"Монгол Улсын Гавьяат агрономич А.Бадарчингийн ач хүү энэ жил түүхэнд байгаагүй их ургац авч гэнэ” хэмээх олны яриа тэртээ хөдөөгөөс цуурсаар нийслэлд хүрсэн нь миний чихэнд ч мөн сонсогдов. Хүн бүр “Манай Бадарчин угаасаа л мундаг хүн байсан”, “Тэр хөдөлмөрч хүн үр хүүхдээ ингэж сургах нь дамжиггүй” хэмээн өвөөгийнх нь тухай ярьцгаах аж. Харин тэдний хэн нь ч нөгөө арвин ургац авсан залууг хэн гэдэг, хэзээнээс газар тариалангийн салбарт ажиллаж буй талаар үг унагасангүй. Хожим нэг тааралдвал сайхан ярилцлага хийнэ дээ гэх бодол сэтгэлдээ тээсээр редакц руугаа ортол эрхлэгч маань “За, шалавхан давхиад энэ хүнээс яриа аваад ир” гэх нь тэр. “Ер сэтгүүлч цаг хугацаатай л уралдах ёстой, түүнээс өөр өрсөлдөгч байдаггүй” хэмээн бодож, газар үзэх, хүнтэй танилцах боломж олгосон удирдлагууддаа баярласаар нэг мэдэх нь ээ Төв аймгийн Баянчандмань суманд ирсэн байлаа. Өнөөх шинэхэн амжилтын эзэн, өвөөгийн ач хүүтэй ярилцсанаа танд хүргэе.
-Улаанбаатар хотоос таныг зорьж ирэхдээ Монголын хөрсөнд шинэ технологи нэвтрүүлсэн тариачин гэж сонссон. Та өөрийгөө танилцуулаач?
-Би Төв аймгийн Баянчандмань сумын уугуул. Намайг Цэрэндоржийн Алтангэрэл гэдэг. Газар тариалангийн салбарт 19 жил ажиллаж байна. Сүүлийн арав орчим жил ногоон бордуут уриншаар туршилт хийж, энэ жилээс ургацынхаа үр шимийг хүртэж, нэг га газраас 52 тонн ургац хурааж авсан.
-Ногоон бордуут уринш гэдэг тун ховор байх. Энэ технологийг санаачилж, туршсан анхны хүн нь та юу?
-Арай өөр арга техниологиор хүмүүс өмнө нь тариалж байсан. Ингэхдээ нэг га газраас 40 тонн ургац авсан тухай цөөнгүй сонссон. Гэхдээ “Би тэдэн тонн ургац авсан” гэдэг яриа сонссоноос яг нүдэнд харагдаж, гарт баригдтал бодитоор нь хураахыг би харж байгаагүй. Иймээс би энэ жил 52 тонн ургацаа баталгаажуулж, нотолгоотойгоор харуулж хурааж авсан. Ерөнхийдөө Монгол Улсын газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ шинэ технологийг хөгжүүлснээр бид өөрийн эх орондоо тариалсан цэвэр, эко бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх боломжтой болно.
-Зарим тохиолдолд шинэ санаа, өвөрмөц шийдэл санаандгүй тохиолдлоор бий болсон байдаг. Та яагаад энэ технологийг боловсруулах болсон бэ. Хийчих юм сан гэсэн хүслээ олон жил тээж явсан байх. Хүсэл биеллээ олж хэрэгжиж эхэлсэн анхны цаг мөчид ямар байв?
-Миний өвөө Монгол Улсын Гавьяат Агарномич А.Бадарчин гэж сайхан хүн байсан. Миний яриад, хийгээд байгаа энэ шинэ технологийг ерөнхийдөө “Атрын нэгдүгээр аян”-аар хэрэгэжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Тухайлбал, ногоон бордуут уриншийг Монголд нэвтрүүлье. Үүнийг хэрэгжүүлэхэд аль технологиор хэрхэн хийх вэ, манай хөрсний бүтцэд тохирхох вэ зэргээр судалсан байдаг. Судлаад л байснаас яг хийж, хэрэгжүүлсэн зүйл байгаагүй. Энэ технологийг нэвтрүүлж ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах гэж зүтгэж явсан хүний хувьд өвөө маань надад өвлүүлсэн гэж болно. Дээр хэлсэнчлэн яг энэ чиглэлд эрдэм шинжилгээний үндэслэлтэй судалгаа, туршилж хийж байна.
Миний өвөө Монгол Улсын Гавьяат Агарномич А.Бадарчин гэж сайхан хүн байсан. Миний яриад, хийгээд байгаа энэ шинэ технологийг ерөнхийдөө “Атрын нэгдүгээр аян”-аар хэрэгэжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Тухайлбал, ногоон бордуут уриншийг Монголд нэвтрүүлье. Үүнийг хэрэгжүүлэхэд аль технологиор хэрхэн хийх вэ, манай хөрсний бүтцэд тохирхох вэ зэргээр судалсан байдаг. Судлаад л байснаас яг хийж, хэрэгжүүлсэн зүйл байгаагүй. Энэ технологийг нэвтрүүлж ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах гэж зүтгэж явсан хүний хувьд өвөө маань надад өвлүүлсэн гэж болно.
-Салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, ард түмэндээ танигдсан өвөөгийнх нь ач хүүдээ захиж үлдээсэн сургааль олон байх. Өвөөтэйгөө хамт байсан цаг үеийн дурсамж, сэтгэлд хоногшиж үлдсэн захиасаас нь хуучилбал?
-Өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж, түүгээрээ жигүүрлэн ажиллах сайхан байдаг. Өдөр бүр тариан талбайд байхад хүүхэд ахуй цагийн дурсамж зурасхийгээд одохийг алийг тэр гэх вэ. Өвөө минь “Миний хүү, сурсан мэдсэн зүйлээ заавал бусадтай хуваалцаж, бусдад түгээж байгаарай” гэж л их захидаг байжээ. Энэ үгийг бодох тусам одоогийн нийгэмд тулгамдаж буй хувиа хичээх занг үл тэвчээрэй гэдгийг л надад захисан байгаа юм. Нуулгүй хэлэхэд, одоо бол шинээр сэтгэж, хийж чадаж байгаа нэгнийгээ дардаг, урам зоригийг нь үхүүлдэг болчихсон цаг үе. Иймээс миний хувьд нийгэм цаг үеэ дагаж өнгө хувирах биш өвөөгийнхөө сургааль, захиасыг дээдэлж явахыг илүү эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл, энэ шинэ технологийг надаас салбарлаад олон хүн авч хэрэгжүүлж, арвин ургац аваасай л гэж боддог доо.
-Талбай дүүрэн тариа, ногоо халиурах сайхан ч ургац хураалтын ажил амаргүй байх. Ажиллах хүч хангалттай олддог уу?
-Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, тухайн байгууллагын удирдлагуудтай хамтран ажилладаг. Энэ жилийн хувьд цөөнгүй Улсын Их хурлын гишүүн ирсэн. “Үнэхээр танай сумын тариаланч энэ хэмжээний ургацыг авч чадсан юм уу” гэдгийг харах гэж ирсэн гэхэд хилсдэхгүй. Ургац арвин байхын хэрээр хураалтын ажил төдий зэрэг байдаг. Энэ жил хүн хүчний хувьд тааруухан ажилласан. Ер нь жил ирэх бүр л ногоочдод ажиллах хүчний асуудал тулгарсаар байна. Тариан талбайд ажиллаж байгаа ажилчдын хувьд өдрийн хөлсөөр л явж байгаа. Газар тариалан өөрөө улирлын чанартай болохоор үүнээс өөр арга байхгүй. Тогтмол цалинжуулаад байнгын ажилтантай болох, аливаа даатгалд хамрууах гэсэн асуудал байхгүй. Хүссэн хүсээгүй энэ салбар боловсон хүчний дутагдалтай. Үнэхээр төр энэ салбараа олж харж, анхаарал хандуулж байж л ажиллах хүчний хүндрэлийг шийдэх боломжтой. Зөв бодлого боловсруулаад, зөв менежментээр хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, том хэмжээний зоорины аж ахуй эрхлэх хэрэгтэй. Ингэж байж хүмүүсийг нийгмийн даатгалд хамруулсан, тогтмол ажилтай болгоно.
-Тарьсан бүхэн тэнгэрт тултал ургадаг бол хүн бүр тариаланч болох байсан биз. Ус бороонд урсах, цочир хүйтэрснээс хөлдөх зэрэг зовлон олон байдаг. Таны хувьд тариаланч байхын хамгийн бэрхшээлтэй тал нь юу вэ?
-Улсын хэмжээнд ногоон бордуурт уриншийг хийснээр ургац 3-4 дахин нэмэгддэг. Энэ жил нэг га газраас авч буй ургацын дундаж нь 15 тонн байгаа. Харин бид ногоон бордуурт уриншаа хийгээд хэвшчих юм бол ургац олон дахин өснө. Улмаар бид хүнсний ногоогоор дотоодын зах зээлээ 100 хувь хангахаас гадна өөр улс руу экспортлох боломжтой бүрдэнэ.
-Өвөөгийнхөө болон тэр үеийн тариаланчдын бодож, төлөвлөж байсан бүтээлийг олон жилийн хөдөлмөрөөрөө ургуулж, гартаа барьчихаад “Би чадчихлаа” гэж зогсох маш том хувь тохиол. Яг тэр үед төрдөг мэдрэмж, сэтгэл хөдлөл ямар байдаг вэ?
-Энэ жил ургац маань хамгийн дээд хэмжээ нь байлаа. Цаашид хэрхэн нэмэгдэхийг тааварлашгүй. Зүгээр сууж байгаад энэ дайнд хүрчихээгүй. Энэ бол арван жилийн нөр их хөдөлмөр. Хатуухан хэлэхэд, бид газар дээрээ юм тарьчихаад ашиг олно л гэж хардаг. Өөрөөр хэлбэл, ашиг орлогоо л боддог. Тэрнээс биш, хэзээ ч газраа боддоггүй. Бидэнд заяасан энэ сайхан алт шиг хөрсийг хайрлаж, хамгаалж чаддаггүй юм шиг санагддаг. Ургац авсан гэхээсээ илүү үр хүүхэд шигээ бөөцийлж хайрласан хөрсөө ялзмаг, зузаарал нь таарч, өндөр хэмжээнд сийрэгжээд гоё болоод ирэхийг өөрийн нүдээр харахад сайхан мэдрэмж төрнө. Ёстой л үгээр хэлэлтгүй. Цээжинд халуу дүүгэж, амьсгал өндөрсөөд л ирнэ дээ.
Энэ жил ургац маань хамгийн дээд хэмжээ нь байлаа. Цаашид хэрхэн нэмэгдэхийг тааварлашгүй.
-Бууриа сахиж үлдээд тариачин болчихсон хэрэг үү, эсвэл энэ чиглэлээрээ мэргэжил эзэмшсэн үү?
-Би хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй. Мөн эдийн засаг, бизнесийн удирдлага чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Газар тариаланг өөрийнхөө хобби болгож хөгжүүлсэн гэж болно. Хүн сонирхолтой л бол ямар ч хүнд хэцүү, чанга хатуу ажлыг залуу хүнийхээ ааг омогоор даваад гарна.
-Бизнесээ эхлүүлж байсан цаг үе чинь сонирхолтой байна. Өвөөгийн нөмөр нөөлөг байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ дайны яваа минь өвөөгийн минь ач гавьяа. Анх өвөө надад хоёр мөр төмс өгч байсан. Тухайн хоёр мөр хагалбараас би 30 гаруй шуудай төмс авч байсан. Ердөө гучин шуудай төмсөө л өдийг хүртэл хөгжүүлээд явж байна. Нэг алим тариад түүнийг зарж, зарсан мөнгөөрөө хоёр алим авч үржүүлдэгийн үлгэр шиг.
-Ганцхан ширхэг төмсний үнэ цэнийг та юу гэж тодорхойлох вэ?
-Нэг ширхэг төмсний үнэ цэнийн хамгийн дээд хэмжүүрийг энэ жил ойлголоо. Магадгүй энэ үнэлэлт цаашид өсч болохыг үгүйсгэхгүй юм. Жишээлбэл, би нэгхэн төмс тариад тэр бутнаасаа 25 төмс авсан. Энэ бол одоохондоо миний мэдэрсэн, хүрч чадсан дээд хэмжээ. Мөн нэг ширхэг гэж голохгүй байх шалтгаан надад байгаа. Учир нь, би энэ ургацыг ганцаархнаа тарьж, хураадаггүй. Үүний цаана маш олон хүн, техник хэрэгслийн тус нэмэр, хөлс хүч, цаг хугацаа, арвин хөдөлмөр байдаг. Тэгэхээр ганц төмс цөөнгүй хүний амьдралыг шийдэж байгаа гэж хэлэхэд буруудахгүй.
-Өвөө тань өнөөдөр ач хүүгээ харсан бол юу гэх байсан бол?
-Хэзээ ч, хэн ч асууна гэж төсөөлж байгаагүй хүнд асуулт байна. Сонин болчихлоо. Маш их баярлаж байгаа байх. Өвөө бид хоёр нэг удаа Кавказ ресторанд хоол идэхээр сууж байсан юм. Тэр үед өвөөгийн хэлсэн “Тарина гэдэг бол сэтгэлээс ургасан шинжлэх ухаан” гэдэг үг яг одоо бодогдож байна. Олон нандин сургаалиас нь энэ л үг надад өвөөгөө санах сэдэл өгдөг юм шиг ээ. Сум орон нутагтаа ч тэр, хот хүрээнээс хүмүүс ирэхэд ч тэр өвөөгийнхөө хэлж захиснаас зөрөлгүй өдий зэрэгтэй яваа даа л нүүр бардам байдаг. Би өвөөгийнхөө хийж байсан ажлыг газарт булчихалгүй, улам өргөжүүлж ажиллаж байгаадаа баярладаг. Энэ миний өвөөдөө хэлсэн амлалтдаа хүрч байгаагийн илрэл гэж боддог.
Тэр үед өвөөгийн хэлсэн “Тарина гэдэг бол сэтгэлээс ургасан шинжлэх ухаан” гэдэг үг яг одоо бодогдож байна. Олон нандин сургаалиас нь энэ л үг надад өвөөгөө санах сэдэл өгдөг юм шиг ээ.
-Ирэх замдаа “Өвөөтэйгээ адилхан гавьяат цол авах залуу даа” гэсэн үг цөөнгүй хүнээс дууллаа. Та ер нь өвөөгийнхөө энд хүрч байна уу?
-Ногоон бордуурт уриншийг тариалах ёстой, ингэж байж манай улсын ургац нэмэгдэнэ гэдгийг миний өвөө судалгаа шинжилгээний номондоо бичиж, тухайн үеийн атрын нэгдүгээр аянаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Тэр үед Монгол Улсын хэмжээнд хөрсний 86 хувь нь язмагтай байсан. Гэтэл одоо 20 хүрэхгүй хувь нь язмагтай байгаа. Тэгэхээр энэ хөрсний авралыг л өвөө маань сэтгэлдээ маш их бодож явдаг байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрсний эвдрэл сүйрлээс аврах ганц арга зам бол ногоон бордуурт уринш. Энийг л дээд түвшинд, төгс хийхийг өвөө маань хүсдэг байсан. Би ч гэсэн өвөөгийнхөө хүслийг гүйцээхийн тулд ажиллаж байна. Таны асуултыг бодож үзэхээр би өвөөгийнхөө хаана нь ч хүрэхгүй. 13 настайгаасаа эхлээд бичиг үсгийн багш хийсэн, хамгийн анхны сангийн аж ахуйн дарга хийж байсан хүн шүү дээ. Тэр агуу хүнтэй өөрийгөө дүйцүүлж, дүгнэж бодох нь бүү хэл харьцуулахыг ч би хүсдэггүй. Амьд сэрүүн байхад нь “Би энэ ногоон бордуут уриншийг тарьчихсан шүү, хүү нь хийж чадлаа шүү” гэдгээ харуулсан. Гэхдээ тэр үед өвөө явж чадахаа больчихсон байсан болохоор бичлэгээр л үзүүлсэн. Тэрнээс хойш удаагүй бурхан болсон доо. Санааг нь амрааж чадсан болов уу гэсэн горьдлого тээж явдаг.
-Ургац алдаж, уналтад орж байсан мөч ч тохиож байсан байх. Та шантарч байв уу, ер нь шантралаа хэрхэн давдаг вэ?
-Бодоод байхад газар тариалан их сонин. Ам бардам хэлэхэд би энэ 19 жилийн хугацаанд ургац алдаж үзээгүй. Гэхдээ энэ бол аз завшаан биш. Ерөөсөө миний хамгийн том зэвсгийн эрдэм өвөө байсан. Тийм болохоор би ургац алдаж, навсайтлаа шатаж үзээгүй.
-Эхлүүлсэн ажлынх нь үр дүнг үзэхийн төлөө зүтгэсэн он жилүүддээ та хэр их ганцаардаж байсан бэ?
-Ганцаардах үе маш их байсан. Яг энэ гэртээ ганцаараа дээшээ хараад л их юм бодно. Манай улсын цаг уур, хөрсний нөхцөл байдлаас хамаарч эрсдэл их байдаг болохоор “Хэрхэн алдагдалгүй тариалах вэ, энэ жил яаж хүссэн хэмжээний ургацаа авах вэ” зэргээр их шаналдаг байсан. Дөрвөн улирлыг тооцоолж хийдэг болохоор тухайн жилийг биш ирэх жилийг тооцоолж дандаа нэг жилээр алдаж төлөвлөдөг ажил шүү дээ. Тэр бүхнийг бодоод байхад стресстэх үе их байсан. Тэр бүх ачааг бусдад нялзаах ёсгүй болохоор маш их бодож, өөртэйгөө ярьсан гэж болно. Маш их ганцаардаж байсан болохоор зөв гэсэн томоохон шийдвэрүүдээ тэр үед л гаргаж байсан байх. Гэхдээ л ганцаардал надад том боломж олгосон.
-Тэгвэл эсрэгээрээ таны зорьж байгаа сайхан ирээдүйд хамтдаа мацаж, таныг зоригжуулж, урам өгч байсан хүн гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Хамгийн түрүүнд ханийгаа л хэлнэ дээ. Манай эхнэрийг Г.Бямбатуул гэдэг. Хэдийгээр бид ханилаад удаагүй байгаа ч газар тариалангийн хүнд хэцүүд арыг минь дааж, түшиг тулгуур болж байгаа ганц хүн. Би энд газар тариалж, ургац хурааж хань маань төвд гэрээ сахиад хэвтчихээгүй тариан талбайд ч, ургац хураахад ч хамтдаа байдаг болохоор тэр хүнгүйгээр амьдрал, амжилтаа төсөөлшгүй. Мөн олон сайхан ах, дүү, найз нөхөд байна.
-Тэгвэл эсрэгээрээ таны зорьж байгаа сайхан ирээдүйд хамтдаа мацаж, таныг зоригжуулж, урам өгч байсан хүн гэвэл та хэнийг нэрлэх вэ?
Хамгийн түрүүнд ханийгаа л хэлнэ дээ. Манай эхнэрийг Г.Бямбатуул гэдэг. Хэдийгээр бид ханилаад удаагүй байгаа ч газар тариалангийн хүнд хэцүүд арыг минь дааж, түшиг тулгуур болж байгаа ганц хүн.
-Экспортод гаргах боломжтой гэж байна. Та дэлхийн зах зээлд хэр ойрхон байна вэ?
-Угтаа бол манай тариачид улсынхаа дотоодын хэрэгцээг 100 хувь биш бүр давуулаад 150 хувь хангаж байгаа. Бид төрийн зохицуулалт байхгүй болохоор энийг үнэгүйдүүлж, ченжүүдийн гарт оруулаад байгаа юм. Өнөөдөр Монголын төр тариаланчдыгаа дэмжих ямар ч ажил хийдэггүй. Бидний гараас төмс нэг килограмм нь 350-400 төгрөгөөр гарахад явсаар байгаад дэлгүүрийн лангуун дээр 1200 төгрөгөөр худалдагдаж байх жишээтэй. Дундуур нь ченжүүд, мөнгөтэй улсуудын бусармаг үйлдэл ороод байна шүү дээ. Бид ийм их ургац авчихаад хэрэглэхгүй хаях үе хүртэл байна. Маш их тариачдын ногоо хаягдаж байгаа. Өнөөдрийг хүртэл ногоочид өөрсдийн мөн чанар, сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ л явсаар ирсэн. Малчдад ямааны мөнгө, ноос, ноолуурын зөрүү өгчихдөг хэр нь тариачдыгаа харсан тохиолдол нэг ч удаа байхгүй. Би тариа яриагүйг сайн ойлгоорой. Тариаг бол улсаас тодорхой хэмжээнд дэмждэг. Харин ногоочдыг дэмжсэн зүйл нэгээхэн ч байхгүй.
Монголд анх удаа га талбайгаас 52 тонн ургац хураасан залуу агрономич |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |