгэр, дулаахан өдөр аав минь юм шиг санагддаг гэх юм уу даа. Харин ээждээ “Ээж ээ, эрүүл энх байж, бидэнтэйгээ илүү удаан, сайхан амьдраарай” гэж хэлмээр байна. Яг л нөгөө

        “Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
                   Зүгээр л дэргэд минь байж хайрла
                   Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
                   Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа! гэдэг шүлэг шиг.

 

Цэлмэг тэнгэр, дулаахан өдөр аав минь юм шиг санагддаг гэх юм уу даа


БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОР: ДААРЧ ЗОГССОН СОНСОГЧООС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛХ БҮХ ЗҮЙЛ МИНЬ НАМАЙГ БҮТЭЭСЭН
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188