• Өнөөдөр 2024-04-25

Дэлхийн аварга Ц.Мөнхзул: Одоо зөвхөн олимпын наадмаас медаль авах л үлдсэн

2022-11-01,   987

Египет Улсын  Каир хотод буудлага спортын 2022 оны насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд монголын гурван тамирчин Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан билээ.  Энэхүү түүхэн амжилтын эзэн дэлхийн аварга болсон ОУХМ Ц.Мөнхзултай ярилцлаа.

-Буудлагын дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Дэлхийн аваргын шагналын тавцанд гурван монгол бүсгүй зогсож, алт, мөнгө, хүрэл медалийг хүртэхийг харах сайхан байлаа. Энэ түүхэн амжилтыг гаргаад хоёр дүүгийнхээ хамт төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглэхийг харж, сонсох тэр мөчид ямар мэдрэмж төрөв өө?

     -Баярлалаа. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төрийн дууллаа эгшиглүүлэхийг тамирчин хүн бүр хүсдэг байх гэж боддог. Би ч гэсэн ялгаагүй тэр мэдрэмжийг авахыг хүсдэг байлаа. Дэлхийн аваргын медалийн тавцанд зогсох тэр мөчид Монгол Улсын маань төрийн далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэсэн нь үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан.

-Та энэ жилийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ. Их ч хүч хөдөлмөр ,олон жилийн уйгагүй бэлтгэл сургуулилалтын үр дүнд ийм амжилтад хүрлээ. Таны цаашдын зорилго Парис 2024 олимпын наадам уу?

     -Миний хувьд 1994 оноос хойш буудлага спортоор хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд амжилт гаргасан, гаргахгүй ч байсан үе зөндөө бий. Одоо дараагийн зорилго мэдээж Парис 2024 олимпын наадам яах аргагүй мөн.

-Энэ дэлхийн аваргад Б.Алтанцэцэг багштайгаа явсан уу. Дэлхийн аваргын бэлтгэл сургуулилалтаа хаана базаасан бэ?

      -Би сүүлийн зургаан жил Д.Лхадорж багштай ажиллаж байгаа. Ц.Анударь, бид хоёр Д.Лхадорж багшийн шавь. Харин энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бид Д.Лхадорж багштайгаа явж чадаагүй. Шигшээ багийн хоёр дасгалжуулагч явсан. Дэлхийн аваргын бэлтгэлээ Техник спортын төв дээр хийсэн.

-Дэлхийн аваргын алтан медаль хүртэхийн өмнөх өдөр та холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Энэ мөнгөн медаль, Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, та гуравт их урам дэм болов уу?

        -Тийм ээ. Медаль авсан болохоор сэтгэл санаа тайван байсан. Сүүлийн тэмцээнд  анхаарлаа төвлөрүүлэн сайн буудаж, сайхан зөв ажиллая л гэж бодож буудсан.

-Буудлагын дэлхийн аварга, олимпын наадам шиг дөрвөн жилд нэг удаа болох юм аа. Жил болгон ч юм уу, Хоёр жилд нэг удаа дэлхийн аварга болох талаар Буудлагын дэлхийн холбооны дүрэмд өөрчлөлт орсон болов уу?

     -Ирэх жил Азербайжан Улсын Баку хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ жилээс эхлэн буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа болохоор болсон. Харин дэлхийн цомын тэмцээнээс олимпын эрх өгдөг байсныг больсон. Зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрх өгөхөөр болж өөрчлөгдсөн.

-Та удам дамжсан мэргэн буудагч, таны аав буудлагын спортын ОУХМ цолтой. Та аавыгаа дагаж буудлагын спорт руу орсон уу. Буудлагын спортоор хэдий үеэс хичээллэж эхлэв. Таны анхны багш хэн бэ?

      -Аав маань сайн буудагч, сайн тамирчин байсан. 1992 онд аав маань бурхан болсон. Түүний дараа 1994 онд ээж намайг буудлагын Г.Ганзориг багш дээр дагуулж очсон. Тэр үеэс эхлэн буудлагын спортоор хичээллэж эхэлсэн.

-Спорт сонирхогчид таныг арав гаруй жилийн өмнөөс олимп, дэлхийгээс медаль хүртэх нөөц, боломжтой тамирчин гэж хүлээдэг байсан. Та дэлхийн цомоос медаль хүртэж, Азийн аваргаас алт, Азийн наадмаас хүрэл медаль хүртэн, Зүүн Азийн наадмын аварга болж байсан байх аа. Өмнөх амжилтуудаа дурдахгүй юу?

      -Миний хамгийн анхны том медаль  гэвэл Зүүн Азийн наадмын алтан медаль байгаа юм. Тэр үе үнэхээр гайхалтай сайхан мөч байсан. Түүнээс хойш дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль, оюутны “Универсиад” их наадмаас хошой мөнгөн медаль, Ази тивийн аваргаас алтан медаль, Азийн наадмаас мөнгө, хүрэл медаль гээд зөндөө тэмцээнд амжилттай оролцож медаль авч байлаа. Одоо  зөвхөн олимпын наадмаас л медаль авах л үлдсэн.

-Техник, спортын төвийг хувьчилсан гэв үү. Төрөөс буудлагын спортыг зөнд нь орхисон нь буудлагын тамирчдын амжилт буурах шалтгаан байв уу?

      -Техник спортын төв хувьчлагдаагүй ээ. Одоо шигшээ багийн бэлтгэл сургалтын төв болсон. Гэхдээ яг нарийн учрыг нь би сайн мэдэхгүй байна. Ер нь буудлагын төрөл маш их зардал өндөртэй спорт. Буудлагын тамирчдад сум байхгүй бол амжилт гаргахад хэцүү. Сүүлийн хоёр жил корона гарсан гээд сум өгөөгүй. Энэ жил мөн л адил ахиад сум байхгүй. Гурван жил бидэнд сум өгсөнгүй. Миний хувьд сая үнэндээ дэлхийн аваргын бэлтгэл юм даа гээд л өөрийн боломжийнхоо хэрээр сумтай бэлтгэл хийсэн.

-Өмнөх олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд та хүссэн амжилтаа гаргаж чадаагүй.  Амжилт тань хэсэг хугацаанд буураад байсныг учир шалтгааныг хайж үзэв үү?

     -Спортын төрөл болгон өөрийн гэсэн онцлогтой. Хүмүүсийг харахад манай спортын төрөл зүгээр буу бариад л зогсож байгаа мэт харагддаг байх. Яг үнэндээ буудлагын төрөл тэсвэр, тэвчээр, сэтгэл зүй, өөрөө, өөртөөгөө ажиллах чадвар шаарддаг спорт. Буудлагын спортын хувьд шагайвар хийж  анхаарлаа төвлөрүүлэн удаан хугацаанд зогсдог болохоор энэ спортын сөрөг тал бий. Нуруу, гар чилж их өвдөнө.

      Анх хичээллэж байхад нээх тоодоггүй байж. Харин одоо олон жил, удаан хугацаанд хичээллэхэд өөрийн эрхгүй бие организмд өөрчлөлт орж ачаалал даах чадвар буурдаг юм байна.  Үүнийг би өөрийн биеэр мэдэрч байгаа. Энэ бүхнээс болоод амжилт хэсэг хугацаанд буурсан. Удаан хугацааны чанартай эмчилгээ л хэрэгтэй юм билээ. Тийм хүнд үеийг туулахад үнэхээр хэцүү байсан. Байны голд өндөр оноог онохгүй болохоор стресстэнэ. Түүнээсээ болоод ер нь буудлагын спортоо больдогч юм билүү гэсэн бодол зөндөө төрж байсан шүү.

-Монголд бэлтгэл хийх нөхцөл боломж тааруу гэж ярьдаг. Гадаадын улсаас танд, өөрийн улсын тамирчин болгох санал, хүсэлт ирдэг үү?

    -Монголыг спортдоо мөнгө хаядаг орнуудтай харьцуулах арга байхгүй. Маш тааруу, муу. Буудлагын спортод дуртай, сэтгэлтэй хэдэн тамирчин, дасгалжуулагчийн сэтгэл, хичээл зүтгэл дээр л монголын буудлагын спорт тогтож байгаа. Надад дасгалжуулагч болох санал ирж байсан. Би өөрийгөө одоохондоо дасгалжуулагч болох хэмжээнд хүрээгүй, болоогүй байгаа гэж боддог.

-“Парис-2024” олимпын наадмын эрхийг ямар тэмцээнээс олгох вэ. Олимпын дөрвөн жил дуусахад жил гаруй хугацаа үлдлээ.  Дараагийн олимпод амжилт гаргахын тулд юун дээр анхаарах вэ?

      -Ирэх жил Азийн наадам болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байгаа түүнээс олимпын эрхийг өгнө дөө. Олимпын эрх авахад л анхаарна.


Дэлхийн аварга Ц.Мөнхзул: Одоо зөвхөн олимпын наадмаас медаль авах л үлдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188